Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0453

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга:  А.Цэнд-Очир

улсын яллагч: Ч.Алтансүх 

шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Э Д  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806022710416 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Э Д, 19  оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д аймгийн Ш гол суманд  төрсөн,  настай, эрэгтэй, дээд   боловсролтой,  уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Шарын гол ХК-д ээлжийн мастер ажилтай,   ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт Д аймгийн Шарын гол сумын  дүгээр баг Хайрханы  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ТЯ92072910,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Д нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ус сувгийн удирдах газрын спорт заалны гадна Б.А хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найзтай муудалцаж, салахгүй байхаар нь би гараараа нэг цохисон. Хохирогч эмчилгээний зардал нэхэмжлээгүй. Тиймээс би мөнгө төгрөг  өгөөгүй гэв.   

           Шүүгдэгч  Э.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 13.00 цагийн орчимд манай нутгийн сагсан бөмбөгийн тэмцээн Ус сувгийн удирдах газрын спорт заалдан болж би түүнд очиж нутгийн найз Б, Н нартай таарч бид 3 сагсан бөмбөгийн тэмцээн үзээд орой 19.00 цагийн орчимд гадаа гарч тамхи татаад машинд суугаад байж байтал нутгийн залуу А гэх ах согтуу ирээд Н архинаасаа нэг татчих гээд байсан. Би цаана нь хараад зогсож байтал Н хоргоогоод хэл амаар өдөөд тэр хоёр бие биенийгээ заамдаж авахаар нь би очиж салгасан. Гэтэл А салахгүй зуураад байхаар нь боль гээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьтол Н тавьж Б, Н бид 3 тэндээс машинд суугаад шууд тарцгаасан юм. Би нэг л удаа нүүрэн дээр нь гараараа цохисон өөр зүйл болоогүй гэжээ. /хх-ийн 15/                

          Хохирогч   Б.А   мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ус сувгийн удирдах газрын спотр зааланд манай нутгийн сагсан бөмбөгийн тэмцээн болж би дээрх тэмцээнийг үзэхээр очсон. Ингээд нутгийхаа 10 жилийн ангийхантайгаа таарч бид 0.75 литрийн архи 2 ширхэгийг дэлгүүрээс авч 18.00 цагийн үед заалны гадаа автомашин дотор уусан. Тэгж байхад нутгийн зүс таних дүү явж байхаар нь би дуудаж машинд  суучих нэг татчих гэтэл машинаасаа буугаад над дээр ирэнгүүтээ миний толгойн ар тал руу нэг удаа алгадаад зүгээр байгаарай гэхээр нь би машинаасаа  бууж заамдалцаад хэрэлдээд зогсож байтал надтай хамт нэг газарт ажилладаг Д гэх залуу ирээд бид 2-ыг салгах гэтэл надтай маргалдсан байсан Н тавихгүй  би мөн энгэрээс нь тавиагүй байж байтал Дөлгөөн миний зүүн нүд рүү гараараа цохиод авсан. Би тэр үед гараа тавьсан ба тэнд байсан хүмүүс ирж салгасан. Би босоод  шууд цагдаа дуудсан. Н, Д нар машинд суугаад яваад өгсөн. Миний биед Д хөнгөн гэмтэл учруулсан гэжээ. /хх-н 9-13/  

          Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 16.00 цагийн орчимд манай нутгийн сагсан бөмбөгийн тэмцээн Ус сувгийн удирдах газрын зааланд болж би тэнд найз Б, Д нарын хамт байсан. 19.00 цагийн орчимд бид нар гарч тамхи татаад найзынхаа машинд сууж байтал манай нутгийн ах А ирээд нэг татчих гээд би уухгүй гэхэд  уу гээд байсан. Тэгээд согтуугаар над руу юм хэлээд байхаар нь би машинаасаа буугаад  очиход өөдөөс юм яриад байхаар нь би заамдаад авсан ба тэр мөн намайг заамдаж авсан. Бид хоёрыг заамдаад зогсож байтал манай найз Д ирээд бид 2-ыг салгах гэтэл А намайг зуураад тавихгүй байсан. Гэтэл Д гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохих шиг болж намайг тавьсан. Тэгээд бид нар яваад өгсөн. А ах өөрөө архи уучихаад янз бүрийн юм яриад байсан юм гэжээ.  /хх-н 17-18/

          Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 11-ны өдөр 12.00 цагийн орчимд манай нутгийн сагсан бөмбөгийн тэмцээн Ус сувгийн удирдах газрын спорт зааланд болж намайг тэмцээн үзээд байж байхад манай найз Д, Н нар таарсан. 19.00 цагийн орчимд бид нар гадаа гарч тамхи татаад машинд сууж байтал нутгийн залуу А согтуу ирээд Н архинаасаа нэг татчих гээд би цаана нь өөр хүнтэй уулзаад зогсож байгаад нэг харахад А, Н 2 заамдалцчихсан Д салгаж байсан. Гэтэл А цохичихлоо гээд тонгойсон. Бид нар тэгээд л яваад өгсөн гэжээ.  / хх-н 19-20/

           Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3538 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.А  биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22/

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 23-24/

        Э.Д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-35/

        Э.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37/

   Э.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 26/, хохирогч Б.А гаргасан хүсэлт  /хх-н 42/ зэрэг болно.          

         Э.Д нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой 19.00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ус сувгийн удирдах газрын спорт заалны гадна Б.А Н заамдалцаад тавихгүй байхаар нь салгах гэж очоод салахгүй байхаар нь нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисоноос н.А  биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

         Б.А  биед зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 3538 тоот дүгнэлт  /хх-ийн 22/

          Хохирогч   Б.А  мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … нутгийн зүс таних дүү явж байхаар нь би дуудаж машинд  суучих нэг татчих гэтэл машинаасаа буугаад над дээр ирэнгүүтээ миний толгойн ар тал руу нэг удаа алгадаад зүгээр байгаарай гэхээр нь би машинаасаа  бууж заамдалцаад хэрэлдээд зогсож байтал надтай хамт нэг газарт ажилладаг Д гэх залуу ирээд бид 2-ыг салгах гэтэл надтай маргалдсан байсан Н тавихгүй  би мөн энгэрээс нь тавиагүй байж байтал Д миний зүүн нүд рүү гараараа цохиод авсан гэсэн мэдүүлэг /хх-н 9-13/  

          Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … манай нутгийн ах А ирээд нэг татчих гээд би уухгүй гэхэд  уу гээд байсан. Тэгээд согтуугаар над руу юм хэлээд байхаар нь би машинаасаа буугаад  очиход өөдөөс юм яриад байхаар нь би заамдаад авсан ба тэр мөн намайг заамдаж авсан. Бид хоёрыг заамдаад зогсож байтал манай найз Д ирээд бид 2-ыг салгах гэтэл А намайг зуураад тавихгүй байсан. Гэтэл Д гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохих шиг болж намайг тавьсан гэсэн мэдүүлэг  /хх-н 17-18/

          Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … нутгийн залуу А согтуу ирээд Н архинаасаа нэг татчих гээд би цаана нь өөр хүнтэй уулзаад зогсож байгаад нэг харахад А, Н 2 заамдалцчихсан Д салгаж байсан. Гэтэл А цохичихлоо гээд тонгойсон гэсэн мэдүүлэг  / хх-н 19-20/

          Шүүгдэгч  Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн …нутгийн залуу А гэх ах согтуу ирээд Н архинаасаа нэг татчих гээд байсан. Би цаана нь хараад зогсож байтал Н хоргоогоод хэл амаар өдөөд тэр хоёр бие биенийгээ заамдаж авахаар нь би очиж салгасан. Гэтэл А салахгүй зуураад байхаар нь боль гээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьтол Н тавьж Б, Н бид 3 тэндээс машинд суугаад шууд тарцгаасан юм. Би нэг л удаа нүүрэн дээр нь гараараа цохисон өөр зүйл болоогүй гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/ зэрэг болно.      

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

        Э.Д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Э.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Хохирогч Б.А нь шүүгдэгч Э.Д ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

          Э.Д нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Э Д  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар Э.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар             Э.Д нь торгох ялыг  1 сарын дотор хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан                        Э.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Д хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Д  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН