Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 185

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Д.Энх-Оргил,

Өсвөр насны шүүгдэгч Т.Отгондорж,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Отгондоржид холбогдох эрүүгийн 1711009240190 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Өсвөр насны шүүгдэгч Т.Отгондоржид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байх боловч прокурор энэ журмыг баримтлаагүй байх тул хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Төмөрцэцэгийн Отгондорж, 2002 оны 07 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, төрсөн эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, Уул 4-46 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:НУ02271110/

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Отгондорж нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ М.Даваадоржтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” цайны газарт иргэн О.Тунгалагийн анхаарлыг сарниулан, түүний эзэмшлийн “Самсунг Эс-6 Эджэ” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Дүүгээ өөрийн асрамжиндаа байлгаж харж хандан дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байхад анхаарна. Хохирлын 160.000 төгрөгийг төлж барагдуулна гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед О.Тунгалагийн хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12, 16-17/, Т.Отгондоржийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-15, 29-30/, С.А.Григорийгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18/, насанд хүрээгүй гэрч М.Даваадоржийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14, 26-27/, гэрч Т.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-69/, гэрч А.Түмэнжаргалын мэдүүлэг /хх-71/, эд зүйлийн үнэлгээ /хх-13/, Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх-75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өсвөр насны шүүгдэгч Т.О бүлэглэн 2017 оны 10 сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” цайны газарт иргэн О.Тунгалагийн анхаарлыг сарниулан, түүний эзэмшлийн “Самсунг Эс-6 Эджэ” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч О.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: /хх-12/: ..”Элбэг бууз” цайны газарт ганцаараа хоол идэх гэж сууж байхад гаднаас 3 эрэгтэй хүүхэд орж ирээд шууд над руу хүрч ирээд мөнгө өгөөч гээд гуйгаад байхаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр 3 гараад явсан ба зөөгч нь юмаа шалгаарай гэхээр нь ширээн дээр тавьсан байсан гар утсаа харсан чинь байхгүй болсон байхаар нь араас нь гарсан чинь тэр 3 хүүхэд алга болсон байсан..” гэсэн мэдүүлэг,

 

С.А.Григорийгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: /хх-18/ “..”Элбэг” нэртэй хоолны газарт Даваадорж, Отгондорж 2 орчихоод ирье гэж хэлээд дотогш орсон би гадаа нь зогсож байсан юм. Тэгтэл удалгүй тэр 2 “Элбэг” цайны газраас гарч ирээд намайг гүйгээрэй гэж хэлээд Мөнгөн завъяа руу гүйж байгаад автобусанд суугаад “Андууд” дээр буусан юм. Тэгээд тэндээс халдвартад байх “Их орд” нэртэй утасны дэлгүүр орж үүдэнд нь байсан танихгүй эмэгтэй хүнд Отгондорж, Даваадорж 2 хамт очиж 140,000 төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн юм. Тухайн үед би хулгай хийсэн гэдгийг мэдээд аягүй бол хулгайн хэрэгт орж магадгүй гэж бодоод гар утсыг нь зарахад хамт байгаагүй тэндээ байж байгаад түрүүлээд явчихсан..би дотогш бол ороогүй гадаа шатан дээр зогсож байсан нэг удаа үүдээр нь орчихоод эргээд гарчихсан тэр үед Даваадорж, Отгондорж хоёр хулгай хийх гэж байна гэж мэдсэн юм. Би уг нь бодохдоо Даваадорж, Отгондорж хоёрыг хүний идээд дутуу үлдээсэн хоолыг авах санаатай орсон болов уу гэж бодсон юм, гэтэл хулгай хийсэн байсан..” гэсэн мэдүүлэг,

М.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хх-26-27/ “..Би хүлээн зөвшөөрч байна. “Элбэг” цайны газарт Отгондорж, Грийшаа бид 3 ороход нэг эгч ганцаараа сууж байхаар нь би очиж анхаарлыг нь сарниулсан, Отгондорж харин гар утсыг нь хулгайлсан,..Грийшаа бол ямар нэгэн оролцоо байхгүй зүгээр л хамт явж байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “..Отгондорж нь миний төрсөн дүү байгаа юм. Эхээсээ 4-үүлээ бөгөөд Отгондорж хамгийн бага дээрээ 2 эгчтэй. Ах, эгч 2 нь хөдөөгүүр явчихдаг юм. Би бол гэртээ суурин байдаг. Эцэг эх маань 2009 онд өвчиний учир нас барсан, тэр цагаас хойш бид нас бага байсан учир дүүгээ асрамжийн газар байлгасан юм. Тэгээд 2-3 жил болгоод асрамжнаас нь авсан юм. Тэгээд бид 2 хоёр хамт амьдарч эхэлсэн юм. Ингээд хамт байснаас хойш ерөнхийдөө байнга л гадуур хонож, өнжиж хулгайн хэрэгт холбогдож явсан байдаг. Тэгэхдээ гэр орондоо бол байнга байдаггүй хааяа нэг ирчихээд хааяа алга болчихоод байдаг. Отгондоржийн найз жижи хочтой Даваадоржийг бол өмнө нь харж байсан, манай дүүтэй л хамт яваад байгаа харагддаг байсан бас л гэр оронгүй хүүхэд юм шиг санагдсан..” гэсэн мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн /хх-29-30/ “..Би хүлээн зөвшөөрч байна. “Элбэг бууз” цайны газарт Даваадорж, Грийшаа бид 3 ороход нэг эгч ганцаараа сууж байсан тэгээд гар утас нь харагдсан тул Даваадоржийн хамтаар гар утсыг нь хулгайлахаар болоод Даваадорж очоод тэр хүний анхаарлыг сарниулж байсан. Тэр үед нь би гар утсыг нь авсан, гараад харахад “Самсунг Эс-6 эдж” маркийн гар утас байсан. Ингээд тэр эгчээс хулгайлсан “Самсунг Эс-6 эдж” маркийн гар утсыг Монтел худалдааны төв дээр 180.000 төгрөгөөр зарж борлуулсан..Грийшаа хамт явж байсан боловч уг хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй гэмт хэрэг үйлдэхэд огт оролцоогүй..тухайн үед гар утас хулгайлах санаатай орсон юм. Бид хоёрыг гар утас хулгайлахыг Грийшаа мэдээгүй байсан сүүлд л хулгайлсан гэдгийг мэдсэн..тэр эгчээс хулгайлсан “Самсунг эс-6 Эдж” маркийн гар утсыг Монтел худалдааны төв дээр очиж нэг эгчид 180.000 төгрөгөөр зарж борлуулсан байдаг. Би тэр хүнийг сайн танихгүй бөгөөд тухайн үед согтуу байсан болохоор таньдаг ч хүн шиг санагдсан юм..” гэх мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-34/, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Т.От дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.О бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ

Өсвөр насны шүүгдэгч Т.Отгондорж нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох “Самсунг эс-6 эджэ “загварын гар утасны эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 320.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд түүнтэй бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн М.Даваадоржоос тухайн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Отгондоржийг хохирогч О.Тунгалагт 160.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Отгондоржийн хувийн байдал мөн түүний хууль ёсны төлөөлөгч Т.Отгонцэцэгээс хохирлыг төлж барагдуулахыг илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Отгондорж нь шүүх хуралдаан болохоос өмнө 61 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход 488 цаг болж байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Отгондоржийг уг ялаа бүрэн эдэлж дууссанд тооцов.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Отгондоржийн бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

ржигон овогт Т.О Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.О өдөрт 3-аас дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч тооцон түүнийг уг ялаа эдэлж дууссанд тооцсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Т.О бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Ирэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.О 160.000 төгрөг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 39-29 тоотод оршин суух О.Тунгалагт /УП92113007/ олгосугай.

 

7. Өсвөр насны шүүгдэгч Т.О урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР