Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч, шүүгдэгч Б.О, П.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Э-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708015310208 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Б.О/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт П.Э.

Яллагдагч Б.О 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод иргэн П.Э-ийг “жолооны курст явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч П.Э 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод иргэн Б.Оыг “жолооны курст явуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хоёулаа зууралдаж байхад Э-намайг дэгээ төмрөөр цохисон. Их харамсаж байна. Хөнгөн ял өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 09-нд 18 цагаас жолооны курст явах гээд байж байсан. О- намайг явуулахгүй гээд байсан. Миний уур хүрээд явна гэсэн. О- над уруу гэрийн шаахай шидсэн. Улмаар намайг үсдээд чирэхээр нь галын дэгээ төмрөөр цохисон. Тэгээд “зайл” гээд байсан. Энэ хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1708015310208 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Э-ийн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагаас жолооны курстээ явах гэтэл нөхөр Б.О уурлаад “чи явах хэрэггүй” гэхээр нь “би явна” гэхэд намайг элдвээр хараагаад байсан. Б.О над уруу гэрийн шаахай шидээд, намайг үсдээд толгой руу цохисон. “Зайл чиний хэрэг байхгүй” гэхээр нь “тэгвэл зайллаа” гээд аав руугаа утсаар яриад дуудсан. Б.О “Танайхан ирээд чамайг авахыг чинь харья” гээд миний үснээс зулгаагаад чирсэн, толгой уруу цохисон. Намайг чирээд явж байхад нь миний гарт галын дэгээ төмөр баригдахаар нь О-ын гарыг тавиулахын тулд гар руу нь нэг удаа цохиход О- гараа тавиад заазуур аваад над руу “танайхныг бүгдийг нь ална” гээд дайрсан. Тэгээд хүүхэд маань уйлаад бид хоёр салаад гэрийн 2 талд очоод суусан. Хэсэг хугацааны дараа манай аав цагдаа дагуулаад орж ирсэн. Б.О намайг жолооны хичээлд явуулахгүй гээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн нуруу болон гар руу 3 удаа цохисон.

…О- бид хоёр 2016 онд тусдаа гарч хамтран амьдрах болсон. ...О- араас баруун гараараа толгойн оройн үснээс үсдэж аваад гэрийн үүд рүү чирэнгээ миний толгой, гар руу нөгөө гараараа 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө миний зүүн гуя руу 1 удаа өшиглөөд намайг тонгойлгоод чирээд зуухны хажуугаар явахаар нь би зуухны хойд хэсэгт байсан галын дэгээ төмөр аваад О-ын баруун гар руу цохиж тавиулах санаатай 2-3 удаа цохисон. Би үсдүүлээд тонгойсон байсан болохоор О-ын хаана нь цохисноо мэдэхгүй байна. О- намайг тавихаар нь би дахин нуруу орчим руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-29-30, 31-32/,

Хохирогч Б.Оын: “Би эхнэр Эрдэнэцэцэгтэй анх 2013 оны 5 дугаар сард танилцаж үерхэж байгаад 2016 оны 9 дүгээр сараас тусдаа гарч хамтран амьдрах болсон. Одоо бид хоёр дундаасаа 10 сартай нэг хүүтэй боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр машин бариад хөдөө явах ажилтай байсан. Тухайн өдөр би өдөржингөө хашаандаа гагнуур хийж байгаад 19 цагийн орчим байх гэртээ ороод “би орой явах болчихлоо, хувцас хунар бэлдээд өгчих” гэсэн. Э-“би жолоондоо явлаа” гээд байсан. Би түүнд “би ажилтай болчихсон, хүүхдээ харж амжихгүй, хүүхдээ хэнд харуулах гээд байгаа юм” гэхэд Э-уурлаад байсан. Би өдөржингөө гадаа юм хийж байгаад гэрт орсон бөгөөд гэрт галаа түлээгүй, хоол ундаа хийгээгүй байхаар нь уур хүрээд Эрдэнэцэцэгт “чи ёстой арчаагүй, ажилгүй” гэхэд Э-“чи арчаатайгаа аваад суухгүй юу, би явчихаж чадна” гээд байхаар нь би түүнийг “зайлаа зайл” гээд хэлчихсэн. Тухайн үед би хоолоо хийх гээд тогоонд ус хийж тавих хооронд хүүхэд уйлаад байхаар нь би Эрдэнэцэцэгт “хүүхдээ аваач” гэхэд Э-“чи арчаатайгаа олоод аваад суу” гэхээр нь уурандаа гэрийн шаахай аваад шидсэн. Эрдэнэцэцэгийг оноогүй. Би уурандаа Эрдэнэцэцэгийг алгадсан. Э-зөрүүлээд намайг нэг удаа алгадсан, би түүнийг түлхээд унагасан. ...Би түүнийг үсдэж татаад унагасан. Тухайн үед Э-унасан байдалтай миний өөдөөс жийхээр нь би хүүхдээ тэвэрсэн байсан тул би хойшлоод зогсоход Э-босож ирээд миний энгэрээс зуураад заамдаад авахаар нь би түүнийг үсдээд хойш ухраад түүнтэй хамт гэрийн орон дээр унасан. Э-бид хоёр зууралдсан байдалтай орон дээр унасан байхад Э-надаас зуураад тавихгүй болохоор нь ...Эрдэнэцэцэгийг гараараа 2 удаа шилэн хүзүү орчим руу цохисон. Бид хоёр зууралдсан байдалтай орон дээр байж байгаад нэгнийгээ тавиад салаад босоход Э-галын дэгээ төмөр барьж ирээд “чи муу намайг зодлоо” гээд тэр төмрөөрөө намайг 3-4 удаа цохисон. Би түүнийг цохиход нь гараараа хаасан, Э-яг хаашаа цохисныг нь би тухайн үедээ мэдээгүй, сүүлд нь баруун гар, дух, нуруу өвдөөд байсан. Э-намайг галын дэгээ төмрөөр цохихоор нь би шургуулганаас заазуур аваад хүүхдээ аваад орон дээр суусан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Насанд хүрээгүй гэрч Б.Н-н: “Би ...өдрийг нь санахгүй байна. Үдээс хойш О- ахынд О- ах, Э-эгч хоёр орилолдоод муудалцаад байгаа чимээ гараад байхаар нь би орсон. О- ах “гаднаас ороод ирж байхад юмаа хийсэнгүй” гээд Э-эгчтэй хэрэлдэж байгаад О- ах Э-эгчийн нуруу руу гараараа 1 удаа цохиод үсдээд орон дээрээс татаад унагачихсан. Э-эгч босч ирээд галын дэгээ төмөр аваад О- ахын нуруу гар орчим руу нь 3-4 удаа цохисон. Тэгээд хоорондоо хэрэлдэж байхад О- ах заазуур авснаа буцаагаад тавиад Амар-Амгаланг уйлаад байсан чинь надаас аваад байж байхад манай ах Отгонбаяр, Мөнгөнчимэг эгч нар ороод ирсэн. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-38/,

Гэрч Т.П-н: “2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байхад охин Э-залгаад “аав О- намайг үсдээд зодоод байна, та намайг ирж ав” гэсэн. Би очих замдаа цагдаад дуудлага өгөөд Баруунсалааны замд байдаг бензин клонк дээр хүлээж байгаад цагдаа ирэхээр нь хамт очиход охин хүргэн хоёр муудалцсан байдалтай байсан. Гэмтэж бэртсэн ил харагдах зүйл байгаагүй. Тэгээд би охин Эрдэнэцэцэгийг дагуулаад явсан. О- Эрдэнэцэцэгийг жолооны курст нь явуулахгүй гээд маргалдаад зодсон байсан. О- охиныг өмнө нь машины түлхүүрээр нүдний доод хэсэгт яз цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч Б.О-н: “...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 18-19 цагийн орчим байх гэртээ эхнэрийн хамт байхад О-, Э-нар хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга чанга дуугараад, хэрэлдээд байгаа юм шиг болсон. Гэхдээ яг юу гэж хэрэлдсэн нь тодорхой сонсогдоогүй. Э-галын дэгээ төмөр барьсан гэрийнхээ нэг талд, нөгөө талд нь О- хүүхдээ тэвэрсэн цаашаа хараад сууж харагдсан. Тэгэхэд О- эхнэрийгээ “гэр орноо цэвэрлэсэнгүй, хоол ундаа хийгээгүй, хүүхдээ харахгүй, жолооны курст явах гэлээ гээд л муудалцсан” гэсэн зүйл ярьсан. Харин Э-тодорхой зүйл хэлээгүй. О-, Э-нар хоорондоо их дотно байдаг, заримдаа муудалцаад хэрэлдэж маргаж байдаг, гэхдээ төд удалгүй эвлэрээд явж байдаг хүүхдүүд байгаа юм. Миний мэдэхээр бол эд нар хоорондоо тэгэж айхтар муудалцаад зодолдоод байсан удаа байхгүй, эвтэй байгаа юм шиг л харагддаг” гэх мэдүүлэг /хх-43-44/,

Гэрч Б.М-н: “...2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай нөхөр Отгонбаяр, дүү О- нар хашаанд машин янзлаад өнжсөн. 17 цагийн орчим намайг дүү О-ын гэрт ороход Э-хувцас хунараа өмсөөд жолооны курстээ явна гээд байж байсан. Э-“О- уур хүргээд байх юм” гэсэн зүйл ярьж байсан. 18 цаг өнгөрч байсан байх Эрдэнэцэцэг, О- хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би тэднийд яваад ороход Э-хувцас хунараа бөөгнүүлээд “аавыг дуудсан" гэж байсан. Харин О- уйлсан сууж байсан. Тухайн үед тэр хоёрт ил бэртэж гэмтсэн зүйл харагдаагүй. Сүүлд О-ын гарынх тохой хавдсан, нуруу  улайсан, цус шүүрсэн байсан бөгөөд Э-галын дэгээ төмрөөр цохисон гэж О- хэлж байсан. Надад болсон зүйлийн талаар өөр мэдэх зүйл алга байна. Уг нь О-, Э-нар нэгэндээ сайн, хоорондоо гайгүй харьцаатай байдаг. Нэг гэм нь Эрдэнэцэцэг, О- нар хааяа маргалдахаараа нэгэндээ бууж өгдөггүй зантай. ...О- Эрдэнэцэцэгийг тэр өдөр жолоонд нь явуулахгүй, хүүхдээ хар л гэсэн юм шиг байна лээ. Тэрнээс болоод л муудсан байх” гэх мэдүүлэг /хх-45/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.09.12-ны өдрийн 11547 дугаар актын дүгнэлтэд: “1.П.Э--н биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-49/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.09.11-ний өдрийн 11550 дугаар актын дүгнэлтэд: “1.Б.О-н биед баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-52/,

Шинжээч Б.Д-н: “...О-ын дээрх гэмтлүүд нь дэгээ төмрөөр цохих үед үүсч болох бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дух хуруунд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-55-56/,

Шүүгдэгч П.Э-ийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ нөхөр Б.О, дүү Солонго, хүү Амар-Амгалан нарын хамт байхдаа жолооны курстээ 18 цагийн орчим байхаа явах гэхэд О- уурлаад “явуулахгүй” гээд хориглосон тул бид үүнээс болж хоорондоо маргасан. О- над уруу гэрийн шаахай шидээд оноогүй бөгөөд би “зайллаа” гээд явах гэхэд О- гараараа миний дагз руу 1 удаа цохиод үсдэж авснаа тавьсан. Тухайн үед би өөрийн аав уруу яриад “О- намайг зодоод үсдээд байна” гэж хэлсэн. Тэгээд намайг хойморт байдаг орон дээрээ цааш хараад сууж байхад О- үсдэж аваад гэрийн үүд рүү чирэнгээ миний толгой, гар руу гараараа 2-3 удаа цохисон. Бас хөлөөрөө миний зүүн гуя руу 1 удаа өшиглөөд намайг тонгойлгоод чирээд зуухны хажуугаар явахаар нь би тонгойсон байсан тул зуухны хойд хэсэгт галын дэгээ төмөр харагдахаар нь түүнийг аваад О-ын баруун гарыг үснээсээ тавиулах гээд 2 удаа цохисон. Би үсдүүлээд тонгойсон байсан болохоор О-ын яг хаана нь цохисноо сайн мэдээгүй. Намайг О-ыг дэгээ төмрөөр 2 удаа цохиход О- намайг үсдсэн гараа тавьчихаар нь би дахин О-ын нуруу орчим руу 1 удаа цохисон. Би О-ыг нийт 3 удаа дэгээ төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг /хх-64-65/,

Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн: “...Хэрэг болдог өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр машинтай хөдөө явах ажилтай байсан. Өдөржин хашаанд гагнуурын ажил хийж байгаад гэртээ 19 цагийн үед ...ороод эхнэр Эрдэнэцэцэгт “хувцас хунар бэлдээд өгчих, би явах боллоо” гэхэд Э-“би жолооны курст явна” гээд уурлаад байсан. Тэр өдөр би гадаа юм хийж байгаад гэртээ ороход Э-тийм зан гаргаад байхаар нь би уурлаад түүнийг “зайл зайл” гээд хэлчихсэн. Э-“зайллаа, арчаатай хүнээ олж суу” гээд маргасан. Уурандаа гэрийн шаахай аваад шидсэн. Эрдэнэцэцэгийг оноогүй. Би Эрдэнэцэцэгийг 1 удаа алгадсан. Э-зөрүүлээд мөн нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би түүнийг түлхээд унагасан. Э-намайг янз бүрээр хэлээд байхаар нь би уурандаа түүнийг үснээс нь татаад унагасан. Э-уначихаад босож ирээд миний энгэрээс зуураад заамдаад бид зууралдаад орон дээр унасан. Эрдэнэцэцэгийг тавиад босох гэтэл тавихгүй болохоор нь 2 удаа шилэн хүзүү орчим руу нь гараараа цохисон. Салаад босоход Э-галын дэгээ төмөр барьж ирээд миний гар, нуруу толгой руу 3-4 удаа байхаа цохисон. Э-намайг галын дэгээ төмрөөр цохихоор нь би шургуулганаас заазуур аваад хүүхдээ аваад орон дээр суусан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-68-69/,

Гэрч Б.Н-йн мэдүүлэг /хх-39-40/, гэрч М.Б-н мэдүүлэг /хх-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70, 71/, хохирлын баримт /хх-78/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-80-89/, Б.Оын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-93/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-97/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Э-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, П.Э-ийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Оын П.Э-ийн бие, эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас Б.Оын хийсэн довтолгооны эсрэг хийсэн буюу галын дэгээ төмрөөр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүйгээр шийдвэрлэж байна.

Тухайлбал хохирогч П.Э-ийн “...Намайг чирээд явж байхад нь миний гарт галын дэгээ төмөр баригдахаар нь О-ын гарыг тавиулахын тулд гар руу нь нэг удаа цохиход.. ...О- араас баруун гараараа толгойн оройн үснээс үсдэж аваад гэрийн үүд рүү чирэнгээ миний толгой, гар руу нөгөө гараараа 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө миний зүүн гуя руу 1 удаа өшиглөөд намайг тонгойлгоод чирээд зуухны хажуугаар явахаар нь би зуухны хойд хэсэгт байсан галын дэгээ төмөр аваад О-ын баруун гар руу цохиж тавиулах санаатай 2-3 удаа цохисон. Би үсдүүлээд тонгойсон байсан болохоор О-ын хаана нь цохисноо мэдэхгүй байна. О- намайг тавихаар нь би дахин нуруу орчим руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-29-30, 31-32/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.09.11-ний өдрийн 11550 дугаар акт “1.Б.О-н биед баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-52/, насанд хүрээгүй гэрч Б.Н-н “...О- ах Э-эгчийн нуруу руу гараараа 1 удаа цохиод үсдээд орон дээрээс татаад унагачихсан. Э-эгч босч ирээд галын дэгээ төмөр аваад О- ахын нуруу гар орчим руу нь 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-38/ зэргээс дүгнэхэд П.Энь шүүгдэгч Б.Оын өөрийнх нь эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж шүүх дүгнэв.     

Харин шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий иргэн П.Э-ийг “жолооны курст явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Э-ийн “...миний үснээс зулгаагаад чирсэн толгой руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-29-30/, шүүгдэгч П.Э-ийн яллагдагчаар өгсөн “...О-ын баруун гарыг үснээсээ тавиулах гээд 2 удаа цохисон. ...Намайг О-ыг дэгээ төмрөөр 2 удаа цохиход О- намайг үсдсэн гараа тавьчихаар нь би дахин О-ын нуруу орчим руу нь дэгээ төмрөөрөө 1 удаа цохисон. ...Би О-ыг нийт 3 удаа дэгээ төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг /хх-64-65/, хохирогч Б.Оын “...Э-галын дэгээ төмөр барьж ирээд “чи муу намайг зодлоо” гээд тэр төмрөөрөө намайг 3-4 удаа цохисон. Би түүнийг цохиход нь гараараа хаасан, Э-яг хаашаа цохисныг нь би тухайн үедээ мэдээгүй, сүүлд нь баруун гар, дух, нуруу өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хх-35-36/, шүүгдэгч Б.Оын “...би Эр-г 1 удаа алгадсан. ...Э-намайг янз бүрээр хэлээд байхаар нь би уурандаа түүнийг үснээс нь татаад унагасан. ...Эрдэнэцэцэгийг 2 удаа шилэн хүзүү орчим руу нь гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-68-69/ зэрэг мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр Б.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлт /хх-119/-ийг харгалзан шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч Б.О “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э-, Б.О нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Э-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Э-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О бусдад төлөх төлбөргүй, П.Э-, Б.О нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, П.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР