Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/04

 

 

 

Г.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Т.Дэлгэрсайхан

            Шүүгдэгч Г.Баярсайхан   

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Г.Баярсайханд холбогдох 2318002010476 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Монгол овгийн Ганзоригийн Баярсайхан, 1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, явган цэргийн байлдааны машины механик мэргэжилтэй, Зэвсэгт хүчний Мот буудлагын тусгай батлионы 330 дугаар ангийн “нууцын хэрэг хөтлөгч” ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын 09 дүгээр багийн 4-1 дүгээр байрны 191 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энхийн төлөө медаль, 2022 онд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль, 2010, 2012, 2014, 2019 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны медаль, 2017 онд НАТО-гийн олон улсын хамтын ажиллагааны медалиар тус тус шагнуулж байсан, урьд:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

шүүгдэгч Г.Баярсайхан нь Зэвсэгт хүчний 330 дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны хооронд болсон хээрийн сургуулилтын үед буудлага үйлдэхээр олгосон 7,62x39мм ПС загварын 80 ширхэг сум, 7,62х54г ЛПС загварын 60 ширхэг сум, нийт 140 ширхэг байлдааны зориулалттай сумыг хувьдаа авч Дархан-уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн Хээтэй хорооллын 4-1 дүгээр байрны 191 тоотод байх гэртээ хадгалж байгаад 2023 оны 05 дугаар сарын 08-нд 19-33 ДАР улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, бусдад худалдан борлуулах гэж байгаад баригдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Г.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Баярсайханд холбогдох эрүүгийн 2318002010476 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Монгол овогт Ганзоригийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсайханыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,4000,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Баярсайханд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 /хорин дөрвөн/ сарын хугацаанд сар бүр 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7,62х39мм ПС загварын сум 75 ширхэг, 7,62х54г ЛПС загварын сум 55 ширхэг, нийт 130 ширхэг байлдааны зориулалттай сумыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсайханаас 17,248,438 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдаж, арилжиж, бэлэглэж, барьцаанд өгч завшсан, тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол...” цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших гэмт хэрэгт тооцохоор зааж, мөн зүйлийн 2-т “...Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй бол...” хүндрүүлж үзэхээр хуульчилсан байна.

Мөн зүйлийн хуульчилсан тайлбарт "Цэргийн албаны гэмт хэрэг” гэж Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно” гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд цэргийн албаны эсрэг гэмт хэргийн субъект нь “цэргийн алба хаагч” буюу Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн” байхаар хуульчилжээ.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг”, 3.1.2-т "цэргийн жинхэнэ алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг; 3.1.8-д “хугацаат цэргийн алба хаагч" гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг; 3.1.15-д "цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг” гэж тус тус зааж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэхээр байна.

Дээрх хууль тогтоомж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Баярсайхан нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1804 дугаартай тушаалаар цэргийн жинхэнэ алба буюу Зэвсэгт хүчний мот буудлагын тусгай батальоны 330 дугаар ангид албаны нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан ажилд томилсон тушаалын хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул тэрээр Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан цэргийн албаны эсрэг гэмт хэргийн субъект болно.

Шүүгдэгч Г.Баярсайхан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болох мот буудлагын тусгай баталионы 330 дугаар ангид цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны хооронд болсон хээрийн сургуулилтын үед буудлага үйлдэхээр олгосон 7,62х39 мм ПС загварын 80 ширхэг сум, 7,62х54г ЛПС загварын 60 ширхэг сум, нийт 140 ширхэг байлдааны зориулалттай сумыг хувьдаа авч Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн Хээтэй хорооллын 4-1 дүгээр байрны 191 тоотод байх гэртээ хадгалж байгаад 2023 оны 05 дугаар сарын 08-нд 19-33 ДАР улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, бусдад худалдан борлуулахыг завдсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28,7 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн гэмт хэргийн шинжийг хангасан буюу цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгслийг завшсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн цэргийн албаны тухай хууль тогтоомжууд, болон цэргийн дүрмээр тогтоосон тусгай журмыг зөрчсөн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг объект, субъектийн онцлог байдлыг үндэслэлгүйгээр нийтлэг субъекттэй гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Баярсайханы үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Баярсайхан нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний мот буудлагын тусгай баталионы ангийн нууцын хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Баярсайхан нь төрийн жинхэнэ албан хаагч буюу цэргийн албан хаагч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлд цэргийн алба хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдаж, арилжиж, бэлэглэж, барьцаанд өгч завшсан бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх нь тусгай субъекттэй хэргийг нийтлэг субъекттэй хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Баярсайхан:

Тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Баярсайхан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болох мото буудлагын тусгай баталионы 330 дугаар ангид Нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байхдаа тус ангийн захирагчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/108 дугаар тушаал- “Байлдааны буудлагатай, тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулах тухай”-аар батлагдсан хээрийн сургуулилтын үед буудлага үйлдэхээр олгосон 7,62х39 мм ПС загварын 80 ширхэг сум, 7,62х54г ЛПС загварын 60 ширхэг сум, нийт 140 ширхэг байлдааны зориулалттай сумыг хувьдаа авч Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багийн Хээтэй хорооллын 4-1 дүгээр байрны 191 тоотод хадгалж байгаад 2023 оны 05 дугаар сарын 08-нд 19-33 ДАР улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, бусдад худалдан борлуулахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Баярсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт аснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Баярсайханд холбогдох эрүүгийн 2318002010476 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Монгол овогт Ганзоригийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярсайханыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,4000,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулиар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.

Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.

Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор,  шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль, бусад хуулийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Баярсайханд холбогдох хэргийг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Баярсайхан нь гэмт хэрэгт холбогдох үедээ ЗХ-ийн 330 дугаар ангийн Мото буудлагын тусгай батальонд нууцын эрхлэгч ажилтай байсан болох нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1804 тушаал, Албан тушаалын тодорхойлолт болон бусад нотлох баримтаар тогтоогдож, тэрээр Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ажиллаж буй төрийн жинхэнэ алба хаагч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлд заасан Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших гэмт хэрэг нь цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын дагуу ашиглах талаар тогтоосон журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Уг гэмт хэргийн субъект нь цэргийн алба хаагч байх ба өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд зүйлсийг өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулсан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон, гээгдүүлснийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлд заасан “байлдааны галт хэрэгсэл” гэдгийг Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр тогтоолд “байлдааны галт хэрэгсэл” гэж ангийн буунаас бусад буунд хэрэглэдэг бүх төрлийн сумнууд, тийрэлт, шидэлтийн хүчээр байнд хүрч дэлбэрэлтийн хүчээр байг устгах зориулалт бүхий зэвсгийн зүйлсийг хамааруулна гэж тайлбарлажээ.

Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.1-т “галт зэвсэг” гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг, мөн хуулийн 3.1.2-т “сум” гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэгт биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг ойлгоно.

Шинжээчийн дүгнэлтэд: шүүгдэгч Г.Баярсайханы худалдан борлуулахыг завдсан гэх 7.62 мм-ийн ПС загварын 60 ширхэг, 75 бүлгийн дугаартай 75 ширхэг, 7.62смм-ийн ЛПС загварын 60 ширхэг, 81 бүлгийн дугаартай 55 ширхэг нийт 2 нэр төрлийн 130 ширхэг галт хэрэглэл нь Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байлдааны зориулалттай галт хэрэглэл гэж дүгнэжээ.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Баярсайханы холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдвол шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болох тул шүүгдэгч Г.Баярсайханд холбогдох  хэргийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Г.Баярсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.МАНЛАЙБААТАР

              ШҮҮГЧИД                                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                               З.ТӨМӨРХҮҮ