2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01893

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10 191/ШШ2025/01893

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ...........дүүрэг, .............хороо,.........гудамж, .......байр, .......давхар, ....... тоот хаягт оршин байрлах К ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ........ дүүрэг, ....... хороо, ...........байр, ...... тоот хаягт оршин байрлах РТ ХХК /РД:......../,

 

хариуцагч: ........ дүүрэг, ......... хороо, ....... байр, ........ тоот хаягт оршин суух Б овогт Д.Н /РД:........./ нарт холбогдох,

 

нэхэмжлэлийн шаардлага: 191,031,452.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагч байгууллага болон иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чнар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...иргэн Д.О нь манай компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа Итали Улсаас оруулж ирсэн дарсыг худалдан борлуулахаар санал гаргасны дагуу бид зөвшөөрч хамтран ажиллахаар болж харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс борлуулах дарсаа түүнд өгч төлбөрийг нь авах, дарс түгээлтийн автомашин худалдан авахад нь дэмжлэг үзүүлж, төлбөрийг нь төлж өгөх, харин Д.О гийн зүгээс хүлээн авсан дарсаа худалдан борлуулж, 90 хоногийн дотор төлбөрийг нь манай компанид шилжүүлэх, дарс түгээлтийн автомашин худалдан авсан төлбөрөө манай компанид буцаан төлөх зэргээр хамтран ажиллахаар болсон юм.

Дээрх тохиролцооны дагуу Д.О манай компанийн дарсыг худалдан борлуулж эхэлсэн ба бизнесээ өргөжүүлэхийн тулд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр РТ ХХК-ийг үүсгэн байгуулж, дараагийн татан авалтуудаа компанийнхаа нэрээр хийж байснаас гадна, хувийн цахим хаягаар болон компанийнхаа цахим [email protected] хаягаар бидэнтэй байнга холбогдож, дарс борлуулахаар нэмж авдаг байсан.

Д.О нь хүлээн авсан дарсны төлбөр тооцоогоо манай дансанд бүтнээр нь бус, бага багаар тасалж хийдэг байсан ба түүний үйл ажиллагаанд төлбөрийн зарим хэсгийг хасаж хөнгөлөлт үзүүлэн, төлөх дүнг нь ихээхэн багасгасан боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо бүрэн хийхгүй, хүлээлгэсээр байна.

Манай компани Д.О д итгэж өөрийн борлуулах дарсаа өгдөг байсан бөгөөд өмнөх төлбөрөө төлөхийг шаардахад би төлнө, удахгүй мөнгө ороод ирэхээр шилжүүлчихнэ гэсээр төлөөгүй учраас бид бараа нийлүүлэхээ зогсоож, агуулахад байсан борлуулаагүй үлдсэн дарсыг нь буцаан авсан юм.

Түүнчлэн РТ ХХК-ийн санхүүгийн ажилтантай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дарсны тооцоо нийлэхэд төлбөрийн үлдэгдлээ хүлээн зөвшөөрсөн атлаа захирал гарын үсэг зурж болохгүй гэсэн гээд санхүүгийн баримтад гарын үсэг зуралгүй явсан.

Санхүүгийн тооцоо нийлэхэд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн нэр дээр ирсэн 6 нэр төрлийн 161,510,124.66 төгрөгийн үнэ бүхий 8,400 ширхэг дарсыг Д.О худалдан борлуулахаар гаалиас шууд өөртөө хүлээн авснаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 13 удаагийн татан авалтаар 309,149,436.66 төгрөгийн 14,862 ширхэг дарсны төлбөр тооцоо гарсан.

РТ ХХК-иас манай компани руу дарсны төлбөрт гэж шилжүүлсэн 112,271,584 төгрөг, борлогдоогүй буюу агуулахаас буцаан авсан 804 ширхэг дарсны үнэ 19,046,400 төгрөгийг тус тус төлбөрийн дүнгээс хасаж тооцоход 177,831,452.66 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Дээрх тооцооноос гадна, Д.О г шинээр бизнес хийж, бие даан үйл ажиллагаа явуулах гэж байгааг нь дэмжин дарс түгээх, борлуулалтын автомашин худалдан авахад нь зориулж манай компани 13,200,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр түүний нэр дээрх Х банкны данс руу нь шилжүүлсэн. Уг мөнгөөр автомашин авсан тухайгаа бидэнд мэдэгдэж, худалдан авсан автомашины зургийг хүртэл ирүүлж байсан баримт бий. Уг автомашины үнийг дараа тооцоогоор төлөхөөр тохирсон ч Д.О мөн л буцаан төлөөгүй байгаа.

Талуудын хооронд хийгдсэн тохиролцооны дагуу манай компани дарс нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Д.О , түүний РТ ХХК-ийн зүгээс өмнө нь борлуулахаар авсан дарсны төлбөрөө бүрэн төлөөгүй, төлбөр дээрээ дахин нэмж дарс авдаг байсан, төлбөр тооцоог хугацаанд нь хийхгүй гэрээний зөрчил гаргадаг, төлбөрийн үлдэгдлээ бүрэн төлж дуусгаагүй орхисон зэргээс шалтгаалан хариуцагч талтай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон юм.

Манай компанийн зүгээс бусад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Бараа нийлүүлэх гэрээгээ РТ ХХК-д /РД:......../ шилжүүлж, төлбөр тооцоог тус компанийн Х банк дахь 432034099 тоот дансанд шилжүүлэх зөвшөөрөл өгч, түүний үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүлж байсан ч бидний итгэлийг алдсан билээ. Тус компанийн дарс борлуулалтын үйл ажиллагааг судлан үзэхэд дэлгүүр, худалдааны төвүүдээс дарсны төлбөр, тооцоог РТ ХХК-д шилжүүлсэн байхад хариуцагч тал тэдгээр төлбөрийг хүлээн авсан атлаа манай компанид шилжүүлээгүй байсныг нь бид олж мэдсэн.

Д.О , түүний РТ ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалан манай компанид их хэмжээний хохирол учирсан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хэлэлцэн тохирсон төлбөр тооцоогоо өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа РТ ХХК-иас дарсны төлбөрийн үлдэгдэл 177,831,452.66 төгрөг, түүний захирал Д.О гоос түгээлтийн автомашин худалдан авсны төлбөр 13,200,000 төгрөг, нийт 191,031,452.66 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Д.О нь нэхэмжлэлд дурдсанчлан хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй. Харин түүний хувьцаа эзэмшдэг РТ ХХК нь К ХХК-тай дарс борлуулах гэрээг амаар байгуулж 2022 оны 11 сар хүртэл тодорхой тооны дарсыг худалдан авч борлуулан, тухай бүр дарсны үнийг тус компанид төлдөг байсан.

РТ ХХК нь нэхэмжлэлд дурдсанчлан 309,149,436 төгрөгийн барааг аваагүй. Харин 2022 оны 11 сарын байдлаар талуудын нягтлан бодогч нар өгсөн, авсан барааны тооцоо, төлбөрийн үлдэгдлийг тооцож үзэхэд РТ ХХК нь К ХХК-иас нийт 138,633,197 төгрөгийн бараа авснаас 117,543,168 төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэлд 112,271,584 төгрөг төлсөн гэж 271,584 төгрөгийн төлбөрийг дутуу тусгажээ.

Улмаар РТ ХХК-ийн зүгээс нэхэмжлэлд дурдсанчлан 804 ширхэг борлогдоогүй дарс буюу 19,046,400 төгрөгийн үнэ бүхий дарсыг К ХХК-д буцаан өгсөн. Мөн К ХХК-ийн захирал К В нь 2 сая орчим төгрөгийн дарсыг өөрийн хэрэгцээндээ зориулж буцаан авсан байдаг.

Мөн К ХХК-ийн зүгээс 12 удаагийн баримтаар 114,788,463 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивж, тус дүнгээр бараа нийлүүлсэн гэж татварт тайлагнасан байна.

Өөрөөр хэлбэл, Д.О болон РТ ХХК нь К ХХК-д ямар нэгэн дарсны төлбөрийн үлдэгдэлгүй, аливаа хэмжээгээр төлбөр төлөх үүрэггүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх буюу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримтуудыг нэхэмжлэлд хавсарган өгч, хариуцагчийг үндэслэлгүйгээр гүтгэсэн, бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргажээ.

Тодруулбал, нэхэмжлэлд хавсаргасан дарсны тооцоо болон зарлагын баримтууд нь үндэслэлгүй, зөвхөн нэг талын нягтлан бодогч гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагчийн зүгээс тус тооцоо болон зарлагын баримтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт байхгүй, зарлагын баримтад дурдагдсан дарсыг хүлээж аваагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

К В болон Д.О нар нь хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдрагч байсан бөгөөд үүний дараа ч найз, нөхдийн холбоотой, найрсаг харилцаатай бизнес хамтрагчид байсан. К В нь Д.О д бизнесийн үйл ажиллагааг нь дэмжихээр автомашин бэлэглэхээр болж 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үнэ болох 13,200,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Улмаар Д.О нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Mazda Vongo маркийн автомашиныг худалдаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл тус автомашиныг авах мөнгийг бэлэг болгож өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд автомашины үнийг дараа тооцоогоор төлөхөөр тохирсон гэж нотлох баримтгүй нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөрийг шилжүүлнэ. гэж заасан тул бэлэг болгож өгсөн автомашины төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, Г.М нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн цахим сангаас татсан РТ ХХК-ийн мэдээлэл, Д.О гийн иргэний үнэмлэхийн хувилсан хувь, К ХХК-иас Р ХХК-д хүлээлгэн өгсөн дарсны тооцоо гэх хүснэгт, К ХХК-иас Фат кайт ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 31/21 дугаар, Уулс трейд ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 32/21 дугаар, Номин тав трейд ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 33/21 дугаар, Тэнгэрийн хүү ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34/21 дугаар, Монгол өлгий ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 36/21 дугаар, РК ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 37/21 дугаар, ДТ ХХК-д хүргүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 38/21 дугаар, Би мүгэн ХХК-д хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 41/21 дугаар Гэрээ шилжүүлэх тухай албан бичгүүд, Улаанбаатар хотын гаалийн газарт хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 42/21 дугаар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 45/21 дугаар итгэмжлэлүүд, дарс хүлээлгэн өгсөн гэх /2022.5.03, 2022.5.17, 2022.6.09, 2022.6.21, 2022.7.28, 2022.8.10, 2022.8.31, 2022.9.16, 2022.10.04, 2022.11.23, 2022.11.29, 2022.11.30, 2022.12.31/ зарлагын баримтууд, РТ ХХК-ийн [email protected] хаягаас К ХХК-ийн [email protected] хаягт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн гэх зурвас, хавсралтын үзүүлэлт, Р ХХК-иас шилжүүлсэн дарсны орлого болон буцаан авсан дарсны жагсаалт гэх хүснэгт, К ХХК-иас Д.О д 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 13,200,000 төгрөг шилжүүлсэн, Д.О гоос Б.Бт 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 13,215,000 төгрөг шилжүүлсэн Х банкны гүйлгээний баримт, NR нэртэй СиДи 1 ширхэг /1хх 4-46/-ийг,

 

3.2. хариуцагч талаас: Х.Ч, Д.З, Б.А нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, РТ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, barimt.com, dorgio.mn сайтуудаас татсан нийтлэл /2019.9.09, 2019.12.09/, НӨАТ-ын төлбөрийн баримт /2022.6.30, 2022.9.30, 2022.10.31/, РТ ХХК /Д.О /-иас К ХХК-д дарсны төлбөрт шилжүүлсэн Х банкны /2019.10.04, 2020.3.31, 2021.10.05, 2021.11.22, 2021.12.08, 2022.1.03, 2022.2.28, 2022.3.08, 2022.4.07, 2022.5.04, 2022.5.06, 2022.5.09, 2022.8.02, 2022.8.04, 2022.8.16, 2022.8.19, 2022.8.29, 2022.9.15, 2022.11.25/, Голомт банкны /2022.11.04/ гүйлгээний баримтууд, Х банк дахь Д.О гийн ........ дугаар данс /2023.12.04/-ны хуулга /1хх 53, 56, 63-66, 71-78, 81-113, 206, 219/-ыг тус тус гаргаж өгсөн.

 

3.3. нэхэмжлэгч талын хүсэлтээр:

3.3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/02815 дугаар захирамжийн дагуу:

- РТ ХХК-ийн [email protected] болон тус компанийн санхүүгийн ажилтны [email protected] хаягаас К ХХК-ийн [email protected] хаягт илгээсэн 2022 оны 4 дүгээр сарын 29, мөн оны 7 дугаар сарын 29, 8 дугаар сарын 01, 11 дүгээр сарын 10, 11, 14, 17, 18-ны, 12 дугаар сарын 10-ны өдрүүдийн цахим зурвас, түүнд хавсаргасан баримтууд,

- NR нэртэй СиДи-нд хадгалагдаж буй В.К , Д.О нарын харилцсан цахим зурвас, бичлэг зэрэгт үзлэг хийсэн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, хавсралтууд /1хх 119-176, 234-249, 2хх 1-25/-ыг,

 

3.4. хариуцагч талын хүсэлтээр:

3.4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2024/10567 дугаар захирамжийн дагуу:

- гэрч Ц.Г өөс мэдүүлэг авсан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл,

- barimt.com сайтад байршуулсан 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Гадаад найз залуутай МНТМодел Нора найз залуугаа танилцууллаа гэсэн гарчиг бүхий нийтлэл, dorgio.mn сайтад байршуулсан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Нора Дагва амьдралынхаа ханиар гадаад залууг сонгожээ гэсэн гарчиг бүхий нийтлэлд үзлэг хийсэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /1хх 187-198/-ийг,

 

3.4.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/22287 дугаар захирамжийн дагуу:

- гэрч П.Б аас мэдүүлэг авсан 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл /2хх 30-34/-ийг тус тус бүрдүүлсэн.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч РТ ХХК-иас 177,831,452.66 төгрөг, хариуцагч Д.О гоос 13,200,000 төгрөг, нийт 191,031,452.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ Д.О той амаар хийсэн хэлцлийн үндсэн дээр түүний үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг РТ ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 12-ноос 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 309,149,436.66 төгрөгийн үнэ бүхий 14,862 ширхэг дарс нийлүүлсний үлдэгдэл төлбөр 177,831,452.66 төгрөгийг, түүний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж дарс түгээх, борлуулалтын автомашин худалдан авахад нь зориулж 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 13,200,000 төгрөгийн хамт буцаан гаргуулна гэжээ.

2. Хариуцагч РТ ХХК, Д.О нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 309,149,436.66 төгрөгийн үнэ бүхий бараа аваагүй, энэ талаарх нотлох баримт байхгүй, харин 2022 оны 11 сарын байдлаар нийт 138,633,197 төгрөгийн бараа авснаас 117,543,168 төгрөгийн төлбөрийг төлж, 19,046,400 төгрөгийн үнэ бүхий борлогдоогүй үлдсэн 804 ширхэг дарсыг буцаан хүлээлгэж өгсөн, мөн К ХХК-ийн захирал К В нь 2,000,000 орчим төгрөгийн дарсыг өөрийн хэрэгцээнд буцаан авсан тул өр төлбөрийн үлдэгдэлгүй, түүнчлэн К В , Д.О нар хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдрагч байсан ба энэ үед Д.О гийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж дарс түгээх, борлуулалтын автомашин худалдан авахад нь зориулж 13,200,000 төгрөгийг бэлэг болгон өгсөн тул уг төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй хэмээн маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх эсэх асуудлаас наана хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай шүүгч захирамж гаргахаар тус тус заасан.

 

5. К ХХК-ийн ерөнхий захирал К В -гоос гаргасан дээрх нэхэмжлэлийг шүүх 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

 

6. К ХХК нь 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн ...... дугаарыг авсан, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 1 гишүүнтэй компани байх бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч К В болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна. /1хх 5-8/

7. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд тус компанийн дүрмийн 7.3-т ерөнхий захирал нь хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар заажээ.

 

8. Иймээс нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх тохиолдлоор хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэнэ.

 

9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараас үзвэл анхлан Д.О нь К ХХК-д ажиллаж байхдаа тус компанийн Итали Улсаас оруулж ирсэн дарсыг цаашид худалдан борлуулахаар амаар харилцан тохиролцож, улмаар өөрийн үүсгэн байгуулсан РТ ХХК-иар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 12-ноос 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд К ХХК-иас нийлүүлсэн дарсны үнийг төлдөг байсан үйл баримт тогтоогдсон. /1хх 18-25/

11. РТ ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, регистрийн ........ дугаарыг авсан, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 1 гишүүнтэй компани байх бөгөөд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Д.О байна. /1хх 64-66/

 

12. Тус компани нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө өөрөө хариуцах тул хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий иргэний дарс хүлээн авсан гэх явдал түүнийг үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлох нөхцөл биш болно.

 

13. Дээрхээс үзвэл К ХХК, РТ ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлснээр мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан хэлцэл хийгджээ.

 

14. Худалдах-худалдан авах гэрээ байгуулах хэлбэрийг хуулиар тогтоогоогүй ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

15. Харин Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийх, мөн зүйлийн 262.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг заавал тусгах юм.

 

16. Эдгээр нөхцөлүүд хангагдаагүй, талууд бодит үйлдлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан тул талуудын хоорондын эрх зүйн маргааныг ердийн худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

17. Зохигчид хэлцлийн агуулга, нийлүүлсэн дарсны тоо хэмжээ, эргэн төлөгдөх үнийн дүнгийн талаар маргаантай байна.

 

18. К ХХК-иас нийлүүлсэн гэх дарсны тооцоо, зарлагын баримтууд нь нэг талын үйлдсэн баримт байхаас гадна, 2022 оны 10 дугаар сарын 04, мөн оны 11 дүгээр сарын 23, 29, 30-ны өдрүүдийн зарим зарлагын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагад нийцээгүй. /1хх 16-17, 28-39, 43-44/

 

19. Нөгөөтээгүүр, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалын хавсралтаар баталсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-ын дагуу бичигдээгүйгээс үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн сацуу нэг талын баримтыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд уг баримт нь нотолгооны хэрэгсэл болж чадахгүй юм.

 

20. Түүнчлэн К ХХК-иас Улаанбаатар хотын гаалийн газарт гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 42/21 дугаар итгэмжлэлээр Л ХХК-ийн ажилтан Э.Ж, Б.Э, Ц.Э, Б.Э нарт өөрийн компанийн нэр дээр ирж буй бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг хийж, хүлээн авах эрхийг, харин МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид гаргасан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 45/21 дугаар итгэмжлэлээр Д.О д өөрийн компаниас импортлон оруулж ирж байгаа дарснуудын дээж сорьцыг шинжилгээнд өгөх эрхийг тус тус олгосноос үзвэл нэхэмжлэгчийн ...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн нэр дээр ирсэн дарсыг Д.О худалдан борлуулахаар гаалиас шууд өөртөө хүлээн авсан... гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /1хх 12, 26-27/

 

21. Хэдийгээр РТ ХХК-ийн ажилтан П.Б гэрчийн мэдүүлэгтээ ...2021-2022 онд РТ ХХК-д түгээгч, борлуулагчаар ажиллаж байхдаа К ХХК-ийн агуулахаас очиж дарс хүлээн авахдаа баримт үйлдэж, гарын үсгээ зурдаг байсан... талаар мэдүүлэх боловч тэрээр эх сурвалжаа зааж чадаагүйн гадна, мэдүүлэг нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй болно. /2хх 30-34/

 

22. РТ ХХК-иас гэрээний дагуу төлсөн гэх Х банк, Голомт банкны мөнгөн гүйлгээний баримтуудаас үзвэл тус компани нь өөрийн болон гүйцэтгэх захирал Д.О гийн дансаар дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 05-наас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 19 удаагийн гүйлгээгээр нийт 112,007,584 төгрөгийг РТ ХХК виноны төлбөр, Baraanii tootsoo, Виноны төлбөр, РТ ХХК, R.... trade llc, chianti tulbur, Wine төлбөр гэсэн утгаар К ХХК-д шилжүүлсэн байх бол Д.О гийн данснаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 280,000 төгрөгийг 2 box wine гэсэн утгаар, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг гүйлгээний утгагүйгээр К В -гийн дансанд тус тус шилжүүлжээ. /1хх 93-113/

 

23. Талууд 19,046,400 төгрөгийн үнэ бүхий борлогдоогүй үлдсэн 804 ширхэг дарсыг буцаан татсан үйл баримтад хэн алин маргаагүй бөгөөд энэ нь он цаг хугацааны хувьд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон гэх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй.

 

24. РТ ХХК-ийн ажилтан Ц.Г гэрчийн мэдүүлэгтээ ...2020-2022 онд РТ ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ... К ХХК-тай холбоотой дарс худалдан авах болон НӨАТ-ын баримт шивэх ажлуудлыг хийдэг байсан. Энэ ажлыг хийхдээ улиралд нэг, шаардлагатай гэж үзвэл сардаа гаргадаг байсан. Хамгийн сүүлд ... 11 дүгээр сарын 10-ны өдрийн хавьцаа би тооцоогоо гаргаж байсан. ... цахимаар өгөөд очиж тайлбарласан. Ямар нэгэн гарын үсэг зураагүй. ... гэж мэдүүлжээ. /1хх 81-92, 188-190/

 

25. РТ ХХК-ийн [email protected] хаягаас К ХХК-ийн [email protected] хаягт илгээсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн цахим зурваст ...РТ ХХК нь 19,867,680 төгрөгийн өглөгтэй... гэх тооцооны үлдэгдлийн баталгааны загварыг үйлдсэн байх ба энэ хугацаанаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр РТ ХХК-иас 720,000 төгрөгийг chianti tulbur гэсэн утгаар К ХХК-ийн дансанд шилжүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр К ХХК нь 19,046,400 төгрөгийн үнэ бүхий борлогдоогүй үлдсэн 804 ширхэг дарсыг РТ ХХК-иас буцаан татсан байна. /1хх 119-176, 234-249, 2хх 1-25/

 

26. Иймд К ХХК нь РТ ХХК-иас 177,831,452.66 төгрөгийн авлагатай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй дүгнэв.

 

27. Харин автомашин худалдан авахад нь зориулж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд Д.О нь К ХХК-тай хийсэн аливаа хэлцлийн дагуу уг төлбөрийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн байдал тогтоогдсонгүй.

 

28. Өөрөөр хэлбэл, К В нь Д.О той хувийн дотно харилцаатай байх үедээ түүний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж дарс түгээх, борлуулалтын автомашин худалдан авахад нь зориулж өөрийн компанийн дансаар дамжуулан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 13,200,000 төгрөгийг машины төлбөрт гэсэн утгаар шилжүүлсэн, улмаар Д.О нь 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Mazda Vongo маркийн автомашиныг худалдаж авсан үйл баримтад хэн алин маргаагүй. /1хх 45, 191-198/

 

29. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэхээр, мөн зүйлийн 276.2 дахь хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заасан.

 

30. Иймээс Д.О тухайн мөнгөн хөрөнгийг ямар нэгэн хариу үүрэг хүлээлгүйгээр шилжүүлэн авсан гэж үзэхээр байх тул К ХХК нь түүнээс 13,200,000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй.

 

31. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч РТ ХХК, Д.О нараас 191,031,452.66 төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

32. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. /1хх 4, 46/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч РТ ХХК, Д.О нараас 191,031,452.66 төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН