Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0296

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД:*******/, төлөөлөгч Ч.А*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, өмгөөлөгч Д.Д*******,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д*******, А.С******* нарын хоорондын “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-I133519 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааны нэгж үнийн аргаар үнэлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, нэхэмжлэгчийн Д.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д*******, А.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-I133519 дугаартай мэдүүлгээр 15,430 кг плита, 1,400 кг шатны зориулалттай хавтан чулуу, 8,950 кг дээврийн сэндвичэн хавтан, 2,000 кг барилгын төмөрийг нийт 41,820 юаниар БНХАУ-аас худалдан авсан гэж мэдүүлсэн.

1.2. Гаалийн ерөнхий газраас дээрх бараануудын гаалийн үнийг хэлцлийн аргаар тодорхойлох боломжгүй гэж үзэж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны үнийг тогтоож, 3,161,020.41 төгрөгийн гаалийн, 6,638,142.87 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг, нийт 9,799,163.28 төгрөгийн татвар ногдуулсан.

1.3. “М*******” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвөөс 2024/415 дугаар гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай 08 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

1.4. Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 42 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газрын бараа ангилал үнэлгээний хэсэгт “... гаалийн татварын дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгатай гомдол гаргасан байх ба Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02-2.1/3189 тоот албан бичгээр “... хэлцлийн үнийн аргаах тодорхойлох боломжгүй тул гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв” гэсэн хариу өгсөн байна.

1.5. “М*******” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-I133519 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааны нэгж үнийн аргаар үнэлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус компани нь 03-2091017-24-1133519 мэдүүлэгчийн дугаартай /Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Л.Д*******гийн гаргасан гаалийн үнэлгээ/ гаалийн мэдүүлгийг Замын-Үүдийн гаальд бүрдүүлэлт хийхэд гаалийн татвар маш өндөр гарсан тул гаалийн татварын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлыг 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвд гомдол гаргасан боловч бидний гомдлыг шийдээгүй дараагийн шат болох Гаалийн ерөнхий газрын бараа ангилал үнэлгээний хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч шийдэж өгөөгүй тул дараагийн арга хэмжээ Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Уг мэдүүлсэн бараа нь БНХАУ-ын Эрээн хотоос дараах ачаа ирсэн болно.

БНХАУ-ын Эрээн Хотоос авсан барааны бодит үнэ:

Нэр Product

Тн quantity

Нэгж үнэ /CNY/ unit price

Нийт үнэ CNY amount

1 юань 468₮

Плита /creaming tile/

15430 кг

0.70 CNY

1081 CNY

5,054,868

Хавтан чулуу Marble plate

1400 кг

1.86 CNY

2600 CNY

1,216,800

Сэндвич color steel composite board

8950 кг

2.24 CNY

20 048 CNY

9,382,464

Төмөр square tube

2000 кг

4.11 CNY

8220 CNY

3,846,960

Нийт дүн

 

 

41 673 CNY

19,501,092

            Монголын гаалийн үнэлсэн үнэлгээ

Нэр Product

Монголын гаалийн үнэлгээ/ам доллар

Нийт ТН жин

Нийт ТН жин ам доллар

Мкв

Барааны үнэ төгрөгөөр

Плита /creaming tile/

6.03$

/3480/

20,984₮

15430 кг

4467,5$

740,88

15,100,171.60

Хавтан чулуу Marble plate

0.3$

/3480/

1044₮

1400 кг

420$

 

1,419,600.00

Сэндвич color steel composite board

1.4$

/3480/

4872₮

8950 кг

12530$

 

42,351,400.00

Төмөр square tube

0.6$

/3480/

2088₮

2000 кг

1200$

 

4,056,000.00

Нийт дүн

 

 

18,617.5$

 

62,927,171.60

 

Дээрх хүснэгтэд тусгаснаар зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндрөөр буюу Плита 5,054,868 төгрөгөөр авсан байхад 15,100,171.60 төгрөг, Сэндвич 9,382,464.00 төгрөгөөр авсан байхад 42,351,400.00 төгрөгөөр тус тус үнэлсэнд маш их хохиролтой байна.

Манай авсан 442м2 буюу 8,950кг сэндвич хавтан нь монголын зах зээлийн ханш нь 22-25 сая төгрөг Үүнд гаалийн татвар, НӨАТ, Тээврийн зардал, ажилчдын цалин гэх мэт татварууд ороод дээр нь ашиг нэмээд зарахад ийм бодит үнэ ханштай байна.

Иймд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Л.Д*******гийн 03-2091017-24 1133519 дугаартай гаргасан барааны нэгж үнийн аргаар үнэлсэн мэдүүлгийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М*******” ХХК нь нэг барилга барьж байгаа юм. Тухайн барилгад хэрэглэх янз бүрийн барилгын материалыг оруулж ирсэн. Тухайн барилгын материалыг авсан үнээс хэд дахин үнээр үнэлсэн дээр гомдол гаргаад байгаа юм. Бид 1 ширхэг плитаг 11 юаниар худалдаж аваад нийтдээ 10,801 юань төлсөн. Энэ нь Монгол төгрөгөөр 5,054,000 төгрөг болж байгаа. Гаалийн байгууллага үнэлэхдээ манай бүтээгдэхүүнийг тонн жингээр нь үнэлээд 4,467 доллар буюу 15,100,000 төгрөгөөр үнэлсэн.

Чулуу хавтан, төмөр зэргийг ойролцоо үнээр үнэлсэн гэж харж байгаа. Харин сендвич хавтанг 20 мянган юаниар авсныг 9,382,000 төгрөгөөр үнэлж өгөхөд 12,530 доллар гэж үнэлээд 42,353,000 төгрөгөөр үнэлчхээд байгаа. Иймд манай зүгээс плита, сендвич хавтан 2 хоёрын үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид мкв-аар нь үнэлж зах зээл дээрээс авдаг материалыг Гаалиас тонн руу шилжүүлчхэж байгаа учраас маргаан үүссэн. Зах зээл дээр мөн маш олон янзын үнэтэй байхад дундчилаад 40 юаниар бодож болохгүй. 

Бидний авсан плитаг Хятад улсын сайт дээр байж байгаа үнийг харахад 60х120 м.кв плита гэхэд 1000 ширхгээс илүү авахад 10 юань гэж байгаа. Бид харин 11 юаниар авсан учир тэр баримтаа л гаргаж байгаа. Бид барилгын ажил хийж байгаа тул боломжоороо чанартайг хямд үнээр нь л авахыг хичээнэ. Гэтэл өөр үнэтэй плитаны үнэтэй нийлүүлснээ хоёр үнийн дүнг нэмснээ хоёрт хувааж энэ дундаж ханш гэж хэлж байгаа нь өөрөө авцалдахгүй. Гаалийн байгууллага энэ аргачлалаасаа татгалзах ёстой. Хоёрдугаарт сендвич хавтан авсан үнийн мэдээллийг НӨАТ орсон дүнгээр нь хэрэгт хавсаргасан. Гэтэл 9,382,000 төгрөгөөр авсныг 42,350,000 төгрөг буюу 5 дахин илүү үнээр үнэлсэн. Хариуцагчаас өмнөх шүүх хуралдаанд сэндвич хавтангийн төмөр нь их үнэтэй, тонн нь 19,000 доллар хүрдэг, хөнгөн цагаан хүртэл ордог гээд сонин зүйл ярьсан. Гэтэл бид төмрийг ажил хийх зорилгоор оруулж ирэхэд тонн нь 4,000 юанийн л үнэтэй байсан. Каркас төмрийг Монголд ихэвчлэн 4-ийн зузаантайг оруулж ирдэг. Манайх харин 5-ын зузаантай буюу жаахан хүнд байгаа нь үнэн. Мөн хөөсөнцрийн асуудал байгаа. Энэ хөөсөнцрүүдийг куб.м болон зузаанаар тооцсон үнүүд нь байдаг. Хэр ихийг захиалахаас хамаараад 20-24 доллар хүртэлх зах зээлийн үнүүд нь байж байгаа. Хариуцагчийг ямар зарчмаар яаж ажил хийгээд байгааг нь би ойлгож чадахгүй байна. Амьдралаас маш тасархай, маш өндөр үнээр үнэлдэг. Үүний хор уршиг маш их байна. Манайх 7,8 удаа том, жижгээр бараа авсан. Тус ачаануудыг дандаа каргогоор авсан, каргогоор авахаар татвар, тээврийн зардал зэргийг бүгдийг нь базаад хийчихдэг. Гэхдээ каргогоор авахад хоёр хор уршиг байгаа юм. Нэгдүгээр статистик мэдээ маш буруу гардаг.  Хоёрдугаарт улсад яг татвар нь орж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудал байгаа. Манай компани НӨАТ-аа авч чадахгүй, тайландаа тусгаж чадахгүй, яаж тусгахаа мэдэхгүй. Гэхдээ зардал гарчихсан, ачаа хүрээд ирсэн байдаг. Яагаад би энд хэдэн төгрөгийн зөрүүний төлөө ингээд яваад байгаа вэ гэвэл би танхимын тэргүүлэгч гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн хүн. Хариуцагчаас танай танхимаас чинь хүн орж ирээд энэ комисст орж оролцоод явсан шүү дээ гээд ийм асуудлыг ярьж байгаа. Хэн гэдэг ямар мэргэжилтэн оролцсон талаар би танхимаас удирдлагуудаас нь асуусан. Гэтэл яг танилцах аялалд оролцсон болохоос биш, үнэлгээ гаргах, шийдвэр гаргах түвшинд нь оролцоогүй гэсэн хариуг хэлсэн. Би Гаалийн буруу тогтолцоотой нэг аргаар тэмцэж байгаа юм. Зөв шийдвэр гарснаар Монгол улсад л хэрэгтэй зүйл тэрнээс миний мөнгө их багадаа хамаагүй. Нийт миний төлсөн мөнгөний 66 хувь буюу нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг бол Гаалийн карманд байгаа миний мөнгө байхгүй юу. Миний алдагдал нь Гаалийн татварын 5 хувийн зөрүү буюу нийт төлсөн дүнгийн 3/1 нь юм байгаа. Тэгэхээр би маш их мөнгө төлөөд их хэмжээний мөнгөөр хохирчхоод байгаа зүйл биш. Ганцхан жижиг болон дунд зэргийн худалдаачид, дээрээс нь ажил хийж байгаа хүмүүст НӨАТ нь баримт болж очихгүй байхгүй юу. Жишээ нь орон сууц бариад борлууллаа гэхэд суутган төлөх НӨАТ байхгүй.

Мөн хэн ч гаалийн байгууллагад холбогдуулан шүүхээр маргадаггүй. Бүтэн машин ачаанаас 3,146,000 төгрөг болох байтал 10 сая орчим төгрөг болчхоод байгаа, энэ нь жирийн жижиг худалдаачид, компаниудад 100 хувийн зардал болчхоод байгаа юм. Гаалийн энэ өндөр үнийн тооцоолол нь улсад болон компанид маш их хохиролтой байгаа учраас шүүхэд хандсан. Манайд алдаа байгааг үгүйсгэхгүй, харин дараагийн удаа ийм алдаа гаргаж болохгүй гэдгээ л мэдэж авлаа” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, шүүх хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой харагдаж байна. Хэрэгт цугларсан баримтууд асуулт хариулт, нотлох баримт шинжлэх судлахад нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэдэг нь тогтоогдож байгаа. Хэлцлийн үнээр үнэлээгүй гол үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа свифт код тусгагдаагүй мөртлөө төлбөрийн баримт свифт кодоор төлсөн гэдэг. Гарал үүслийн гэрчилгээний илгээгч үнийн нэхэмжлэгчийн илгээгч өөр байсан үндэслэлийг анхнаасаа ярьдаг. Энэ хоёр үндэслэлээр манай хэлцлийн үнийн аргаар үнэлээгүй. Манайх гомдол гаргангуут 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн Улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлын хянасан тухай шийдвэрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол” заасныг л хэлж байгаа. Манайх тус хуулийн заалтад дурдагдсан бичиг баримт, тусгагдсан мэдээлэл, бүрэн бус тоон үзүүлэлт зэрэгтэй огт юм яриагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гомдол гаргаад явж байх үед үндэслэлүүд нь өөрчлөгдөөд юм нь нэмэгдээд байдаг. Ингээд тайлбарлахдаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 15 дугаар зүйлийн 15.2.2.4-т “интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ” гэж заасныг тус тус тайлбарлаж хууль зүйн үндэслэлээ хэлдэг. Нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр хариу өгөхдөө гарал үүслийн гэрчилгээ дээр барааны хэрэглэгч аж ахуйн нэгж гадаад худалдааны гэрээ болон бусад бичиг баримт бичигдсэн аж ахуйн нэгжээс зөрсөн, гарал үүслийн гэрчилгээ дэх барааны үнийн мэдээллийн он, сар, өдөр, үнийн мэдээлэл зөрүүтэй гэсэн нь анх үндэслэсэн нэг үндэслэлээ байхгүй болгоод, өөр нэг үндэслэл нэмчхэж байгаа юм. Мөн дараа нь гадаад гуйвуулгын баримт гэдэг агуулгыг дахин нэмж оруулаад ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайх гомдол гаргангуут шүүхээр явах нь гэдгийг ойлгоод материалыг нь дахин шалгаж байгаад өөр алдаа байж болох вэ гэдэг агуулгаар яваад байгаа юм.

Гарал үүслийн гэрчилгээ дэх нэхэмжлэгчийн илгээгчийн нэр яагаад зөрсөн талаар хангалттай тайлбарлачихсан. свифт код яагаад зөрж болохгүй гэж, төлбөрийг яагаад хувь хүний дансанд хийж болохгүй гэж. Мөн хариуцагчийн тавиад байгаа үндэслэл нь хуульд байхгүй үндэслэл жишээлбэл хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно гэсэн 17 дугаар заалт заалтад заасан аль ч хууль зүйн үндэслэлийг бариагүй шүү. Зүгээр л өөрсдийнхөө үзэмжээр л асуудлыг шийдвэрлээд байгаа. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заавал дараалуулж хэрэглэнэ гэж заасан байгаа шүү дээ. Хариуцагчийн яриад байгаа хоёр үндэслэл хориглох заалтын алинд нь ч байхгүй.

Заавал дарааллын дагуу хэрэглэх талаар шүүгч асуухад нэхэмжлэгчид бараг ашигтай байдлаар үнэлчихсэн шүү дээ гэдэг байдлаар яриад байх юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар яагаад дарааллын дагуу хэрэглэхгүй гэдэг үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. 5-н барааг үнэлэхдээ үнийн мэдээллийн сангийн үнэ, хил орчмын үнийн судалгааны үнийг баримталсан гэдэг. Үүнтэй холбоотой шүүхээс лавлагаа авахад  2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/13 дугаартай Замын-Үүдийн Гаалийн газрын даргын тушаалыг хавсралтын хамт ирүүлдэг. Тус хавсралтад 2024 оны 02 дугаар улиралд мөрдөх ёстой үнэ байдаг. Тус жагсаалтын 41-д байгаа байгаа 0.30 гээд үнэлчихсэн үүнийг 0.283-аар үнэлье гээд байж байгаа. Жагсаалтын 84 дээр 1.4 гээд үнэлснийг 0.413-аар үнэлэхээр байгаа. Энэ 0.413 гэдэг үнэ яаж гарч ирсэн гэхээр Эрээн хотод энэ судалгааг хийгээд 2 дугаар улирлаас энэ үнийг мөрдөхөөр баталсан байна.

Энэ бүгдээс дүгнэлт хийгээд үзэхэд акт нь хууль зүйн үндэслэлгүй санаанаасаа зохиосон акт байгаа юм. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан бодит байдалд нийцсэн байх ёстой байтал энэ шаардлагыг хангаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтдаа тааруулаад тайлбараа бэлдээд яваад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““М*******” ХХК нь нэхэмжлэхэд хамаарах барааг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүд боомтоор улсын хил нэвтрүүлэн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаалийн байгууллагад 03-2091017-24-133519 тоот мэдүүлгээр мэдүүлсэн байна. Тухайн өдөр Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Л.Д******* барааны гадаад худалдааны бичиг баримтад шалгалт хийн гаалийн үнийг хэлцлийн бус үнийн аргаар тодорхойлсныг тус аж ахуйн нэгж гаалийн үнийг хүлээн зөвшөөрөлгүй 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гомдол гаргасан.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төв нь тухайн гомдлыг нягтлан шалгаж 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай” 2024/415 тоот шийдвэрээр гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Тус компани нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 42 тоот албан бичгээр гаалийн үнийг дахин нягтлуулахаар Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтэст гомдол гаргасан болно. Тус хэлтэс нь тухайн барааны гадаад худалдааны бичиг баримтуудыг нягтлан шалгаж 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02-2.1/3189 тоот албан бичгээр Бүрдүүлэлтийн цахим төвийн 2024/415 тоот “гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянасан тухай шийдвэр”-ийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Үүнд:

Барааны гадаад худалдааны бичиг баримтуудыг нягтлан шалгах явцад БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас олгосон гарал үүслийн гэрчилгээ дээрх барааны илгээгч аж ахуйн нэгжийн нэр гадаад худалдааны гэрээ болон бусад бичиг баримтад бичигдсэн аж ахуйн нэгжийн нэрээс зөрсөн мөн тухайн гарал үүслийн гэрчилгээ дээрх барааны үнийн нэхэмжлэхийн он сар өдөр мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн он сар өдрөөс мөн зөрүүтэй байна.

2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн барааны төлбөр шилжүүлсэн гэх Капитрон банкны гадаад гуйвуулгын хоёр баримтын нэг дээр мөнгөн дүн цифрээр “10820 юань” гэж мөнгөн дүн үсгээр “twenty thousand yuan” гэж зөрүүтэй байна.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т “Гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн...” бол гаалийн үнийг хэлцлийн бус аргаар тодорхойлохоор заасан байдаг.

Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Л.Д******* болон Гаалийн ерөнхий газрын шийдвэрүүд нь хуулийн үндэслэлтэй гарсан байх тул тус компанийн гаргасан захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс Манай мэдүүлснээр үнэлсэнгүй, өөр зургаадугаар аргаар үнэллээ гэж байна. Тэр учир шалтгаануудыг манай зүгээс албан бичгээр тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгчээс сая нотлох баримтаар гаргаж өгсөн Parking List, инвойс 2-г канондоод манайд өгөх ёстой байтал өгөөгүй, өгсөн баримтуудтай нь тулгаж харахаар фондууд нь бас зөрчихсөн байна. Энэ дахин шинээр хийгээд өгчихсөн байна гэсэн үг. Анхнаасаа гэрээ болон энэ бичиг баримтын дагуу хэлцлийн аргаар үнэлэгдэх боломжгүй байсан л гэдэг асуудал. Иймд манайх үнэлгээний дараагийн аргууддаа шилжээд хэлцлийн бус аргаар буюу 6-р аргаар үнэлсэн. 6-р аргын талаар мөн дундаж үнэ, зах зээлийн үнийн талаарх тайлбарыг би өмнөх шүүх хурал дээр тайлбарлаж хэлсэн. Тухайн ангиллыг гаргаж байгаа тогтолцоо маань өөрөө олон улсын кодоороо зөвшөөрөгдсөн ангиллын тоо хэмжээг гаргаж байгаа” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М*******” ХХК-ийн мэдүүлгээр мэдүүлсэн мэдүүлэгт бичиг баримтын шалгалт хийхэд Гаалийн байгууллагад гаргаж өгсөн бичиг баримт дээрх мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байсан учраас хэлцлийн үнийн арга буюу нэгдүгээр аргаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасны дагуу хэлцлийн үнийн аргаас татгалзаж, үнэлгээний 6-р аргаар үнэлэгдсэн. Биткүсийн ангилалд кг, м.кв, ширхгээр байх уу гэдгийг олон улсын стандартын дагуу ангилагддаг. Бусад бичиг баримтын зөрүүтэй байдлыг өмнөх шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарласан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан 2 хуудас нотлох баримт нь мөн зөрүүтэй харагдаж байна. 

Бүрдүүлэлтийн цахим төвийн байцаагч нь бичиг баримтын бүрдүүлэлтээ нягтлан шалгаж дүгнэлтээ гаргахдаа ганцаараа бие дааж гаргадаггүй. Ахлах албан тушаалтантайгаа хамт шалгадаг. Нягтлан шалгахдаа Гаалийн ерөнхий газрын даргын А/30, А/124, А/82 дугаартай тушаалууд болон Гаалийн тухай хуулиа баримталдаг. А/30 дугаартай тушаал дээр баримт тус бүрийн бичиглэл, форматыг анхаарах, зөвхөн тухайн бичиг баримт дээрх мэдээллийг өөр хооронд нь уялдуулан шалгаж гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бүх бичиг баримт дээрх мэдээллийг хооронд нь уялдуулан шалгах, шаардлагатай тохиолдолд өөр төрлийн мэдээлэл, үнийн мэдээллийн сан, интернет мэдээлэл бусад үнийн эх сурвалж тухайн бараатай нэг төрлийн болон ижил төрлийн эсвэл адил ангилагддаг бүлгийн барааны үнийн мэдээлэлтэй нягтлан тулгаад үнэлгээний аргачлалаар үнэлээд шийдвэр гаргадаг. Манай шийдвэр дээр аж ахуйн нэгжүүд гомдол мэдүүлэх юм бол дахин тэр гомдлыг өөр үнэлгээний байцаагч болон ахлахыг томилж бүрдүүлэлтийн цахим төв дахин энэ асуудлыг хянаад дүгнэлт шийдвэр гардаг. Гомдлын хүрээнд дахин шалгах ажиллагаанд би гар тайлбар болон өөрийн хийсэн скрийншот зэргийг өгч байсан. Иймд Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д заасны дагуу үнэлсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “М*******” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-I133519 дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн барааны нэгж үнийн аргаар үнэлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “шалны плита болон дээврийн сэндвичийн үнийг худалдан авсан зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж гаалийн болон, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь БНХАУ-аас худалдан авсан дараах нэр төрлийн барааны үнийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-I133519 дугаартай мэдүүлгээр

- хар саарал өнгөтэй, тус бүр нь 600х1200мм хэмжээтэй 343 хайрцаг шалны зориулалттай, нийт 15,430 кг плитаны гаалийн нэгж үнийг 2,295412 ам.доллараар,

- 300х1090х18мм хэмжээтэй, шатны зориулалттай хавтан чулууны гаалийн нэгж үнийг 0,272568 ам.доллараар,

- дээврийн сэндвичэн хавтангийн гаалийн нэгж үнийг 0,325752 ам.доллараар,

-  40х60мм хэмжээтэй, 6м урттай, 2,5мм зузаантай барилгын төмрийн гаалийн нэгж үнийг 0,587475 ам.доллараар,

- 160х1090х18мм хэмжээтэй, барилгын шатны зориулалттай хавтан чулууны гаалийн нэгж үнийг 0,272568 ам.доллараар тус тус худалдан авсан гэж мэдүүлсэн байна.

3.2. Гаалийн ерөнхий газраас дээрх бараануудын гаалийн үнийг уялдуулан хэрэглэх үнийн аргаар тооцож плитаны гаалийн нэгж үнийг 6,02 ам.доллараар, хавтан чулууны гаалийн нэгж үнийг 0,3 ам.доллараар, сэндвичийн гаалийн нэгж үнийг 1,4 ам.доллараар, төмрийн гаалийн нэгж үнийг 0,6 ам.доллараар тус тус тогтоож, 3,161,020.41 төгрөгийн гаалийн, 6,638,142.87 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг, нийт 9,799,163.28 төгрөгийг төлүүлснээр барааг гаалиар нэвтрүүлжээ.

4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:”, 9.1.1-д “хэлцлийн үнийн арга”, 9.1.6-д “уялдуулан хэрэглэх үнийн арга”, 9.2-т “Мэдүүлэгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан аргын дарааллыг сольж хэрэглэж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”  гэж заажээ.

            5. Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”-ийн 2.1-д “Мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнийг шалгахад Гаалийн тухай хуулийн 35, 60 дугаар зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтыг үндэслэнэ”, 2.2-т “Энэ зааврын 2.1-д заасан бичиг баримтаас гадна шаардлагатай тохиолдолд дараах мэдээлэл, бичиг баримтыг мэдүүлэгчээс гаргуулан авч болно:

2.2.1. худалдагч, худалдан авагч талуудын хоорондын захидал харилцаа (цахим шуудан, телекс, факс гэх мэт)-ны бичиг баримт,

2.2.2. худалдагчийн үнийн санал,

2.2.3. барааны захиалга,

2.2.4. захиалгын баталгаажуулалт,

2.2.5. проформа үнийн нэхэмжлэх,

2.2.6. ачилтын мэдэгдэл,

2.2.7. худалдааны үнийн нэхэмжлэх,

2.2.8. баглаа боодлын жагсаалт,

2.2.9. даатгалын бичиг баримт,

2.2.10. тухайн барааг худалдан авахтай холбоотойгоор хийгдсэн нэмэлт гэрээ, хэлцэл (оюуны өмч, лиценз ашигласны төлбөр төлөх, барааг худалдах, худалдан авахтай холбоотойгоор худалдааны төлөөлөгч, зуучлагчтай хийсэн гэрээ гэх мэт),

2.2.11. бусад шаардлагатай мэдээлэл, бичиг баримт” гэж журамлажээ.

 

            6. Хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн импортолсон барааны үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй байсан гэх үндэслэлээ “гаалийн мэдүүлэгт хавсаргасан баримтууд нь зөрүүтэй/үсгийн фонт, мөнгөн дүн, бараа илгээгчийн нэр зэрэг зөрсөн/ гэж тайлбарлах боловч энэ нь гаалийн байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байхад хариуцагчаас импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн аргыг хэрэглэх боломж байгаа эсэхийг тодруулах талаарх хуульд заасан ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал,  

            6.1. “М*******” ХХК-иас нэр бүхий барааг гаальд мэдүүлэхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М******* ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 39 тоот итгэмжлэл, Ч.А******* болон А.Х*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, MC202408 дугаар гэрээ, Капитрон банкны гадаад гуйвуулгын даалгавар, ачааны манифест, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хавсаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,989 юанийг бэлнээр төлсөн баримтыг ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг баримтыг гаалийн мэдүүлэг гаргах үед хүлээж аваагүй” гэж тайлбарласан.

6.2. Капитрон банкны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 24/211 тоот албан бичгээр “... Капитрон банкны Шангри-Ла вип салбарт 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр М******* ХХК нь 3002012363 тоот төгрөгийн харилцах данснаасаа 10,820.13 (Арван мянга найман зуун хорин юань арван гурван мо) юанийн гадаад гуйвуулгыг Хятад улсын A*******, M******* хүлээн авагчтай 6228 4650 5000 2424 111 тоот данс руу шилжүүлсэн. Тус салбарын теллер Б.Буянхишиг нь гүйлгээний хэвтээ дүн болох үсгээр бичих дүнг андуурч хорин мянган юань хэмээн буруу бичсэн байна” гэж гүйлгээний баримт залруулсан байна.

6.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Е/0125/645 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2024.06.15-ны огноотой №МС202408 дугаартай “contract” гэсэн гарчигтай баримтуудыг 1 хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна.

2. Дээрх баримтын 1013 гэж дугаарласан хуудасны зүүн доод хэсэгт байх тэмдгийн дардас нь бараар дарагдсан байна.

3. Харин 1014 гэж дугаарласан хуудасны доод хэсэгт, 1015 гэж дугаарласан хуудасны доод хэсэгт байх тэмдгийн дардас гэх зүйлсийг компьютерийн программ ашиглан засварлаж, энгийн хэрэглээний тонер хортой хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуурамч байна” гэжээ.

            6.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “БНХАУ-ын бүх компаниуд экспорт хийх эрхтэй биш” хэмээн тайлбарласан ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн худалдаж авсан барааны гарал үүслийн гэрчилгээнд илгээгчийг “I,” гэжээ.

7. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас тухайн баримтуудын эх хувийг шаардаж авах, шаардлагатай бол тухайн баримтын үнэн зөв эсэхэд шинжилгээ хийлгэх, мэргэжлийн орчуулга хийлгэх замаар баримтын үнэн зөв байдлыг, мөн дээрх 5 дахь хэсэгт дурьдсан нэмэлт баримтуудыг гаргуулах замаар гарал үүслийн гэрчилгээнд илгээгчийн нэр, импортлогчийн нэр зөрсөн шалтгааныг тодруулах боломжтой байсан гэж үзэхийн зэрэгцээ мөнгөн гуйвуулгын баримтад шилжүүлгийн дүнг үсгээр бичихдээ гаргасан алдаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамаараагүй болохыг холбогдох банкнаас тодорхойлсон, нэхэмжлэгчээс энэхүү баримтыг гомдол гаргах ажиллагааны явцад гаргаж өгсөн байхад үнэлээгүй, түүнчлэн “MC202408 дугаар гэрээ”-г google translate программаар орчуулж гэрээний тоон дүн нь үсгэн дүнгээс зөрсөн гэж үзсэн, плита авахдаа үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлсөн гэх баримтыг хүлээж аваагүй/2 дугаар хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан/ нь хариуцагчаас шийдвэр гаргахад шаардлагатай шалгавал зохих нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй гэж үзнэ.

8. Өөрөөр хэлбэл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол”, 8.3.2-т “мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн болгаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болохоор хуульчилсан тул хуулийн энэхүү нарийвчилсан зохицуулалтад хамаарах нөхцөл бүрдсэн гэж үзэх хангалттай үндэслэлийг тогтоохтой холбоотой ажиллагааг захиргааны байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй, тухайн тохиолдолд хариуцагч нь энэхүү үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч талын БНХАУ-ын эрх бүхий байгууллагаас олгосон гарал үүслийн гэрчилгээ дээрх барааны илгээгч аж ахуйн нэгжийн нэр гадаад худалдааны гэрээ болон бусад бичиг баримтад бичигдсэн аж ахуйн нэгжийн нэрээс зөрсөн мөн тухайн гарал үүслийн гэрчилгээ дээрх барааны үнийн нэхэмжлэхийн он сар өдөр мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн он сар өдрөөс мөн зөрүүтэй байсан тул хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй байсан” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

9. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д гаалийн үнийг тодорхойлох аргуудыг дарааллын дагуу хэрэглэхээр заасан байхад хариуцагч нь хуулийн 9.1.2-9.1.5-д заасан аргуудыг хэрэглэхээс татгалзсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа “... Дарааллын дагуу хэрэглэхэд барааны шинж тэмдэг, илгээгч, үйлдвэрлэгч зэрэг бүх зүйл нь адилхан байвал дарааллын дагуу хэрэглэнэ, ... ялгаварт үнийн арга болон нийлбэр үнийн арга нь бүрдүүлэлтийн дараах аргууд юм. ...” зэргээр тайлбарлаж байгааг хүлээж авах боломжгүй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон ч плитаны нэгжийн үнэ адилхан 6,03 ам.доллар байгаа, энэ нь гаалийн бүрдүүлэлтийн цахим системд оруулсан хил орчмын үнийг аргатай ижил байгаа” гэх агуулгаар тайлбарлах боловч 03-2121001-23-I31164R мэдүүлгээр мэдүүлсэн плита нь БТКУС-ын 6907.40.00 кодтой, хэмжээний хувьд нэхэмжлэгч хуулийн этгээдийн импортолсон плитанаас өөр хэмжээтэй/1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх талд/ байгаагаас үзвэл, нэг төрлийн бараа гэж үзэх боломжгүй.

 

11. Мөн Замын-Үүд дэх Гаалийн газраас хийсэн “Хил орчмын импортын үнийн судалгааны

11.1. 53-т “Барааны нэр: Плита шалны, БТКУС код: 6907.40.00, Онцлог шинж: халтиргааны хамгаалалттай, цулгуй, өнгө: саарал, бусад хэмжээ:800*800мм, 900*900мм, 1 хайрцаг 3ш*, үйлчилгээний газар, худалдааны төв зэргийн шалны, 1м2*24кг, Ангилалтын хэмжих нэгж: м2,

  • 2023 оны ЗҮГГ-аар бүрдүүлэлт хийгдсэн байдал-Нийт ангилалтаар тоо хэмжээ: 5335070.66, Нийт статистик дүн: 33710860.41, Дундаж үнэ: 6.4, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн ангилалтаар тоо хэмжээ: 362500.1, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн барааны статистик дүн: 2267824.92, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн барааны дундаж үнэ: 8.2,
  • Эрээн хотын зах зээлийн үнэ – Хэлцлийн хэмжих нэгж: ш, Хэлцлийн нэгж үнэ ам доллараар: 3.47, Ангилалтын нэгж үнэ ам доллараар: 5.4, Ангилалтын нэгж үнэд нэмэгдэх бусад зардал ам доллараар: 0.013, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнийн санал: 5.712, Эх үүсвэр: Бай Фэй Тэ плита чулууны дэлгүүр: 13664791543,
  •  Интернетээр олон нийтэд тараасан үнэ – Хэлцлийн хэмжих нэгж: ш, хэлцлийн нэгж үнэ ам доллараар: 1.73, Ангилалтын нэгж үнэ ам доллараар: 2.7, Ангилалтын нэгж үнэд нэмэгдэх бусад зардал ам доллараар: 0.208, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнийн санал: 2.908, 2024 оны 1-р улирлын үнэ: ХОҮС-нд байхгүй, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнэ: 5.712”,

11.2. 83-т “Барааны нэр: Сэндвич хавтан, гоёлын /металл сийлмэл хавтан/, БТКУС код: 7308.90.00, Онцлог шинж: Гадна ханын, гоёлын, голдоо шилэн хөвөн, хөөсөнцөртэй, барилгын өнгө: төрөл бүр, өнгөлгөөний металл хавтангийн зузаан: 2мм, хөөсөнцөрийн зузаан 10мм, жин: 1м2*6-8кг, Ангилалтын хэмжих нэгж: кг,

  • 2023 оны ЗҮГГ-аар бүрдүүлэлт хийгдсэн байдал-Нийт ангилалтаар тоо хэмжээ: 1987960, Нийт статистик дүн: 2526857, Дундаж үнэ: 1.4, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн ангилалтаар тоо хэмжээ: 1818885, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн барааны статистик дүн: 2273114, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн барааны дундаж үнэ: 1.38,
  • Эрээн хотын зах зээлийн үнэ – Хэлцлийн хэмжих нэгж: кг, Хэлцлийн нэгж үнэ ам доллараар: 0.54, Ангилалтын нэгж үнэ ам доллараар: 0.54, Ангилалтын нэгж үнэд нэмэгдэх бусад зардал ам доллараар: 0.013, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнийн санал: 0.553, Эх үүсвэр: Эрээн хотын Сан шин барилгын материалын зах Лонгсиан олон улсын барилгын материалын зах, утас: 15146622125,
  • Интернетээр олон нийтэд тараасан үнэ – Хэлцлийн хэмжих нэгж: м2, хэлцлийн нэгж үнэ ам доллараар: 2.08, Ангилалтын нэгж үнэ ам доллараар: 0.122, Ангилалтын нэгж үнэд нэмэгдэх бусад зардал ам доллараар: 0.013, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнийн санал: 0.135, 2024 оны 1-р улирлын үнэ: 1.4, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнэ: 0.553”,

11.3. 84-т “Барааны нэр: Сэндвич хавтан, ханын, БТКУС код: 7308.90.00, Онцлог шинж: Гадна ханын болон дээврийн, эрдэс чулуун хөвөн: 25мм, өнгөт төмөр хавтангийн зузаан: 0.276мм, жин: 1м2/10кг, /эрдэс чулуун хөвөн: 50мм, өнгөт төмөр хавтангийн зузаан: 0.4мм, жин: 1м2/17кг, Ихэнхдээ хэрэглэгчдийн шаардлагаар 1м2-даа 20-30кг-аар үйлдвэрлэдэг/, Ангилалтын хэмжих нэгж: кг,

  • 2023 оны ЗҮГГ-аар бүрдүүлэлт хийгдсэн байдал-Нийт ангилалтаар тоо хэмжээ: 2555343, Нийт статистик дүн: 3182111, Дундаж үнэ: 1.5, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн ангилалтаар тоо хэмжээ: 2131093, Хэлцлийн үнийн аргаар бүрдүүлэлт хийгдсэн барааны статистик дүн: 2528989, Хэлцлийн үнийн аргаах бүрдүүлэлт хийгдсэн барааны дундаж үнэ: 1.4,
  • Эрээн хотын зах зээлийн үнэ – Хэлцлийн хэмжих нэгж: м2, Хэлцлийн нэгж үнэ ам доллараар: 8.3, Ангилалтын нэгж үнэ ам доллараар: 0.4, Ангилалтын нэгж үнэд нэмэгдэх бусад зардал ам доллараар: 0.013, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнийн санал: 0.413, Эх үүсвэр: Эрээн хотын Сан шин барилгын материалын зах Лонгсиан олон улсын барилгын материалын зах, утас: 15146622125,
  • Интернетээр олон нийтэд тараасан үнэ – Хэлцлийн хэмжих нэгж: м2, хэлцлийн нэгж үнэ ам доллараар: 2.08, Ангилалтын нэгж үнэ ам доллараар: 0.122, Ангилалтын нэгж үнэд нэмэгдэх бусад зардал ам доллараар: 0.013, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнийн санал: 0.135, 2024 оны 1-р улирлын үнэ: 1.6, 2024 оны 2-р улиралд мөрдөх үнэ: 0.413” гэсэн байна.

11.4. Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Зам-Үүд дэх Гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хүргүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-2.1/1173 тоот албан бичигт “... Үнийн судалгааны 50 дугаар бараанд бүрдүүлэлтийн түүх байхгүй, 43, 47, 53-56, 61-79, 85-87, 90, 96-98 дугаар бараануудын үнийн мэдээлэл CAIS системийн “Баталгаажсан үнийн сан”-д байгаа тул хасах, 28-31, 37, 45, 46 дүгээр бараануудад 2023 оны 11 дүгээр сард ажлын хэсэг үнийн судалгаа хийсэн, 4, 5, 8, 11-14, 16, 17, 19, 21-23, 26, 27, 32-36, 41, 42, 44, 48, 49, 51, 52, 57-60, 80, 81, 83, 84, 89 дүгээр бараануудын үнэ гаалийн бүрдүүлэлтийн дундаж үнээс бага байгаа тул өмнөх судалгааны үнийг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.

11.5. Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/13 дугаар тушаалаар батлагдсан “Хил орчмын импортын үнийн жагсаалт”-ын 672-т “Барааны нэр: Сэндвич хавтан, дээврийн, Барааны код: 7308.90.00, Онцлог шинж, савлагаа, агууламж, зориулалт: хөөсөнцөрийн зузаан-10см, төмрийн зузаан-0.4мм/12-14кг/м3 нягтралтай, хэмжих нэгж: KG, Гаалийн нэгж үнэ: 1.4, Валют: USD”, 673-т “Барааны нэр: Сэндвич хавтан, ханын, Барааны код: 7308.90.00, Онцлог шинж, савлагаа, агууламж, зориулалт: хөөсөнцөрийн зузаан-10см, төмрийн зузаан-0.6мм/12-14кг/м3 нягтралтай, хэмжих нэгж: KG, Гаалийн нэгж үнэ: 1.46 Валют: USD” гэжээ.

12. Дээрх 11 дэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Монголд зарагдаж буй зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнэлсэн” гэх агуулга бүхий тайлбарыг буруутгах боломжгүй, барааг импортолсон цаг хугацаанд БТКУС-ын 7308.90.00 кодтой сэндвич нь Эрээн хотод 0,413-0,553 ам.долларын үнээр, 6907.40.00 кодтой шалны плита нь Эрээн хотод 5,72 ам.доллар, интернетээр 2,09 ам.доллараар тус тус худалдаалагдаж байсан нь “Зам-Үүд дэх Гаалийн газраас хийсэн хил орчмын үнийн судалгаанд тусгагдсан  байхад нь хариуцагчаас тогтоосон үнэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдүүлсэн гаалийн үнэ болон судалгаанд тусгагдсан зах зээлийн бодит үнээс зөрүүтэй байгаа нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ”, 10.2-т “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ” гэсэн зохицуулалтад нийцэхгүй, хариуцагчаас гаалийн тарифын хэмжээг бодитой тогтоож чадаагүй гэж үзэхээр байна.

13.  Хэдийгээр хариуцагч нь барааны гаалийн нэгж үнийг уялдуулан хэрэглэх аргаар тогтоохдоо Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-2.1/1173 тоот албан бичигт дурьдсаны дагуу Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/13 дугаар тушаалаар батлагдсан “Хил орчмын импортын үнийн жагсаалт”-аар тогтоосон үнийг баримталсан нь хариуцагчийн эрхээр www.cais.ecustoms.mn системд хийсэн үзлэгээр тогтоогдож байх боловч тогтоогдож байх боловч энэ нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.5-д “хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор гаргаж байгаа барааны үнийн судалгаа”-г гаалийн үнийг тодорхойлоход ашиглахаар заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

14. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн импортын барааны гаалийн нэгж үнийг тодорхойлохдоо,

14.1. Гаалийн үнийг тодорхойлох үндсэн аргыг хэрэглэхтэй холбоотой баримтуудыг гаргуулан авч, шалгавал зохих зохих нөхцөлүүдийг бүрэн гүйцэд шалган тогтоосны үндсэн дээр барааны үнийг хэлцийн аргаар тодорхойлох, эсхүл хэлцлийн аргаар тодорхойлохоос татгалзах шийдвэрийг гаргах,

14.2, Гаалийн үнийг тодорхойлох аргуудыг хуульд заасан дарааллын дагуу хэрэглэх боломжтой эсэхийг тус бүрд нь шалган тогтоож, тухайн аргаар барааны үнийг тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжгүй талаарх шийдвэр гаргах,

14.3. Шууд зургаадугаар арга буюу уялдуулан хэрэглэх үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлох тохиолдолд хуульд заасан олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны мэдээлэл, бичиг баримтыг ашиглах замаар гаалийн тарифын хэмжээг тогтоох бодит үнийг зөв тодорхойлж гаалийн татвар төлүүлэх нь зүйтэй байх ба энэ нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.3.1, 8.3.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 15 дугаар зүйлийн 15.2.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03-2091017-24-I133519 дугаартай мэдүүлэг бүхий барааг үнэлсэн шийдвэрийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 03-2091017-24-I133519 дугаартай мэдүүлэг бүхий барааг үнэлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ