2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 193/ШШ2025/00325

 

2025 05 01

193/ШШ2025/00325

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******т байрлах ******* /РД: *******/

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******д байрлах, /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82.686.375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.,

Хариуцагчийн төлөөлөгч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь -д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82.686.375 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани -аас нийт 9.701.100.000 төгрөгөөр өөрийн барьж буй 4 блок барилгын хэрэгцээнд шаардлагатай бүх арматур төмрийг худалдан авахаар тохиролцож бэлэн болон бартераар төлөх хэлцэл хийж 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 22/070201 тоот дугаартай 5.045.465.000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ мөн 22/070202 тоот дугаартай 4.655.635.000 төгрөгийн үнэ бүхий арилжааны гэрээг тус тус байгуулсан. Тус хоёр гэрээний тусгай нөхцлийн 3-д зааснаар хариуцагч нь арматур төмрийг худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар арилжааны гэрээнд зааснаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгчид нийлүүлж дуусгах үүрэг хүлээсэн. Бидний зүгээс 22/070201 тоот дугаартай худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хариуцагчийн үйлдвэрт бэлэн байгаа нийт 1.169.490.000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг шууд авахаар тохирч төлбөрийг гэрээнд оруулсан ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Asuhe гэх иргэний Хаан банкны тоот дансанд шилжүүлэх гэтэл хариуцагч компанийн удирдлага хувьцаа эзэмшигчид манайд биечлэн хандаж хүсэлт гаргасны дагуу 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч компанийн данс руу шилжүүлсэн байдаг. Төлбөрийг шилжүүлж үүрэг гүйцэтгүүлснээр 22/070202 тоот дугаартай арилжааны гэрээний үүрэг мөн адил дүнгээр биелэгдэх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь бэлэн төлбөрийг хүлээн авснаас хойш арматур төмрийг бүрэн нийлүүлээгүй буюу тохиролцсон хугацаанд өгөлгүй хугацаа хожимдуулж бага багаар өгсөөр эцэст нь бид хариуцагчаас бэлэн мөнгө болон бартерийн авлагатай болсон. Дээрх шилжүүлсэн мөнгөний үлдэгдэлд болон арилжааны гэрээний дагуу өгөхөөр тохиролцсон үлдэгдэл арматур төмрөө тохиролцсон хугацаанд нийлүүлэх шаардлагыг хариуцагчид удаа дараа тавихад элдэв шалтгаан хэлж, төслийн ажлын гүйцэтгэл, график төлөвлөгөөт хугацааг хойшлуулсаар байсан тул арга буюу бидний зүгээс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийг дуудан ирүүлж санхүүгийн тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан. Уг актад дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хүлээн авсан бэлэн мөнгөний үлдэгдэл 123.874.250 төгрөгт мөн арилжааны гэрээний үүрэгт 1.169.490.000 төгрөгийн арматур төмрийг эцсийн байдлаар 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлж дуусгах, нэхэмжлэгчийн зүгээс арилжааны гэрээний төлбөрт бэлэн болон төслийн бартер өгөх үүргийг хүлээж баталгаажуулсан. Актыг баталгаажуулснаас хойш манай компанийн зүгээс арилжааны гэрээний төлбөрт өгөх төслийн бартерийн орон сууцыг захиалгын гэрээ хийж баталгаажуулж авах талаар мөн бэлэн бартерд эд хөрөнгө санал болгож байсан ч хариуцагчийн зүгээс тодорхой хариу өгөөгүй. Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 68.750.000 төгрөгийн арматур төмөр нийлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчтай байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2/070201 тоот дугаартай худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн бэлэн төлбөрийн үлдэгдэл 55.124.250 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 27.562.125 төгрөг, нийт 82.686.375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани ХХК-тай нийт барилгынхаа төсөл дээр бүх арматурыг захиалахаар 9.701.100.000 төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээ нь арилжааны болон худалдах худалдан авах гэсэн хоёр өөр төлбөрийн нөхцөлтэй байхаар гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт манай компаниас 1.169.490.000 төгрөгийг ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэрээний дагуу ХХК нь графикт тусгаснаар арматур нийлүүлэх ёстой атал хугацаандаа нийлүүлээгүй. Нилээн хугацаа өнгөрөөд 1 жил гаруй хугацаа өнгөрч байхад нийт 1.114.363.000 төгрөгт арматур нийлүүлсэн. Үүнээс хойш манайх үлдэгдэл арматураа авъя гэж байнга ярьсан. Гэрээнд зааснаар манайх алдангиа авна. Анх бид 2022 онд гэрээ байгуулсан. Тухайн үед бид 55.124.250 төгрөгийн 20 тонн арматур авсан гэж бодоход авах боломжтой байсан. Одоо 2025 онд 55.124.250 төгрөгийн 20 тонн арматур авч хүрэлцэхгүй. Арматурын үнэ зах зээлд өссөн учир манайх алданги нэхэмжилж авах бүрэн эрхтэй учир гэрээний үлдэгдэл төлбөр дээр гэрээнд заасны дагуу алдангиа нэхэмжилж байгаа гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани *******-тай арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Одоо 55.124.250 төгрөгийн арматур нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Алдангийн 27.562.125 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай хоёр компанийн удирдлагууд алдангийн талаар ярилцаад зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ жил үйлдвэрээ ажиллуулаад эхлэх юм бол 55.124.250 төгрөгийн арматураа нийлүүлж өгнө гэж хувьцаа эзэмшигч захирлуудын шийдвэр гарсан байгаа. Манай үйлдвэрийг иргэн гэх хүн түрээсийн гэрээтэй түрээслэн ажиллуулахаар тохиролцсон учир *******-ийг хохиролгүй болгоно гэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 2022.07.01-ний өдрийн ХХК, Шинэсгэ буйлд ХХК нарын хооронд байгуулагдсан 22/070202 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2022.07.01-ний өдрийн ХХК, Шинэсгэ буйлд ХХК нарын хооронд байгуулагдсан 22/070201 дугаартай арилжааны гэрээ, 2023.03.01-ний өдрийн ХХК, Шинэсгэ буйлд ХХК нарын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, ХХК-ийн нягтлан бодогч Ю.гийн нийт нийлүүлсэн арматурын тооцоо зэргийг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани -аас нийт 9.701.100.000 төгрөгөөр өөрийн барьж буй 4 блок барилгын хэрэгцээнд зориулж арматур төмрийг худалдан авахаар тохиролцож төлбөрийн нөхцөлөө бэлэн болон бартераар төлөхөөр тохиролцож 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 22/070201 тоот дугаартай 5.045.465.000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ, 22/070202 тоот дугаартай 4.655.635.000 төгрөгийн үнэ бүхий арилжааны гэрээг тус тус байгуулсан. Ийнхүү гэрээний дагуу манай компани ХХК-д 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1.169.490.000 төгрөгийг арматурын үнэд шилжүүлсэн. ХХК нь төлбөрийг хүлээн авснаас хойш арматур төмрийг бүрэн нийлүүлээгүй. Үлдэгдэл 55.124.250 төгрөгийн төлбөрт ногдох арматурыг өнөөдрийг хүртэл манай компанид нийлүүлээгүй. Гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангид 27.562.125 төгрөг, нийт 82.686.375 төгрөгийг гаргуулах талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2022.07.01-ний өдрийн ХХК, Шинэсгэ буйлд ХХК нарын хооронд байгуулагдсан 22/070202 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2022.07.01-ний өдрийн ХХК, Шинэсгэ буйлд ХХК нарын хооронд байгуулагдсан 22/070201 дугаартай арилжааны гэрээ, 2023.03.01-ний өдрийн ХХК, Шинэсгэ буйлд ХХК нарын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, ХХК-ийн нягтлан бодогч Ю.гийн нийт нийлүүлсэн арматурын тооцоо зэрэг баримтыг үндэслэн ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 55.124.250 төгрөг, алдангид 27.562.125 төгрөг, нийт 82.686.375 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Б. нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй ба хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 55.124.250 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар өгч байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Зохигчдын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээгээр худалдагч нь Монгол Улсын чанар стандартад нийцсэн арматурын төмрийг 3.481.2 тонн хэмжээтэйг нийлүүлж, гэрээний нийт үнэ 5.045.465.000 төгрөг байхаар тохиролцож, үүнээс 1.169.490.000 төгрөгийн үнэ бүхий худалдагчийн үйлдвэрт бэлэн байгаа арматурыг шууд худалдан авахаар, үлдэгдэл төлбөрийг бартераар төлөхөөр, төлбөр төлөх хугацаа хожимдуулсан тохиолдолд 1 хувийн алданги тооцохоор гэрээний нөхцөлд заасан байна.

4.2. Ийнхүү худалдан авагч тал Шинэсгэ буйлд ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Юу метал маркет ХХК-ийн данс руу 1.169.490.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний төлбөрийг хүлээн авсантай хариуцагч маргахгүй байна.

4.3. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хоёр гэрээг хоёр талын эрх бүхий албан тушаалтан, нягтлан бодогч нар дүгнэж 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлэн акт үйлдсэн байх бөгөөд уг актаар хариуцагч ХХК нь гэрээний дагуу Шинэсгэ буйлд ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрийг 1.293.364.250 төгрөг болон бараа материалын авлагатай гэж дүгнэсэн ба 259.5 тонн арматурыг 2023 оны 5 дугаар сард хүлээлгэж өгөх, үлдсэн бараа материалыг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлж дуусгахаар баталгаажуулсан байна.

4.4. Үүний дараа 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ХХК-ийн нягтлан бодогч Ю. нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн дансаар 1.169.490.000 төгрөгийг хүлээн авсан, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 1.114.363.000 төгрөгийн үнэ бүхий арматурыг Шинэсгэ буйлд ХХК-д нийлүүлсэн талаар тодорхойлсон байна.

5. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ХХК нь арматурын төмрийг Шинэсгэ буйлд ХХК-д нийлүүлж, Шинэсгэ буйлд ХХК нь бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

5.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5.2. Талуудын маргаантай зүйл нь хариуцагч алданги төлөхгүй байхаар хоёр байгууллагын удирдлагууд хоорондоо тохиролцсон учир хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч тийм тохиролцоо байхгүй хариуцагч гэрээнд заасны дагуу бараагаа нийлүүлээгүй тул алданги нэхэмжлэх үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

5.3. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний тусгай нөхцөлд худалдагч тал гэрээгээр тогтоосон барааг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд худалдан авагч тал гэрээний төлбөрийг үл маргах журмаар буцаан нэхэмжлэх бөгөөд ингэхдээ нийлүүлээгүй хоног тутамд нийлүүлээгүй барааны нийт үнийн дүнгээс 0.1 хувийн алдангийг тооцно гэж тохиролцсон байна.

5.4. Хариуцагч алдангийг төлөхгүй байхаар хоёр байгууллагын удирдлагууд хоорондоо тохиролцсон гэдгээ шүүхэд баримтаар нотлоогүй байна.

5.5. Нэхэмжлэгч алдангийг нийт төлбөл зохих үүргийн 50 хувиар тооцсон гэх тайлбар нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцэж байна.

6. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг худалдан авагчид нийлүүлсэн, хариуцагч нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55.124.250 төгрөг, алданги 27.562.125 төгрөг, нийт 82.686.375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

7. Хэрэгт *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан ба уг гэрчилгээнд дурдснаар ******* нь 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Шинэсгэ буйлд ХХК болж нэр өөрчилснийг бүртгэсэн байна.

8. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 193/ШЗ2025/00987 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж байна.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 572.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний төлбөр 55.124.250 төгрөг, алданги 27.562.125 төгрөг, нийт 82.686.375 /наян хоёр сая зургаан зуун наян зургаан мянга гурван зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 572.900 /таван зуун далан хоёр мянга есөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 572.900 /таван зуун далан хоёр мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 193/ШЗ2025/00987 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ