Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/65

 

 

 

 

    2024           01            09                                        2024/ДШМ/65

 

Д.Эрхэмбаярт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

шүүгдэгч Д.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/999 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Эрхэмбаярт холбогдох 2309000001459 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Халх овгийн Даваажавын Эрхэмбаяр, 1984 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Завхан аймгийн Баянхайрхан суманд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 1-18 тоотод түр оршин суудаг, /РД:ИВ84030812/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 16 хоногийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн 2 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,  

Д.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 30 дугаар байрны урд хохирогч Б.Чинбатын нүүр хэсэгт гараараа цохиж биед нь хүч хэрэглэн довтолж гар утас, цүнх зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч, 187.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Эрхэмбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Халх овогт Даваажавын Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Даваажавын Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Д.Эрхэмбаярт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрхэмбаярын цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оногдуулан тооцож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Эрхэмбаяраас 187.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Чинбатад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 5 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Эрхэмбаярын эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Эрхэмбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч ахлах дэслэгч Баяр-Эрдэнэ надаас 2023 оны 6 дугаар 6-ны өдөр мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг өгөхдөө би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөхөө илэрхийлж татгалзсан. Улмаар мөрдөгчийн зүгээс миний хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр улсын өмгөөлөгч Буянжаргалыг авч ирж хүчээр мэдүүлэг авахыг оролдсон боловч миний зүгээс тухай өмгөөлөгчөөс татгалзаж, “өмгөөлөгчөө өөрөө сонгоно гэж хэлээд” тухайн мэдүүлгийг зогсоосон. 2023 оны 5 дугаар 27-ноос 28-нд шилжих шөнө болсон хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Бүрэнчимэг гэх эмэгтэй нь өөрийгөө хянах чадваргүй, сэтгэцийн эмгэгтэй, Сэтгэц мэдрэлийн үндэсний төвийн хяналтад байдаг тухай нөхөр Мөнхбат нь удаа дараа хэлсэн. Ийм хүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хуулийг зөрчсөн бөгөөд намайг буруутгах нотлох баримт болохгүй гэж миний зүгээс үзэж байна. Мөн хамт архи уусан Мөнхбат гэх хүнээс огт мэдүүлэг аваагүй.

Нотлох баримт болох СиДи бичлэг дээрх дүрс нь саравчтай малгайтай, тавчиктай, саарал цамцтай хүн байсан. Тухайн өдөр Мөнхбат нь саарал цамц, тавчиктай байсан. Харин би ногоон малгайтай цамц, цэнхэр өнгийн пүүз, малгайгүй байсан. Тухайн өдөр хохирогч Чинбат бид хоёр Б.Бүрэнчимэгт хөөгдөж гараад 2 тийш салж явсан байдаг. Учир нь Б.Бүрэнчимэг нь хохирогч Чинбатын цүнхийг 30б байрны автомашины зогсоолд байсан. Машины доороос олж авсан гэх үйлдэл нь хэн цүнхийг дээрэмдсэн, хаана цүнхийг хаясан талаар мэдээлэлтэй болох нь харагдаж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамт байсан Мөнхбатаас мэдүүлэг аваагүй.

Тухайн хэрэг болох өдөр хохирогч Чинбат гэмтэл авсан гэх шарх, сорвигүй, гэмтлийн зэргийг тогтоосон, шүүх эмнэлэгийн дүгнэлт хавтаст хэрэгт огт авагдаагүй. Энэ гэмт хэрэгт намайг гүтгэсэн гэх бүрэн үндэслэл болж байна.

Иймд миний бие тухайн гэмт хэргийг огт үйлдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  цагаатгаж өгнө үү. Миний бие гэм буруу дээрээ маргаж байгаагүй. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулаагүй бөгөөд шууд гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эрхэмбаярын өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана. ...” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн.

Прокуророос эрүүгийн хэргийг хэдэн сарын хэдний өдөр шүүхэд шилжүүлсэн талаар яллагдагчид мэдэгдээгүйгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрх нь зөрчигдсөн.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчийн мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.13, 6.14, 6.15 дахь заалтуудтай холбоотойгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрхийг хязгаарласан.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэххэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыгтал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуулиар үүрэг хүлээсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. ...” гэсэн хуулийн үйлчлэл ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох, өмгөөлүүлэх эрхээ эдлэхтэй холбоотойгоор:

1. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Эрхэмбаяраас гэрчээр мэдүүлэг авах үед шүүгдэгчийн зүгээс өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэдгээ илэрхийлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан. /хх 40-р тал/

2. Сүхбаатар дүүргийн прокурорын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2309000001459 дугаартай “Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол”-ыг яллагдагч Д.Эрхэмбаярт танилцуулах гэсэн боловч тогтоолтой танилцахгүй, мөн өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэснийг мөрдөгчийн тэмдэглэлд тусгасан байдаг. /хх 6-р тал/

3. Тухайн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн зүгээс Хууль зүйн туслалцааны төвд хандан яллагдагч Д.Эрхэмбаярт өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргасны дагуу улсын өмгөөлөгч А.Буянжаргал мөрдөгчийн хамт мэдүүлэг авахаар цагдан хорих 461 дүгээр ангид очиход шүүгдэгч Д.Эрхэмбаярын зүгээс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгчөө өөрөө сонгохоо илэрхийлж тухайн өмгөөлөгчөөс татгалзсан байдаг. /хх 111-112-р тал/

4. Шүүгдэгч Д.Эрхэмбаяр нь цагдан хорих 461 дүгээр ангиас 2023 оны .... дүгээр сарын .... -ны өдөр Хууль зүйн туслалцааны төвд өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргасны үндсэн дээр улсын өмгөөлөгч Д.Ганбаатар миний бие Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шатнаас өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцах боломжгүй нөхцөл байдал бий болсон байлаа.

Шүүгдэгч Д.Эрхэмбаярын зүгээс 2023 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч гэх Б.Чинбатын биед халдаагүй, түүний эд зүйлийг дээрэмдээгүй болохоо анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлдэг.

Хэдийгээр шүүгдэгчийн мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох хууль зүйн үндэслэлгүй боловч Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бүрэнчимэгийн мэдүүлэгт дурдагдсан түүний нөхөр болох н.Мөнхбатыг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Учир нь, гэрч Б.Бүрэнчимэг нь хохирогчийн цүнхийг 05 дугаар сарый 28-ны өглөө 306 байрны автомашины зогсоолд байсан машины дороос олж авсан гэх үйлдэл нь урьдаас хэн цүнх дээрэмдсэн, хаана цүнхийг хаяж орхисон талаар мэдээлэлтэй болох нь харагдаж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамт байлцсан н.Мөнхбатаас гэрчийн мэдүүлэг огт аваагүй байдаг. н.Мөнхбат нь шүүгдэгч Д.Эрхэмбаяртай хамт хорих ангид ял эдэлж байх хугацаандаа танилцсан байдаг ба Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст танилтай тухайгаа хэлж байсан нь түүнийг сэжиглэх, мөн шалгуулах үндэслэлтэй байна.

Мөн камерийн бичлэгт хийсэн үзлэгээр гэмт хэрэг үйлдэгч углааш, гуталтай байгаа нь гэмт хэрэг гарах үед хамт байсан Мөнхбат байх боломжтой юм.

Шүүгдэгч Д.Эрхэмбаяр нь өмгөөлүүлэх эрхээ эдлэх асуудлаар мөрдөгч, прокурор нартай үл ойлголцолд хүрч байсан нь мөрдөгчийн тэмдэглэл, Улсын яллагчаас яллагдагчтай уулзсан уулзалтын бичлэг зэргээс тодорхой харагддаг.

Улсын яллагчийн зүгээс анхан шатны Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хууль зүйн дүгнэлтээ танилцуулахдаа гэмт хэргийн аюулын шинж, бусдад учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үнэлж 5 жилийн хугацаатай хорих ялыг хаалтай ангид эдлүүлэхээр санал гаргасан.

Энэ нь улсын яллагчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй таарамжгүй харилцаатай байсан болохыг илтгэж байна.

Иймд шүүгдэгч Д.Эрхэмбаярт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хзсгийн 1.2 дахь заалт буюу гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй тул Эрхэмбаярт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Эрхэмбаярын өмгөөлүүлэх эрхийг хязгаарлаж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нөхцөл байдал байхгүй. Харин өмгөөлүүлэх эрхийг нь хангах үүднээс мөрдөгчөөс өмгөөлөгч томилж оролцуулсан боловч тэрээр тухайн өмгөөлөгчөөс татгалзсан. Шүүгдэгч Д.Эрхэмбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зайлшгүй өмгөөлөгч оролцуулах этгээд биш юм. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Яллах дүгнэлт гардуулахаар 461 дүгээр хорих ангид 2 удаа очиход яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн бичлэгүүдэд өөрт нь холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа талаар тодорхой мэдэгдсэн. Мөн тухайн бичлэг дээр шүүгдэгч Д.Эрхэмбаяр “...тухайн хүнийг би нэг удаа цохисон, гар утас авсан асуудал зөрчил байх ёстой...” гэж хэлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Чинбат таньж олуулах ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Д.Эрхэмбаяр болохыг эргэлзээгүй, тодорхой заасан. Анхан шатны шүүх хуралдааны үед ч Д.Эрхэмбаярыг гэмт хэрэг үйлдсэн этгээд мөн гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, завсарлага авсан боловч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдээгүй учир хохирол төлөхгүй гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байна гэж үзэж байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Д.Эрхэмбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 30 дугаар байрны урд хохирогч Б.Чинбатын нүүр хэсэгт гараараа цохиж биед нь хүч хэрэглэн довтолж гар утас, цүнх зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч, 187.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8 21-24, 111-112/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-19/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 20/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-30/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээ тайлан /хх 44-46/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 61/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Чинбатын “...Би өнөөдөр орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 17-2-7 тоотод гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн урд талын 30 дугаар байрны хажууд явж байхад үл таних залуу намайг “30 дугаар байрны жижүүрийн байр руу орчих” гэсэн. Учир нь би тэр залууд “гэр цоожтой байна, гадаа хүйтэн байна” гэж хэлэхэд намайг тэр залуу тэр айл руу оруулсан. Тэр айлд ортол орцны жижүүр гэх залуу байсан ба тэр үл таних залуу архи гаргаж ирээд бид гурав тэр архийг ууж байгаад тэр залууд “би уухгүй" гэж хэлээд тэр айлаас гарч ирээд байж байтал араас гарч ирээд миний хоолойноос боож байгаад миний хамар руу гараараа 3, 4 удаа цохиод миний утас цүнхийг авч зугтсан. ...” /хх 33-34/,

гэрч Б.Бүрэнчимэгийн “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 30 дугаар байрны 00 тоот гэртээ байх үед нөхөр Мөнхбат хамт ажилладаг ах гэх Эрхэмбаяр гэдэг нэртэй хүнийг дагуулж орж ирсэн. Би тэр хоёрт хоол хийж өгчхөөд усанд явчхаад 21 цагийн орчимд гэртээ ирэхэд нөхөр Мөнхбат, Эрхэмбаяр ах хоёр архи аваад уучихсан байсан. 21 цаг 10 минутын орчимд нөхөр Мөнхбат, Эрхэмбаяр хоёр 60 орчим насны үл таних согтуу эрэгтэй хүнийг дагуулаад ороод ирсэн “юун хүн бэ” гэсэн чинь “энэ хүн хонох газаргүй” гэж хэлж байсан. 00 цагийн орчим Би тухайн хүнийг гэр рүүгээ орчих гэсэн чинь тэр ах “за би одоо гарлаа” гээд гараад явсан чинь Эрхэмбаяр ах араас нь гараад 30 дугаар байрны гадаа тэр хүнийг зодоод цүнхийг нь булаагаад зугтаад явчихсан байсан. Манай нөхөр Мөнхбат Эрхэмбаярын араас гарсан чинь зугтаад явчихсан. Өглөө би гадагшаа гараад харсан чинь 306 байрны гадна байсан цагаан машины доод талд бор өнгийн цүнх байсан. Тэр цүнхийг шалгаад үзсэн чинь дотор нь гар утас байгаагүй. ...” /хх-35-37/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Эрхэмбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн авсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Эрхэмбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Эрхэмбаярт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нар “...тухайн гэмт хэргийг үйлдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэрэг бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-19/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх 21-24/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-30/, хохирогч Б.Чинбатын /хх 33-34/, гэрч Б.Бүрэнчимэгийн /хх 36-37/ нарын мэдүүлэг зэрэг бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эрхэмбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/999 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрхэмбаяр нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 97 /ерөн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсоныг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/999 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрхэмбаяр нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 97 /ерөн долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ