| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2025/0013/З |
| Дугаар | 111/ШШ2025/0017 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 111/ШШ2025/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******
Гомдлын шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876989 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876989 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
2. Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” 1/11 дүгээр албан бичгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, *******ыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэн, 10.000.000 /*******ван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3. *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан гомдолдоо: “******* нь аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ******* сумын ******* 2-р багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн. Сонгуулийн хуульд зааснаар ХААН банкинд өөрийн нэр дээр тоот хандивын данс нээлгэсэн, дансанд нь 500.000 төгрөгийн хандив орсныг сонгуулийн ухуулагч нарын цалин, сонгуулийн сурталчилгааны хугацаанд авто машины шатахуунд зарцуулсан. Сонгуулийн хугацаанд нээлгэсэн хандивын дансаа хуулийн хугацаанд хаалгасан байна.
Энэ жил ******* сумын нутагт өвөлжилт хүндэрч 2024 оны 10 дугаар сарын сүүлчээс эхлээд өнөөг хүртэл зудын нөхцөл байдалтай байгаагаас өөрийн нутагт мал өвөлжих боломжгүй болсон тул амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаа туугаад отроор нүүж ******* болон ******* сумдын зааг нутаг болох ******* гэдэг газарт өвөлжсөн. Энэ хугацаанд утас, хэл авалцах боломжгүй байснаас сонгуулийн зардлын тайлан өгөх гаргуулж чадаагүй байна. Өвөлжилт хүндэрсэн үед аймгийн ОК-ын орлогч дарга, хурандаа ******* ахлуулсан ажлын хэсэг ******* сумд ажиллаж “Шуурхай бүлэг”-үүд Онцгой комисс, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдэлийг газар дээр нь үнэлсэн.
2025 оны 2 дугаар сарын 21-ний үед аймгийн төвд бэлэн ир гэсний дагуу ирэхэд Сонгуулийн хуульд зааснаар “нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтааж зардлын тайландаа хувийн аудитаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгосон. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876989 дугаар шийтгэлийн хуудас гардуулсан байна. Улсын байцаагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах; 15.1.4. захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, “24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, “24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож сонсох ажиллагаа явуулах” зэрэг хууль заасан ажиллагаа явуулалгүй Шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн 2025 оны 01 сарын 1/11 албан бичгээр Баянхонгор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлнэ үү гэж дурдсан албан бичгийн дагуу асуудлыг шалган үзэхэд тухайн нэр дэвшигч данс нээлгэж, дансаар орлого зарлага дамжсан тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн заасан хариуцлага хүлээлгэсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Гомдол гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч *******эд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын гарзын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876989 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан.
2. Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлэн дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* 2 дугаар багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшжээ.
4. Нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.” гэж заасны дагуу ******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа аудит хийлгэн, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.
5. Хариуцагч гомдол гаргагч *******т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 10.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
6. Гомдол гаргагч нь гомдлыг үндэслэлээ “...******* сумын нутагт өвөлжилт хүндэрч 2024 оны 10 дугаар сарын сүүлчээс эхлээд өнөөг хүртэл зудын нөхцөл байдалтай байгаагаас өөрийн нутагт мал өвөлжих боломжгүй болсон тул амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаа туугаад отроор нүүж ******* болон ******* сумдын зааг нутаг болох ******* гэдэг газарт өвөлжсөн. Энэ хугацаанд утас, хэл авалцах боломжгүй байснаас сонгуулийн зардлын тайлан өгөх гаргуулж чадаагүй байна....” гэж тайлбарладаг. Энэ нь ******* сумын Засаг даргын 2025 оны 17, тус сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 35 дугаар албан бичгээс харагдаж байна./хх-н 45, 51-р тал/
7. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэлийг тусгасан бөгөөд 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 6.6 дугаар зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1.-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус хуульчилсан.
8.Дээрх хуулийн зохицуулалтаас харахад тухайн зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон, зөрчил гаргагч сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан хугацаанд хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэхээр заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг холбогдогчид тайлбарлаагүй, зөрчил гаргахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу байх ба энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж заасантай нийцэхгүй байна.
9. Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 дүгээр “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар *******т шийтгэл ногдуулах тухай бичгийг /хх-ийн 42-р тал/ Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч /хх-ийн 42-р тал, доорх тэмдэглэгээ/, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий 0876989 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн нь ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.
10. Иймд, шүүх Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876989 дугаар шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0876989 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, *******ын гомдлын шаардлагыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА