Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 240

 

                            

 

 

 

 

 

 

 2018            3             16                                            240

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатар,           

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708029320083 дугаар хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

Яллагдагч Б.Б- нь Н.Н-той бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мал бордох газраас хохирогч Б.Ж-ы 5 тооны адууг хулгайлж бусдад 4700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Өөрийн буруутай үйлдлээс хүн хохироосондоо харамсаж байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708029320083 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Ж-ы: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туулын 1-15 тоотод өөрийн нэр дээр 18 тооны адууг өсгөж малладаг. 2016.11.19-ний өдөр 18 тооны адуу тухайн газар оронд байдаг Мал бордоо гэх газар бэлчиж байсан. Би 20 цаг болж байхад адуугаа очиж бүртгэж үзэхэд 1 азарга, 4 гүү дутаж байсан. Би үлдсэн адуугаа тууж ирж хашаад хуурай дүү Ц.Анхбаяртай хайж эхэлсэн. Тэр хавиар адуу хайж явтал нүхэн гүүрний араас цасан дээрээс 5 адууны мөр олсон. Уг мөрөө дагаад яваад байтал Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газраар давж нэг айлын гадаа очсон. Айлын гадаа Анхбаяр бид хоёр очиход өмнөөс нэг залуу гарч ирээд юун хүмүүс бэ, юу хийгээд яваад байгаа юм гэхээр нь би “танай хашаа руу 5 адууны мөр орсон байна, малаа хайж явна” гэхэд “манай хашаанд адуу мал байхгүй, тэр доор хашаанд 5 адуу байсан” гэж хэлэхээр нь “танай хашаанд заавал үзнэ ээ” гээд морьтойгоо хашаа руу нь явж ороход анх үүдэнд гарч ирсэн залуу зугтаагаад явсан. Хашаа уруу ороход малын саравчин дотор 2 гүү, нэг азарганы голыг тасалчихсан 2 гүүг нь саравчны үүднээс уячихсан байсан. Бид хоёрыг малын саравч тойрч явтал саравчин дээр байх өвсөн дотор нэг хүн хэвтэж байгаад буугаад ирсэн. Тэр гартаа хутга барьчихсан, “хэдүүлээ тохиролцъё” гэхээр нь бид хоёр хутганаас нь айгаад хашаанаас гарч холхон зогсоод цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд үзтэл гурван адууг алаад шулчихсан байсан.

...Нийт 6500.000 төгрөгийн хохирол учирснаас шар хээр зүсмийн 6 настай гүү, улаан хээр зүсмийн 4 настай гүү амьдаараа олдсон, нядлагдсан гурван адууны махны мөнгө болох 800.000 төгрөг орж зарлагаасаа хасаж 3 адууны үнэ болох 3700.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх-17-18, 21, 123/,

Гэрч Ц.Анхбаярын: “...Жаргалсайхан ах манай адуунаас 5 адуу алга болсон байна, хамт яваад хайя гэсэн. Төмөр замын нүхэн гүүрний баруун талаас 5-6 тооны адууны тод мөр цасан дээр гарсан байсныг олоод мөрөөр нь хайгаад явсан. Уг мөр Тахилтын эцсийн баруун энгэрт модон хашаатай, хашаа нь хаалгагүй айлд хүргэсэн. Айлын гадна очтол хашаанаас махлагдуу 170 см орчим өндөртэй, дугуй шар царайтай, бараан өнгийн куртиктай, гадна талаараа үстэй гуталтай 30 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн. Жаргалсайхан ах 5 адуу алдчихлаа, танай хашаа уруу мөр нь орчихлоо гэсэн чинь тэр залуу манай хашаанд адуу мал байхгүй, доод айлын үүдэнд 5 тооны адуу байсан би заагаад өгье дагаад явчих гэсэн. Бид хоёр мориноосоо буусан чинь зугтаад явчихсан. Тэгээд бид хоёр хашаа уруу ортол хашааны чанх хойно байх саравчны гадна Жаргалсайхан ахын 2 гүү уяатай байсан. Цагдаад дуудлага өгөөд явж байтал дотроос нэг залуу гарч ирээд “тохиръё” гээд өөдөөс хутга барьчихсан яваад байсан. Тэр залуу хашаанд байсан Соната-2 маркийн машиныг унаад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-126/,

Гэрч Л.Г-ын: “2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хашааны үүдэнд цагдаагийн машин зогсчихсон хашаан дотор олон хүн байсан. Хашаандаа ортол хойд талын өвөлжөөнд гэдэс дотрыг нь гаргаад арьсыг нь өвччихсөн нэг адуу, гэдсийг нь гаргаагүй арьсыг нь өвччихсөн нэг адуу, нэг талын арьсыг нь өвччихсөн нэг адуу, шонгоос уяатай бараан зүсмийн хоёр адуу байсан. Адууны эзэн гэх хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн төхөөрчихсөн адууныхаа арьсыг нь хуулаад махыг нь аваад явсан. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй. ...Баярхүү бол нөхөр Ганболдын эгчийнх нь хүүхэд. Манай хашаанд байсан эмээл, хазаартай бараан зүсмийн морь манайх биш, Баярхүүгийн морь байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-127/,

Шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Нацагдоржийн гэрт гэгээ тасрахаас өмнө очсон. Тухайн үед би банкны зээлээр машин авчихсан зээлээ төл гээд нэхэгдээд байсан болохоор “надад мөнгөний хэрэг байна, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин 22 дугаар хорооны ар талын вагон замын презерийн хажуу талд хэсэг адуу байна хоёулаа тэдгээр адуунаас авъя” гэж хэлсэн. Нагац ах Ганболдын гэрт хүн байхгүйг мэдээд би өөрийн бараан зүсмийн морийг унаад 22-ын товчооны ар талд бэлчээрт явж байсан адуунаас бараан зүсмийн 5 тооны адууг Нацагдоржтой хамжин барьж би мориор хөтөлж, Нацагдорж машинтайгаа хойноос машин замаар явсан. Тэгээд бид хоёр нагац ах Ганболдын хашаанд уг 5 тооны адуу буюу 1 азарга, 4 гүүг аваачиж, нэг азарга, хоёр гүүг нь нядлаад арьсыг нь хуулаад байж байтал нэг морин дээр сундалсан хоёр хүн гэрэл тусгаад ирж байхаар нь Нацагдорж өмнөөс гараад зугтаад явсан. ...Би малын саравчны ард байсан өвсөн дотор нуугдаж байгаад тэр хоёр залуу хашаан дотор байгаад байхаар нь нэгэнт баригдсан юм чинь гээд гарч ирээд “бүгдээр тохиролцъё, би хохирлыг чинь бүрэн барагдуулж өгнө” гэж хэлсэн боловч тэр хоёр залуу наад адуугаа хашаанаас гаргачих гэхээр нь саравчнаас уяатай байсан хоёр адууг нь тавьж өгөөд машинаа унаад зугтсан. Тухайн үед би анх удаа гэмт хэрэг үйлдээд эзэнд нь баригдсан болохоор айгаад зугтсан. Уг машин хар өнгийн, ...ямар маркийн ямар улсын дугаартай байсныг нь одоо сайн санахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл Нацагдоржийн дүүгийн нэр дээр байсан. Уг нь бол миний машин ба Нацагдоржийн дүү нь надаас худалдаж авна гэж хэлээд нэрээ шилжүүлж авсан байсан. Уг айлын адууг хулгайлах санааг би анх гаргасан. Хулгай хийх талаар өмнө нь ярьж тохиролцсон зүйл байхгүй. Нацагдоржийг баригдаад хоригдсон талаар дүүгээс нь сонсож мэдсэн. Өөртэй нь уулзаагүй, шүүх хурлаар орсныхоо дараа Нацагдорж надтай утсаар ярьсан, “одоо айх зүйлгүй” гэж хэлж байсан. Би хохирлын талыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-147-149/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-14/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-39, 158/, эд зүйлийн үнэлгээ /хх-48, 114, 145/, жолоочийн лавлагаа /хх-54/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-55/, Б.Б-гийн иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-71, 156/, эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тухайн тэмдэглэл /хх-124, 125, 134/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-134/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /хх-157/, хохирол төлсөн баримт /хх-177/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-178-181/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.    

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- нь Н.Н-той бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мал бордох гэх газраас хохирогч Б.Ж-ы 5 тооны адууг хулгайлж бусдад 4700000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Тухайн гэмт хэрэг нь хохирогч Б.Ж-ы шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цаг болж байхад адуугаа очиж бүртгэхэд 1 азарга, 4 гүү дутаж байсан. Тэгэхээр нь үлдсэн адуугаа тууж хашаад хуурай дүү Ц.А-тай хайж эхэлсэн. Тэр хавиар адуу хайж явтал нүхэн гүүрний ард цасан дээрээс 5 адууны мөр олсон. Дагаад явж байтал мөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газраар давж нэг айлын гадаа очсон. Нэг залуу гарч ирээд “юун хүмүүс вэ, юу хийгээд яваад байгаа юм” гэхээр нь би “танай хашаа руу 5 адууны мөр орсон байна, малаа хайж явна” гэхэд “манай хашаанд мал байхгүй, тэр доор хашаанд 5 адуу байсан” гэж хэлэхээр нь “танай хашаанд заавал үзнэ” гээд морьтойгоо хашаа руу нь явж ороход анх үүдэнд гарч ирсэн залуу төв зам руу гүйгээд зугтаачихсан. Хашаа уруу ороход малын саравч дотор 2 гүү, нэг азаргын голыг нь тасалчихсан, 2 гүүг нь саравчны үүднээс уячихсан байсан. Малыг саравчийг тойроод явахад саравчин дээр байх өвсөн дотор нэг хүн хэвтэж байгаад буугаад ирсэн. Гартаа хутга барьчихсан “хэдүүлээ тохиролцоё” гэхээр нь бид хоёр хутганаас нь айгаад хашаанаас гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-17-18, 121-123/, гэрч Ц.Анхбаярын “...Жаргалсайхан ах манай адуунаас 5 адуу алга болсон байна, хоёулаа хамт яваад хайя гэсэн. Төмөр замын нүхэн гүүрний баруун талаас 5-6 тооны адууны тод мөр цасан дээр гарсан байсныг олоод мөрөөр нь хайгаад явсан. Уг мөр Тахилтын эцсийн баруун энгэрт модон хашаатай, хашаа нь хаалгагүй айлд хүргэсэн. Айлын гадна очтол хашаанаас махлагдуу 170 см орчим өндөртэй, дугуй шар царайтай, бараан өнгийн куртиктай, гадна талаараа үстэй гуталтай 30 орчим насны эрэгтэй хүн гарч ирсэн. Жаргалсайхан ах 5 адуу алдчихлаа, танай хашаа уруу мөр нь орчихлоо гэсэн чинь тэр залуу манай хашаанд адуу мал байхгүй, доод айлын үүдэнд 5 тооны адуу байсан би заагаад өгье дагаад явчих гэсэн. Бид хоёр мориноосоо буусан чинь зугтаад явчихсан. Хашаа уруу ортол хашааны чанх хойно байх саравчны гадна Жаргалсайхан ахын 2 гүү уяатай байсан. Цагдаад дуудлага өгөөд явж байтал дотроос нэг залуу гарч ирээд “тохиръё” гээд өөдөөс хутга барьчихсан яваад байсан. Тэр залуу хашаанд байсан Соната-2 маркийн машиныг унаад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-125/, гэрч Л.Гантулгын “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл хашааны үүдэнд цагдаагийн машин зогсчихсон хашаан дотор олон хүн байсан. Хашаандаа ортол хойд талын өвөлжөөнд гэдэс дотрыг нь гаргаад арьсыг нь өвччихсөн нэг адуу, гэдсийг нь гаргаагүй арьсыг нь өвччихсөн нэг адуу, нэг талын арьсыг нь өвччихсөн нэг адуу, шонгоос уяатай бараан зүсмийн хоёр адуу байсан. Адууны эзэн гэх хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн төхөөрчихсөн адууныхаа арьсыг нь хуулаад махыг нь аваад явсан. Манай хашаанд байсан эмээл, хазаартай бараан зүсмийн морь манайх биш, Баярхүүгийн морь байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-126-127/, шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-144-147/ болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-ы эд хөрөнгөд 4700000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “...Б.Б-гээс хохирлоо барагдуулж хээр морь, 500000 төгрөг хүлээн авсан. Хохирол бүрэн барагдсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно” гэх хохирогчийн хүсэлт /хх-177/-ийг үндэслэн шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Б.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Анх удаа шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байсан. Хохирол төлсөн байгааг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг хэрэглэж тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-гийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б.-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Б.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар Б.Б-гийн урьдчилан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б- бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

  

                                 ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР