Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/1200

 

 

 

 

         

 

                                                            Д.Э, М.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

яллагдагч Д.Э ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1200 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Өнөрбаярын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 65 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Э, М.А нарт холбогдох эрүүгийн 2102000450248 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.

2.

 

Яллагдагч Д.Э  нь М.А-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” үйлчилгээний төвийн гадна НТӨ VII-III зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан,

 

Яллагдагч М.А- нь Д.Э тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” үйлчилгээний төвийн гадна НТӨ VII-III зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Э, М.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Э, М.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотлоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг, мөн зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нотлоогүй. Яллах дүгнэлтэд Д.Э  нь М.А-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн хамжигчийн үүрэгтэйгээр, яллагдагч М.А- нь Б.Э-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” үйлчилгээний төвийн гадна НТӨ VII-III зуунд хамаарах 1 ширхэг чулуун сүх, 1 ширхэг хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон өнгөтэй шилэн гүц, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг 200.000.000 төгрөгөөр худалдаалахаар завдсан гэмт холбогдуулсан. Гэтэл хавтас хэрэг болон яллах дүгнэлтэд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлоогүй, бусад холбогдох баримтаар нотлогдоогүй, яллагдагч нар нь хэрхэн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, хэрхэн яаж гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон нь тодорхойгүй. Мөн Д.Э, М.А нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэргээс дүгнэхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоогүй. Тухайлбал, шинжээчийн хэд хэдэн удаагийн дүгнэлтүүд гарсан боловч өөр хоорондоо зөрүүтэй, нотлох баримтаар тооцож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээтэй. Шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “...Ногоон өнгийн шилэн гүц ба хөх өнгийн шилэн гүц. Дээрх хоёр шилэн гүцний хэлбэр ба өнгө, үйлдсэн арга техникийн хувьд адилтгах боломжтой бодит олдворууд байх боловч яг тухайн 2 олдвор оригинал бодит олдвор эсэхийг тогтоох боломж одоогоор хомс байна. Учир нь, эртний шилэн сав суулганы нарийн мэргэжилтэн Монголд одоогоор байхгүй бөгөөд гадаадад баттай үнэлгээ тогтоох шаардлагатай гэвэл маш их цаг хугацаа, мөнгө санхүү шаардлагатай болно. Наад зах нь нэг жилийн хугацаа, хэдэн арван сая төгрөгийн зардал гарч болохыг үгүйсгэхгүй. ...” гэх дүгнэлт, Улаанбаатар их сургуулийн албан бичигт “...тус сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч профессор Д.Э  нь тус хоёр гүцийг Япон Улсын Соёлын өвийн газраар түүхэн дурсгал мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж шинжилгээний дүн гарах хүртэл сургуулийнхаа музейн үзэсгэлэнд тавьж байсан бөгөөд Япон судлаачид бүтцийн анализ хийж хуурамч дуураймал зүйл гэсэн дүгнэлт гаргасан 2018 оноос хойш уг гүцнүүдийг гаргаж тавиагүй болохыг тодорхойлов. Уг гүцнүүд нь археологийн малтлага судалгаагаар олдоогүй, хувь хүн Д.Э т бэлэглэсэн байна. ...” гэх 1/098 дугаартай албан бичиг, Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн гаргасан дүгнэлтэд “...тогтоолд дурдагдсан жагсаалтын 1-д заасан “хэргийн эд мөрийн баримт шаргал өнгийн зууван хэлбэртэй хүзүүний зүүлт мэт чулуун зүйл”-ийн үнэлгээг 560.000 төгрөг, жагсаалтын 2-т заасан “Бүдэг ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй бөөрөнхий хэлбэртэй чулуун зүйл”-ийн үнэлгээг 4.200.000 төгрөг гэж тус тус тогтоов. ...” гэх дүгнэлт, Соёлын өвийн үндэсний төвийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “...ногоон, хөх өнгийн шилэн гүц, Хаш тээг, Чулуун сүх нь Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй болно” гэх 01/192 дугаартай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд байгаа номин ногоон өнгийн, хөх өнгийн шилэн эдлэл нь ажиглалт, харьцуулалтын аргаар судалж үзэхэд археологийн малтлага судалгаагаар илэрч олдсон Ромын үеийн эд өлгийн зүйлс болох нь тогтоогдож байна. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн малтлага судалгаанаас олдсон гэж шууд дүгнэх боломжгүй. Шинжилгээнд ирсэн чулуун сүх, хаш эдлэлийг НТ VII-III зуунд хамаарах соёлын дурсгал мөн гэж үзэж байна. Гэхдээ тус шинжилгээний баг тус хоёр эд өлгийн зүйлсийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн малтлага судалгаанаас олдсон гэж шууд дүгнэх боломжгүй. ...Эдгээр эд өлгийн зүйлсийн үнэлгээ, зэрэглэлийг тус шинжилгээний бүрэлдэхүүн тогтоох боломжгүй. Гэхдээ эртний олдворуудыг борлуулдаг олон улсын нилээдгүй вэб сайтууд байдаг юм билээ. Тэр сайтуудаас төстэй зүйлсийг хэрхэн үнэлдгийг мэдэх боломжтой байх. ...” гэх дүгнэлт зэргээс дүгнэхэд дээрх эд зүйлс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах нь эргэлзээтэй байх тул дээрх байдлыг хөдөлбөргүй тогтоож ирүүлэх, захирамжид дурдсан ажиллагааг хийхдээ хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг авах, хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр Д.Э, М.А нар холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Өнөрбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Шүүхээс яллагдагч нар нь гэмт хэргийг үйлдэх талаар хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон, хэрхэн яаж гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон нь тодорхойгүй. Мөн Д.Э, М.А нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэргээс дүгнэхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзсэн. Прокурорын яллах дүгнэлтэд дээрх асуудлыг тодорхой дурдсан бөгөөд шүүхийн дээрх эргэлзэж буй нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурлан прокуророос тодорхой хууль зүйн дүгнэлт хийснийг орхигдуулж, хийгээгүй мэтээр захирамжид дурдсан нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид шинжээчийн хэд хэдэн удаагийн дүгнэлтүүд гарсан боловч өөр хоорондоо зөрүүтэй, нотлох баримтаар тооцож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээтэй гэж үзсэн бөгөөд шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбат, Археологийн хүрээлэнгийн салбарын ШУА-ийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Амартүвшин нарын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа, ШУТИС-ийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш Ю.Болдбаатар, ШУТИС-ийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Хатанбаатар нарын 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарсан бөгөөд дээрх эд зүйлсийг үнэлгээг тогтоолгохоор Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлд хандсан. Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох Б.Даваацэрэн, Ч.Нацагням, Д.Баттогтох, Т.Билэгсайхан, Р.Отгонбаатар, Г.Энхбат, Д.Сүхбаатар, Т.Сайнжаргал, Б.Баатархүү, Б.Гүнчинсүрэн, Б.Төмөрбаатар нарын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “... “шаргал өнгийн зууван хэлбэртэй хүзүүний зүүлт мэт чулуун зүйл”-ийн үнэлгээг 560.000 төгрөг, “Бүдэг ногоон өнгийн хоёр амьтны дүрс бүхий сийлбэртэй бөөрөнхий хэлбэртэй чулуун зүйл”-ийн үнэлгээг 4.200.000 төгрөг гэж тус тус тогтоов...” гэх 03-01 дугаартай үнэлгээ гарч номин ногоон, хөх өнгийн шилэн эдлэлийн үнэлгээг тогтоох боломжгүй талаар дүгнэлтэд тодорхой тусгасан байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар шинжилгээг шинжээчдийн багаар буюу шилэн урлагийн хувь судлаач Б.Хишигсүрэн, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан З.Батсайхан, ШУА-ийн Эртний түүхийн салбарын эрхлэгч Г.Алтансүх нарын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтийг мөн гаргуулсан. Шүүх дүгнэлтүүдээс эд мөрийн баримтад хураан авсан эд зүйлс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах нь эргэлзээтэй байх тул дээрх байдлыг хөдөлбөргүй тогтоож ирүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт дахин дүгнэлт гаргуулан хийх хууль зүйн үр дагавар бий болгож байна. Монгол Улсын хэмжээнд соёлын биет өв, археологийн олдвор мөн эсэхийг тогтоох мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага зэргээс шалтгаалж хоёр байгууллага дүгнэлт гаргадаг бөгөөд түүнд Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв багтдаг юм. Хэргийн нөхцөл байдал буюу яллагдагч Д.Э ын энэ салбарт олон жил ажиллаж, багшилж ирсэн нь шинжээч томилох, дүгнэлт гаргуулахад ашиг сонирхлын зөрчил үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл бэрхшээлийг бий болгож байсан. Харин хураан авсан номин ногоон, хөх өнгийн шилэн эдлэлийг соёлын биет өв, археологийн олдвор мөн эсэхийг эцэслэн тогтоолгохоор шилэн урлагийн хувь судлаач Б.Хишигсүрэн, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан З.Батсайхан, ШУА-ийн Эртний түүхийн салбарын эрхлэгч Г.Алтансүх нарын бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулсан нь нэг мөр эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгасан гэж үзсэн. Гэтэл шүүхээс нэгдүгээрт шинжлүүлж буй зарим эд зүйлсийг үнэлүүлэх, үүнийгээ хохирол, хор уршиг гэж тодорхойлсон нь хуульд тусгайлан заасан хохиролтой адилтган заавал хийгдэх ажиллагаа мэтээр захирамжид дурдсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн хувьд ямар нэгэн хохирол, хор уршиг шаардагдахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Иймд үнэлэгдэх боломжгүй үнэлгээний объект болох Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах 1 ширхэг ногоон, 1 ширхэг хөх өнгийн шилэн гүц зэрэгт үнэлгээ тогтоох, археологийн олдвор мөн эсэх талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийхдээ хэрэгт ач холбогдол бүхий гэрч нараас мэдүүлэг авах талаар дурдсан бөгөөд хэн гэдэг хүнээс, юуны талаар мэдүүлэг авах талаар тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Д.Э ын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэж хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Гол буцаасан үндэслэл нь шинжилгээний тухай асуудал. Шинжээчийн дүгнэлтийн тухайд эргэлзээтэй нөхцөл байдал байсан учраас шинжилгээг дахин хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдан авагчийг тогтоогоогүй. Үүнийг тодруулахын тулд гэрчийг зайлшгүй асуух шаардлагатай гэж зааж өгсөн. Худалдан авагч нь авна гэсэн юм уу, авахгүй гэсэн юм уу гэдгийг тогтоосноор төгссөн, төгсөөгүй завдалт уу гэдгийг тогтоож, ял шийтгэлийн асуудлыг ярих ёстой. Завдалтаар зүйлчилж байгаа бол завдалт нь төгссөн, төгсөөгүй болохыг тогтоох шаардлагатай. Тухайн эд зүйлс нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдоогүй гэдэг нь зарим шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э, М.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт цугларсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Д.Э , М.А  нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулах шаардлагагүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч Д.Э, М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв гэж дурдсан атлаа захирамжлах хэсгийн 2 дахь заалтад Д.Э, М.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч нар нь цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/1200 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Яллагдагч Д.Э, М.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

         

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН