Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

Б.Энхбатад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалагч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.Төрболд

          Шүүгдэгч                                                                                  Б.Энхбат

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.Энхжаргал           

          Хохирогч,

          иргэний нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч                                                                                                                                                                    М.Амгалан /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор Б.Энхбатад холбогдох 1808000001170 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ......... баг хараа ............. тоотод оршин суух Боржигон  овогт  Баттулгын  Энхбат  /РД:МБ91101410/

Шүүгдэгч Б.Энхбат нь Ц.Соёл-Эрдэнэ, Н.Нямбаяр, М.Батзориг, Д.Мөнх- Эрдэнэ, Э.Бат-Эрдэнэ, Б.Баясгалан, Д.Хэнчбиш нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...........” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч, алтны баяжмал хулгайлж 441.169.941 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Баттулгын Энхбатыг бусадтай бүлэглэн үйл ажиллагаа  явуулах  зориулалттай тусгайлан хамгаалсан байранд  нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Баттулгын Энхбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбатад ногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Энхбатын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Хил хамгаалах  ерөнхий газарт мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбатаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 45,146,242 төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага Баян айраг эксплорейшн ХХК-д  олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Энхбатаас шинжээчийн зардалд нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчны  зөвлөх үйлчилгээний “Говь Эко” ХХК-д 2,500,000 төгрөгийг, Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-д 1,250,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбат нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "...шүүгдэгч Б.Энхбат нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэж, амар хялбар аргаа мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ" гэжээ. Мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Б.Энхбат бол хамжигчаар хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт "урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ" гэж хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Мөнх-Эрдэнэ болон бусад гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байхгүй байна. Мөн хохирогч байгууллага нь бусад хэргийн оролцогч нараас хохиролд 10.000.000 төгрөгийг авч гомдолгүй гэж мэдүүлсэн болох нь өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолоос харагдаж байгаа бөгөөд Б.Энхбатын хувьд хохиролд 10.000.000 төгрөг төлсөн байдаг. Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 онд батлагдаж Б.Энхбаттай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэргийн оролцогч нарын ялыг өршөөлд хамруулж өршөөсөн байдаг. Гэтэл шүүхээс Б.Энхбатад оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзэн ял оногдуулсан. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт хамжигчаар болон ямар нэг байдлаар оролцсон бол Баян-Айраг компани дээр очоод хохирлоо барагдуулах байсан. Энэ хэрэгт оролцсон бол анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хөнгөрүүлж өгөөсэй гэж хүсэх байсан. 7 жил энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр явахгүй байсан. Энэ хэрэгт холбоотой байсан бол аль эрт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулах байсан. Миний энэ асуудлыг цагаатгаж өгнө гэдэгт итгэж байна. Хавтаст хэрэгтээ 2 удаа танилцсан. Зарим гэрчүүдийн мэдүүлэг дээр миний нэрийг хавчуулах байдлаар мэдүүлсэн байдаг. Камер хянагчийн мэдүүлэгт, би 4 жилийн хугацаанд камер хянаж байна. Б.Энхбат гэдэг хүнийг биеийн хэлэмжээр нь андахгүй танина гэж мэдүүлсэн байдаг. Би Баян-Айраг компанид 2 жил л ажилласан. Камертай ойр, тэр хүний нүдэнд, өртөж ажилласан нь сүүлийн 2 сар байдаг. Хэрэг болохоос 2 сарын өмнө Мөнх-Эрдэнэ гэх хүний дагалдангаар ажилласан. Тухайн үед миний хийж байсан ажил химийн урвалын дээж авах, химийн урвал найруулах байсан. Камер хянагч хэрэг гарахын өмнө Мөнх-Эрдэнэ, Б.Энхбат нар сэжигтэй байсан гэж мэдүүлсэн байсан. Яагаад сэжигтэй вэ? гэхээр тэр хоёр хүн химийн урвалаа найруулаагүй. Хэрэг гарсны дараа химийн бодисоо найруулсан. Хэрэг гарсны дараа химийн бодисоо найруулсан нь сэжигтэй гэж мэдүүлсэн байдаг. Ажиллах зарчим бол дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилладаг. Уусгалтын талбайнуудаас дээж аваад, цианитнатри хэмжээг шинжилж үзээд химичдээс их байна, бага байна цианитнатри бага явуул, их явуул гэдэг зааварчилгаа өгсний дагуу найруулдаг. Мөнх-Эрдэнэ бид 2 мэдээд өөрийн дур зоргоор найруулах боломжгүй. Уусмал дууссаны дараа дахин найруулдаг. Энэ хүний яриагаар ажил үүргээ удирдлагын дагуу хийсэн байтал, сэжигтэй байна гэх яриа нь үнэнд нийцэхгүй. Мөн надтай 4 жил хамт ажилласан андахгүй танина гэдэг нь худлаа. Сэлэнгэ гэдэг хүний гэрчийн мэдүүлэг дээр, би эдгээр хүмүүсийн шууд удирдлага доор ажлаа тайлагнадаг гэж мэдүүлсэн байдаг. Сэлэнгэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал дээр анхаарч ажилладаг хүн. Галын хор, аюулгүй ажиллах хувцас хэрэглэл тал дээр анхаарч ажилладаг. Алтны баяжмалтай ямар нэгэн хамааралгүй хүн. Миний шууд удирдлага биш. Миний шууд удирдлага бол  металл ураг, төслийн менежер. Надад  хулгай хийх ямар нэгэн сэдэл байгаагүй. Хулгай хийхэд нь оролцоогүй. Батзориг намайг хулгай хийхэд хажууд зогсож байсан гэдэг. Соёл-Эрдэнэ болохоор Б.Энхбат гэж ярвайсан бацаан байдаг, харьцдаггүй гэж мэдүүлсэн. Дараагийн мэдүүлэгтээ, Б.Энхбат нь энэ хэрэгт хамааралгүй байх учиргүй, яагаад гэвэл Б.Энхбат нь хэрэг гарсан объектод байсан гэж мэдүүлдэг. Баясгалан мэдүүлэхдээ, Б.Энхбат нь энэ хэрэгт хамааралтай. Компьютер мэднэ, унтраасан байж болзошгүй гэж өөрийнхөө хийдэг ажлыг намайг хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Эдгээр нотлох баримтуудыг анхааралдаа авч үзнэ үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч М.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Энхбат нь хохирлоосоо 10,0 сая төгрөгийг төлсөн байдаг. 45.146.232 төгрөгийн хохирлоо барагдуулаагүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан удаа байхгүй. Иймд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү?  Шүүгдэгч Б.Энхбатаас 45.146.232 төгрөгний хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хамжигчийн асуудлыг бол дурдаагүй. Б.Энхбат нь бүлэглэн, гүйцэтгэсэн асуудлыг нэг бүрчлэн дурдсан байсан, Хамжигч байна гэж үзээд шийтгэх тогтоолд тусгаад шийдвэрлэсэн бол хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн, шүүгдэгчийн эрх ашгийг хязгаарласан гэж үзэж байна. Бүлэглэн гүйцэтгэх, хамтран оролцох оролцоо чинь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Хоёр ба түүнээс олон хүн нэгдсэнээр хамтран оролцох ойлголт үүснэ. Шүүгдэгч Б.Энхбатыг Баясгалан, Батзориг, Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, тухайн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь зүйлд зааснаар хамтран гүйцэтгэсэн гэж үзэж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч Б.Энхбатын хувьд анхнаасаа гэм буруутай байсан бол, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулах байсан талаараа ярьж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхад шүүгдэгч өөрөө хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөд, гадаад улс руу гараад явсан. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаад эргэж ирэхэд нь хэргийг нь шийдсэн. Тухайн хэрэг дээр цагдан хоригдсон асуудал нь Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хоригдоод, сарын хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн байдаг. Гэм буруутай эсэхийг тогтоох нь  шүүхийн байгууллагын эрх хэмжээний асуудал. Шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулаад эрх, үүргийг нь тайлбарлаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад зөрчөөд, хил гарсан нөхцөл байдал хэрэгт авагдсан байдаг. Тэр нөхцөл байдлууд дээрээ шүүгдэгч дүгнэлт хийсэн байх. Улсын яллагчийн зүгээс Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Энхбат нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн.  Шүүх, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрхийг хуулиар хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувийн байдал хэрэг, үйлдэгдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, объектив талын шинжид хамаарах хохирол, түүний хэм хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Энхбат нь 2017 оны 09 дүгээр сарын 27-наас 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК-ны тусгай хамгаалалттай алтны өрөөнд нэвтэрч 17.5 килограмм алтны баяжмал хулгайлан авсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна.  Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь зүйлд зааснаар бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан газар нэвтэрч,  их хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн Хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн оролцогчдын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.  

  1. Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Б.Энхбат нь Ц.Соёл-Эрдэнэ, Н.Нямбаяр, М.Батзориг, Д.Мөнх- Эрдэнэ, Э.Бат-Эрдэнэ, Б.Баясгалан, Д.Хэнчбиш нартай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 2017 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн тусгайлан хамгаалсан алтны өрөөнд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч, алтны баяжмал хулгайлжээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч Н.Номин-Эрдэнийн “...хохирол барагдуулаагүй байгаа. Б.Энхбат нь хяналтын өрөөнд ажилладаг. Алт алдагдсан гэх өрөөнд орох зорилгоор тус хяналтын өрөөгөөр дамжиж цаана байдаг хувцас солих өрөө, тэгээд цаад талд нь алтны баяжмалтай өрөө байдаг. Өөр ямар ч аргаар алтны баяжмалтай өрөөнд орох боломжгүй. ...Өмнөх шүүх хуралд суусан тэмдэглэл дээр нь оролцогч нарын мэдүүлгээр Б.Энхбатын үйлдэл оролцоо тодорхой болсон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Мэйнард Терренс Брауны /хэлмэрч, орчуулагч Б.Шинэсаран/ “...Энхбаттай 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 05 минутад ярилцаж эхэлсэн. Түүнд 09 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баяжуулах үйлдвэрт гарсан хэрэг явдлыг тодруулах зорилгоор уулзаж байгаагаа хэлэхэд эхлээд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхлээр нь видео бичлэг байгаа талаар тайлбарлаж  хэлэхэд тухайн үед  мэдээгүй, харин амраад Дархан хот хотод очоод энэ хэргийн талаар мэдсэн гэсэн. ...Улаанбаатар хотод ирээд 35,000,000 төгрөг ав гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэтэй уулзаж түүнээс 35,000,000 төгрөг бэлнээр нь авсан.  ...мөнгө өгсний дараа геологи болон ХАБ-ын ажилтнууд оролцсон гэж хэлсэн... түүнээс мөнгөө яаж зарцуулсан юм бэ гэж асуухад би байрны зээлээ дараад, машин худалдаж авсан гэж хэлсэн. байрны зээл авсан гэсэн. Ярилцлага дууссаны дараа болсон зүйлийн талаар Энхбат өөрөө мэдүүлэг бичиж өгсөн...” гэсэн   мэдүүлгээр,

Гэрч Д.Цэнгэлийн “...Д.Мөнх-Эрдэнэ хэргийн талаар ярьж байх үедээ Нямбаяр, хамгаалалтын ахлагч Батзориг, Энхбат, IT инженер гэсэн хүмүүсийн нэр ус, албан тушаал дурдагдаж байсан. Тэрний дараа Энхбатыг дуудаж уулзахад Энхбат нь “Би хэрэг мэдэхгүй” гээд байсан бөгөөд камерын бичлэг дээр өөрийг нь байсан талаар ярьж хэлэхэд Энхбат  энэ хэргийн талаар мэдэхгүй, надад мөнгө өгсөн 37 билүү 35 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөөр би байрны урьдчилгаа хийсэн гэж мэдүүлсэн. Миний зүгээс болон Сэлэнгэ, Терри нар Батзориг, Мөнх-Эрдэнэ, Энхбат нарыг айлгаж сүрдүүлээгүй. Тухайн үед өрөөний камер асаалттай байсан хууран мэхэлсэн зүйл байхгүй болно. Өөрсдийнх ярьсан зүйлийг Сэлэнгэ бичсэн. Сэлэнгэ ганцхан Батзоригийн ярьсан зүйлийг бичсэн бөгөөд Мөнх-Эрдэнэ, Энхбат нар нь өөрсдөө бичсэн. Тэр өдрөө өнжөөд маргааш нь Завхан аймгийн төвд Цагдаагийн газарт гомдол гаргаж Мөнх-Эрдэнэ, Батзориг, Энхбат нарыг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч М.Батзоригийн  “...Энэ хэрэг товчхондоо Нямбаяр бид хоёр анх санааг нь гаргаад Мөнх-Эрдэнэ Соёл-Эрдэнээс алтны өрөөнд түлхүүрийг аваад Мөнх-Эрдэнэ бид хоёр алтны өрөөнөөс канистрын талаар баяжмал аваад уурын зуухаар гадагш гарч геологийн дээж хадгалах талбайд орхиод Нямбаяр гадаа хүлээж байгаад цуг тавьсан маргааш нь Бат-Эрдэнэ бид хоёр постоор хашаанаас гаргасан. Баясгалангийн хувьд Мөнх-Эрдэнэ бид хоёрыг алтны өрөөнд орох үед камер тасалсан. Хэнчбишийн хувьд камерын хяналтаар ажиллаж байсан. Харин тэр өдөр Энхбат Мөнх-Эрдэнэтэй хамт ээлжид гарч таарсан.  ...Улаанбаатар хотод Нямбаяр, Мөнх-Эрдэнэ, Энхбат бид 4 уулзаад манай зуслангийн байшинд хайлуулаад бид дөрөв цугтаа явж байгаад хуучнаар Улаанбаатар банкны ертөнцийн зүгээр баруун талд байшингуудын дунд хун ирж авсан. Тэр хүнийг одоо танихгүй тэр үедээ би утсаар холбогдож байгаад би олж авсан. Тэр оролцсон хүн бүрт 35 сая төгрөгийг өгч тэнцүү хуваасан. Б.Энхбат яг хажууд явж байгаад  мөнгөө авсан ...Энхбат хэрэг үйлдэж байхад операторын сууж байсан.камер унтраахад түүний хажуугаар Мөнх-Эрдэнэ бид хоёр явж өнгөрөөд шалгалтын өрөөгөөр дамжин алтны өрөөнд орсон. Ер нь операторын өрөөгөөр дамжихгүйгээр алтны өрөө руу орох боломжгүй. Энхбатын амралт таарсан учир Улаанбаатар хотод тааралдаж алт хайлуулах зарахад цуг явсан хүн юм...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.Соёл-Эрдэнийн “...Хулгайн хэрэг болсны дараа алтны баяжмалыг хайлуулж байх үед би уурхай дээр байсан юм тэгэхдээ тэд нарын ярьж байгаагаар Мөнх-Эрдэнэ, Батзориг Нямбаяр, Энхбат нар алтны баяжмалыг хайлуулж зараад мөнгийг нь тараасан хаягдлаас нь гарсан бас хэдэн төгрөгийг тэр алт хайлуулсан хүмүүс хувааж авсан гэж би сүүлд ярианаас нь сонссон юм. Тэгэхээр Энхбат энэ хулгайн хэргийг мэдээгүй байх боломжгүй урьдчилан үгсэн тохироонд орж худал нойл орж Мөнх-Эрдэнийн операторын өрөөнд байлгаж байгаад хулгай хийлгээд дараа нь хайлуулж зарах үед нь Энхбат өөрийн биеэр хамт байлцаж мөнгөө авсан юм. Бат-Эрдэнэ бид хоёр нэг өрөөнд сүүлд хамт байсан юм. Тэгэхэд Энхбат хайлуулсан алтнаас бид нараас илүү мөнгө авсан байж магадгүй юм байна лээ гэж надад хэлж байсан. Бат-Эрдэнэ алт хайлуулах үед байгаагүй учраас бас сайн учрыг мэдэхгүй байсан. Бүх хүнд 35.000.000 төгрөг тарааж өгсөн. Энхбат хайлуулах үед гол дүрд тоглоод хайлуулаад алт авах хүнийг олсон байна лээ...” гэсэн   мэдүүлгээр,

Гэрч Д.Хэнчбишийн “...Ямар ч байсан хүн бүр 35.000.000 төгрөг авсан тэр тоонд нь Б.Энхбат орсон юм...” гэсэн мэдүүлгээр болон тухайн өдөр бичигдсэн  камерын бичлэг буюу дүрс бичлэг, камерын бичлэгт  хийсэн  үзлэгийн тэмдэглэл,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  зэргээр,

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Баян айраг эксплорейшн ХХК-д 441.169.941  төгрөгийн хохирол  учирсан  нь  Байгаль орчны  зөвлөх үйлчилгээний Говь Эко ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний “...нойтон баяжмалын хэмжээ 17,05 кг, түүнд агуулагдах алт 4,37 кг байсан гэж хохирлыг тооцож, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн алт хайлалтаар гарсан алтыг Баян айраг эксплорейшн  ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 100,954 төгрөг 22 мөнгөөр  тооцон, 4,37 кг алтны үнэ 441.169.941  төгрөгийн хохирол учирсан...” гэсэн   дүгнэлтээр,

Байгаль орчны зөвлөх Нуман Алтай ХХК-ийн шинжээчийн “...Баян айраг эксплорейшн ХХК-аас алдагдсан алт агуулсан баяжмалын хэмжээг тогтоосон  нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтээр,

Шинжээчийн мөрдөн байцаалтад өгсөн “...математик тооцоололд  ...алдагдсан баяжмалын хэмжээ 17,05 кг, алтны хэмжээ 4,37 кг, учирсан  хохирол  441.169.941  төгрөг болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлгээр болон  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 373 дугаартай магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

  1. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, мэдүүлэг агуулгын зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

Шүүгдэгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ...шүүгдэгч Б.Энхбат нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч зориуд хор уршгийг хүргэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ гэжээ. Мөн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээр Б.Энхбат бол хамжигчаар хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэдэг. Б.Энхбатын хувьд хохиролд 10.000.000 төгрөг төлсөн, Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 онд батлагдаж Б.Энхбаттай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэргийн оролцогч нарыг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзэн ял оногдуулсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн зарчмыг  баримталж, шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэж, хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Түүнчлэн улсын яллагчийн зүгээс Б.Энхбатыг гэмт хэрэгт үйлдлээрээ хамтран бүлэглэн оролцсон гэж үзсэн болох нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон оролцогчдын тайлбар, прокурорын дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Энхбатад анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, ял хүнддээгүй байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийтгэх хуудас хамаарна гэж заасан. Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль нь  “Ковид-19” цар тахлын үед гэмт хэрэг үйлдсэн цагдан хоригдож байсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн шүүхээс ял шийтгэл хүлээсэн, хорих ангиудад ял эдэлж байсан ялтны тоог цөөрүүлэх, нэг дор бөөгнөрөл бий болгохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан Өршөөлийн хууль байсан.  

Шүүгдэгч Б.Энхбатын гэмт хэрэгт холбогдсон цаг хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн үйл явдал боловч, хэргээ шийдвэрлүүлэхгүйгээр гадагшаа Япон улс руу гарсан нөхцөл байдлаас болж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ 

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ