Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0247

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.З*******,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.З*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М (цахим), хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Иргэн Т.З*******аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч д холбогдуулан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргажээ.
  2. Э******* намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар тогтоолоор нэр дэвшигчид сонгуулийн сурчилгаатай холботой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар, нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар тус тус шийдвэрлэж, Э******* намын нэг дансаар сонгуулийн сурчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөж явуулж, холбогдох байгууллагад тайлан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.1. Иргэн Т.З******* 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Э******* намаас сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшсэн байна.

  1. “Н*******” ХХК нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэр бүхий 40 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланд аудит хийж, дүгнэлт гарган 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 дүгээр албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.

3.1. Үндэсний аудитын газар “...Э******* намын 43 нэр дэвшигчээс 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй … хяналт хэрэгжүүлсний хүрээнд илэрсэн зөрчлийг шалган шийдвэрлэхээр харьяаллын дагуу шилжүүлж байна. …” гэсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1924 дүгээр албан бичгийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.*******ад хүргүүлсэн байна.

3.2. Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/8213 дугаар албан бичгээр “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан эрх бүхий татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21-д заасан … тохиолдолд шийтгэл оногдуулахаар заасан. Иймд татварын улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авч, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох шийдвэрийг ирүүлнэ үү” гэж Татварын ерөнхий газрын дарга Ч.Ч*******д ханджээ.

3.3. Татварын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст Э******* намын 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдлийг хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны 01/2286 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

  1. Ийнхүү Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжилт сонгуульд Чингэлтэй, ******* дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар хэрэг нээжээ.
  2. Улмаар хариуцагч татварын улсын байцаагч 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Э******* намын нэр дэвшигч Т.З******* (*******) нь сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000 нэгжээр буюу 10,000,000 төгрөгөөр торгосон байна.
  3. Иргэн Т.З******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрт заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй учир нэхэмжлэлийг буцаажээ.
  4. Улмаар иргэн Т.З*******аас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсийн татварын улсын байцаагч нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсыг гаргаж, нэхэмжлэгч намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Тодруулбал, намайг “Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо зардлын данс бүртгүүлээгүй гэх зөрчил гаргасан” хэмээн буруутгаж, Зөрчлийн тухай хуулийн 17.1.21-т заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгосон. Тухайн торгууль нь хууль бус буюу намайг торгох үндэслэлгүй байсан. Иймд намайг үндэслэлгүйгээр зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж, хууль бусаар торгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, би сонгуульд оролцохдоо хууль тогтоомж зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй байхад намайг үндэслэлгүй, хууль бусаар торгож хохироосон тул би зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Маргаан бүхий захиргааны акт нь дараах байдлаар хууль бус болсон гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нь дугаартай Шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт ямар ч тэмдэглэл хийгээгүй, олж илрүүлсэн зөрчил, эсхүл түүний шинж, үйл баримтын талаар огт дурдаж бичээгүй хэрнээ тус шийтгэлийн хуудасны “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн үндэслэлдээ “Иймд холбогдогч Т.З******* нь Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасан шийтгэл ногдуулах үндэслэлтэй” гэж бичжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй. Түүнчлэн, эрх бүхий албан тушаалтан нь тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.7-д заасан нөхцөл байдлуудыг тус бүр тогтоосон байх үүрэгтэй байна. Цаашилбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах ... үндэслэл... тусгана” гэж тус тус заасан байдаг. Харин татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт аливаа тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэлийг тусгаагүй буюу эдгээр нөхцөл байдал, үндэслэлийг олж илрүүлж, тогтоогоогүй байж шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан нь хууль бус, огтоос үндэслэлгүй байна. Татварын улсын байцаагч нь дээр тайлбарласанчлан аливаа үйл баримт, үндэслэл дурдалгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1.21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгосныг хууль бус гэж үзэж байна.

Татварын улсын байцаагч нь намайг “зардлын дансаа бүртгүүлээгүй” хэмээн буруутгасан байна. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан. Иймд сонгуулийн зардлын данс нээсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй болно. Иймд намайг зардлын дансаа бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Харин нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй болно. Учир нь, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох, ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т “Нам нь сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж, 5.1-т “... иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх,... намд элсэх, тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй” гэж, 7.1-т “Нам дараах эрхийг эдэлнэ” гэж, 7.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох” гэж тус тус заасан.

Үүний дагуу иргэд бид өөрсдийн үзэл бодлын үүднээс нам байгуулах, намд элсэх, намын дүрэм, бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэрэгслээ өөрсдөө чөлөөтэй сонгох, түүний дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Миний элсэж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нам болох Э******* нам нь хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн зардлын нэг л данстай байхаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Э******* намын төлөөллийн төв байгууллaгa болох Сенатаас 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаартай. Тогтоолыг гаргаж, тус Тогтоолын 1 дэх заалтаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаа Э******* намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч тус бүр тус тусдаа хийх бус намаас нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсонтой холбоотой дээрх Тогтоолын 3 дахь заалтаар “Дээр дурдсан заалтын хүрээнд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар нэгэн зардал гаргахгүй байхаар санал нэгдэж бусад хэлбэрээр сурталчилгааны зардал гаргахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэж, Тогтоолын 4 дэх заалтаар “Тус тогтоолын 1. 2. 3 дугаар зүйлтэй холбогдуулан Э******* намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар шийдвэрлэсүгэй. Сонгуулын ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Э******* намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгасугай” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Э******* намын зүгээс сонгуулийн сурталчилгааг нэгдсэн байдлаар явуулах, намын хэмжээнд зардлын нэг л данстай байх, нэр дэвшигчид тус бүртээ хандив хүлээж авах, зардал гаргах үйлдэл хийхгүй байх арга замыг сонгож, түүний дагуу сонгуульд оролцсон. Намын тус шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны бөгөөд намын тус дотоод хэрэгт төрөөс оролцох, буруутгах эрхгүй юм. Өнөөдрийг хүртэл Э******* намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дээр дурдсан С/05 дугаартай Тогтоолыг хууль зөрчсөн гэж тогтоосон, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болно.

Э******* нам нь намын хэмжээнд нэг данстай байж, түүнийг хууль, журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагуудад мэдэгдэж, бүртгүүлсэн. Тухайн үед төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс үүнийг буруутгасан, нэр дэвшигч тус бүр данс нээхийг шаардсан зүйл байхгүй. Иймд Э******* нам нь Улс төрийн намын тухай хуулийн 7.1.3-т заасан “намын бүтэц, зохион байгуулалт, зорилт, арга хэлбэрээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж, сонгуульд оролцсон гэж бодож байна.

Сонгуулийн тухай хуулийн 36.2-т “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгаа эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан. Хуулийн тус заалтын дагуy намын сонгууль эрхэлсэн байгууллагын намын болон тус намын нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг эрхлэх явуулах боломжтой юм. Энэ нөхцөлд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар хийх бөгөөд нэр дэвшигч өөрөө сонгуулийн сурталчилгаа хийхгүй тул тэрээр зардал гаргахгүй юм. Э******* нам, түүний нэр дэвшигчдийн үйл ажиллагаа хуулийн тус заалтад нийцсэн юм. Үүнийг 2020 оны болон 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хороо ч хүлээн зөвшөөрч, тус агуулгаар мэдээлэл, зөвлөгөө өгч байсан болно. Бид энэ талаар сүүлд Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандаж, бичгээр хариу авсан. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/1000 дугаартай албан бичигт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нам, эвслээс нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа нөхцөлд нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх боломжтой талаар хариу өгсөн. Иймд Э******* нам, тус намаас нэр дэвшигчдийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй болно” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхийдөө тайлбараа үндсэн 3 агуулгаар хэлэлцсэн байгаа. Эхний хэсэг нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шийтгэлийн хуудастай холбоотой тайлбар, тэгээд хариуцагчийн тайлбарыг няцаах үндэслэл тайлбар болон бусад гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг маань шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэл оногдуулах шийдвэрт заавал заах ач холбогдолтой мэдээллүүдийг оруулж өгсөн. Ингэхдээ зөрчлийн талаар нотлогдсон нөхцөл байдлыг зааж өгөх ёстой буюу шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт ямар үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил болоод байгаа гэдгийг нь тодорхойлж зааж өгөх ёстой. Татварын улсын байцаагч нь дугаартай шийтгэлийн хуудасныхаа олсон нь хэсгийг хов хоосон орхичихсон мөртөө ихэнх хэсэгт нь өөр хоорондоо холбоогүй тусдаа 3 зөрчлийн хэргийг биччихсэн. Тэгэхээр Т.З*******ын аль үйлдэл, эс үйлдэхүй дээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийн хэрэг үүсгээд торгоод байгаа гэдэг нь ойлгомжгүй. Үүнээс болоод хариуцагч өөрөө хүртэл дунд нь төөрсөн харагдаж байна. Тэгэхээр хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ зөрчсөн байдлаар гаргасан шийтгэлийн хуудас байна гэж харж байгаа. Дараагийн 1 зүйл нь зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд дурдсан хууль зөрчсөн гэх үйлдэл болон шийтгэл оногдуулж байгаа зөрчлийн шинж нь хоорондоо нийцэхгүй байгаа. Эрх бүхий албан тушаалтан нь Үндэсний аудитын газраас ирүүлсэн, Сангийн яамнаас ирүүлсэн, Татварын ерөнхий газраас ирүүлсэн гомдол мэдээллийг үндэслээд энэ хэргийг үүсгээд шалгасан гэж тайлбарлаад байдаг. Тэгтэл тэр бичигт Э******* намын нэр дэвшигч данс нээгээгүй зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнүүлж гаргуулж ирээгүй гэдэг зөрчил үйлдсэн гэдэг. Зөрчил нь энэ зардлын тайлантай холбоотой. Тэрнийх нь шалтгаан нь данс нээгээгүй гэдэг агуулгаар ирсэн гомдол мэдээлэл байдаг. Мөн адилхан хэргийн материалын 37 дугаар хуудсанд байгаа Татварын ерөнхий газраас хариуцагч түүний харьяалах байгууллага болох Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст ирүүлсэн бичигт дурдагддаг. Тухайлбал Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийг зөрчсөн шинжтэй үйлдэл гэж байгаа. Энэ заалт нь нам эвсэл санал авах өдрөөс хойш 35 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 35 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл ирсэн гомдол мэдээлэл нь тэр чигээрээ зардлын тайлантай холбоотой гомдол мэдээлэл байгаад байдаг. Энэ баримтуудаас харвал олсон нь хэсгээ хоосон орхисон өөрийн зөрчил үйлдсэн гэж үзээд байгаа үйлдэл, эс үйлдэхүйгээ тогтоож, нотолж чадаагүй гэж бид үзэж байгаа. Түрүүн шүүгч тайлбарласанчлан аудит хийлгээгүй данс нээгээгүй хуулийн хугацаанд ирүүлээгүй гэдэг зөрчлийн үйлдлүүдийг дурдсан эдгээр зөрчлийн үйлдлүүд нь хариуцагчийн тайлбарласанчлан нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нар хянаж шалгадаг зөрчлүүд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааны асуудал бас гарч ирдэг. Тухайлбал эрх бүхий албан тушаалтан нь удирдах албан тушаалтнаараа хэргийг 1 удаа 14 хоногоор сунгуулсан байдаг. Ингэхдээ удирдах албан тушаалтан нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын хорин 26-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгаж байна гэдэг. Гэтэл энэ хугацааг тоолоод үзвэл 15 хоног болчхож байгаа. Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтны сунгаж байгаа хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Харин эрх бүхий албан тушаалтан прокуророос хэргийн хугацааг сунгах хүсэлтээ 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл дунд нь хэргийн хугацаа дууссан 1 хоног байгаа гэсэн үг. Энэ ямар үр дагавартай вэ? гэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох ёстой. Тэгэхээр хугацаа тасалдсан ноцтой зөрчил гаргаж болохгүй, дуусчихсан байгаа хугацааг дуусаагүй мэтээр прокурорт саналаа гаргаад прокуророор хэргийн хугацааг сунгуулсан зөрчил гарч ирсэн байна. Тайлбарынхаа дараагийн хэсэг буюу хариуцагчийн тайлбарыг няцаах хэсэг рүүгээ би орж байна. Өмнө нь дурдсанчлан хариуцагч тайлбар дээрээ Т.З******* Хаан банкны дансаараа 100,000 төгрөг авсан гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь сая хурал дээр гаргаж өгсөн Капитрон банкны дансны хуулганы 2 дугаар хуудасны доороосоо 4 дэх мөрөнд 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 25 минутад тугийн ишний хайч гэсэн гүйлгээний утгатайгаар Т.З*******ын данс руу шилжүүлсэн сонгуулийн зардлын дүн байгаа. Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалттайгаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно гэж тайлбарласан байдаг. Энэ 100,000 төгрөгийн баримттай холбоотой 1 зөрчил байгаа. Энэ нь хэргийн материалын 75 дугаар хуудсанд эрх бүхий албан тушаалтан прокуророос дансны хуулга гаргуулж авъя гэдэг зөвшөөрөл хүссэн байдаг. Гэхдээ прокурор зөвшөөрөл өгсөн эсэх нь тодорхойгүй буюу прокурорын зөвшөөрөл хэрэгт авагдаагүй зөрчил байгааг дурдах хэрэгтэй. Сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй гэсэн зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан гэж өөрийнх нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд байгаа тайлбарт бичсэн үг нь байдаг. Зардлын дансыг нээлгээгүй гэсэн зөрчлийг гээд байгаа. Зөрчлийн тухай хуульд зардлын данс нээлгээгүй гэсэн зөрчил байхгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасан. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчин энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тодорхойлсон. Тэгэхээр данс нээлгээгүй гэдэг нь энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй гэдэг шинжийг хангахгүй буюу зөрчил биш байна гэж харагдаж байна. Хариуцагч тайлбартаа хандив авсан аваагүй сонгуулийн зардлын дансыг төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь зөрчил байсан гэж мөн дурдсан. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д сонгуульд оролцож байгаа нам эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна гэсэн заалт байдаг. Тэгээд энэ заалтыг юу гэж ойлгож үндэслэж байгаа вэ? гэхээр нэр дэвшигчид байж болох дансны тооны дээд хэмжээг тогтоож өгсөн буюу 1 данстай байхыг зөвшөөрсөн, 1 данстай байхыг үүрэг болгоогүй, албадлага болгоогүй, 1 данстай байх ёстой гэсэн заалт биш гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Т.З*******ын хувьд ******* дүүрэг болон Чингэлтэй дүүрэг гэсэн 2 дүүргийг хамруулсан 1 тойрогт нэр дэвшсэн энэ тохиолдолд Т.З******* бол ******* дүүрэгт 1 зардлын данстай, Чингэлтэй дүүрэгт 1 зардлын данстай байж болохгүй гэсэн санаа байгаа. Энэ хоёрыг нийлүүлээд улсын хэмжээнд дээд тал нь 1 данстай байж болно шүү та гэдэг байдлаар тоог нь хязгаарлаж өгч байгаа заалт гэж үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн шийтгэлийн хуудастай холбоотой хэд хэдэн захиргааны хэргийн маргаануудын шийдвэрүүдийг үзсэн. Зарим нь хүчингүй болсон, зарим нь хуулийн хүчин төгөлдөр болсон, гомдлын шаардлагыг хангасан, хангаагүй орхисон гэх мэт янз бүр байсан. Хамгийн гол нь эдгээр маргаанууд нь өөр хоорондоо харилцан адилгүй шинж нөхцөлтэй байгаа. Тухайлбал хариуцагч сая дурдсан 2021 онд Улсын Дээд Шүүхээр шийдвэрлэсэн хэрэг ямар учиртай вэ? гэхээр зардлын данстай мөртөө зардлын дансаа бүртгүүлээгүй Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн н.******* гэдэг хүний гомдлоор хянан хэлэлцсэн хэрэг байдаг. Энэ хэргүүдийг шийдвэрлэхдээ шүүх ямар ямар баримтуудыг ач холбогдол болгож үзэж байна вэ? гэхээр сонгуулийн албан ёсны зардлын данс нээгээгүй байж хувийн дансаараа хандив юм уу, орлого авсан, зарлага гаргасан бол зөрчил гэж үзээд байна. Эсвэл данс нээчхээд тэрийгээ бүртгүүлээгүй бол зөрчил гэж үзээд байна. Манай тохиолдолд аль аль нь байхгүй. Т.З******* хувийн дансаараа аливаа нэг байдлаар аливаа иргэнээс орлого, хандив авсан тохиолдол байхгүй. Энэ тохиолдолд хууль бусаар хандив цуглуулсан гэж үзээд харин ч ноцтой асуудал болох ёстой. Тийм тохиолдол байхгүй. Түүнчлэн данс нээгээгүй гэдгээ хамгийн гол эрх бүхий байгууллагад мэдэгдсэн. Тухайлбал сая гаргаж өгсөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн явцын тайланг дурдаж байгаа. Явцын тайланг хуульд заасан хугацаанд буюу сонгуулийн санал авах өдрөөс 3 хоногийн өмнө ирүүлэх ёстой гэдэг хугацаандаа хүргүүлсэн. Явцын тайлан дээрээ данс нээгээгүй гэдгээ маш тодорхой биччихсэн байдаг. Шүүхээс энэ Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгтэй холбоотой маргаануудыг шийдвэрлэхдээ юуг гол болгоод байна вэ? гэхээр яагаад дансаа заавал бүртгүүлэх ёстой юм бэ? гэдэг агуулгаас нь харж үзсэн бас харагдсан. Энэ тохиолдолд сонгуультай холбоотой мөнгөн хөрөнгийг шилжүүлэх ажиллагаанд төрийн эрх бүхий байгууллагаас хяналт тогтооход дансыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүртгүүлээгүй зөрчил нь цаагуураа төрийн эрх бүхий байгууллагын хяналтаас зугтааж байгаа агуулгыг гаргаж ирээд байгаа. Манай тохиолдолд Т.З******* нь данс нээгээгүй гэдгээ явцын тайлан болон бусад баримт бичигтээ дурдаад эрх бүхий байгууллагад хүргүүлчихсэн мэдэгдчихсэн. Өөр бусад байдлаар эрх бүхий байгууллагууд хуульд заасан үндэслэл журмаар шалгах боломж нь бүрэн боломжтой, бүх мэдээлэл нь ил тод нээлттэй байсан гэдгийг дурдах хэрэгтэй гэж үзэж байна. Дараагийн 1 асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дах хэсэгтэй холбоотой 1 тодруулга тайлбарыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний аудитын газарт тус тус хүргүүлсэн байдаг. Татварын байгууллагаас Сонгуулийн ерөнхий хороог хууль тайлбарлах субъект биш гэж үздэг. Гэтэл өөрсдөө Зөрчлийн тухай хуулийг үргэлжлүүлж тайлбарлаад өөртөө хэрэглэх замаар шийтгэл оногдуулаад байдаг. Үнэндээ Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхийг зааж өгсөн. Тухайлбал тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заагаад байгаа 1 данстай байна гэдэг чинь заавал 1 данс нээхийг хэлээд байгаа юм уу? эсвэл нэгээс илүү данстай байж болохгүй гэж хязгаарлаад байгаа юм уу? гэдэгт хяналт тавих эрх бүхий субъект нь Сонгуулийн ерөнхий хороо байна. Түүнчлэн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтад зааснаар сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах бүрэн эрхийг бас Сонгуулийн ерөнхий хороо хэрэгжүүлдэг. Тэгэхээр сонгуулийн төв байгууллага нь эдгээр бүрэн эрхийнхээ хүрээнд Э******* нам, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газарт тус бүр албан бичгүүд хүргүүлсэн байдаг. Тэдгээр нь бүгдээрээ хэрэгт авагдсан байгаа. Энэ албан бичигт хэрэв нам нэгдсэн зохион байгуулалтад орсон тохиолдолд нэр дэвшигч тус бүр дээр данс нээхгүй байж болох хууль зүйн боломж байна гэдэг нь харагдаж байна гэж байна. Өөрөөр хэлбэл өмнө тайлбарлаад байсан Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг бол хамгийн дээд тал нь 1 данстай байж болохыг зөвшөөрч байгаа заалт болохоос биш заавал 1 данс нээх ёстой гэж албадлага болгож байгаа заалт биш гэдэг харагдаж байна. Хариуцагч мөн тайлбартаа Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.4 зэрэг заалтуудыг зөрчсөн гэж дурддаг. Энэ талаараа шийтгэлийн хуудастаа бичсэн. Өмнө нь дурдагдсанчлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслээд энэ Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.4 заалтуудыг зөрчсөн тохиолдолд Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч шалган шийдвэрлэх харьяалалтай. Өөрөөр хэлбэл хариуцагч татварын улсын байцаагч ын шалган шийдвэрлэх харьяалалд огтоос хамааралгүй хэрэг байгаа. Гэтэл шийтгэлийн хуудсан дээрээ Т.З*******ыг эдгээр зөрчлүүдийг зөрчсөн мэтээр бичсэн нь энэ шийтгэлийн хуудасны хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг үгүй болгож байна гэж үзэж байна. Төгсгөлд нь гэж хэлэхэд жилээс жилд цаг үеэ дагаад сонгууль зохион байгуулах арга хэлбэр өөрчлөгдөж байгаа. Ялангуяа залуу үе, улс төрийн шинэ хүчнүүд аль болох бага зардлаар шинэлэг арга хэрэгслүүдийг ашиглан олон хүмүүст хүрч зардал багатайгаар сонгууль зохион байгуулахыг их эрмэлзэж байгаа. Э******* нам болон Э******* намын нэр дэвшигчид мөн энэ зорилгыг баримталж 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцсон. Энэ нь мөн Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтад оруулсан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн агуулгатай нийцэж байгаа гэж үзэж байгаа. Энэ заалтад сонгуулийн зардлын дээд хэмжээг зааж өгсөн. Ингэхдээ сонгуулийн зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулдаг юм шүү гэдэг. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч Сонгуулийн ерөнхий хороо буюу төв байгууллага ч тэр аль болох сонгуулийн зардлыг бууруулахад чиглэж байгаа. Мөн нэр дэвшигчид, залуу үе, иргэд ч мөн адилхан сонгуулийн зардлыг буураасай гэдэгтэй санал нэгддэг. Би тухайлбал адилхан 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд Э******* намаас жагсаалтаар нэр дэвшсэн. Надаас өөрөөс 1 ч төгрөг гаргаагүй, над руу хандив өгье гэж орж ирж байгаа хүмүүсийг намын нэгдсэн данс руу хандиваа шилжүүлээрэй гэсэн. Тэгээд ямар байдлаар бид сурталчилгаагаа зохион байгуулсан гэхээр Тэнгэр телевизийн мэтгэлцээнд оролцоод тэр бичлэгээ цахим орчинд намын зардлын данснаас зардлыг нь гаргаад сурталчлах гэх мэт байдлаар манай намын сурталчилгаа маш бага зардлаар хэдэн зуун мянгад хүрсэн амжилттай байгаа. Гэтэл энэ хуульд яг цав тодорхой заагаагүй данс нээгээгүй, данс бүртгүүлээгүй гэдэг зөрчил болно гэх мэтээр төсөөтэй хэрэглэж Зөрчлийн тухай хуулийг зөрчөөд байна гэж бид харж байна. Энэ нь эргээд иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, араас нь үндэслэлгүйгээр хэрэг зөрчил тулгаж дарамталдаг нөхцөл байдлыг илүү олгож байна гэж үзэж байгаа. Сүүлдээ эрх барьж байгаа намын эсрэг бараг дугарах хүн байхгүй болчхоод байгаа. Тэгэхээр үүнийг бид зөрчлийн шинж үүсээгүй байхад маш олон зөрчлийг хольж хутгаад эмх замбараагүй олсон нь гэсэн хэсэг нь хов хоосон алдаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдлаар шийтгэл оногдуулж 10,000,000 төгрөгөөр торгох нь өөр санаа сэдэлтэй байж магадгүй гэдэг хардалт төрж байгаагаа хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Ингээд нэгэнт Зөрчлийн тухай хуульд зөрчлийн данс нээгээгүй гэсэн зөрчил байхгүй гомдол гаргагчийн зүгээс данс нээгээгүй гэдэг мэдээллийг бүхий л байгууллагад зохих ёсоор мэдэгдсэн учраас татварын улсын байцаагч ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас нь хуульд нийцээгүй үндэслэл бүхий биш байх учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

10. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч би, Үндэсний аудитын газраас 2024 тоны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1924 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт 03/8213 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичиг зэргээр Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Э******* намын нэр дэвшигч (*******) Т.З******* нь данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэх гомдол, мэдээллийг хүлээн авч танилцаад зөрчлийн хэрэг нээсэн.

Т.З******* нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Э******* намаас Чингэлтэй, ******* дүүрэг 10 дугаар тойрогт нэр дэвшсэн ба Сонгуулийн тухай хуулийн 51.4.-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж өөрийн сонгуулийн зардлын дансаа үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй болох нь өөрийн мэдүүлэг, үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн 01/1924 дугаартай Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газарт 03/8213 дугаартай Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичиг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон тул 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 10,000,000.0 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулж шийтгэлийн хуудас бичсэн.

Гомдол гаргагч Т.З******* нь сонгуульд нэр дэвшин өрсөлдөхдөө ХААН банкны ******* тоот дансаараа /туг ишний хайч гэсэн утгатай/ 100,000 төгрөгийг авч, сонгуулийн суртчилгааны холбогдох зардлыг гаргасан бөгөөд миний ойлгож байгаагаар хандив авах гэж буй нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээж түүнийгээ бүртгүүлэх үүрэгтэй гэж харагдаж байна.

Т.З******* нь хандив авсан, аваагүй сонгуулийн зардлын дансыг Төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байсан тул зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналт дор шалгаж 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэлийн дугаартай торгууль ногдуулсан болно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын дагуу Э******* намаас нэр дэвшсэн Т.З******* нь сонгуулийн зардлын тайланд “Н*******” ХХК-ийн хийсэн аудитын тайланг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/09 дугаар албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.“Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байна. Сонгуулийн зардлын дансыг нээлгээгүй гэсэн зөрчлийг зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь сонгуулийн зардлын данс нээгээгүй гэдгээ ярилцлагад хүлээн зөвшөөрсөн байна.

Сонгуулийн тухай хуулийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэсэн заалтад “хандив авсан” гэх үг байхгүй байх бөгөөд иргэн Т.З******* нь сонгуулийн зардлыг өөрийн эзэмшдэг дансандаа авсан мөнгөн хөрөнгийн хувийн дансаа энэ заалтын дагуу Төрийн аудитын дээд газарт бүртгүүлэх ёстой байсан. /Хаан банкны ******* тоот дансны 2024 оны 06 дугаар сарын 13-наас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хоорондох гүйлгээ/

Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу ногдуулсан шийтгэлийн хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос зөвшөөрөл авахаар олгосон бичгийн хариу ирсэн нь тодорхой бус гэсэн байна. Хэргийн материалд прокурорын зөвшөөрлүүд тус тусдаа ирсэн байгаа. Энийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай 97 дугаартай прокурорын зөвшөөрөл байна. Хэргийн материалд авагдсан байгааг тайлбараар хэлж байна. Миний тайлбарлах зүйл бол нам эвсэл нэр дэвшигчид маань сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль бусад хууль тогтоомжид заасныг хэрэгжүүлэхээр хэрэгжүүлэхээ илэрхийлж бүртгүүлдэг. Мөн татварын улсын байцаагч нар хаа хамааралгүй хэрэг авчирч шалгадаггүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад зааснаар харьяалуулж өгсөн зөрчлийг шалган шийдвэрлэсэн. Шийтгэлийн хуудсан дээр тухайн татварын улсын байцаагч маань зөрчлийг хольж хутгаад биччихсэн байна. Энэ бол хариуцагчийн алдаатай асуудал. Гэхдээ шийтгэл оногдуулсан гол үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт заасан зөрчил гэж үзэхээр үйлдэл байна гэж үзэж шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Нэмж хэлэхэд Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд сонгуулийн зардал гэсэн 1 хэсэг байгаа. Энэ дээр сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж зарцуулна, мөн 49 дүгээр зүйлийн 49.4 дээр сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах зарцуулахыг хориглоно гэж заачихсан. Энэ нь яаж Сонгуулийн тухай хуулийн 51.1 дэх хэсэгтэйгээ уялдаж байгаа вэ? гэхээр Монгол Улсын хэмжээнд нэр дэвшигч, нам эвсэл нь сонгуулийн зардлын төгрөгийн тус бүр 1 данстай байхаар хуульчилсан. Үүнийг татварын албаны хариуцагч талаас тайлбарлаад байгаа юм биш Улсын Дээд Шүүхийн тогтоол дээр тухайн хуулийг тогтоолоор тайлбарлаад өгчихсөн учраас үүнийг би дурдаад байгаа. Түүнээс өөрсдөө тайлбарлаад байгаа юм биш гэж хэлье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 27.”Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
  2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар Татварын ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст Э******* намын 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гараагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдлийг хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлүүлэхээр шилжүүлсний дагуу хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар шийтгэл оногдуулжээ.
  3. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь татварын улсын байцаагчийн харьяалалд хамаарч байх боловч хариуцагч татварын улсын байцаагч нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжилт сонгуульд Чингэлтэй, ******* дүүргийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай” үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсанд Э******* намын нэр дэвшигч Т.З******* сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэх асуудлыг шалгасан талаар тэмдэглэсэн нь өөрт хуулиар харьяалуулаагүй асуудлыг шалгасан байна. 

3.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчлийг, мөн хэсгийн 6.22-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах юм.

3.2. Өөрөөр хэлбэл зардлын тайланд аудит хийлгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж ирүүлээгүй гэх зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч байхад хариуцагч өөрийн харьяаллын бус асуудлаар зөрчлийн хэрэг нээж, шалгасан талаар шийтгэлийн хуудсанд дурдсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1.”Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

  1. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосон гэж тайлбарлаж байх боловч энэ талаар холбогдогч буюу нэхэмжлэгчид танилцуулж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй байна.

4.1. Учир нь Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх журмын 14.2, 15.1 дэх хэсгийг уншиж танилцсан эсэхийг тодруулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д зааснаар сонгуулийн зардлын дансыг аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй холбоотой асуудлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.”Холбогдогч дараахь эрхтэй: 2.1.ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; … 2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;” гэж заасан холбогдогчийн эрхийг зөрчжээ.

            5. Хариуцагч, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан нэр дэвшигч сонгуулийн зардал гаргах, ангилж, тайлагнахтай холбогдуулан сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болох зохицуулалттай холбогдуулан Э******* намын данснаас нэхэмжлэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн нь зөрчилд хамаарна гэх боловч энэ талаар нэхэмжлэгчид танилцуулж, холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргуулаагүй байна.

  1. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь өөрийн харьяаллын бус зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба харин данс нээлгэж бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчийн эрхийг хангаагүй болох нь тогтоогдож байна.
  2. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл 4.“Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна.”, 6.8 дугаар зүйл 1.“Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.”, 2.“Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасан хугацааны дотор зөрчил шалган шийдвэрлэхээр байна.

7.1. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн ба удирдах албан тушаалтан хэрэг бүртгэлт явуулах хугацааг мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан байна.

7.2. Дээрх удирдах албан тушаалтаны сунгасан хугацаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-т зааснаар 26-ны өдрийн 24 цагт дууссан тул мөн хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.”Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: … 1.4.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан.” гэж зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.

7.3. Гэтэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 577 дугаар тогтоолоор хугацаа дууссаны дараагийн хоногоос буюу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 20 хоногоор сунгаж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.

  1. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

                                                              

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 6.22, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, 6.11 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан иргэн Т.З*******аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтстийн улсын байцаагч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч ын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтстийн улсын байцаагч аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН