Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Н.Цэцэгмаа,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 18380012368 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, овогт Б.М, 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт иргэн А-ын гэрт Н.Ц-г хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж, дух болон дээд уруулд сорви, тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт багт байрлах өөрийн гэрт хохирогч Н.Ц-г хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж, дух болон дээд уруулд сорви, тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...удалгүй Ц-, Э.М- хоёр 1 шил, 0.75 литрийн Соёрхол архи 1 том ундаатай барьж орж ирсэн...Ц- дараа нь надруу боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй авгай чи Б- ахын араар тавиа биз дээ, чи З-, Ү- хоёртой унтаа биз дээ гээд дайраад байхаар нь Б- дундуур ороод тэгвэл та хоёр тэрийг нь харсан юм уу гээд салгасан. Тэрнээс хойш зөндөө хэрүүл болоод намайг миний нөхрийн дэргэд элдэв үгээр хэлээд доромжлоод, би бол цэцэрлэгийн шилдэг багш чи бол боловсролгүй авгай та нар бол үйлчилгээний  муусайн юмнууд та нар намайг яах юм бэ гэж хэлээд чи бол нөхрөө араар нь тавьсан, гудас муу эрийн дэвсгэр гээд доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хохирогч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би Б.Мөнхзул- эгчтэй монито тэмцээний талаар маргалдсан... намайг ажил дээрээ согтуу хүүхэд хүлээж авсан гэдэг талаар маргаан хийгээд  бид 2 хоорондоо хэрэлдээд барилцаж авсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс салгаад намайг нөхөр А- нь аваад унагаагаад дээш харуулаад дарж байхад эхнэр Б.М-- нь байшингийн үүдэнд тавьсан байсан 0,75 граммын архины шилээр миний духан дээр цохиод авахад шил бут үсрээд явсан . Тэгээд би толгойгоо дараад доош хараад хэвтсэн. Хэвтэхэд намайг ална гээд дайраад үснээс зулгааж нураа, хөл, гарлуу дэвсээд өшиглөсөн. Тухайн үед Э- чи толгойг нь хагалчихлаа дахиж зодлоо гээд салгаж авч байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Ю.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ц угаагч Б.М-тай хэрүүл хийгээд нөхөр А-ын дэргэд чи галч Үүрийнцолмон, Сургуулийн галч Зоригоотой унтаа биз дээ муу банзал, янхан, гичий, эрийн дэвсгэр, гудас гээд доромжлоод байсан ... Б.М 0,75 граммтай архины хоосон шилээр Ц-ийн толгой руу цохьчихсон байсан. Тэгээд Э-, А- хоёр салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ц- надтай маргалдаад элдэв хачин юм яриад  дараа угаагч Мөнхзултай маргаан хийгээд байх шиг байсан. Тэгээд Цэцэгмааг угаагч Б.М- соёрхол архины шилээр толгой руу нь цохисон. Тэгээд салгаад А- бид 2 эмч дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

Гэрч Б.Э, Э.О, Ш.Ү, Э.М нарын мэдүүлэг /хх-ийн 40-51 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаартай:

1.2. Н.Ц-ийн биед дух болон дээд уруулд сорви, тухайн үед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухай цаг хугацаандаа үүсгэгджээ.

4. Н.Ц-ийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэллээ.

Б.М- нь  2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт багт байрлах өөрийн гэрт хохирогч Н.Ц-аг хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж, дух болон дээд уруулд сорви, тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.  шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Н.Ц-, гэрч Э.Э-, Б.-, Э.О-, Ш.Ү-, Э.М- нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай нийцсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал, дүгнэлтийг харгалзан торгох ялыг оногдуулав.

Шүүгдэгчийн ам бүл 5, нөхөр, бага насны  хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

         Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хөрөнгө үнэлсэн тайлан, зарлагын баримт, Нэгдсэн эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэл, замын зардал зэрэг /хх-ийн 11-15, 79,/ 583.500 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгч Б.М-аас 583.500  төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ц-д олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Н.Ц нь цаашид эмчилгээ хийлгэнэ.  500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд  цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн 18380012368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  овогт Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М-өнхзулд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооусгай.
  4. Ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.М-аас 583.500 /таван зуун наян гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Ц-д олгож, хохирогч Н.Ц- нь цаашид гарах эмчилгээний зардал 500.000/ таван зуун мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн 1838000060026 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР