Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 638

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан “Х” ХХК, иргэн Б.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хаяг: С дүүрэг, хороо, гудамж тоот

Нэхэмжлэгч: Бгийн С

Хаяг: Б******* дүүрэг,******* хороо,*******хороолол,******* тоот

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 7

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257 дугаар захирамжийн “Х” ХХК болон иргэн Б.С нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Х” ХХК нь амины орон сууцны зориулалтаар газар эзэмших хүсэлтээ 2011 онд Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан билээ. 

Нийслэлийн Засаг дарга хүсэлтийг минь үндэслэн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн*******хорооны нутаг дэвсгэрт “амины орон сууцны” зориулалтаар 1,0 га газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд манай компани Нийслэлийн газрын албатай 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Иргэн, Xуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0******* дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрчилгээ авсан юм.

Нэхэмжлэгч Б.С нь орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 346 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулан 3,0 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн газрын албатай 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0*******дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болно.

Гэтэл Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийг гаргаж, уг захирамжаар нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж, ашиглаж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр” шийдвэрлэжээ.

Энэ захирамжийн агуулгаас харахад өөрийн эзэмшиж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ шийдвэрээ үндэслэн “Х” ХХК-ийг болон иргэн Б.Сг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг шаардаж, улмаар төлөөгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257 дугаар захирамжаар тус тус “Х” ХХК болон иргэн Б.Сгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг цуцласан шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн байна.

“Х” ХХК болон иргэн Б.С нар нь хуулийн дагуу томилогдсон Нийслэлийн Засаг даргад хандаж Газрын тухай хуульд заасны дагуу “газар эзэмших” хүсэлтээ гаргасан бөгөөд энэхүү албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд бидэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан учир “Х” ХХК болон иргэн Б.С нар нь Иргэний хуульд заасны дагуу газрын “шударга эзэмшигч” болсон билээ.

Нэгэнт шударгаар газар эзэмшиж, иргэн, аж ахуйн нэгж болон төр хоёр хоорондоо газрын эрх зүйн харилцаа үүсгэсэн бол энэхүү харилцааг буюу “Х” ХХК болон иргэн Б.С нарын газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу дуусгавар болгох, цуцлах ёстой болно.

Ийм байхад Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заагаагүй хууль бус үндэслэлээр буюу дуудлага худалдааны үнийг төлөөгүй гэж үзэн өөрийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

Ийнхүү иргэн, аж ахуйн нэгжид ялгавартайгаар, зарим этгээдээр нь газрын дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Иргэний хуулийг зөрчин нэхэмжлэгч нарын шударгаар газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албанаас Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж болон мөн даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257 дугаар захирамжуудаа гаргасныг зохих ёсоор нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй учраас өнөөдрийг хүртэл энэ захирамжийн талаар нэхэмжлэгч мэдээгүй байсан болно.

Нөгөө талаас, нэгдүгээрт Газрын тухай хуульд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх үндэслэл нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэхээр, ингэхдээ мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар “төсөл сонгон шалгаруулах”, эсхүл “дуудлага худалдааны зарчим”-аар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. 

Харин 2002 оноос 2015 оныг хүртэл нийслэл Улаанбаатар хотод Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу газрыг эзэмшүүлэхээр “төсөл сонгон шалгаруулалт” эсхүл “дуудлага худалдаа” зарласан тохиолдолд бараг гараагүй, эсхүл ямар нэг газрыг нээлттэй дуудлагаар худалдаалах гэж байгаа талаар олон нийтэд хүрэхүйц мэдээ, мэдээлэл байгаагүй юм.

Газрыг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгож байгаагүй, нэгэнт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулдаггүй учир Улаанбаатар хотын иргэд дуудлага худалдаагаар газар эзэмших эрх олж авч чадахгүй гэдгийг бүх нийтээр мэддэг байсан.

Ийм ч учраас иргэн, аж ахуйн нэгжүүд зөвхөн “хүсэлт” гаргасны үндсэн дээр газар эзэмшиж ирсэн нь тогтсон ойлголт байсан бөгөөд энэ талаар шүүхэд нотлох ч шаардлагагүй гэж үзэж байна.

Ийнхүү Улаанбаатар хотод 2002 оноос хойш 2015 оныг хүртэл нэг ч удаа дуудлага худалдаа явуулж байгаагүй атлаа олон мянган иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байгаа боловч Нийслэлийн Засаг даргаас 2013 оноос эхлэн зөвхөн барилгажаагүй газрыг дуудлага худалдааны үнийг төлөхийг шаардаж төлөөгүйг нь хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, 1997 оноос хойш манай компанитай яг адил зарчмаар авсан гэхдээ уг газар дээрээ барилга барьсан этгээдүүдийн газрын эзэмших эрхийг хэвээр үлдээн, ямар нэг “дуудлага худалдааны төлбөр” нэхэхгүй байгааг иргэн, аж ахуйн нэгжүүдэд шударга бус, адил тэгш хандаагүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт Газрын тухай хуульд газрыг “төсөл сонгон шалгаруулалт” эсхүл “дуудлага худалдаа” гэсэн хоёр өөр зарчмаар эзэмшүүлж, олгож болохоор тогтоосон байхад Нийслэлийн Засаг дарга заавал мөнгөөрөө хоорондоо уралддаг “дуудлага худалдаа”-ны зарчмыг нь барьж байгаа нь зөвхөн мөнгөтэй хүнд л газар эзэмшүүлэх гэсэн зорилготой мэт ойлгогдож байна.

Учир нь Газрын тухай хуульд “төсөл сонгон шалгаруулалт”-аар газар олгож болохоор заасан. Гэтэл энэ аргыг сонгохгүй байгаа үндэслэлээ нийтэд мэдээлэхгүйгээр зөвхөн барилгажаагүй газрыг дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардаж байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хуулийн дагуу явуулж байгаа туйлын шударга үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

Товчхондоо иргэн, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж болох “дуудлага худалдаа”, “төсөл сонгон шалгаруулалт” гэсэн хоёр хэлбэрээс Нийслэлийн Засаг дарга зөвхөн нэг хэлбэрийг нь сонгож “төлбөр” гэгч нэртэй мөнгө шаардаж байгаа хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна.

Түүнчлэн тухайн үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргааны зүйл болсон газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаагүй, ийнхүү батлаагүй байхад нийслэлийн Засаг даргаас дээрх шийдвэрүүдийг гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу ... газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэнд нийцээгүй хууль бус байна.

Мөн Нийслэлийн Засаг даргаас дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг шаардсан болон “Х” ХХК болон иргэн Б.С нарын газар эзэмших эрхийг “дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа шийдвэрүүд нь эрх зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал, төр болон иргэн, хуулийн этгээдийн хооронд “газрын эрх зүйн харилцаа” гэрээ, гэрчилгээний үндсэн дээр бүрэн үүсчихсэн байсан буюу энэ харилцаагаар талууд эдлэх эрх, хүлээх үүргээ харилцан тохиролцсон байсан харилцааг тэрээр өөрийн санаачлагаар уг эрх, үүргийг өөрчлөн нийтийн эрх зүйн хүрээнд шинээр акт гаргаж, “газар эзэмшигчийн шинээр төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн” нь түүнд Газрын тухай хуулиар олгоогүй эрх хэмжээг эдэлж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй албан тушаалтан гаргасан” гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд зааснаар “дуудлага худалдаа” гэдэг нь “худалдах-худалдан авах гэрээ”-ний нэг төрөл бөгөөд аливаа этгээд дуудлага худалдаа зарласнаар бусад этгээдээс дуудлага худалдаанд оролцсон, ялж гэрээ байгуулах эрх олж авсан бол энэ нь худалдах-худалдан авах гэрээний оролцогч болсон буюу иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох юм.

Гэтэл анхнаасаа газрын дуудлага худалдаа гэгчийг зарлаагүй учир Нийслэлийн Засаг даргаас бидэнд газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь дуудлага худалдааны үндсэн дээр үүссэн иргэний эрх зүйн харилцаа биш юм.

Иймээс “Х” ХХК болон Нийслэлийн Засаг дарга, иргэн Б.С болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд тус тус дуудлага худалдааны харилцан эрх, үүрэг үүсээгүй тул Нийслэлийн Засаг даргад эдгээр этгээдээс “дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг шаардах эрх” үүсэхгүй болно.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргад Монгол Улсын хуулиар тогтоосон журмаас гадуур аливаа төлбөр, хураамжийг тогтоох, төлбөр төлүүлэх журам тогтоон, шаардан авах эрхийг олгоогүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын эзэмших газар дээр дуудлага худалдаа огт явуулаагүй атлаа “газрын дуудлага худалдааны үнэ” гэгчийг төлөхийг шаардаж, үүнийгээ албадан биелүүлэх журмаар хэрэгжүүлэхээр захиргааны акт гаргаж, шийдвэрлэж байгаа хууль зүйн болоод бүр эрх зүйн үндэслэл ч байхгүй болно.

Нийслэлийн Засаг дарга нь дээр дурдсан акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад уг актаа үндэслэн нэхэмжлэгч нараар газрын дуудлага худалдааны анхны үнэтэй дүйцүүлэх төлбөр төлөхийг шаардаж, улмаар төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257 дугаар захирамжийн “Х” ХХК болон иргэн Б.С нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “Х” ХХК, иргэн Б.С нарын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай А/257 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Б.С нь нийслэлийн Газрын албанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд *******т зам дагуу 3 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших хүсэлтээ кадастрын зураг, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 346 тоот захирамжаар Нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар, Б.Сд орон сууц, үйлчилгээний зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.0 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

“Х” ХХК-аас 2011 оны 29 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын албанд хандан зуслангийн зориулалтаар 3 га газар авах хүсэлт гаргасныг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн, 10.000м2 газрыг амины орон, сууцны зориулалтаар эзэмшүүлэхийг дэмжин, улмаар нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 тоот захирамжаар нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Х” ХХК-д амины орон сууцны орон сууцны хотхоны зориулалтаар Хан-Уул дүүргийн*******хорооны нутаг дэвсгэрт 1 га газрыг эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг зөрчиж иргэн, хуулийн этгээдэд төрийн байгууллагатай хамтруулан дуудлага худалдаа төсөл шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлөх зорилгоор гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 915 дугаар захирамжид хамаарах 257 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлж гэрээгээ шинэчлэх үүрэг, чиглэл өгч, албан ёсны мэдэгдэл удаа дараа хүргүүлэн, өгсөн үүргийг биелүүлэх шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсээр байхад төрийн байгууллагаас тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй хавсралтад заагдсан 70 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгон шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “л”, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 57 дугаар зүйлийн 57.1 дэх, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Х” ХХК, иргэн Б.С нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 тоот захирамжийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байнa” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК болон иргэн Б.С нар “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257 дугаар захирамжийн “Х” ХХК болон иргэн Б.С нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь амины орон сууцны зориулалтаар газар эзэмших хүсэлтээ 2011 онд Нийслэлийн газрын албанд гаргаж, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн*******хорооны нутаг дэвсгэрт “амины орон сууцны” зориулалтаар 1,0 га газар эзэмших эрхтэй болж, Нийслэлийн газрын албатай 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Иргэн, Xуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0******* дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрчилгээг авсан байна. 

Нэхэмжлэгч Б.С нь орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ 2011 онд Нийслэлийн газрын албанд гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 346 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршуулан 3,0 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болж, Нийслэлийн газрын албатай 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0*******дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авчээ. 

Ийнхүү нэхэмжлэгч “Х” ХХК, С нар нь Нийслэлийн газрын албанд газар эзэмших хүсэлтээ тус тус гаргаж, хуулийн дагуу маргаан бүхий газруудын хууль ёсны эзэмшигч болсон боловч ямар үндэслэлээр хүсэлт гаргаагүй, гэрээ, гэрчилгээгүй Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газарт тус газрыг хамтруулан эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна. Дээрх захирамжуудын агуулгаас дүгнэхэд нэгэнт Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчтэй нэгэн адил хамтран эзэмших эрхтэй байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нараас шаардаж буй газрын дуудлага худалдааны анхны үнийг тус байгууллага хамтран төлөх ёстой гэж үзэхээр байна. 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж, ашиглаж буй газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр” шийдвэрлэхдээ газрыг эзэмшүүлэх үед мөрдөгдөж байсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ыг баримтлахаар Засаг даргын 2013 оны*******сарын 01-ний өдрийн А/915 дугаар захирамжийг гаргасан. 

Хэдийгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч нарт төрийн өмчийн газрыг эзэмшүүлснийг зөвтгөх боломжгүй ч төр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг, тухайлбал анхнаасаа хууль зөрчиж гаргасан өмнөх Засаг даргын шийдвэрийг зөвтгөх нэрийдлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тэдгээрийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчжээ гэж шүүх дүгнэв. 

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд хууль бус шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан байтал маргаан бүхий захирамжид газар эзэмших хүсэлт гаргасан өөр ямар нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын А/915 дугаар захирамжийн “Нэг”-ийн 1.2-т “3.0 га ба түүнээс дээш хэмжээний газар дээр орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэгч этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулснаас хойш тус тус 3 жилийн дотор төлж барагдуулах” гэж зааснаас дүгнэхэд эзэмшил газрын хэмжээнээс нь хамаарч дуудлага худалдааны үнийг хэрхэн төлүүлэх талаар газар эзэмшигч нарт ялгавартай байдлаар хандаж, тогтоосон төлбөрийг төлөх боломжийг тэгш бусаар олгож байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “газар эзэмших, ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн зарчимд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй юм. 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, бодит нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Х” ХХК болон Б.С нарын хүчингүй болгохыг хүссэн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/257 дугаар захирамжийн “Х” ХХК болон иргэн Б.С нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 61 дүгээр хуулийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хонгор цеэн” ХХК, иргэн Б.С нарын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “Х” ХХК болон иргэн Б.С нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “Х” ХХК, иргэн Б.С нарт холбогдох хэсгийг түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч “Х” ХХК, иргэн Б.С нарт холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 

47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН