Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0243

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г, Г.Б,

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э, Н.Б*******, Т.Б,

Маргааны төрөл: Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичиг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Н.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н*******г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Т” ХХК, “О*******” ХХК-ийн нарын хооронд байгуулсан “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-ээр С******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрын цахилгаан дулааны тоног төхөөрөмж, орон сууцны зоорийн давхарт байрлах узелийн өрөө, гадна дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ зэргийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.
  3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “Т” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2 жилээр сунгажээ.

3.1. Нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолоор мөн хорооны 2020 оны 466 дугаар тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд “Т” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд “С******* дүүргийн 19 дүгээр хороонд байрлалттай 0.95 Гкал/ц-ийн дулааны ачаалалттай, ******* дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв”-ийг нэмжээ.

3.2. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар тогтоолоор “Т” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

  1. С******* дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай ******* дугаар орон сууцыг хариуцан ажилладаг “*******” СӨХ-оос 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/42 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан байна.

4.1. Эрчим хүчний хороо дээрх гомдлыг хүлээн аваад маргаан бүхий акт болох тус хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр “… “******* сууц өмчлөгчдийн холбоо”-ноос дулааны узелийн цахилгааны төлбөрийг хариуцах эзэнгүй байгаагаас шалтгаалан өр төлбөр үүсэж уг орон сууцны хэрэглэгчид ус дулаанаар хязгаарлуулж байгаа тухай гомдлыг …ирүүлсэн. … Иймд Хорооны дээрх тогтоолд батлагдсанаас хойших хугацаанд хамаарах тухайн байрны ус, дулаан дамжуулах төвийн цахилгааны зардал 34,809,439 төгрөгийг танай компани … төлөх хуулийн үндэслэлтэй тул “*******” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан дээрх төлбөрийг хариуцан төлөхийг үүгээр мэдэгдэж байна. …” гэсэн хариуг “Т” ХХК болон ******* сууц өмчлөгчдийн холбоо, ******* ТӨХК-д тус тус хүргүүлсэн байна.

  1. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Эрчим хүчний зохицуулах хорооны даргад хандан гомдол гаргахад тус хорооны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 04/1021 дүгээр албан бичгээр “… таны гаргасан гомдлын дагуу Хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэх хариуг өгчээ.
  2. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг тус шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10306 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.
  3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Т” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч орон нутгийн газрын дарга Д.А*******гийн гарын үсэг бүхий 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Маргаж буй дугаартай албан бичиг, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 04/1021 тоот албан бичгээр “Т” ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болох нь харагддаг.

Тус компанийг цахилгааны эрчим хүчний төлбөрт 34,809,439 төгрөг төлөх ёстой мэтээр тоот албан бичигт дурьдсан. Энэхүү албан бичгийг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж буй “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, “О*******” ХХК болон “Т” ХХК-д тус тус холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нотлох баримтаар гарган өгөөд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж байгаа болно.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар цахилгааны эрчим хүчний төлбөртэй холбоотой маргаан нь хэргийн харьяаллын хувьд шүүхэд хамаарах бөгөөд өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж, “Т” ХХК-ийг төлөх ёсгүй өр төлбөрт оруулан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой зөрчиж байгаа тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно.

… “Т” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл болно.

дугаартай албан бичиг нь гадагш чиглэсэн, тодорхой үйл явдлыг болж өнгөрсөн гэдгийг тогтоож, хариуцлага хүлээх этгээдийг заан мэдэгдсэн байх тул захиргааны акт гэж үзэж байна. 

... а. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө. гэсэн байдаг. Дээр дурьдсан асуудлаар ямар нэгэн хурал болоогүй.

б. “Т” ХХК-д дугаартай албан бичиг гарч байгаа талаар огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй.

в. дугаартай албан бичиг нь Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-г үндэслэж гарсан. Тус хуулийн 26.1-т: “Тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно.” гэжээ.

“*******” сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн гэх гомдолтой ямар ч хамааралгүй хуулийн зүйл хэсгийг үндэслэн албан бичиг төлөвлөснийг илт хууль бус гэж үзэж байна.

г. Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэмд зааснаар Хорооны хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ёстой. дугаартай албан бичиг нь тогтоол биш тул дагаж мөрдөх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно.

д. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна. гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл тус хорооны Хэрэглэгч, орон нутгийн газрын дарга Д.А******* нь Эрчим хүчний зохицуулах хорооны чиг үүрэгтэй хамааралгүй асуудлаар албан бичиг төлөвлөсөн байгаа болно.

е. Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэгч өөрийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө гэрээний хугацаандаа төлөөгүйгээс авлага үүсгэсэн, төлөхөөс зайлсхийсэн, хангагч талтай байгуулсан авлага хэсэгчлэн барагдуулах гэрээний үүргээ зөрчсөн бол албадан төлүүлэх зорилгоор харьяа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн байдаг.

Энэ асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргад гомдол гаргасан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариу гарсан тул шүүхэд хандаж байгаа болно” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… тухайн албан бичгээс шалтгаалж тухайн “Т” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж нийт ус дулаан, цахилгааны төлбөрт 34,809,439 төгрөгийг төлөх эрсдэл үүсэж байгаа гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Дээрх тоот албан бичгийн хэд хэдэн хуулийн зүйл заалтыг баримтлаагүй мөн зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Нэгт Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зохицуулах хороо нь аливаа асуудлыг шийдвэрлэхдээ зохицуулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ, хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Тухайн тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “Т” ХХК ч байдаг юм уу, тийм компаниуд нь тухайн тогтоолыг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалт байдаг боловч дээрх “Т” ХХК-тай холбоотой асуудлаар ямар нэгэн байдлаар хурал зөвлөгөөн огт болоогүй. Хоёрт дугаартай албан бичгийг нэхэмжлэгч талын зүгээс огт мэдэгдээгүй. Тухайн бичиг баримт гарсан болох нь иргэний шүүх дээр асуудал үүсээд ирэнгүүт нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон байдлаар гаргасан баримт дунд нь байсан учир тухайн үйл явдалд мэдсэн байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй байгаа. Гуравт тухайн албан бичиг нь Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэж гарсан. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тарифыг эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагаа тус бүрээр тогтооно гэж заасан. Харин ******* тоот сууц өмчлөлийн холбооноос ирүүлсэн гэх гомдолтой ямар ч хамааралгүй хуулийн зүйл хэсгийг үндэслээд албан бичгийг төлөвлөсөн нь илт хууль бус гэж үзэж байгаа. Дөрөвт Эрчим хүчний тухай хуульд Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэмд зааснаар хорооны хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ёстой. Тухайн албан бичиг нь тогтоол биш тул дагаж мөрдөх эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Тавт нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тухайн Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна гэж заасан. Харин Хэрэглэгч, орон нутгийн газрын дарга Д.А******* нь Эрчим хүчний зохицуулах хорооны чиг үүрэгтэй ямар нэгэн байдлаар хамааралгүй асуудлаар албан бичиг төлөвлөсөн байгаа. Хамгийн сүүлд нь гэвэл Эрчим хүчний тухай хууль, цахилгаан эрчим хүч хангах гэрээнд хэрэглэгч өөрийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөөгүй байгаа тохиолдолд авлага өглөгтэй холбоотой эсхүл төлөхөөс зайлсхийсэн ч байдаг юм уу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой асуудлыг үүргээ зөрчсөн гэж үзэж албадан төлүүлэх зорилгоор харьяа шүүхийн байгууллагад шийдвэрлүүлнэ гэсэн байгаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс хамаарч Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгч, орон нутгийн газрын дарга Д.А*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “…Уг албан бичгээр нэхэмжлэгч “Т” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул уг тогтоол батлагдсанаас хойших хугацаанд хамаарах хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар. бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар Хорооны 2024 оны дугаар албан бичиг нь захиргааны актын шинжүүдийг бүрэн хангахгүй байна. Учир нь маргаан бүхий албан бичиг нь эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй. Мөн захирамжилсан шийдвэр биш бөгөөд хуулийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, татгалзсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан албан бичиг биш юм.

Иймд Хорооны 2024 оны дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа гэсэн захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг нь захиргааны акт биш байгаа юм. Яагаад гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захирамжилсан эрх зүйн үр дагавар бий болгосон албан бичиг биш. Гэтэл үүнийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны акт гэж үзсэн байна. Тийм учраас дахиж үргэлжлүүлээд маргах боломжгүй болчихсон байна. Гэхдээ захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаагаа дурдаад хэлчихье. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойгүй ярьж байна. Нэг бол маргаан бүхий акт нь илт хууль бус гэх юм, нэг болохоор Д.А*******гийн албан бичгийг хүчингүй болгоё гэх юм. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тодруулга авахад Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгийг хүчингүй болгох гэсэн байсан. Энэ дээр ямар үндэслэлээр, ямар хуулийн зүйл заалтаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэж хүчингүй болгуулах гээд байгаагаа тодорхой тайлбарлаж чадахгүй байна гэж үзэж байна. Уг акттай холбоотойгоор дараах тайлбарыг хэлье. Эрчим хүчний зохицуулах хорооны маргаан бүхий акт нь “Т” ХХК-ийн үйлчлэх хүрээнд нэмэлтээр орсон ******* дугаар байртай холбоотой. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20/174 дүгээр албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд уг байрыг өөрийнхөө тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлтээр оруулах хүсэлтийг ирүүлсэн. Үүнтэйгээ хамт холбогдох материалуудаа ирүүлээд хүсэлтийнх нь дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 25 дугаар тогтоолыг гаргасан байгаа. Энэ нь уг компани нь өөрсдийнхөө хүсэлтээр ******* дугаар байрны 155 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангана, халуун хүйтэн усаар нь хангана гэдэг эрхээ Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан. Энэ эрхийг дагаад тусгай зөвшөөрлийнх нь нөхцөл шаардлага дээр нь танайх энэ эрхээ авлаа ашиг орлогоо авахаар энэ байрыг нэмлээ, үүнтэй холбоотойгоор ямар үүргүүд гүйцэтгэх вэ гэхээр дулаан түгээх, хангах үйл ажиллагааны шугам тоног төхөөрөмж дээр гарах аливаа үйл ажиллагааг хариуц, дээр нь хэрэглэгчийг найдвартай дулааны эрчим хүчээр ханга гэдэг үүргийг 2021 онд өгчихсөн байсан. Гэтэл энэ компани маань өөрөө энэ үүргээ биелүүлэхгүй өдийг хүрсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор ******* СӨХ-оос 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/42 дугаартай албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсэн. Үүнийг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 1995 оны Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяаллын дагуу ирсэн өргөдөл гомдлыг заавал хүлээн авч уг өргөдөл гомдлыг хянан үзээд үндэслэл бүхий шийдвэрлэх гэж хууль дээр заасан байгаа. Энэ хуулийн дагуу холбогдох арга хэмжээгээ авч бид тооцоо судалгаагаа хийгээд танай “Т” ХХК 2021 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 25 дугаар тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор та нар Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Мөн 26 дугаар зүйлийн 26.1 заасан тарифыг бид компаниудын үйлчлэх хүрээнд, нэмэлт агуулгад баталж өгөөд явдаг. Үүний дагуу хойш нь суугаад өгчихсөн. Гэтэл яагаад энэ ажлаа хийхгүй байгаа юм бэ? үүнтэй холбоотой 2021 оноос хойш үүссэн үүрэг чинь 34,000,000 төгрөг гаруй гарсан байна. Тэгэхээр энэ төлбөрийг танайх өөрсдөө төлөх үүрэгтэй гэдэг мэдэгдэл бүхий албан бичгийг хүргүүлсэн. Үүн дээр бас Д.А******* гэдэг хүний эрх үүрэгтэй холбоотойгоор маргаад байх шиг байна. Энэ бол маргаад байх асуудал уг нь биш юм. Яагаад гэхээр 2021 онд батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д энэ хуулийг байгууллага, хуулийн этгээд нь дагаж мөрдөх ёстой гэж заачихсан. Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т байгууллагын зохион байгуулалтын нэгж, газар хэлтсийн дарга албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, журам стандартыг өөрийн хариуцсан нэгжийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулж цаасан болон цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байх, үнэн зөв байх, бүрэн бүрдэлтэй ашиглах боломжтой байхад хяналт тавьж ажиллана гэж заасан. Үүний дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн журмыг Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолыг хавсралтаар баталсан. Энэ албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2.2-т байгууллагын удирдлага ажилтныг хүлээх үүрэг гэж заасан. Энэ журмын 2.2.1.4 дээр албан бичигт гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр индексийг батлах гэсэн чиг үүргийг байгууллагын удирдлага хэрэгжүүлдэг. Үүний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаартай тушаалаар хорооны зохион байгуулалтын бүтцийн удирдах албан тушаалтнуудын эрх үүрэг, үндсэн чиг үүргийг харгалзан албан тушаалтны индексийг хавсралтаар баталсан. Энэ хавсралтын 10 дахь мөрд Хэрэглэгч, орон нутгийн хяналтын газарт нь 9 гэсэн индексийг олгосон. Мөн журмын 3.1 дээр баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага гэж байгаа. Үүнд ямар ямар хүмүүс энэ албан бичгийг, индексийг, хэвлэмэл хуудсыг ашиглах ёстой гэдгийг заагаад өгчихсөн. Мөн индексийг батлах Эрчим хүчний зохицуулах хорооны дотоод журмын дагуу индексүүдийг батлаад явсан. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэмд Хэрэглэгч, орон нутгийн газрын дарга нь ямар эрх үүрэгтэй байх вэ гэдгийг нь тодорхой заагаад өгчихсөн. Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргаас Хэрэглэгч, орон нутгийн газар нь хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдол, маргааныг хорооны бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж байх гэдэг эрх үүргийг олгочихсон байгаа. Үүнийхээ дагуу хорооны даргаас өгсөн эрх үүрэг буюу итгэмжлэлийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь шийдвэрлээд явдаг. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 болоод 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан эрх үүргийнхээ хүрээнд хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдол болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын үүссэн маргаан мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэдэг. Тэгээд төлбөртэй холбоотой асуудлыг гэрээгээр шүүхэд хандаж зохицуулна гэдэг. Гэтэл энэ нь Эрчим хүчний тухай хуулийнхаа 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар харьяалал нь Эрчим хүчний зохицуулах хороо байдаг. Нэхэмжлэгч компанитай холбоотой өмнө нь шийдвэрлэгдэж байсан маргаануудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Маргаан бүхий асуудлаар мөн манай хороон дээр өргөдөл гомдлууд ирж байсан. Үүнийг тухай бүрд нь шийдвэрлээд хариуг нь өгөөд “Т” ХХК-иас цахилгаан дулааны узел дээр гарч байгаа цахилгааны төлбөрөө төлөөд явж байгаа. Гэтэл яагаад энэ байран дээр асуудал үүсгээд, өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа вэ? гэдэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг харуулж байгаа юм. Иймд нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
  2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… хэрэглэгчид худалдаж байгаа дулааны эрчим хүчний маань одоо батлагдсан тариф 206 төгрөг дотор байдаг түгээх үйл ажиллагаа, хангах үйл ажиллагааных нь зардал нь ус дулаан дамжуулах төвийн цахилгааны зардал. Тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч дээр хоёрхон том зар гардаг. Ажилчдын цалин, ус дулаан дамжуулагч төвийн цахилгааны зардал. 2 том тогтмол зардлынхаа нэгийг нь хэрэглэгч дээрээ хариуцуулж байгаа. Хэрэглэгч 506 төгрөгийн төлбөрөө хариуцах байтал дээр нь нэмээд 506 төгрөг дотор орсон хэсгийн төлбөрийг дахиад төлүүлээд асуудал яригдаж байгаа. Тэгээд энэ нь *******тэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулчихсан юм чинь гэрээнийхээ дагуу төлөх ёстой гээд гэрээ нь 2021 оны тогтоолын дагуу “Т” ХХК-тай байгуулах ёстой гэрээ байтал тэгээгүй. Шууд барилга барьсан компани дээр нь үлдээгээд, тэгэнгүүтээ барилга барьсан компани нь 4 жил нь дуусаад явангуут шууд СӨХ дээрээ үлдээгээд буюу иргэн дээр 150 айл буюу гурван хүн гэж бодоход 500 орчим иргэний эрхийг хөндөөд мөнгийг хэрэглэгч дээр тавьж төлүүлээд байгаа асуудал байгаа. Тийм учраас бид хуульд түгээх хангах үйл ажиллагааны зардлыг эрчим хүч үйлдвэрлэхээс хэрэглэгч хүртэлх үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааныхаа зардлыг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийнх нь борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ буюу танайх энэ хэмжээний мөнгөтэй байвал үйл ажиллагаагаа явуулж чадах юм байна гэдэг асуудлаар тавьж өгөөд хэрэглэгчийн гэж байсан 506 төгрөг дотроос тэдэн хувь нь танай дээр оногдох юм шүү гэж бид тавиад өгчихдөг. Тэгтэл тэр тавиад өгчихсөн мөнгөнд ордог зардлыг дахиад хэрэглэгчээс нь авч байгаа ийм үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Удаа дараа гаргаж байх үеийнх нь юмыг бид удаа дараалан шийдсэн. Энэ асуудал нь анх удаа мэдэхгүйгээр хийж байгаа ажил биш байгаад байгаа.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.“Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.”, 9 дүгээр зүйлийн 9.1.”Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 9.1.2.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох; 9.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;”, 9.2.“Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө”, 17 дугаар зүйлийн 17.2.”Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг: … 17.2.3.цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөрийг төлөх;”, 25 дугаар зүйлийн 25.1.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ: … 25.1.2.хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх;”, 35 дугаар зүйлийн 35.2.”Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ.” гэж заажээ.
  2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Эрчим хүчний хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж буй дулаан түгээх, дулаанаар зохиуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд С******* дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай ******* дугаар орон сууц, 1 ус дулаан дамжуулах төвийг нэмэлтээр оруулснаар нэхэмжлэгч нь тухайн орон сууцны дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үүргийг хүлээсэн байна.
  3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.”Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь “*******” СӨХ-оос гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлэж маргаан бүхий албан бичгээр хариу өгсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.“Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно: … 28.1.3.иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;” гэж зааснаар сонсох ажиллагаа хийхгүй байж болох юм.
  4. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
  5. Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг хуулиар заасан бөгөөд шаардлагатай асуудлыг хурлаар хэлэлцэж тогтоол гарган шийдвэрлэх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянаж хариу өгсөн байх тул хорооны тогтоол гаргаагүй гэж буруутгах боломжгүй юм.
  6. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 480 дугаар тогтоолыг буюу тус тогтоолоор шинэчлэн тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичигт дээрх хуулийн тус заалтыг хэрэглэсэн нь тогтоол гаргасан гэх агуулгагүй байна.
  7. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.”Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг: 17.2.3.цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөрийг төлөх;” гэж зааснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд аливаа төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
  8. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  9. Харин нэхэмжлэгч “...дээрх албан бичгийг үндэслэн иргэний хэрэг дээр төлбөрийг манайх хариуцах болно …” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий албан бичиг нь иргэний хэргийн хувьд нотолгооны нэг хэрэгсэл болох ба хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүх нь талуудын маргаж байгаа үндэслэлийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичиг болон тус хэрэгт авагдсан бусад баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой тул иргэний хэргийг шийдвэрлэхэд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлийн 17.2.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН