Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00834

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00834

 

 

Ж ХХК, С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00386 дугаар шийдвэртэй

Ж ХХК, С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н ХХК-д холбогдох

Гэрээний улмаас болон гэм хорын хохиролд 1 234 732 905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-ийн захирал З.Н шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийн Ц.Г намайг огт үндэслэлгүй гэмт хэрэгт гүтгэн 2011 оны 5 дугаар сард Эрүүгийн 21132899 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгуулсан. Мөн Гаалийн Ерөнхий газрын 2011 оны 04/1337 тоот бичгээр Н ХХК 2009 оноос 2011 оны 5 дугаар cap дуустал хугацаанд ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл ашиглан 1 915 880 кг жонш экспортлож, 321 746 973 ам.долларын орлого олсныг нотолсон. Эрүүгийн 21132899 дугаартай хэргийг эрүүгийн 21040691 дугаартай хэрэгт нэгтгэн 2011-2019 онд шалган анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1.-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/610 тогтоол хүчин төгөлдөр болсон. Н ХХК-ийн захирал З.Н С ХХК, Ж ХХК хоёроос их хэмжээний хөрөнгө гаргуулан Ж ХХК-тай 2008 онд 01 тоот Ашиглалтын лиценз шилжүүлэх гэрээ байгуулан шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 696 тоот шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийж, ял завшин Ц.Г намайг 2011 оноос огт үндэслэлгүй Эрүүгийн 21132899 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх заасан гэмт хэрэгт шалгуулж, ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл хууль бусаар ашиглан 2007 оны 7 сараас 2011 оны 5 дугаар cap дуустал хугацаанд тус компаниудад доорхи хохирлыг учруулсан.

С ХХК-д захирал З.Нгийн 2008 онд 01 тоот Ашиглалтын лиценз шилжүүлэх гэрээ байгуулан авсан -1 500 000 төг, дэд захирал Г.Өлзийсайханы зээлж авсан 3300 юань буюу 1 370 433 төгрөг, 2007 оны 8 дугаар сараас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Цагаан чулуутын жоншны ордод нүүж очих, Хууль зүйн үйлчилгээ, уурхайн харуул хамгаалалт, Монгол Улс, БНХАУ-ын хороонд зорчих, томилолтонд зарцуулсан 16 300 юань, 8 000 000 төгрөг, нийт 14 813 563 төгрөг, Эрээн хот, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад техник, тоног төхөөрөмж хадгалж хамгаалах, нүүлгэж шилжүүлэх, гэрээт ажилчидад цалингийн нөхөн төлбөр олгох, иргэний хэрэгт баримт бичиг орчуулах, баталгаажуулах, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах, хөрөнгө оруулагч нар ирж, буцах гэх мэт зардлуудад 30 000 юань, 500 000 төгрөг, нийт 13 040 300 төгрөг, Н ХХК-ийн 2009-2011 оны 5 дугаар cap дуустал хугацаанд ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл ашиглаж олсон орлого 321 746.973 ам.долларын 5-ны 1 хувь буюу 64 349.395 ам.доллар буюу 183 605 555 төгрөг, нийтдээ С ХХК-д 214 338 851 төгрөгийн,

2. Ж ХХК-д 2007 онд ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөлтэй жоншны ордод судалгаа шинжилгээ, газар шороо, талбайн бүс тогтоох, уурхайн ам нээх, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шатах, тослох материал, ажилчдын байр, цалин, хоол хүнс, Монгол Улс, БНХАУ-д зорчих зардал, томилолтод зарцуулсан 510 805 юань, буюу 213 521 598 төгрөг, 2008 онд БНХАУ-ын Жөзян, Шань Ши, Шань Дун муж, Тайжу, Эрээн хот, Монгол улсын Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад техник, тоног төхөөрөмж хадгалж хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, гэрээт ажилчдад цалин, нөхөн төлбөр олгох, баримт бичиг орчуулах, баталгаажуулах, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах, хөрөнгө оруулагч нар ирж, буцаах гэх мэт зардлуудад 140 069 юань, 13 900 000 төгрөг, нийт 72 450 243 төгрөг, 2009-2011 оны 5 дугаар cap хүртэл ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл Н ХХК-д ашиглуулж алдсан орлого 321 746.973 ам.долларын 5-ны 4 хувь буюу 257 397.578 ам.доллар буюу 734 422 213 төгрөг,

Иймд С ХХК-д 214 338,851 төгрөг, Ж ХХК-д 1 020 394 054 төгрөг, нийт 1 234 732 905 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг Цагаан чулуут нэртэй газарт хайлуур жонш олборлох ашиглалтын өмнөх 7304А дугаартай ашиглалтын леценз эзэмшин зохих үйл ажиллагаа эрхэлж байгаа. Гэтэл Ж ХХК-ийн захирал гэх Ц.Г нь Н ХХК-ийн 7304 A тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй тул Н ХХК уг гэрээнээс татгалзаж тусгай зөвшөөрлөө Ай Өү Эс ХХК-д шилжүүлэхээр хэлцэл хийгээд явж байтал Ашигт малтмалын газраас тус компаний тусгай зөвшөөрлийн эрхийг хугацаа дууссан үндэслэлээр хүчингүй болсноор хайлуур жоншны ордыг бусдад шилжүүлэх боломжгүй болсон. Энэ үйл явдлын дараа Ц.Г нь Ж ХХК-ийг төлөөлж Н ХХК-д холбогдуулан 7304A тоот тусгай зөвшөөрлийг худалдан авч шилжүүлэхээр тохирсон хэлцлээ хүчин төгөлдөрт тооцуулах, хэлцлийн дагуу тусгай зөвшөөрлийг Ж ХХК-д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж уг нэхэмжлэл нь хангагдаж шүүхийн шийдвэр гарч байсан юм. Гэтэл Ц.Гоор Ж ХХК-ийг шүүхэд төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэл нь хуурамч болох нь хил хамгаалах байгуулагын лавлагаа, Гадаадын харъяатын албаны тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл, Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал Мя юу юун-гээс Ц.Год олгогдсон итгэмжлэл нь БНХАУ-ийн иргэн Мя юу юун-г Монгол улсаас гарч явснаас хойш Монгол улсад үйлдэгдсэн, түүнд зурагдсан Мя юу юун-ийн гарын үсэг түүнийх биш болох нь шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож шинээр илэрсэн энэ нөхцөл байдлаар 7304A тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж тооцсон шүүхийн шийдвэр хүчингүй болж улмаар Ц.Г нь өөр бусдыг залилсан хэргүүд тэрчлэн иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэргүүдэд гэм буруутайд тооцогдон ял шийтгүүлсэн байдаг. Тэрчлэн 7304A тоот тусгай зөвшөөрлийг Н ХХК-аас шилжүүлэн авах тухай хэлцэлд мөн Ц.Г төлөөлж оролцсон уг төлөөлөл ч мөн л хүчин төгөлдөр бус байсан санагдаж байна.

Энэ хэлцэлтэй холбогдсон шүүхийн шийдвэр дээр дурьдсан шинэ нөхцөл байдлаар хүчингүй болсон. Хэлцэлд төлөөлж оролцсон Ц.Г эрүүгийн хэрэгт холбогдож яах ийх нь тодорхойгүй болсон. Тусгай зөвшөөрлийг худалдах худалдан авах, шилжүүлэх хэлцлийн дагуу төлөх төлбөрийг төлөөгүй. Тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын газраас цуцлаж хүчингүй болгосон үндэслэлүүд бий болсон тул Н ХХК нь Ж ХХК-тай байгуулсан хэлцлээсээ татгалзсанаар энэхүү харилцаа дуусгавар болсон байдаг.

Иймд С ХХК-ийн нэхэмжилсэн 2008 оны 01 тоот -Ашиглалтын гэрээний дагуу авсан 1 500 000 төгрөгтэй холбогдсон шаардлага Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Өлзийсайханд зээлдүүлсэн гэх 3300 юань нь Н ХХК-д хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагын нүүдэл суудлын болон хууль зүйн зөвлөгөө, уул уурхайн хамгаалалт, Монгол Хятадын хооронд зорчисон зэрэгт зарцуулсан гэх 14 813 563 төгрөг, Эрээн хот Сүхбаатар Мөнххаан, Хэнтий аймгийн Өмнө дэлгэр сумуудад техник тоног төхөөрөмж нүүлгэн шилжүүлж хадгалж хамгаалсан гэрээт ажилчдад нөхөн төлбөр төлсөн, тэрчлэн Н ХХК-ийн олсон орлогыг нэхсэн 13 040 300 төгрөг, 183 605 555 төгрөг гэсэн дүнтэй нэхэмжлэлүүдийг шаардах эрх үүсээгүй үндэслэлээр, нэхэмжлэлийн шаардлагын Ж ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан А зөвшөөрөлтэй жоншны ордод Н ХХК нь Ж ХХК-аар судалгаа шинжилгээ хийлгээгүй, талбайн бүс уурхайн ам нээх техник тоног төхөөрөмж багаж хэрэгсэл шатах тослох материал авахуулахаар тохирч байгаагүй, ажилчдын байр, цалин, хоол хүнс тэрчлэн тэдний хятад монголын хооронд явсан зардлыг хариуцахаар тохирсон зүйл огт байхгүй. Нэхэмжлэлд дурдсан зардал гэх зүйл нь Н ХХК-д холбогдолгүй, мөн Н ХХК-ийн орлогыг нэхсэн нь үндэслэлгүй, шаардах эрхгүй байх тул энэхүү 1 020 394 054 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 7304А тоот тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах, шилжүүлэхтэй холбогдож үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүчингүй болсон. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүчингүй болсон уг шийдвэр нь өнөө хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. Ц.Год холбогдсон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж шийдсэнээр шинэ нөхцөл байдлыг тооцсон шийдвэр хүчингүй болох, хүчингүй болгосон урьдах шийдвэр сэргэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 53 055 406 /тавин гурван сая тавин таван мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгон, үлдэх 967 338 648 төгрөгийг болон хариуцагчаас хохиролд 214 338 851 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 6 331 614 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 423 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: .... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хангаж шийдвэрлэсэн ч Эрүүгийн хэргийн 2019 оны 610 шийтгэх, цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсгийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 зүйлийн 253.1 дэх хэсэгт холбогдох үйлдэл холбогдлын шалтгаант холбогдлыг дүгнэхдээ иргэний хэргийн баримт дахь гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан, тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас энэ үндэслэлээр гэм хорын хохирол шаардах үндэслэлгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. С ХХК-ийн хөрөнгө оруулсан Ж ХХК Н ХХК- тай 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01 тоот Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Ж ХХК, С ХХК, Н ХХК нарын дунд эрх зүйн харилцаа үүссэн. Гэрээний үүргээ биелүүлээгүй Н ХХК-ийн буруугаас Монгол Улсын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 696 шийдвэр хүчин төгөлдөр Ж ХХК, С ХХК хоёр ашигт малтмалын 7304 тусгай зөвшөөрөл эзэмших болсон. Энэ нь хэрэгт авагдсан шүүхийн 2009 оны 696 шийдвэр Ж ХХК, С ХХК хоёрын гэрчилгээ, дүрэм, бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоно. Ц.Г хоёр хуулийн этгээдийг төлөөлж эрүүгийн хэргийн болон гэрээний улмаас учирсан хохирол арилгуулахаар шаардах эрхтэй этгээд мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий зөв дүгнэлт болсон. Тус компанийн захирал Ц.Гыг гүтгэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгуулж, ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл хууль бусаар ашигласан Н ХХК-ийн захирал З.Нгийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан, мөн Монгол Улсын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 696 шийдвэр биелүүлээгүй захирал З.Н 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг Улсын Ерөнхий прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тогтоол бүрэн тогтоосон зэрэг нь Ж ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардах, эзэмших үндэслэл болно. Гаалийн Ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-2/3969 мэдээлэл Н ХХК-ийн хууль бусаар олсон орлого 321 768 ам.долларыг тодорхойлсон тул Ж ХХК өөрт оногдох уг орлогын 5-ны 4 хувь буюу 257 397 578 ам.долларыг Эрүү, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтууд үндэслэн Н ХХК-иас шаардах, эзэмших эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангах баримт хэрэгт авагдаагүй, хятад, монгол хэл дээрх баримтуудыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр энэ хуулийн 37 зүйлийн 37.1, 37.2 дахь заалтууд зөрчсөн байна. Мөн тус компанийн захирал Ц.Гыг гүтгэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10 (Арав) жил шалгуулсан Н ХХК-ийн захирал З.Нгийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан, мөн Монгол Улсын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 696 шийдвэр биелүүлээгүй захирал З.Н 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 зүйлийн 258.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг Улсын Ерөнхий прокурорын газрын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тогтоол тогтоосон зэрэг нь Ж ХХК улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болно. Иймд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00386 шийдвэрийн тус компанийн нэхэмжлэлээс хангахгүй орхисон хэсгийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлоод С ХХК, ХХК Ж ХХК-д учирсан хохирол гэж 1 234 732 905 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч ашигт малтмалын 7304А тоот тусгай 01 тоот гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...гэрээний улмаас учирсан хохирол гэж тодотгов гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг бичгээр гаргасан, үндэслэлээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлсон. Шүүх нэхэмжлэлийг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэл хугацаанд Нэхэмжлэлээ өөрчлөх, шаардлагаа ихэсгэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй. Шүүх нэхэмжлэгч шаардлагаа өөрчилж тодруулж байгаа бол тэр өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах , хуульд заасан хугацаанд хариу тайлбар татгалзлыг ирүүлэх үүргийг мэдэгдэх хуультай ийм ажиллагаа огт хийгдээгүй. Харин гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас үүссэн хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэнтэй хариуцагч тал санал нэг байна. Ер нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй хэргийг хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Ашигт малтмалын 7304А тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Ж ХХК-д шилжүүлэхээр холбогдох баримт хүсэлтийг хавсарган АМХЭГ-т гаргаж өгөхийг Н ХХК-д даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг 2009 онд БГД-ийн шүүхэд гаргаж уг нэхэмжлэл тус шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 696 тоот шийдвэрээр хангагдаж шийдвэрлэгдсэн боловч энэ шийдвэр нь хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн шинэ нөхцөл байдлаар тус шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны 66 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон боловч нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй хэрэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байгаа. Ж ХХК нь энэ явцдаа хооронд байгуулсан 01 тоот гэрээний дагуу тусгай зөвшөөрөлийг Ж ХХК-д гаргаж өгөхийг АМХЭГ-т даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг АМХЭГ-т холбогдуулж гаргасныг шүүх хянаад нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой асуудлаар Ж ХХК-ийн захирал Ц.Г Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр дээрх хуулийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэл үндэслэл шаардлага тодорхойгүй байхад 01 тоот гэрээтэй холбоотой шаардлага бүхий нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэл Баянгол дүүргийн шүүхэд шийдвэрлэгдээгүй хянагдаж байхад 01 тоот гэрээ биелэгдээгүй цуцлагдсан, татгалзсан, буруу зөв гэх асуудлаар дүгнэлт хийж уг маргаан бүхий харилцаатай холбоотой маргаан өөр шүүхэд хянагдаж байхад уг асуудлаар дүгнэлт хийж Иргэний хуулийн 227 дугаар зүйл заалтыг үндэслэн хариуцагчаас 53 055 406 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч 01 тоот гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан гэж шүүх үзэж байгаа бол уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1,7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасаар хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа Н ХХК-ийн 2009-2011 онд хилээр гаргасан жоншны ханшаар тооцсон дүнг Ж ХХК-ийн олох байсан орлого гэж дүгнэн түүний 10 хувь ашиг гэж таамаглан дүйцүүлж 42 405 406 төгрөгийг Н ХХК-аас гаргуулж Ж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь шийдвэр хууль бус гэж үзэж байна. Шүүх таамаг баримтаар хэрэг шийдвэрлэж болохгүй. Шүүх энэ хэргийг хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Иймд хэргийг хянаж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Н ХХК-аас гэм хорын хохиролд 214 338 851 төгрөг, нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Н ХХК-аас гэм хорын хохиролд 1 020 394 054 төгрөг, нийт 1 234 732 905 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ...2011 оноос эхлэн Эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгуулсан, ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашигласнаас 2007 оны 7 дугаар сараас 2011 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд С ХХК болон Ж ХХК-д учруулсан гэм хорын хохирол гаргуулна гэсэн үндэслэл заасан байна.

Хэрэгт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/610 дугаар тогтоол авагдсан байх бөгөөд уг тогтоолоор ...шүүгдэгч Ц.Гын 2008 оны 4 дүгээр сарын 08, 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Ж ХХК-ийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал БНХАУ-ын иргэн Ж ХХК-ийн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн иргэний шүүн таслах ажиллагааны оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан хэрэг үйлдсэн гэж зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Ц.Год холбогдох нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн үйлдлийг цагаатгасан, түүнчлэн хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс нэхэмжлэгч нарт хохирол учирсан, тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж буруутгах боломжгүй юм. Хариуцагчийн зүгээс өмнө нэхэмжлэгчийн талаар гомдол гаргасан үйлдлийг хууль бус гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 696 дугаар шийдвэрээр Ж ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 01 тоот Ашигт малтмалын лиценз шилжүүлэх тухай гэрээ-ний дагуу ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг хавсаргаж АТГТХЭГ-ын Геологи уул уурхайн кадастрын албанд гаргахыг хариуцагч Н ХХК-д даалгаж шийдвэрлэсэн боловч уг шүүхийн шийдвэрийг зохигчдын хүсэлтээр Баянгол дүүргийн шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шүүхийн тогтоолоор 696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцэхээр анхан шатны шүүхэд буцаасан 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 тоот ашиглалтын лиценз шилжүүлэх гэрээний маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй үйл баримт тогтоогдсон байна. /1хх.77, 78/

Мөн дээрх гэрээнээс гадна нэхэмжлэгч С ХХК болон Н ХХК нар 2004 онд Хайлуур жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд энэ гэрээтэй холбоотой асуудлыг Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 931 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт талууд гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /1хх.49,50/ Шүүх С ХХК-ийн хувьд хариуцагчтай байгуулсан 2004 оны гэрээний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэйгээс гадна нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д нийцжээ.

Харин анхан шатны шүүх Ж ХХК, Н ХХК нарын хооронд 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай 01 тоот гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж ХХК хариуцагч Н ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01 тоот Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч /лиценз эзэмшигч/ Н ХХК нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь Цагаан чулуут нэртэй газарт байрлах 7304А лицензийг нэхэмжлэгч Ж ХХК-д шилжүүлэх, Ж ХХК лицензийн эрх шилжүүлэх өргөдлийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт /АТГТХЭГ/ өгсөн өдөр тохиролцсон үнийн дүнгийн урьдчилгаа болох 20 000 000 төгрөгийг төлөх, лиценз эзэмших гэрчилгээ гарснаас хойш 3 сарын дотор үйл ажиллагаа эрхлэх, үйл ажиллагаа эхэлснээс 3-6 сарын дотор үлдэгдэл 50 000 000 төгрөгийг гэрээ, санхүүгийн баримтуудыг үндэслэн тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг төлөх-өөр тус тус тохиролцжээ. /1хх.57-59/

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, бичгийн баримтууд болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/610 тоот тогтоолд бичигдсэн Н ХХК-ийн захирал З.Нгийн мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Ашиглалтын лиценз шилжүүлэх тухай 01 тоот гэрээ цуцлагдахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК нэхэмжлэгч Ж ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан гэсэн үндэслэлээ нотолсон баримтыг гаргаагүй болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Н ХХК-аас учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ж ХХК нь 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Д.Энхтөр, Б.Болдбаатар нартай Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн, /1хх.81-83/ хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх С ХХК-аас З.Нд лиценз шилжүүлсэн урьдчилгаа төлбөрт 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөг шилжүүлсэн, /1хх.66/ 2008 оны 01 тоот гэрээний маргааныг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 696 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 412 тоот гүйцэтгэх хуудасны дагуу Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10/349 дугаартай гэрээ байгуулж, 750 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн, /1хх.86, 87/ манаач Д.Эрдэнэчулуунд 2008 оны 1-5 дугаар сард ажлын хөлсөнд 3 750 000 төгрөгийг өгсөн, /1хх.88, 93-95/ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум дах уурхайд 2009 оны 7 дугаар сард техник, тоног төхөөрөмжийг тээвэрлэх ажлын хөлсөнд 2 800 000 төгрөг, шатахууны зардалд 350 000 төгрөг тус тус төлсөн /1хх.141,142/ үйл баримтууд тогтоогдсон. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж шийдвэрлэжээ.

Мөн гэрээний 3.2-т Лиценз шилжүүлэн авагч тал нь лицензийг шилжүүлэн авсан өдрөөс эхлэн лицензийг эзэмших бүрэн эрхтэй болно гэж, 3.3-т Лиценз шилжүүлэн авагч тал нь цаашид энэхүү ашиглалтын лицензтэй холбогдон гарах бүх зардлыг бүрэн хариуцна гэж, 3.4-т Лиценз шилжүүлэн авагч тал нь хайгуул-олборлолтын ажил хүн, хүч, машин техник тоног төхөөрөмж, орон байр болон шаардлагатай бусад зүйлийг хариуцна гэж тус тус заасан. Анхан шатны шүүх 2008 онд БНХАУ-ын Жөзян, Шань Ши, Шань Дун муж, Тайжу, Эрээн хот, Монгол улсын Сүхбаатар аймгийн Мөнххаан, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад техник, тоног төхөөрөмж хадгалж хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, гэрээт ажилчдад цалин, нөхөн төлбөр олгох, баримт бичиг орчуулах, баталгаажуулах зэрэг зардалд 9 150 000 /3.2-3.5 заасан/ төгрөгийг хангаж шийдвэрлэсэн буруу биш байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ ...2009-2011 оны 5 дугаар cap хүртэл ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрлийг Н ХХК-д ашиглуулж алдсан орлого 321 746.973 ам.доллар үүний 5/4 хувь болох 257 397.578 ам.доллар буюу 734 422 213 төгрөгийг өөрийн олох ёстой байсан орлого гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримт болох Гаалийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-2/3969 тоот албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-2/3969 тоот хавсралтаас үзэхэд хариуцагч Н ХХК 2008 онд 01 тоот гэрээ байгуулснаас хойш төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр лиценз эзэмших эрх цуцлагдах хүртэлх хугацаа буюу 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 321 746.973 ам.доллар, тухайн үеийн Монгол төгрөгийн ханшаар 424 054 065 төгрөгийн хэмжээний жонш олборлож Монгол Улсын хилээр экспортод гаргахаар мэдүүлсэн болох нь тогтоогдож байна. /2хх.53-54/

Анхан шатны шүүх Ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл ашиглаж Н ХХК-ийн олсон орлогыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр мэдүүлсэн дээрх 424 054 065 төгрөгийн хэмжээтэй шууд адил тэнцүү гэж үзэхэд учир дутагдалтай, дээрх хэмжээний жонш олборлоход гарах зардал, өртөг хэд болох, үүнээс ашиг хэд болох талаар баримт авагдаагүй тул шүүх энэ мөнгөн дүнгийн 10 хувийг олсон ашиг гэж тооцон улмаар энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн зайлшгүй орох байсан орлогын хэмжээг тооцон Н ХХК-иас 42 405 406 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгохоор шийдсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцнэ.

Иймд хариуцагч Н ХХК-ийг нэхэмжлэгч Ж ХХК-д 53 055 406 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар 66.8 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч Д.Басангийн гаргасан ...нэхэмжлэгч тал нь гэрээний эцэслэн шийдвэр гаргаагүй үед үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож байна. Мөн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно. /2хх.154/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын төлсөн 423 227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО