Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Б.Наранмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 21220010300205 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач, багш, эрх зүйч мэргэжилтэй, *******-ын Захиргаа хүний нөөцийн албаны захирал, “*******” ХХК болон “*******” ХХК-ын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн сумын тоотод байнга оршин суух хаягтай, /Улаанбаатар хот дүүрэг тоотод түр/ оршин суух, хөдөлмөрийн хүндэт тэмдэг, алтан гадас одонгоор шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, (РД: );

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ар ажиллаж байхдаа 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “Эрдэнэдалай суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлийн шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж ...мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж “Дашнордов” ХХК-д давуу байдал бий болгосон,

Дундговь аймгийн ар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд тус тамгын газрын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7.700.000 төгрөгийг гаргуулан авч, 22 албан тушаалтан нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур аймаг руу аялж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон. Мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт IS09001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад тус тамгын газрын 11 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 4.400.000 төгрөгийг гаргуулан авч, 11 албан тушаалтан нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү хот руу аялж хийх ёсгүй үйлдлийг хийж өөрт болон бусдад давуу байдал бий болгож улсад нийт 12.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- т зааснаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дундговь аймгийн ар ажиллаж байхдаа 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “Эрдэнэдалай суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, “Дашнордов” ХХК-нд давуу байдал бий болгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 6.600.000 төгрөгийг гаргуулан Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Анхан шатны шүүхээс ... Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын нэр бүхий 22 албан хаагч 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох нэрийдлээр албан томилолт авч 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур, Ордос, Бугат хот руу зорчсон, мөн Тамгын газрын 11 албан хаагч 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт ISO-9001.2015 стандарт хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцох нэрийдлээр албан томилолт авч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд руу зорчсон үйл баримтууд тогтоогдож байна.

...Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан БНХАУ болон ОХУ руу зорчсон гэрч нарын мэдүүлгээр аяллын зорилгоор явсан болох нь нотлогдож байх бөгөөд албан айлчлалаар явсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн тухайн цаг хугацаанд ******* нь Дундговь аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг руу явсан 22 хүнд томилолт гэж тус бүрт нь 350.000 төгрөгийг, ОХУ-ын Эрхүү хот руу явсан 11 хүн тус бүрт томилолт гэж 400.000 төгрөгийг урьдчилан олгосон үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, уг үйл баримтын талаар хэргийн оролцогч нар хэн аль нь маргахгүй байна.

...Иймд Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Дундговь аймгийн ар ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд тус тамгын газрын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7.700.000 төгрөгийг гаргуулан авч, 22 албан тушаалтан нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур аймаг руу аялж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт ISO-9001:2015 стандарт хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад тус тамгын газрын 11 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 4.400.000 төгрөгийг гаргуулан авч, 11 албан тушаалтан нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хот руу аялж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ гэжээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.

           1. *******гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох тухайд:

******* нь Дундговь аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байхдаа тус тамгын газрын албан хаагчдыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг болон ОХУ-ын Эрхүү хот руу авч явсан үйлдлийн хувьд аялал биш ажил байсан.

ӨМӨЗО-ны Баяннуурт аймагт айлчилсан ажлын хувьд 2 аймгийн хооронд байгуулсан санамж бичиг, уг хотоос ирүүлсэн урилга, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн. ОХУ-ын Эрхүү хотод 2019 оны 08 сарын 14-ноос 22-ны хооронд ажилласан ажлын хувьд Эрхүү хотын Соёлын яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу аймгийн Засаг даргаас “ Гар урлаачдын пиставаль”-д гар урлаачдыг зохион байгуулж оролцохыг даалгасны дагуу оролцсон. Албаны ажил байсан. Энэ талаарх нотлох баримтууд хэргийн материалд авагдсан. Дундговь аймгийн ЗДТГ-ын төсвийн гадаад томилолтын зардалд мөнгө төсөвлөгдөөгүй тул гадаадад албан томилолтоор ажиллахад дайран өнгөрч байгаа буюу хилийн аймгуудаараа томилолтоо бөглүүлдэг.

Гадаад томилолтын зардал байгаагүй тул дотоод томилолтын зардлаар явсан. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2020.03.17-ны өдрийн 116/140 дугаар “Албан шаардлага” тавьж ... албан хаагчдыг аялуулахдаа Төв, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудаар дотоод томилолтыг хаалган анхан шатны баримт хуурамчаар үйлдэн 12.100.000 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16.5.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 20.1.4-ийг зөрчсөн. Дээрх зөрчлийг таслан зогсоох албан шаардлага тавьсан.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байдаг.

Эндээс үзэхэд аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэхийн тулд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байх, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхыг шаарддаг.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайланг буруу гаргасан үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулж, гэмт хэрэгт тооцох зохицуулалт байхгүй. Мөн дээрх үйлдэл нь эрхэлж байгаа албан ажлын ашиг сонирхлын эсрэг чиглэгдээгүй байна.

Мөн дээрх үйлдэлд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №116/140 дугаар “Зөрчил арилгуулах” тухай албан шаардлагаар захиргааны хариуцлага оногдуулж, зөрчлийг арилгуулсан байна. Ийнхүү захиргааны хариуцлага ногдуулсан нь тус үйлдэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нийгэмд аюултай үйлдэл биш болохыг нотолж байна.

Иймд *******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй.

Мөн дээрх үйлдэлд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №116/140 дугаар “Зөрчил арилгуулах” тухай албан шаардлагаар нэгэнт хууль зүйн хариуцлага хүлээлгэсэн байх тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

          2. Дундговь аймгийн Прокурорын газраас *******г ...албан томилолтын материалыг хуурамчаар үйлдсэн аялж хийх ёсгүй үйлдлийг хийж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл *******д холбогдох хэргийн материалд хуурамчаар үйлдсэн гэх албан томилолтын материал нотлох баримтаар авагдаагүй. Энэхүү гэмт хэргийн объектив тал болох албан томилолтын ямар материалыг ******* хэрхэн хуурамчаар үйлдсэн юм бэ. Үүнд анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж, гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.3-т "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгодог. *******гийн хувьд албаны эрх ашгийн эсрэг чиглэсэн үйлдэл хийгээгүй, тийм санаа, зорилго, сэдэлт байгаагүй.

Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/111 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хийсэн 2 удаагийн гадаад айлчлалын хүрээнд хийгдсэн ажлууд үндсэндээ Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийнхээ дагуу хийсэн ажил. Оросын холбооны улсын эрх бүхий мужид явсан ажил нь Монгол улсын Гадаад харилцааны яамны хөрш холбоотын газрын захирлын 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 02/1467 тоот албан бичиг Засаг даргад ирсэн байдаг. Оросын холбооны улсын эрх баригчид жил болгон зохион байгуулагддаг гар урлалын үзэсгэлэн худалдаанд аймгийн гар урлаачдыг амжилттай оролцуулаад дэмжлэг үзүүлж зохион байгуулж авсан утгатай албан бичиг байсныг Засаг дарга өөрийн, мөн чиг үүргийн дагуу надад цохсон байдаг юм. Цохогдсон албан бичгийн дагуу өмнөх онд нь 2020 онд гар урлаачдыг би өөрөө авч явж байсан. Ингээд 2 дахь жилдээ гар урлалтай байх ажлыг аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан байгаа. 2 улсын хооронд зорчих асуудал, түүнээс гадна гар урлаачид үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа учраас их хэмжээний бүтээлүүд авч явдаг. Тэрнийхээ хил гаалийн мэдүүлгийг бүрдүүлэх, хил гаалиар бараа бүтээгдэхүүнийг зорчиж гарах гээд олон ажлууд давхар хийгддэг. Үүний бэлтгэл ажлын хүрээнд би аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон бусад мэргэжилтнүүд бүртгэлийг өгснөөр энэхүү ажлыг бид хамтарч Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүн үндсэндээ зохион байгуулж оролцсон. Ингэж оролцсоныхоо хүрээнд бидний хувьд маш ач холбогдолтой ажилласан гэж үзэж байсан. Учир нь үе үеийн Дундговь аймгийн засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүнийг гадаад орнуудад боловсруулах, сурталчлах, борлуулах боломж, хөгжлийг бүрдүүлэх гэх мэт олон ажлууд дурдагдсан байдаг. Тиймд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нөгөө талаасаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний бараа бүтээгдэхүүнийг сурталчлах ажлыг зохион байгуулсан учиртай. 2021 оны арга хэмжээнд 9 гар урлаачдыг авч явсан. 2020 онд 6, 7 хүн авч явсан байгаа. Дундговь аймгийн хонины ноосоор эсгий тавчиг урладаг хүмүүс байсан. Хувиараа бизнес эрхэлдэг. Эдгээр хүмүүсийг бүтээгдэхүүнийх нь хамтаар бид 2021 онд 2 дахь удаадаа авч явсан. Явсан бүтээлчид амжилттай оролцсон. Бүхий л боломж нөхцөлийг манай баг хамт олон сайн бүрдүүлсэн. Ирж, очиж зорчихоос эхлээд үзэсгэлэн худалдаанд бүтээгдэхүүнээ зарж борлуулах, худалдах, солилцоо хийх, бусад хүмүүсээс туршлага судлах гээд дотроо маш олон арга хэмжээнүүдтэй. Мөн Дундговь аймгийг төлөөлж оролцсон урлаачид 2021 оны үзэсгэлэн худалдаагаар  гран-при шагналыг авч ирсэн түүхтэй. Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймагт ажилласан хувьд 2019 оноос Баяннуур аймагтай хамтран ажиллах эхний уулзалт зохион байгуулагдаж байсан 2 талдаа. Энэ томоохон арга хэмжээг 2019 онд гадаад харилцааны санамж бичиг байгуулсны дагуу Дундговь аймгийн төвд Баяннуур аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт зөвлөгөөн мөн үзэсгэлэн худалдаа анх удаа Монгол талд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Дундговь аймгийн талаас миний бие ахлан оролцсон. Амжилттай сайн зохион байгуулагдаж 2 аймгийн бизнес эрхлэгчид харилцан олон чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ төсөл дээр Баяннуур аймгаас ирж орсон ажлын хэсгийг ахалж орсон Баяннуур аймгийн засгийн ордны дэд дарга бидэнд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монгол талаасаа болон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон маш амжилттай зохион байгууллаа, та бүхэн манай нутагт айлчлахыг урьж байна гээд айлчлалын бичиг гардуулж байсан юм. Бүрэлдэхүүнийг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас арга хэмжээ зохион байгуулалт дээр оролцсон бүрэлдэхүүнээс саналыг авч явсан. Тухайн үед 07 сар байсан. 08 сард нь Дундговь аймгийн хамгийн анхны Их газрын чулуунд зохион байгуулагдах морин хуурч, уртын дуучдын их наадам зохион байгуулж байсан. Тэр наадамд оролцох хүмүүсийн урилгыг гардуулж мөн энэ наадамд өөрсдийн соёл урлагийн ажилтан, уран сайханчтайгаа оролцуулах урилга өгч байлаа. Мөн нөгөө талаас тухайн цаг үед зохион байгуулах бөхийн барилдаанд манай бөхчүүдийг урьсан. Мөн боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх эхлэлийг тавьж дараагаар боловсролынхон Дундговь аймгийн бүх сургууль, цэцэрлэг, удирдлагууд айлчлах гэх мэтчилэн дараа дараагийн үүнээс эхэлсэн түүхтэй. Бид ийм ажлаар явж байсан баг байгаа юм. Энэ ажлуудын үр дүнд өнөөдөр би эрүүгийн шинжтэй хэрэгт холбогдож, хохирол учруулсан гэдэгтээ итгэдэггүй. Харин энэ нь сайхан ажлын эхлэлүүдийг тавьж байсан. Өнөөдөр Дундговь аймгийн харилцаа улам өргөжиж хүүхэд аж ахуйн чиглэлээр Оюутнуудыг суралцуулж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Прокурор Б.Наранмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: *******г Дундговь аймгийн ар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 07 дугаар сарын 18-аас 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд тамгын газрын 22 албан хаагчийг оролцуулах нэрийдлээр албан хяналтын зардлыг хуурамчаар үйлдэж орон нутгийн төсвөөс 7.700.000 төгрөг гаргуулан авч 22 албан тушаалтан нь 2019 оны 07 дугаар сарын 19-өөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор Бүгд найрамдах Хятад ард улсын Баяннуур аймаг руу аялж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт Iso 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх, чанарын тогтолцооны сургалтад Тамгын газрын 11 албан хаагчийг оролцуулах нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар бүрдүүлж, орон нутгийн төсвөөс 4.400.000 төгрөгийг гаргуулан авч улмаар 11 албан тушаалтан 2019 оны 08 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор Орос холбооны улсын Эрхүү хот руу аялж хийх ёсгүй үйлдлийг хийсэн. 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн Эрдэнэдалай суманд хог зөөвөрлөх автомашин нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа үйлчилгээ ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан. Мөн 29.1 дэх хэсэгт заасан захиалагч нь 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан. 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчдод гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж мэдэгдэнэ гэж заасныг тус тус зөрчиж Дашнордон ХК-д давуу байдал бий болгосон буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******д холбогдох Эрдэнэдалай суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцохдоо бусдад давуу байдал бий болгосон гэсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож харин Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хот руу 22 хүнийг мөн Орос холбооны улсын Эрхүү хот руу 11 хүнийг тус тус томилолт гэж урьдчилан олгож нийтдээ төсвөөс 12.100.000 төгрөгийн хохирол учруулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт нь холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая төгрөгөөр торгох мөн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч *******д оногдуулсан ял нь гэмт хэргийн шинжгүй. Харин эрх бүхий албан тушаалтнаас акт тавьж шийтгэл оногдуулсан, мөн албан тушаалтанд Дундговь аймгийн Засаг даргаас сахилгын арга хэмжээ тооцсон зэрэг үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байхад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгчийн хэлж байгаа албан томилолтын зардал олгосон асуудал энэ нь төсвийн эрх бүхий албан тушаалтны акт тавигдсан мөн сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй байхад хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг саналыг анхан шатны шүүх дээр мөн адил тавьж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгчээс няцаалт өгсөн байгаа. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах шатын гомдолд анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянаж үзлээ.

Дундговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******г Дундговь аймгийн ар ажиллаж байхдаа 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “Эрдэнэдалай суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлийн шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж ...мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж “Дашнордов” ХХК-д давуу байдал бий болгосон,

Дундговь аймгийн ар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд тус тамгын газрын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7.700.000 төгрөгийг гаргуулан авч, 22 албан тушаалтан нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур аймаг руу аялж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон. Мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт IS09001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад тус тамгын газрын 11 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 4.400.000 төгрөгийг гаргуулан авч, 11 албан тушаалтан нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү хот руу аялж хийх ёсгүй үйлдлийг хийж өөр болон бусдад давуу байдал бий болгож улсад нийт 12.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоноор  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх түүний үйлдэл холбогдлоос Эрдэнэдалай суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажлыг Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/179 захирамжаар *******д даалгасан боловч чиг үүргийнхээ хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтэс /ажилтнууд/ зохион байгуулсан болох нь гэрч Н.Эрдэнэ-Очир, Э.Анхбаяр, О.Мөнхзул нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон энэ ажилд тамгын газрын дарга ******* ямар нэг байдлаар нөлөөлсөн, оролцсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй гэх үндэслэлээр Дундговь аймгийн ар ажиллаж байхдаа 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “Эрдэнэдалай суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, “Дашнордов” ХХК-нд давуу байдал бий болгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Дундговь аймгийн ар ажиллаж байхдаа нэр бүхий 22 албан хаагчийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг руу аяллаар зорчуулахын тулд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох нэрийдлээр 7700000 төгрөгийн албан томилолт олгосон, мөн 11 албан хаагчийг ОХУ-ын Эрхүү хотод аяллаар зорчуулахын тулд Сэлэнгэ аймагт IS09001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцох нэрийдлээр 4400000 төгрөгийн албан томилолт олгож байгаа үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн, нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийтгэсэн байна.

 Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд мөрдөгчөөс хэргийн бодит байдлыг бүрэн бодитоор тогтоогоогүй байхад прокурор яллах дүгнэлт үйлдсэн,  анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэв.

1-р хавтаст хэргийн 167-170, 2-р хавтаст хэргийн 8-р хавтаст хэргийн 163-164, 166, 205-214, 217, 224-228 хуудсанд авагдсан баримтууд нь гадаад хэлээр бичигдсэн  орчуулгагүй баримтууд байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна” мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэжээ.

Эрх бүхий ажилтнаас шүүгдэгчийн гэм бурууг тогтооход шаардагдах нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ уг хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ. “  гэж заасныг баримтлах нь энэ хууль болон Монгол улсын Үндсэн хууль, тус улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зорилгод нийцнэ. Үүнээс гадна 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь хэрэгт авагдсаныг хуульд нийцүүлэн засуулах талаар саналаа илэрхийлсэн бөгөөд эдгээр баримтууд нь хохиролтой холбоотой баримтууд байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Ийнхүү дээр дурдсанчлан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх журам зөрчигдсөнөөс Давж заалдах шатны шүүхэд хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргах хуульд заасан боломж бүрдсэнгүй.

Шүүгдэгчийг Орос болон Хятад руу нэр бүхий ажилчдад байгууллагаас албан томилолт олгон зорчуулсан үйлдлийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн боловч *******гийн энэ үйлдэл нь  Засаг даргын эрх олгосон үйлдлийн  үндсэн дээр хийгдсэн үйл ажиллагаа болох талаар холбогдох хүмүүсийн тайлбар мэдүүлэг авагдаж,  энэ талаар нотлох баримт цугларсан байна.

Ийнхүү бусдын эрх олгосон үйлдлийн улмаас бусдад томилолт олгож байгаа асуудлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Тухайлбал: *******гийн өөртөө хэрхэн давуу байдал бий болгосон нь хэрэгт цугларсан аль нотлох баримтаар тогтоогдсоныг үнэлэх нь энэ хуулийн 16.2 дугаар зүйлд нийцнэ.   

3 дугаар хавтаст хэргийн 91-107-р хуудаснуудад нэр бүхий ажилчдад томилолт олгох жагсаалт болон албан томилолтууд авагдсан байна. Эдгээр баримтууд нь гаргагдахгүй байгаа улмаас нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй байна. 

Мөрдөгчөөс *******гийн үйлдлийг төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлийг дурдаж, хэрэг бүртгэлт явуулж, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай тогтоол үйлдэж /3 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ байжээ. Гэтэл мөрдөгч прокурорын ийнхүү үзэж байсан үндэслэл нь хэргийн ямар нотлох баримтаар үгүйсгэгдсэний үндсэн дээр түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх болсон нь тодорхойгүй байна.

Ийнхүү дээр дурдсан нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох,мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж баримтжуулна. “ гэсэн журам зөрчигдсөн тул Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдсэнгүй гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 21220010300205 дугаартай хэргийг тухайн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.     
  2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ