Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 2018             3             13                                           230

 

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Х.Цэвээнжав,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Д.И, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.И, Б.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808002950111 дүгээр хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Д.И,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б.О.

Б.О, Д.И нар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лэжэнд” нэртэй кафед иргэн Б.Т-н мартаж явсан зөөврийн компьютерийг гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Хууль мэдэхгүйн улмаас өөрийн шунаг сэтгэлээс болж хэрэг хийсэн. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 1808002950111 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Т-ийн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны орой 18 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Legend” нэртэй кафед орж үйлчлүүлсэн. Тухайн үед өөрийн авч явсан бор өнгийн савхин цүнхтэй, “Асег” маркийн зөөврийн компьютерээ сууж байгаа ширээнийхээ хажуу талын цонхны тавцан дээр тавьсан. Бид нар уг кафегаас 23 цагийн үед гарсан. Би нэлээн согтчихсон байсан. 01:00 цагийн үед цүнхтэй компьютерээ байхгүй байгааг мэдээд “Рич” баарны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд би гаднаас цүнхгүй орж байсан. Тэгээд “Legend” кафе руу ороод “цүнхтэй зөөврийн компьютерээ мартаад явчихсан байна, та харсан уу” гэж зөөгч, бармен хоёроос асуухад “хараагүй” гэж хэлсэн. “Танайх камертай юм байна, хяналтын камерын бичлэгээ үзүүлчих” гэж хэлэхэд “захирлаа дуудъя” гэсэн. Удалгүй захирал нь ирээд “цагдаагаа дууд” гэж хэлсэн. Надтай хамт явж байсан найз Ц- өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд хяналтын камер ажилладаггүй болохыг мэдсэн. Миний алдагдсан зөөврийн компьютер Core i3 CPU-тэй хар өнгийн дөрвөлжин цэнэглэгчтэй, улаан өнгийн гэрэл асдаг маузтай байсан. ...1 жилийн өмнө “Орон зай” дэлгүүрийн 3 давхраас хэрэглэж байсан компьютерийг 560.000 төгрөгөөр худалдаж авсан”,

...Тухайн үед “Asus” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Асеr” маркийн зөөврийн компьютерийн цэнэглэгч 1 ширхэг, mouse 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 3 ширхэг, савтай эм тус тус байсан. Би зөөврийн компьютерийг буцаан авч хохирол барагдсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-8-9, 42/,

Гэрч Ю.Б-н: “Би “Legend” кафе паб ажиллуулж байгаа. Манайд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн үед 7 залуу орж ирэн мухрын заалны цонхны хажуугийн ширээнд сууж үйлчлүүлсэн. Тэд нар сууж байсан ширээнийхээ хажуу талын цонхон дээр компьютерын цүнх тавьсан байсныг би харсан. ...Манай зөөгч Мөнх-Эрдэнэ ширээг нь цэвэрлэхэд цонхны тавцан дээр тавьсан цүнх байгаагүй гэсэн. Тэгтэл 3 цаг орчмын дараа тэдгээр залуучууд буцаж орж ирээд “зөөврийн компьютероо алдчихлаа, танай камерыг шалгаж үзье” гэхээр нь би “цагдаа эхлээд дуучих” гэж хэлээд дуудуулсан. Манай хяналтын камерын хард диск байхгүй. Цонхон дээр байсан цүнхийг хэн авч гарсан эсэхийг би үнэхээр мэдэхгүй, анзаарч хараагүй. Тэд нар өөрсдөө цүнхээ авч гарсан байх ёстой. Үүнийг манай зөөгч Мөнх-Эрдэнэ гэрчилж байгаа”,

“...Тэр хүмүүстэй зөрөөд гаднаас 4 залуу орж ирсэн. Би тэр хүмүүсийг нөгөө алдагдсан зөөврийн компьютерийг авсан байж магадгүй гэж бодоод маргааш нь найз Мөнхцэцэг рүү яриад нөгөө 4 залуугийн нэг нь чамтай танилцсан гэсэн. Чи тэр хүний дугаарыг нь өгчих гэж хэлсэн. Тэгээд Мөнхцэцэг надад 91182568 гэсэн дугаар өгсөн. Би тэр дугаар руу нь залгаад би “өчигдөр өөртэй чинь танилцсан хүүхэн байна, санаж байна уу” гэж хэлсэн. ...нөгөө залуу “санаж байна” гэсэн. Тэгээд би “танай хамт явж байсан залуу миний зөөврийн компьютерийг аваад явсан байна. Одоо өгвөл би цагдаад мэдэгдэхгүй” гэж хэлсэн чинь “буцаагаад залгая” гэж хэлсэн. Удалгүй 89777272 гэсэн дугаараас залгаад “юу яриад байгаа юм, тэр цүнхэнд чинь ямар хүний иргэний үнэмлэх байсан юм. Цүнхэнд нь юу юу байсан юм, тэр зөөврийн компьютер чинь ямар маркийнх юм, дундаас нь худлаа авах гэж байна” гээд байхаар нь би “намайг битгий байцаагаад бай” гэж хэлээд уурласан чинь утсаа салгасан. Тэгээд би маргааш өөрийнхөө дугаараас 89777272 дугаар руу залгаад “зөөврийн комьпютерыг авчирч өг” гэж хэлсэн чинь “юун зөөврийн комьпютер” гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /хх-11, 13/,

Гэрч В.Ч-ын: “2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой ажлаа тарчихаад 22 цаг өнгөрч байхад ажлын газрын И-, О-, Сумъяа нартай хамт Сонгинохайрхайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах пабд орсон. ...И- цонхны тавцан дээр цүнхтэй эд зүйл байгааг харсан. И- сандлаасаа босон уг цүнхтэй эд зүйлийг авчраад ширээн доогуураа хийчихсэн. Удалгүй И- цүнхтэй эд зүйлийг онгойлгон үзтэл дотор нь бараан өнгийн зөөврийн компьютер, малгай, компьютерийн цэнэглэгч байсан. Өөр ямар эд зүйлс байсныг би санахгүй байна. Тэгтэл компьютерийг И-аас О- худалдаж авахаар болсон. Би тэр 2-т хүний юмыг буцааж өг гэтэл миний үгэнд ороогүй. Би тэр хоёрыг тухайн зөөврийн компьютерийг авна, зарна гээд байхаар нь тоглож байна гэж бодсон ч тоглоогүй байсан. О- тухайн зөөврийн компьютерийг аваад харьлаа гээд гарсан. Тэнд И-, Сумъяа бид нар сууж байгаад пааб хаах үеэр гарцгаасан. Үүнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна. И- 20.000 төгрөгөөр зарна гэж байгаад сүүлдээ 50.000 төгрөгөөр зарахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-43/,

2018.02.27-ны өдрийн №СХЗ-18-62 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянган төгрөг/-р үнэлэгдэв” гэжээ /хх-86/,

Шүүгдэгч Д.Иы яллагдагчаар өгсөн: “Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой ажил 21-22 цагийн хооронд ажлаа тараад би Сумъяа, Чинбат, О- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах пабад орсон. ...Чинбат ах манай гэрийн цонх эндээс харагддаг юм гэж ярихаар нь би пабын хойшоо харсан цонх руу хартал хөшигний цаана тавцан дээр бараан өнгийн цүнхтэй зүйл харагдсан. Тэгэхээр нь би ширээнд сууж байгаад удалгүй хойд талын цонхны тавцан дээр байсан бараан өнгийн цүнхтэй эд зүйлийг ширээн доогуураа хийсэн. Намайг тухайн цүнхийг цонхны тавцан дээрээс аваад ширээн доогуур хийхэд цүнхэн дотор ямар нэгэн эд зүйл байх шиг байсан. Би Сумъяатай тамхи татах гээд гараад орж ирэхэд Чинбат ах ширээн доогуур тавьсан байсан цүнхтэй зүйлийг үзсэн байдалтай “цүнх дотор нөүтбүүк байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ нөүтбүүкийг зарчихвал яасан юм” гэхэд О- “зарах юм бол би авчихъя” гэж хэлсэн. Би О-т би “50.000 төгрөгт ав” гэхэд О- зөвшөөрөөд “би мөнгийг нь цалин дээрээс 2 хувааж ...төлж болох уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Би О-т “наад нөүтбүүкээ аваад яваа, чи хаяж гээчихвээ, гэр рүүгээ аваад яв” гэж хэлсэн. Би нуух гэж тухайн зөөврийн компьютерийг ширээн доор хийсэн...” гэх мэдүүлэг /хх-52-53/,

Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн: “Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой ажлаасаа 22 цаг өнгөрч байхад И-, Сумъяа, Чинбат нарын хамт гарцгаасан. ...Бид нарыг сууж байтал И- ах “цонхон дээр бараан өнгийн цүнх байна” гэж хэлсэн. Булангийн цонхны хажууд сууж байсан залуучууд гараад явсан. Тэгээд ширээн доогуур хийсэн. Тэгтэл тэр цүнхийг Чинбат ах нээж үзчихээд “нөүтбүүк байна” гэж хэлсэн. Бид нар хэсэг ууж сууж байгаад И- ахад би “наад нөүтбүүкийг чинь авъя” гэж хэлсэн. Тэгэхэд И- ах зөвшөөрөөд “50.000 төгрөгөөр худалдаж авбал ав” гэхээр нь би “мөнгийг нь 2 хувааж өгч болох уу” гээд тухайн нөүтбүүкийг би авахаар болсон. Бид нар хэсэг сууж байгаад И- ах намайг “чи яваа, нөүтбүүкийн эзэн нь хүрээд ирж магадгүй” гэж хэлэхээр нь би пабаас 23 цаг өнгөрч байхад явсан. Би тухайн цүнхтэй нөүтбүүкийг аваад гэр рүүгээ явсан. ...Тэгээд би цагдаагийн газарт нөүтбүүкийг өөрөө аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-54-55/,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20/, хохирогчийн хүсэлт /хх-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-34/,  шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-60, 71-72/, шүүгдэгч Д.Иы иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-63, 67, 70/, “Говь” ХК-ийн тодорхойлолт /хх-68, 69/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83, 84/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-85-86/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.О, Д.И нар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Legend” нэртэй кафед иргэн Б.Т-ийн мартаж явсан гээгдэл эд хөрөнгө болох зөөврийн компьютерийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 350000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Уг гэмт хэрэг нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.И, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-т 350000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан боловч тухайн эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн /хх-20/, хохирогч “Зөөврийн компьютероо буцаан авсан. Хохирол барагдсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-42/-ийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлснийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И, Б.О тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч нар тогтмол цалинтай хөдөлмөр эрхэлдэг нь тогтоогдсон тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал /цалин хөлс, бусад орлого олох боломж/-ыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.И, Б.О тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д И-, Б овогт Б.О- нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И, Б.О тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И, Б.О нарыг 450000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И, Б.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.И, Б.О нар бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.И, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР