Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00831

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00831

 

 

 

Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/00411 дугаар шийдвэртэй

Ерөнхий боловсролын Г сургууль боловсрол сургалтын байгууллагын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Ад холбогдох

Сургалтын гэрээний үүрэгт 2 166 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Агийн охин С Сын хувийн хэрэг болон сургалтын төлбөрт төлсөн 3 750 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, Н.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г сургуульд С С нь 2а ангид суралцдаг ба тус сургуулийг анги дэвшин амжилттай суралцсан. С Сын асран хамгаалагч Л.Атай Ерөнхий боловсролын Г сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын 6/20 тоот гэрээг байгуулсан. 2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотход Ковид-19 халдварт өвчин илэрснээс хойш өнөөдрийн байдлаар тус халдвар дэлхийн ихэнх улс оронд тархаж, ДЭМБ-аас цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан. Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоолоор тус вирусын халдварт эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг баталсны дотор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Хэдийгээр дээрх шийдвэр гарсан хэдий ч манай сургуулийн зүгээс тасралтгүй цахим сургалт явуулж нийт суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилийг амжилттай суралцаж төгссөн. Манай сургууль сургалтын 6/20 тоот гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж сурагч С Сыг амжилттай анги дэвшүүлсэн болно. Гэвч хариуцагчийн зүгээс гэрээнд заасны дагуу сургалтын төлбөрөө төлөхгүй манай сургуульд хохирол учруулж байгаа тул 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 1 500 000 төгрөг болон гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 222 хоногийг гэрээний 9.11-д заасан 0.2 хувиар тооцсон алданги 666 000 төгрөг, нийт 2 166 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин СС Г сургуулийн харъяа цэцэрлэгийг төгссөн ба үргэлжлүүлэн 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид суралцуулахаар гэрээ байгуулсан. Үндсэн төлбөрийг цэцэрлэгээс сургуульд элсэхэд 10 хувийн хөнгөлөлтөөр буюу 10 000 000 төгрөг байхаас 9 сая төгрөг гэж тохирсон. Гэрээний үнэ 9 000 000 төгрөгөөс 7 500 000 төгрөгийг хоёр хувааж төлсөн. Охин минь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Хобби дунд сургуульд шилжин суралцаж байгаа тул нэхэмжлэгчийн ...Г сургуульд СС нь 2а ангид суралцдаг... гэдэг нь үгүйсгэгдэнэ. Миний охин 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тус сургуульд танхимаар суралцсан ба эрүүл мэндийн байдлаас шалтгаалж 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эмнэлэгт хэвтэж хүнд хагалгаа хийлгэж эдгэрсэн. 2020 он гараад АНУ руу явах болсон тухайгаа тус сургуульд бичгээр мэдэгдсэн ба хүсэлтийн дагуу тодорхойлолтыг Г сургууль гаргаж өгсөн. Үндсэндээ эмнэлэгт хэвтээд сурагчдын амралт эхэлж, 2020 он гараад АНУ руу явах байтал дэлхий даяар Ковид-19 цах тахал дэлгэрч, онцгой байдалд шилжиж, Монгол Улсын Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж, хичээл сургуулийг хаасан. Улс орон даяар телевизээр цахим хичээл орсон ба тус сургуультай байгуулсан сургалтын гэрээнд цахимаар хичээллэнэ гэдэг үг, үсэг байхгүйг анхаарах нь зүйтэй. Цахимаар орсон гэх сургалт нь нэвтрэх нууц үг нь алдаатай буруу байснаас гүйцэд хамрагдаж чадаагүй. Сургалтын гэрээний дагуу төлбөр 9 000 000 төгрөг боловч 2 дугаар улиралд хичээллэж чадаагүй. Ковид-19 цар тахлаас шалтгаалж, тус сургуулиас сургалтын төлбөрийг сурагч бүрт 10 хувийн хөнгөлөлт үзүүлсэн ба шилжиж буй сурагч нарт уг хөнгөлөлтийг үзүүлэхгүй, үлдэгдэл төлбөр гэж нэхэж, сурагчийн хувийн хэргийг нь барьцаалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сургалтын төлбөрт төлсөн 7 500 000 төгрөгийг тус сургуулийн орчин нөхцөл, хичээлийн хөтөлбөрийг харгалзан төлсөн. 2019 оны эхний улиралд танхимаар хичээллээд цаашид цахимаар хичээл орсонд тооцоход хангалттай байтал 1 500 000 төгрөг үлдэгдэл, алданги 666 000 төгрөг нэхэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр 1 500 000 төгрөг, алданги 666 000 төгрөг, нийт 2 166 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Охин СС нь Хобби дунд сургуульд 2 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд Г сургуулиас хувийн хэргийг нь барьцаалаад гаргаж өгөхгүй байгаа тул эх хувиар нь гаргуулахыг даалгаж өгнө үү. Мөн сургалтын төлбөрт нийт 9 000 000 төгрөгөөс 7 500 000 төгрөгийг төлсөн байна. Гэвч 2020 оны 01 дүгээр сараас гэрээнд заасан орчин нөхцөлд миний охин сурч чадаагүй. Тус сургуулиас 2020 оны 01 дүгээр сараас хойш танхимаар хичээллээгүй, Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар тогтоолын дагуу онлайнаар хичээллэх хугацаанд төсвөөс мөнгө авснаас урсгал зардал, багш нарын цалин гэх мэт зардлууд төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй тул төлбөрт төлсөн 7 500 000 төгрөгөөс эхний улиралд хичээллэсэн хугацаанд тооцож төлбөрт 3 750 000 төгрөгийг тус сургуульд үлдээж, миний илүү төлсөн буюу Г сургуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Золзаяа, Н.Энхтуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 02 дугаар сараас Ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор онлайн хичээл орсон байдаг. Манайхаас танхимын сургалтыг өгч мөн онлайн хичээлийн нэмэлтээр орсон. Сурагч СС нь шалгалтаа өгөөд анги дэвшсэн учраас гэрээгээр тохирсон төлбөрийг нэхэмжилсэн. Хөлсөөр ажиллах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээнээс юугаар ялгаатай гэвэл үр дүн гарсан байхыг шаардаггүй. Хүүхэд өвчтэй байх асуудлыг гэрээний 7.3.2-т чөлөө авсан нь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Мөн Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ гэж заасан. Манайх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Иймд сургалтын төлбөрт төлсөн төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Агаас 1 629 000 /нэг сая зургаан зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-д олгож, нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-аас 2019-2020 оны хичээлийн жилд 1а ангид суралцсан сурагч С Сын хувийн хэргийг эх хувиар гаргуулж хариуцагч Л.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 537 000 төгрөгийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 750 000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 606 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 40 685 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-д, нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Л.Ад тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсайтар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахимаар тус тус хамрагдан суралцсан болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Ичинхорлоо, Ж.Нарангэрэл нарын мэдүүлэг, 1а ангийн багшийн журнал, уг журналд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна..., ...сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулсныг буруутгах боломжгүй бөгөөд тухайн цахим сургалтад 1а ангийн сурагч С хамрагдсан байх ба түүнийг анги дэвшүүлсэн байх тул Л.Агаас гэрээнд заасан сургалтын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй гэжээ. Л.А Цахимаар сургалтад хамрагдаж чадаагүй гэж маргасныг дурдах нь зүйтэй байна. Сургууль цахимаар сургалт явуулснаа нотлох баримт гаргаж өгөөгүй байхад /багшийн журнал зэргийг цахим сургалт явуулсныг нотлох баримт гэж үзэх үү/ ..сургуулийг цахимаар сургалт явуулсныг буруутгах боломжгүй гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Сургууль цахимаар сургалт явуулснаа нотолж чадаагүй байхад ССыг ...цахим сургалтад хамрагдсан гэж шууд тулгаж шийдвэрт дүгнэсэн нь хэр зүйтэй вэ. Глобал сургуулийн орчин, танхимын сургалтыг сургалтын гэрээний гол нөхцөл болгож 9 000 000 төгрөгөөр төлбөрийг тохирч, 7 500 000 төгрөгийн төлбөр төлсөн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг олгох үүргийнхээ дагуу ТЕЛЕ хичээл орсон учраас нэхэмжлэгч сургуулиас шалтгаалахгүйгээр миний охин анги дэвших эрхтэй бөгөөд энэ сургуульд бол чин сэтгэлээсээ суралцахгүй, сурагчийн хувийн хэрэг барьцаална гэдэг ойлголт ямар ч зүй ёсонд нийцэхгүй. Ковид-19-өөс шалтгаалж нийт суралцагч нарт 10%-н хөнгөлөлт үзүүлсэн байж, шилжин явсан хүүхдүүддээ үзүүлэхгүй гэдэг нь ямар учиртай вэ. Энэ талаарх баримтыг гаргуулахаар шүүгчийн 183/Ш32020/16763 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 5 дахь хэсэгт тодорхой заасан байхад яагаад баримт гаргаж өгөхгүй байна вэ. Хэрэв 10% хөнгөлөлт үзүүлсэн бол үндсэн гэрээгээр тохирсон үнэ 9 000 000 төгрөгөөс, хасахад сургалтын гэрээний дагуу 8 100 000 төгрөг төлнө. Үүнээс 7 500 000 төгрөг төлсөн гэвэл 600 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байжээ тус сургууль. Хагас жил орчим цахимаар гэх нэртэй хичээл заагаагүй байж, сургалтын төлбөрт 7 500 000 төгрөг, мөн улсаас хувьсах зардал авсан байж ичихгүй үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нэхэж байгаа нь миний хувьд ичмээр, санаа зовмоор байгааг хэлье. Сургалтын гэрээгээр /танхимаар/ хичээл заагаагүй сургуулийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн юм бол эцэг, эхчүүд буруутай болоод, гэрээгээр тохирсон сургалт авч чадаагүй байж төлбөр төлөх үндэслэлгүй. ССыг цахимаар сургалтад хамрагдаж чадаагүй талаар маргаж, энэ талаарх баримтуудыг гаргуулах тухай шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/Ш32020/16793 дугаар захирамжийн захирамжлах нь хэсгийн 5, 6 дахь заалтууд хэрхэн биелэгдсэн бэ гэдгийг анхаарч үзнэ үү. Хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ..Л.Агаас 1 629 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-д олгож,... гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шударга ёсонд нийцсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль боловсрол сургалтын байгууллага нь хариуцагч Л.Ад холбогдуулан сургалтын гэрээний үүрэг болон алдангид 2 166 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч охин С Сын хувийн хэрэг болон сургалтын төлбөрт төлсөн 3 750 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1 500 000 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс гэрээний 9.11-д зааснаар 0,2 хувиар алданги тооцож, 222 хоногийн алдангид 666 000 төгрөг, нийт 2 166 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Г олон улсын дунд сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн төлбөртэй сургалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ нь 1 дүгээр ангийн сурагч С Ст ерөнхий боловсролын үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн болон АНУ-ын бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй хослуулан сургах, хариуцагч Л.А нь сургалтын төлбөрт 9 000 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх.5-9/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх талуудын хоорондын маргаанд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт хамаарах талаар зөв дүгнэжээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч Л.А Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-д хүүхдийн сургалтын төлбөрт 7 500 000 төгрөг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Хариуцагч Л.Агийн охин С С нь 2019-2020 оны хичээлийн жилд нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-ийн 1а ангид элсэн суралцаж, бага боловсролын сургалтын хөтөлбөрийг бүрэн дуусгасан гэж үзээд түүнийг анги дэвшүүлсэн боловч тэрээр сургуульдаа үргэлжлүүлэн суралцаагүй байх ба 2020-2021 оны хичээлийн жилд Хобби сургуульд шилжин суралцсан үйл баримт Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-ын болон Хобби сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ. /хх.35,55/

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч Л.А нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөө төлөөгүй байх тул нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ нь хариуцагчаас ажлын хөлсөө Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Агаас сургалтын төлбөрийн үлдэгдэл 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орон даяар хөл хорио тогтоож, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл танхимаар, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019-2020 оны хичээлийн жилийн бага боловсролын сургалтын үйл ажиллагаа дуусгавар болсон 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахимаар тус тус хамрагдан суралцсан үйл баримт Г сургуулийн 1а ангийн цахим хичээлийн ирцийн мэдээ, Багшийн журнал зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх.42, 77-80/ Гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлсөн дээрх нөхцөл байдал нь талуудын хэн алинаас шалтгаалаагүй, хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 129 000 төгрөг гаргуулсан нь үндэслэл муутай болсон тул хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

Хариуцагч Л.А хүүхдийн хувийн хэрэг болон сургалтын төлбөрт төлсөн 3 750 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төв нь сургалтын баримт бичиг болох сурагчийн хувийн хэрэг, ангийн журналыг хөтөлнө гэж заасан байх тул хуульд зааснаар Ерөнхий боловсролын Г сургууль БСБ сурагчийн хувийн хэрэг, ангийн журнал хөтлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Л.Агийн охин С Сыг өөр сургуульд шилжин суралцахад түүний хувийн хэргийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-аас 2019-2020 оны хичээлийн жилд 1а ангид суралцсан сурагч С Сын хувийн хэргийг эх хувиар гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэргийн 74 дүгээр талд 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт тэтгэлгийн тухай бичгийн баримт авагдсан, уг баримтад ...10 сая төлбөрийн дэвшин суралцах сурагчдын төлбөрийг 9 сая болгох гэж заасан байна.

Мөн хариуцагч Л.А ...хүүхдийн сургалтын төлбөрийг цэцэрлэгээс сургуульд элсэхэд 10 хувийн хөргөлөлтөөр буюу 10 000 000 төгрөг байхаас 9 000 000 төгрөг гэж тохирсон гэсэн тайлбар гаргасан. Иймд 2019-2020 оны сургалтын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Хариуцагч Л.Агийн нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Г сургууль БСБ-аас сургалтын төлбөрт төлсөн 3 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/00411 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...1 629 000 /нэг сая зургаан зуун хорин есөн мянга/ төгрөг гэснийг ...1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гэж, ...537 000 төгрөг гэснийг ...666 000 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...40 685 төгрөг гэснийг ...38 950 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 42 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО