Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 251

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Ж.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708009720420 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ж.О, Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 19 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, ЧГ84031116 регистрийн дугаартай, урьд хоёр удаа ял шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 сарын 27-ны өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5, 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 09 сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 3 дугаар байранд байр түрээслэн амьдарч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.А-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, эрүүний баруун булан, зүүн суганы ар хэсэг, баруун дал, зүүн шуунд цус хуралт, баруун сарвууны 1, 3 дугаар  хурууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ж.О нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 3 дугаар байранд байр түрээслэж амьдарч байх үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 13-ны оройн 22 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.А-ыг “... гэртээ харих гэлээ...” гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодод “...тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, эрүүний баруун булан, зүүн суганы ар хэсэг, баруун дал, зүүн шуунд цус хуралт, баруун сарвууны 1, 3 дугаар хурууны шарх...” бүхий хөнгөн хохирол учруулсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд: “...Би А-ыг зодсон нь миний буруу, өөрийн гэм бурууг ойлгож байна. А бид хоёр нийлж архи уудаг нь буруу. Би А-саас уучлал гуйсан. Цаашид ийм алдаа гаргахгүй...” гэж мэдүүлэв.

2. Хохирогч Ж.А-ын “....Би 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай найз Б гэх залуу залгаад нэгдүгээр хороололд хүрээд ирээч гэхээр нь би Б-гийн гэрт очсон бөгөөд ...тухайн үед О-той анх танилцсан... Түүнээс хойш О над руу залгаж, бид хааяа уулздаг болж, 5 сараас манай гэрт хамт амьдардаг болсон. 2017 оны 4 дүгээр  сарын 10-ны өдөр би О-гийн хөлсөлж байсан байранд очиход найзуудтайгаа согтуу байсан ба би “гэртээ харья” гэхэд миний нүүр рүү гараараа түлхэж толгойгоор савсан, 2017 оны 7 дугаар сарын эхээр 1 дүгээр хороололд айлын байр хөлсөлж байхад О найзууд гээд танихгүй хүмүүстэй архидаж байгаад над руу хоолтой аяга шидэж миний хөл гарыг гэмтээсэн, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөн айлын өрөө хөлсөлж байхдаа согтуугаар зодсон. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр О-гийн хуурай ах нь шоронгоос гарсан буудалд байна, чамтай хамт явна гээд намайг дагуулаад нэгдүгээр хороололд байдаг “Эвээл” зочид буудалд очсон. Тэр буудалд найзууд нь гээд 4, 5 хүн согтуу архи ууж, хоорондоо муудалцаад байсан тэгэхээр нь О бид хоёр гэртээ ирсэн бөгөөд амрахаар хэвтэж байтал О дээр гараад миний толгой нүүр рүү гараараа цохисон ... өглөө нь дахиад “Эвээл” буудал руу ах дээрээ очино гээд байхаар нь хамт очсон. Тэндээс О-ийн найзуудтай хамт Орбитод байдаг найзынд нь очсон архидаж байгаад тэндээс гараад нэгдүгээр хороололд байрны гадаа очсон бөгөөд тухайн үед такси бариад явж байсан. О таксинаас буухдаа газар саваад уначихсан тэр үед О нэлээд согтуу байсан бөгөөд газар уначихаар нь би тэндээс шууд такси бариад зугтаасан. Манай найзууд болох А, М, Г, Ч нар мэдэж байгаа би зодуулсныхаа дараа эдгээр найзуудынхаа гэрт нь очдог байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ...зодуулаад учирсан гэмтэл, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зодуулахдаа цагдаагийн байгууллагад хандаагүй, эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаагүй. Согтуудаа л намайг элдвээр доромжилж, бусадтай хардаад байдаг. М, Ч нартай би 2017 оны 8 дугаар сараас хойш холбоогүй байгаа, одоо хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна. Би ах, дүү төрөл садныхаа хүмүүст энэ талаар хэлдэггүй, миний амьдрал учраас санаа зовоод хэлдэггүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-9, 11, 62 дугаар хуудас),

3. Гэрч Б.Г-гийн “...Би одоогоос 4 жилийн өмнө 2013 оноос анх танилцсан байсан, хааяа л холбоотой байдаг дотно найзууд биш хонох айлгүй болчихлоо гээд манайхаар хааяа ирдэг юм. 2017 оны 8 сарын 13-ны орой 23 цагийн орчим А над руу залгаад би О-д зодуулсан очиж явна гээд хүний утсаар залгаж байна гэсэн. Тэгээд удалгүй байрны гадаа ирчихлээ гэхэд нь гарч авсан. Тухайн үед А дух, чих, уруул нь хадчихсан үснээс нь зулгаасан бололтой арзайсан нүд нь хөхөрсөн, цээж хэсэг нь хөхөрсөн байсан бөгөөд О зодсон гэж хэлсэн. А-саас тухайн үед пиво үнэртэж байсан гэхдээ согтуу биш байсан. Маргааш нь очиж хувцсыг нь авсан. О гэж залуутай нийлснээс хойш уугаад байдаг бололтой байсан. Хэд хоногийн дараа О-тойгоо хамт манайд ирээд хувцсаа аваад явсан. “…Би О гэдэг хүнийг сайн танихгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-16 дугаар хуудас),

4. Гэрч Э.А-гийн “...Би А-тай 2011 оноос найзалж нөхөрлөж байгаа.  Би О гэх залуутай найз Б-гаар дамжуулан танилцаж байсан. Б-гийн найз нь О юм байна лээ. Тэр 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А над руу залгаад “О-д зодуулсан, би зугтаагаад Ц-гийн гэрт ирсэн байна” гэхээр нь ...Ц-гийн гэрт очсон. Ц-гийн гэрт А, О хоёр хамт байж байсан. А-сын нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан бөгөөд Ц-гийн жаахан хүүхэд айгаад уйлчихсан, А хүүхдийг нь тэвэрсэн байсан. Тэгэхээр нь би Ононг хөөж гаргасан. Тэгээд А-тай хамт Ц-гийн гэрт хоносон. Орой нь О хаалга нүдээд байсан ба цагдаад дуудлага өгөхөд зугатаагаад явсан. Маргааш өглөө нь Ц гэрийн хаалга нээхэд О ороод ирсэн. Тэгсэн Ц, А-ыг “гарч уулз” гэж хэлсэн. Тэр хоёр гараад удаагүй байтал орцонд А-ын хашгирах чимээ гарахаар нь би гэрээс гараад харахад О, А-ын гараас чирээд лифтэнд суух гэж байсан. Тэгээд би А-ыг О-гоос салгаад Ц-гийн гэрт авч орсон. А, О хоёр байн байн түрээсийн байраа солиод амьдардаг байсан, би түрээсийн байранд нь орж үзээгүй. А зодуулчихаад зугатаагаад явж байхдаа намайг дууддаг байсан бусдаар яг хаана хэзээ зодуулсныг би зааж өгч чадахгүй ямар ч байсан О-д зодуулсан талаараа хэлдэг байсан … А шүүх эмнэлэгт нэг удаа үзүүлж байсан өөр эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэж байгаагүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-23 дугаар хуудас);

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10556 дугаартай “…А-ын биед тархи доргилт, зүүн суганы ар хэсэг, баруун дал, зүүн шуунд цус хуралт, баруун сарвуун 1, 3 дугаар хуруунд шарх үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Ж.О гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа бие махбодод халдсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Ж.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч Ж.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг илэрхийлсэн өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол болон хөнгөн гэмтэл гэсэн хоёр ойлголт хоорондоо агуулгын зөрүүгүй бөгөөд хөнгөн хохирол гэдэг нь хөнгөн гэмтлийг өөртөө агуулна. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.О нь учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, харин ойр дотны хүн болох хамтран амьдрагчийнхаа эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 356 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг 8 цагт шилжүүлэн 56 цагийг хасаж, нийт 300 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдалд тохирсон гэж үзэв. Харин шүүгдэгчийн хувьд хөдөлмөр эрхэлдэг эсэх, тогтсон орлоготой эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдоогүй, шүүгдэгчээс шинэ баримт гаргаж өгөөгүй тул түүнд торгох ял оногдуулах нь зохисгүй, үр нөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт долоо хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Бүргэдийн О овогт Ж.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д гурван зуун тавин зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ж.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.О-гийн цагдан хоригдсон нийт долоо хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ял эдэлсэн хугацаанд тооцож эдлэх ялаас тавин зургаан цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг гурван зуун цагаар тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.О-гийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7.Шүүгдэгч Ж.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА