Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0603

 

2017 оны 8 сарын 23 өдөр                   Дугаар 221/МА2017/0603                          Улаанбаатар хот

        

С.Ш-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0474 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, С.Ш-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0474 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Ш-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохыг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5,915,149 /таван сая есөн зуун арван таван мянга нэг зуун дөчин ес/ төгрөг, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 1,846,000 /нэг сая найман зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ш-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн "Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын даргын албан тушаалын урамшууллыг нөхөн олгох" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Нэг. ... Хэрэгт нэхэмжлэгчийн дипломын хуулбар авагдсан байсан ба хэрэгт хавсаргагдсан байгаа баримтуудыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж дүгнэх боломжгүй учир дутагдалтай юм. Иймээс дипломын хуулбараар тухайн албан тушаалд тавигдах мэдлэг боловсролыг хангасан гэж дүгнэх боломжгүй ба бусад нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдож байж нотлох баримтаар үнэлэгдэх учир манай байгууллага хуулийн дагуу нэхэмжлэгч С.Ш-ийн төрийн албан тушаалд тавигдах мэдлэг, боловсролын байдлыг хангаж байгаа эсэхийг тодруулахын тулд дараах ажиллагааг хийсэн. Үүнд:

С.Ш-ийг хөдөө орон нутагт оршин суудгийг харгалзан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4 дэх хэсэгт заасны дагуу утсаар санал авах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулахаар товлож, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт гарахаас 4 өдрийн өмнө утсаар холбогдон ярьж түүнд "... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаартай "С.Ш-ийг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгох гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор захиргааны акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу таны ажил, албан тушаалын эрх ашиг хөндөгдөж болзошгүй байна. Мөн боловсролын хуурамч дипломын асуудлаас үүдэн таны ажил, албан тушаалын эрх ашиг хөндөгдөж болзошгүй байна. Иймээс сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу мөн та хөдөө орон нутагт байгаа учраас утсаар санал авах хэлбэрээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт явуулна. Та санал хүсэлт, тайлбараа өгөх эрхтэй..." гэдгийг хэлж тайлбар, санал гаргах боломж олгож урьдчилан мэдэгдсэн байна.

Мөн сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, cap, өдөр, цаг байрлал, мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тодорхой тусган албан бичгээр болон утсаар мэдэгдэж баримтжуулан утсаар ярьсан ярианы дуу хураасан бичлэг, тэмдэглэл зэргийг хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн.

С.Ш нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт өөрийн биеэр ирж уулзана, диплом байгаа гэж хэлдэг боловч товлосон цагтаа ирээгүй, мөн өдрийн 12.25 цагт 99422798 утсаар дахин холбогдож сонсох ажиллагааны талаар ярилцахад ирж амжихгүй гэж хэлэн ирээгүй байна. Ийнхүү удаа дараа мэдэгдсээр байтал дипломоо эх хувиар нь авчирч үзүүлэн баримт бичгээ шалгуулаагүй байна.

Аливаа төрийн албан хаагч Төрийн албаны зөвлөлөөс гаргасан журмын дагуу тухайн албан тушаалд тавигдах мэдлэг боловсролыг илэрхийлэх дипломынхоо хуулбарыг эх хувьтай нь хамт байгууллагадаа авчирч үзүүлэн эх хувьтай нь тулгаж шалгуулах үүрэгтэй байдаг. Мөн эрүүгийн хэргээс татаж авсан нотлох баримтуудаас зөрүүтэй нотлох баримтуудыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх зөвхөн нэг талыг бариад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлж дүгнээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д "шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэж хуульчилсан байтал анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө нотлох баримт цуглуулах шатанд хэрэгт хавсаргагдсан дипломын хуулбарыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж дүгнээд хариуцагч талыг мэдсээр байж тушаал гаргасан гэж дүгнэсэн нь өөрөө дээрх хуулийн 34.1 дэх заалтыг зөрчиж буруу дүгнэлт гаргаж хууль зөрчсөн байна.

Манай байгууллага захиргааны акт гаргахын өмнө нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах, нөхцөл байдлыг тодруулах, боловсролын дипломыг шалгах үүднээс хуульд зааснаар хийгдэх ёстой ажиллагааг хийж хуулийн дагуу тушаал гаргасан гэж үзэж байна.

Хоёр. С.Ш-ийн нэхэмжилсэн онгоцны билетийн төлбөр нь маргаан бүхий захиргааны актаас учирсан шууд хохирол биш, хуульд заасан эрхээ эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болон биеийн эрүүл мэндийн улмаас cap бүр Улаанбаатар хотод ирж эмчид үзүүлэн эмчилгээ хийлгүүлэхийн тулд онгоцоор Улаанбаатар хотод ирсэн онгоцны зардал тул маргаан бүхий захиргааны актаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй. Онгоцны зардлыг манай байгууллага төлөх үндэслэлгүй байна.

Гурав. Баян-өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны Б/99 дугаартай тушаалаар С.Ш-ийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргаар томилсон, мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, орлого шимтгэлийн байцаагчаар томилсон байдаг.

Мөн Баян-өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн С.Ш-ийг төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халсан захиргааны акт гаргасан байдаг. Шүүхийн журмаар Баян-өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх тушаалуудад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа эсэх талаарх лавлагааг гаргуулан авахад захиргааны хэрэг үүсгэгдээгүй талаарх баримтыг ирүүлсэн. Үүнээс дүгнэхэд дээрх тушаалуудад хэн ч маргаагүй хууль бус хэмээн тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй буюу хүчин төгөлдөр захиргааны актууд юм.

Хүчин төгөлдөр Б/08 дугаар тушаал буюу захиргааны акт байсаар байхад С.Ш-ийг төрийн албанд томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0474 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Ш-ийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлсний дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/99 дүгээр тушаалаар С.Ш-ийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн даргаар, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар тус хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагчаар тус тус томилон ажиллуулжээ.

Гэтэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь дээрх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалаа хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар хүчингүй болгон, мөн өдрийн Б/99 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг “боловсролын хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж, ажлын байрны тодорхойлолт болон төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй байна” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Ингэснээр нэхэмжлэгч С.Ш нь дээрх Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2, 27.2.3-т заасны дагуу уг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга маргаан бүхий Б/223 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Ш-ийг “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч энэхүү тушаалаа хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Б/223 дугаар тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Учир нь нэхэмжлэгч С.Ш 1991 оны Монгол Улсын Их Сургуулийн Худалдааны нягтлан бодогч мэргэжлийн 0000 дугаартай хуурамч дипломыг ашиглаж төрийн албанд томилогдон ажилласан байх ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 5/298, 2014 оны 5/115, 2015 оны 5/109 дугаар Прокурорын тогтоолууд, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/12 дугаар албан бичиг зэргээр тогтоогджээ.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарт хандаж С.Ш-д хариуцлага тооцуулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1315, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар албан бичгүүдийг хүргүүлж байсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална”, 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж тус тус заажээ.

 Гэтэл нэхэмжлэгч С.Ш 2005 онд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлогч дарга бөгөөд орлого даатгалын үйлчилгээний тасгийн даргаар томилогдохоос эхлэн 1991 оны Монгол Улсын Их сургуулийн Худалдааны нягтлан бодогч мэргэжлийн 22768 дугаартай хуурамч диплом ашигласан нь Төрийн албаны тухай хуульд заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх, төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмуудад нийцэхгүй байх тул “боловсролын хуурамч дипломтой” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

Хэдийгээр нэхэмжлэгч “би дээд боловсролын 2 дипломтой, нэг диплом нь хуурамч байлаа ч гэсэн нөгөө диплом мөн санхүү эдийн засгийн техникум төгссөн диплом, намайг дээд боловсрол эзэмшсэн хүн гэдгийг нотолно” гэж маргах боловч Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д ”Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дээд боловсролын сургалтын байгууллага нь Боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж гэсэн ангилалтай байна” гэж тус тус зааснаас үзэхэд Санхүү эдийн засгийн техникум төгссөн дипломыг дээд боловсрол эзэмшсэн гэж үзэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр С.Ш нь анхнаасаа уг албан тушаалд томилогдохдоо албан тушаалд тавигдаж байсан шаардлагыг хангаагүй, хуурамч диплом ашиглаж байсан нь тогтоогдсон байх тул түүнийг дээрх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Ш-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохыг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 1,846,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч С.Ш-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0474 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/223 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Ш-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилохыг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч С.Ш-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 1 846 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Ш-д олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 4 дэх заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                         Г.БИЛГҮҮН