Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00525

 

 

 

 

                  2025        04            17

                    317/ШШ2025/00525

 

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Б***н Ч*** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.Ч нь Төв аймгийн ***** сумын ***** нэгдэлд эцэг, эхийн хамт 8 дугаар ангиа төгсч 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан юм байна. Гэтэл малчнаар орсон, гарсан тушаалууд болон ажлаас чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа, хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн учир өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юмаа. Иймд Б.Ч-ийг Төв аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Ч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Б.Ч нь 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Төв аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            - Б.Ч-ийн иргэний үнэмлэхний хуулбар,

            - Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичиг,

            - Гэрч Ч.О***н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний №075582 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

            - Гэрч Д.Л***н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            - Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар,

            - Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамж,

            - Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27/465 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б***н Ч*** /РД:/-ийн ХААТР-1 маягт,

             -  Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа зэрэг болно.

            Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Ч нь 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байна.

            Тухайлбал нэхэмжлэгч Б.Ч-ийн Төв аймгийн ***** сумын ***** нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацааны цалингийн тодорхойлолт, нотлох баримтууд Төв аймгийн Төрийн архивын тасаг, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжин ирээгүй, эдгээр баримт архивт хадгалагдаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой түүнийг нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

            Тус хэрэгт гэрч Д.Л, Ч.О нарын мэдүүлэг, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байх боловч гэрчийн мэдүүлэг дангаараа хангалттай нотлох баримт болохгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*** овогт Б***н Ч*** /РД:/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОТГОНЧУЛУУН