| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0207/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 215
2018 3 07 215
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч О.М-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708028790065 дугаар хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О-ын М /РД: /.
Яллагдагч О.М-нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 29 дүгээр гудамж, 37 тоотод Л.С.-н байнга амьдрах орон байранд нэвтэрч 39 инчийн “Phillips” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 899.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1708028790065 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Л.С-ийн: “2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө ажилдаа явсан. ...Орой аав байшингийн урд талд байдаг манай гэрийн цоожийг онгойлгон орж гал түлээд гарахдаа гэрийг маань цоожлолгүй орхиод гарсан бөгөөд гэртээ ороод зурагтаа үзээд суучихсан гэж хэлж байсан. Гэрээсээ гараад манайд буцаж ороход гэрийн хойморт тавиур дээр байсан 39 инчийн хар өнгийн “Филипс” зурагтыг хулгайлж аваад явсан байсан. Тэгээд 102 руу залгаж цагдаа дуудсан. ...Хулгайд алдсан 39 инчийн зурагтаа өнгөрсөн жил лизингээр дэлгүүрээс худалдаж авсан. Удирдлага нь гэрт үлдсэн байсан. Би зурагтаа 2017 оны 7 дугаар сард “Сайн компьютер”-ээс 899.000 төгрөгөөр худалдаж авсан. Зурагтаа эргүүлж олж авсан болохоор нэхэмжлэх зүйл алга байна. Ямар нэгэн гомдол санал алга байна. Би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-9-10/,
Гэрч С.А-ийн: “...Би 98-92 УНХ улсын дугаартай шаргал өнгийн “Хьюндай аксент” маркийн тээврийн хэрэгсэлтэй халтуур хийж явж байгаад 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн эцсээс цаашаа Чулуун овооны замаар явж байгаад хүн буулгаад буцах гэж байгаад нэг залуу зам дээр гар өргөөд зогсож байхаар нь авахад “ахаа би эхнэртэйгээ хэрэлдчихлээ, гэр рүүгээ ороод юмаа аваадахъя, тэгээд Саппоро орно, мөнгийг нь Саппорогийн автобусны буудал дээр байдаг ТҮЦ ажилуулдаг эгчээсээ аваад өгнө” гэхээр нь итгээд машиндаа суулгахад намайг шороон замаар гудамж дундуур явуулаад ногоон өнгийн төмөр хаалгатай хашаан дотроо байшин гэр 2-той айлын гадаа очоод “түр хүлээж байгаарай” гээд ороод хар өнгийн зурагт аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би “юун зурагт юм” гэхэд “манай зурагт байгаа юм” гэж хэлсэн. Саппорогийн ТҮЦ-д эгч дээрээ аваачиж тавиад мөнгө авч өгнө гэсэн. Би итгээд суулгаад Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудал дээр ирээд зогсоход нөгөө залуу зурагтаа аваад ТҮЦ рүү орсон. Удалгүй зурагтаа бариад гарч ирээд миний машинд суух гээд “ахаа би хорооллоос мөнгийг чинь аваад өгье” гэхээр нь би “машиндаа суулгахгүй наад чинь хулгайн зурагт юм биш үү” гээд маргаад байж байхад цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Дээрх залуу зурагтнаас өөр ямар нэгэн эд зүйл авч суугаагүй. Би дээр зурагтыг гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэдгийг мэдээгүй. Тэр залуу гэртээ орж байгаа юм шиг чөлөөтэй байсан. Бас арын байшингийн гэрэл асаалттай байсан” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Шүүгдэгч О.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Мөнхөө, Энхээ бид гурав 0.75 литрийн “Хараа” нэртэй 3 шил архи уусан. Архиа ууж дуусах үед цаг нэлээн болсон байсан. Тэднийхээс гараад гэр рүүгээ алхаж явж байгаад гэнэт Их наранд байдаг найз Хишигээгийнд очихоор таксинд суугаад Их наран руу явсан. Найзындаа ирж буугаад хашааны хаалгаар ороод гэрт нь ороход хүн байхгүй эзэнгүй байсан. Гэрт нь сууж байгаад гарч, хашаан дотор нэлээн удаа зогсоход хүн байхгүй, хойд айлаас хүн гарч ирэхгүй болохоор нь зогсож байгаад эргэж гэрт нь ороод хойморын зурагтын тавиур дээр байсан том зурагтыг авч гараад Их нарангийн зам руу алхаж яваад зам дээрээс такси аваад “нэгдүгээр хороолол орно” гэж хэлээд нэг мэдэхэд цагдаад баригдсан алаг тэрэг дотор сууж байсан. Түүнээс хойш сайн санахгүй байна. Согтолт ихтэй байсан болохоор ухаан санаа орж гараад л яваад байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-34-35/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх-5-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-11/, гэрч Л.Г-ийн мэдүүлэг /хх-12/, банкны тодорхойлолтууд /хх-36-41, 60-64/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-43/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-46/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-49/, илтгэх хуудас /хх-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, Хаан банкны зээлийн гэрээ /хх-56-59/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Хэргийн хохирогч Л.С-г гэрчээр байцаасан мэдүүлэг /хх-21/-ийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.М-согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 29 дүгээр гудамж, 37 тоотод оршин суух иргэн Л.С-ийн байнга амьдрах орон байранд нэвтэрч 39 инчийн “Phillips” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 899000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.С-ийн эд хөрөнгө болох зурагт алдагдаж 899000 төгрөгийн хохирол учирсан боловч хулгайн эд зүйл болох зурагтыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн /хх-48/ болох нь нотлогдсон, түүнчлэн хохирогч “Зурагтаа буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйл алга байна. Ямар нэгэн гомдол саналгүй” гэж мэдүүлсэн /хх-10, 65/ байх тул шүүгдэгч О.М-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бүтэн өнчин, эхнэр, хүүхэдтэй, кондуктор хийдэг хувийн байдлыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.М-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт О.М-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.М-урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР