| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0373/э |
| Дугаар | 0422 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 0422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир
улсын яллагч: Г.Эрдэнэ
шүүгдэгчийн өмгөөлөгч : С.Э
шүүгдэгч: М.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт М П холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725011878 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт М П, 19 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн А суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлтийн техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн А сумын дүгээр баг Т тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:ЗА
Холбогдсон хэргийн талаар:
М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хороо Б тоотод хохирогч Б.Б гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч М.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж тайлбарлах зүйлгүй гэв.
Шүүгдэгч М.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хадам ах Б хамт архи уусан. Бид хоёр 2 шил архи уусан. Тэгээд ахыг нилээн согтохоор нь би гэрлүү нь оруулж өгчихөөд явсан. Тухайн үед архи ууж байхдаа бид хоёр маргалдсан. Бие биенийгээ ганц нэг удаа цохисон. Өөр зүйл болоогүй гэжээ. /хх-ийн 26/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Намайг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэртээ унтаж байтал өглөө 12.00 цагийн орчимд төрсөн дүү Н нөхөр болох хүргэн дүү П гэрт ирээд бид хоёр хамт гэрээс гарсан. Гэрээс гарч яваад манай найз Ж гэрт очсон. Ж гэрт очиход Ж найз нь гээд бас нэг залуу байсан бөгөөд дөрвүүлээ нийлж 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгээд Ж гэрээс үдээс хойш 15.00 цаг өнгөрч байхад Улаанаа, хүргэн дүү П нарын хамт гараад манайх руу явсан. Манайд 16.00 цагийн орчимд ирээд дахин 0.5 литрийн архи 1 шилийг авч хувааж ууцгаасан. Тэгээд би П өмнө нь манай хүүхдийг алгадаж байсныг хэлээд маргалдахад П намайг босож ирээд цохиж авсан. Би цохилтонд нь хойш савж уначихаад буцаж босож ирээд ширээн дээр байсан гар утсыг нь барьж аваад П луу шидсэн боловч гар утас нь П онолгүй газар унаад таг, батерей гэх мэтийн зүйлс нь хэдэн хэсэг болоод тараад унасан. Тэгтэл П нь бүр уурлаад намайг барьж аваад газарт унагаагаад дээрээс нүүр нүдгүй цохиж зодож эхэлсэн бөгөөд тэгж зодож байхдаа миний гаран дээр удаа дараа дэвсэлж гар хугалсан. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Миний дагавар хүү Ц нь 2015 онд намайг ажлаа тараад ирэхэд баасандаа хутгалдчихсан уйлаад сууж байхаар нь би яасан гэсэн чинь П ах намайг өшиглөөд алгадсан гэж хэлсэн түүнээс хойш би жоохон үл ойлголцсон байдлаар харьцаад байсан юм. Миний нүүр тэр чигтээ хавдаж хөхөрсөн, зүүн гарын шууны яс 4 хугарсан, баруун гар хавдсан гэмтэл учирсан гэжээ. /хх-н 14-17/
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 10-ний өдөр манайх гэрийн буйр цутгасан. Буйрыг манай нөхөр Б, хүргэн П хоёр цутгаад дууссан. Тэгээд ганц шил архи задалж ууцгаасан. Манай нөхөр гэрт орж унтах гээд орсон. Би 3 хүүхэдтэйгээ айлд очиж хонохоор явсан. Маргааш нь нөхөрлүүгээ залгасан чинь гар утас нь болохгүй байсан. Гэтэл П манай нөхрийг дагуулаад гарсан юм байлаа. Би 2 хоночихоод гэртээ иртэл манай нөхөр босож чадахгүй болчихсон байсан. Гэрийн дэвсгэр буюу шалны дрож битүү цус болсон байсан. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан. Манай гэр авахын аргагүй болчихсон байхаар нь би ахындаа байж байхад П ирээд танай нөхрийг би зодчихсон юм гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод байж байтал П араас ирсэн. Би яагаад ахыгаа ийм болтол нь зодож байгаа юм бэ гэхэд эднийхэн дургүй хүргээд байгаа юм гэж хэлсэн. Би цагдаа дуудсан шүү манай нөхөр өдөрт гэртээ ирэхдээ 70-80 мянган төгрөг авч ирдэг юм шүү гэж хэлсэн. П согтуугаар машинаа унаад яваад өгсөн. Манай нөхөр гэртээ 4 хоног хэвтсэн сүүлдээ бүр өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь гар нь хугарчихсан байсан юм гэжээ./ хх-н 22-23 /
Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 5-6 жилийн өмнө машинаа янзлуулж байхаар Б танилцаж найз болсон. Б дамжуулж түүний хүргэн П 3-4 жилийн өмнө танилцаж байсан. 2017 оны 5 дугаар сарын 9-ны өдөр би өөрийн 4870 УНН улсын дугаартай Хьюндай Верна Аксент маркийн машинаар найз У хамт халтуур хийж яваад шөнө 03.00 цагийн орчимд цугтаа манайд ирж амарсан. Хэрэг болсон өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 12.00 цагийн орчимд Б, П 2 манайд ирсэн. Тэр хоёр ирэхдээ 2 шил архи авчирсаныг бид 4 хувааж уусан. 14.00 цагийн орчимд Б, П нар гэртээ харина гээд явсан. Улаанаагийн гэр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн хуучин эцэст байдаг болохоор гэрлүүгээ явахаар тэр 2-той хамт явсан. Би түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. 3-4 хоногийн дараа Б утсаар яриад тэр өдөр П намайг зодоод гар хугалсан байна гэж хэлсэн. Улаанаагийн аав нь Сансарын клонк дээр машинаараа халтуур хийдэг юм гэжээ. / хх-н 24/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Хэрэг болсоноос хойш олон сар өнгөрсөн болохоор зарим зүйлийг мартсан байна. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад 21.00 цагийн орчимд аавын гэрт очиход манай ээж П, Б нар хоорондоо архи уусан байхдаа зодолдсон байна гэж А хэлсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед Батбүрэн ах, А эгч нартай уулзаагүй болохоор яг юу болсон талаар нарийн мэдээгүй юм. П бид хоёр 2005 онд танилцаж байсан. 2007 оноос хойш гэр бүл болон амьдарч байна. Нэг охин нэг хүүтэй, Манай нөхөр уг нь хүнтэй муудалцаад маргалдаад байдаггүй юм. Даруухан зантай. Гэр бүлдээ халамжтай сайн аав байгаа юм. Б ах П хоёрын хооронд хэрүүл маргаан гарч байгаагүй гэжээ. / хх-н 67-68/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 28/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 6527 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Б.Б биед богтос ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 31, 64/
М.П хувийн баталгаа гаргах таслан сэригийлэр арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 65-66/
М.П эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-54,61-63/
М.П иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27,32 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 33/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 36-37/ зэрэг болно.
М.П нь 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн дүгээр хороо Б тоотод хохирогч Б.Б гэрт өөрийн хүүхдийг зодлоо гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Б.Б биед богтос ясны хугарал, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи, баруун сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 6527 тоот дүгнэлт /хх-ийн 30/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Манайд 16.00 цагийн орчимд ирээд дахин 0.5 литрийн архи 1 шилийг авч хувааж ууцгаасан. Тэгээд би П өмнө нь манай хүүхдийг алгадаж байсныг хэлээд маргалдахад П намайг босож ирээд цохиж авсан. Би цохилтонд нь хойш савж уначихаад буцаж босож ирээд ширээн дээр байсан гар утсыг нь барьж аваад П луу шидсэн боловч гар утас нь П онолгүй газар унаад таг, батерей гэх мэтийн зүйлс нь хэдэн хэсэг болоод тараад унасан. Тэгтэл П нь бүр уурлаад намайг барьж аваад газарт унагаагаад дээрээс нүүр нүдгүй цохиж зодож эхэлсэн бөгөөд тэгж зодож байхдаа миний гаран дээр удаа дараа дэвсэлж гар хугалсан. Миний нүүр тэр чигтээ хавдаж хөхөрсөн, зүүн гарын шууны яс 4 хугарсан, баруун гар хавдсан гэмтэл учирсан гэсэн мэдүүлэг /хх-н 14-17/
Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …манай нөхөр босож чадахгүй болчихсон байсан. Гэрийн дэвсгэр буюу шалны дрож битүү цус болсон байсан. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан. Манай гэр авахын аргагүй болчихсон байхаар нь би ахындаа байж байхад П ирээд танай нөхрийг би зодчихсон юм гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очоод байж байтал П араас ирсэн. Би яагаад ахыгаа ийм болтол нь зодож байгаа юм бэ гэхэд эднийхэн дургүй хүргээд байгаа юм гэж хэлсэн. Манай нөхөр гэртээ 4 хоног хэвтсэн сүүлдээ бүр өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь гар нь хугарчихсан байсан юм гэсэн мэдүүлэг / хх-н 22-23 / зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Т.П нь Б урьд нь хүүхдийг минь зодож байсан гэсэн асуудлаас болж маргалдан зодолдож биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Т.П хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Т.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт М П хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.П 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.П нь торгох ялыг 4 сарын дотор нэг сард 125.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. М.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.П хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.П нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.П авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН