Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00524

 

 

 

 

2025 04 17

317/ШШ2025/00524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, *** баг, *** тоотод оршин суух, Э*** овогт Г***н А*** /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: Г.А,

Гэрч: Д.Б,

Гэрч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г***н А*** нь 1965 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Улаанбаатар төмөр замын техникумын санхүүгийн ангид 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 сарын 01-ний өдөр төгсөж ирээд 1984 оноос 1987 онд Ардын армын 223 дугааp ангид цэргийн алба хаасан. Өөрийн төгссөн мэргэжлийн дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын ***** ангийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тушаалаар Төв аймгийн Батсүмбэр сумын ***** ангид 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлт орж чөлөөлөгдсөн. Өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2025 онд Нийгмийн даатгалын байгууллагад хандахад Төв аймгийн Батсүмбэр сумын ***** ангид ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учир шүүхээр уг хугацааг тогтоолгох шаардлагатай гэсэн юм. ....Төв аймгийн Батсүмбэр сумын ***** ангид 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 сарын 15-ны өдрийн хооронд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Гэрч Д.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Г.А нь 1988 онд ***** ангид нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан гэв.

Гэрч Д.Н нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Г.А 1988 онд ***** ангид нягтлангаар ажиллаж байсан. Манай талхны газар 1992 онд орж ирсэн. Г.А нь талхны газрын цехийн даргаар ажиллаж байсан гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Нэхэмжлэгч Г.А нь 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын ***** ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь:

- Г.А-ийн иргэний үнэмлэхний хуулбар,

- Г.А-ийн №*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 9-13/,

- Г.А-ийн №*** дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх,

- Гэрэл зургууд /хх-ийн 15/,

- Гэрч Д.Н-гийн шүүхэд гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 16-21/,

- Гэрч Д.Б-ы шүүхэд гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 22-24/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.А /РД:/ -ийн ХААТР-1 маягтын хуулбар /хх-ийн 31-33/,

- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, холбогдох баримтууд /хх-ийн 34-38/-аар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э*** овогт Г***н А*** /РД: /-ийг 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Батсүмбэр сумын ***** ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН