| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0144/З |
| Дугаар | 128/ШШ2025/0257 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Я” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М,
Хариуцагч: Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.,
Маргааны төрөл: улсын байцаагчийн дугаар шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгавар нь тус тус хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.1. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан үндэслэлээр “Я” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгожээ.
Уг ажлын хүрээнд ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/634 тоот албан бичгээр манай компанид 3 худагт усны тоолуур мэргэжлийн байгууллагаар тавих ажлыг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхийг даалгасан. Манай компанийн зүгээс тоолуур тавиулж лацдуулан ус ашиглахад бэлэн болгож, ус ашиглах дүгнэлт гаргуулах болон техникийн нөхцөл хүсэх тухай албан бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ******* дүүргийн ус суваг ашиглалтын товчоо, ******* дундад талын сав газрын захиргаанд тус тус хүргүүлсэн байна.Харин ******* дүүргийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/644 тоот албан бичгээр Нийслэлийн байгаль орчны газарт манай компанийн 3 гүнийн худаг ашиглалтын асуудлыг шалгуулах, дүүргийн иргэдийн ундны усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх эсэхт дүгнэлт гаргаж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж өгөх хүсэлтийг хүргүүлсэн байдаг,
Нийслэлийн байгаль орчны газрын эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч Ж. ******* дүүргийн Засаг даргын дээр дурдсан хүсэлтийн дагуу ус ашиглахтай холбоотойгоор хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж явуулж 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0630576 дугаар шийтгэлийн хуудсаар 500,000.00 төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Уг шийтгэлийг “Я” ХХК-иас улсын төсөвт төлснөөр шийтгэл оногдуулсан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
******* дундад талын сав газрын захиргаанаас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 323 дугаар албан бичгээр Ус ашиглуулах дүгнэлтийг гарган “Я” ХХК ирүүлсэн.
Гэтэл Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч Ж. мөн лус ашиглахтай холбоотойгоор зөрчлийн ******* хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000.00 төгрөгийн шийтгэл оногдуулж, 248,209,920.00 сая төгрөгийн нөхөн төлбөр гэхийг төлөхийг даалгасан шийдвэрийг гаргасан нь хууль бус гэж үзэж байна.
Тодруулбал, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-т “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” зөрчлийн хэрэг нээхгүй байхаар, 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, 6.11 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасныг улсын байцаагч Ж. илтэд зөрчиж улсын байцаагч Ж. зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаa явуулж тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр байсаар атал давхардуулан шийтгэл оногдуулсан нь хууль болсон гэж үзэх үндэслэлтэй юм.
Мөн түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйл. Зөрчлийн хэргийг танилцуулах 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэснийг зөрчиж “Я” ХХК-ийн төлөөлөлд зөрчлийн хэргийг танилцуулаагүйн улмаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх, зөрчил шалгахтай холбоотой тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, хохирлын хэмжээ тогтоосон гэх Усны газрын газрын дүгнэлттэй танилцуулалгүй, уг дүгнэлтэд гомдол гаргах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах боломжийг хязгаарласан юм. Эдгээр зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж зөрчсөн улсын байцаагчийн ажиллагаанд холбогдуулан манай компани өмгөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчид өөрт нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин шинжилгээ хийлгэх хүсэлт, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорт мөн дараахь хоёр хүсэлтийг гаргасан боловч нэгэнт шийтгэлийн хуудас бичигдсэн тул ямар ч гомдол, хүсэлт хүлээж авахгүй гэж утсаар мэдэгдсэн болно. Үүнд:
1. Улсын байцаагч Ж.гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5, 6.5 дугаар зүйлийн 1, 6.11 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасан үндэслэлүүдээр хүчингүй болгох үндэслэлтэй тул хүчингүй болгох дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх,
2. Усны газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1296 дугаар албан бичгийн хавсралтаар гаргасан Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг эс зөвшөөрч байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу дахин шинжилгээ хийлгэхийг эрх бүхий албан тушаалтанд даалган шийдвэрлүүлэх,
Гэвч Нийслэлийн Прокурорын газрын зүгээс нэгэнт шийтгэлийн хуудас бичигдсэн тул ямар ч гомдол, хүсэлт хүлээж авахгүй гэж өмгөөлөгчид утсаар мэдэгдсэн болно.
Хоёр. Улсын байцаагч Ж.гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар 248,209,920.00 сая төгрөгийн нөхөн төлбөр гэхийг төлөхийг даалгасан шийдвэрийг гаргахдаа шинжилгээний байгууллагын шинжээч Б.******* гэх хүнийг шинжээчээр томилж нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож ирүүлэхийг даалгасан байдаг. Гэтэл тухайн шинжээч гэх Б.******* нь шинжээчийн эрх бүхий этгээд болох нь баримтаар нотлогдохгүй. Мөн Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч оролцуулах тухай тогтоолд дараах зүйлүүдийг тусгасан байна.
2. Шинжээчид шинжилгээ хийлгэхээр дараах асуултыг тавив.
1. “Я” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны хэмжээ,
2. Тус компанийн усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээний дүгнэлт зэргийг тооцож ирүүлэх.
3. Дүгнэлтийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны дотор гаргахыг шинжээч Б.*******-д даалгасугай.
4. Шинжээч Б.*******-ны мэдэлд шинжилгээний обьектын хаяг, холбогдогчийн мэдүүлгийг шилжүүлсүгэй.
Гэтэл шинжээч гэх Б.******* нь улсын байцаагчийг өгсөн даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, мөн өгсөн даалгаврыг гүйцэтгэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй буюу түүнд өгсөн шинжилгээний обьектын хаягаар ирж нэг ч үзлэг шинжилгээ хийлгүйгээр таамгаар хэрэглэсэн гэх усны хэмжээг тогтоож, улмаар холбогдох дүрэм, журам, аргачлалд заасныг зөрчиж хохирлын үнэлгээний дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Учир нь Зөрчлийн хэрэгт шинжээчийн гаргасан гэх дүгнэлтэд энэ талаар баримт байхгүй, бодит байдалд ч хэргийн газар нэг ч удаа ирж байгаагүй болно.
Түүнчлэн улсын байцаагчийн тогтоолоор шинжээчийн эрхгүй Б.*******ыг шинжээчээр томилж түүнийг дүгнэлт гарган ирүүлэхийг даалгасан атал Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.*******ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1296 дугаар албан бичиг түүний хавсралтаар Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ гэгчийг гаргаж ирүүлсэн нь холбогдох хууль тогтоомжид илтэд нийцэхээргүй байна.
Дээр дурдсанчлан ямар ч бодит судалгаа, тооцоо, нотлох баримтын үндэслэлгүйгээр гаргасан хохирлын үнэлгээний дагуу 248,209,920.00 сая төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхийг шаардаж буй улсын байцаагчийн Ж.гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Гурав. Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч Ж.гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай шийдвэрийн тухайд.
Нэгэнт улсын байцаагч Ж. нь холбогдох хууль тогтоомж зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байхад зөрчил гэх зүйлийг тогтоож улмаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг гаргасан тул уг шийдвэр нь шийтгэлийн хуудсыг хамтаар хүчингүй болох үндэслэлтэй байна.
Иймд улсын байцаагчийн Ж.гийн хууль тогтоож зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хууль тогтоомжид нийцээгүй шинжээчийн гэх Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг үндэслэн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэрийг гаргахыг хүсье” гэжээ.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....нэгдүгээрт өмнө дурдсанчлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн албан бичиг, Засаг даргын Тамгын газар өөрсдөө мөн шалгасан. Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан буюу Ж.д шилжүүлээд, Ж. нь шийтгэл оногдуулсан гэж байхад дахиад шалгах ажиллагаа явуулаад шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудасны зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой процесс алдаанууд нь тийм алдаанууд байгаа. Хоёрдугаарт нь шийтгэлийн хуудсаар нөхөн төлбөр гэж 248,000,000 гаруй төгрөгийг төлөхийг даалгасан шийдвэр нь шинжилгээний байгууллагын шинжээч Б.******* гэх хүнийг шинжээчээр томилж нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож ирүүлэхийг даалгасан байгаа. Гэтэл Б.******* нь шинжээчийн эрх бүхий этгээд болох нь баримтаар нотлогддоггүй. Зөрчлийн хэрэгт тэр шинжээч гээд байгаа хүн эрхтэй хүн мөн үү гэдгийг нотолсон баримтаа хавсаргаад шинжилгээ хийх эрхтэй гэж нотолсны дараа тусгай мэдлэг шаардагдах мэргэжлийн хүнийг томилох ёстой. Гэтэл Б.*******ын тийм баримт байдаггүй. Шинжээчид шинжилгээ хийлгэхдээ дараах асуултыг тавив гэж байна. Үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны хэмжээ үнийг нь тогтоо гэж байгаа юм. Тус компанийн усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээний дүгнэлт зэргийг тогтоож ирүүлэх гэж байгаа юм. Гэтэл усны хэмжээг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Хэдэн тонн ус ашигласан юм, ашиглаагүй юм уу, ашигласан юм уу, хэдэн худгийг нь ашигласан юм? 3 худаг гээд л зөрчлийн хэрэг дээрээ бичээд бүгдийг нь ашигласан гээд дүгнэлт гаргачихсан. Гэтэл шинжээч маань өөрөө тэр объект дээр очиж үзээгүй, 1 ч удаа очиж үзээгүй, баримтжуулах ажиллагаа хийгээгүй. Тэгэхээр энэ шинжээчийн хийж байгаа ажиллагааг эрх бүхий албан тушаалтан хянаад газар дээр нь үзээгүйн хувьд тогтоо гэсэн даалгаврыг нь биелүүлээгүй, усны хэмжээг тогтоо гэснийг тогтоож ирүүлээгүй байхад шинжээчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байхад нь эрх бүхий албан тушаалтан хүлээж аваад үндэслээд шийтгэлийн хуудас дээрээ нөхөн төлбөр биччихсэн байгаа нь шинжээчийн томилсон зүйл дээрээ Б.*******д шинжилгээний объектын хаяг холбогдогчдын мэдүүлгийг мэдэгдээд байгаа. Гэтэл Б.******* маань объект дээрээ ирдэггүй, ирж шалгах ажиллагааг бодитоор хийгээгүйн улмаас компани нь санал, хүсэлт тухайн шинжээчид материал гаргаж өгөх боломж хязгаарлагдмал. Тэгээд шинэ жил болоод л маргааш нь ажлын өдөр шийтгэлийн хуудас бичигдсэн ирж ав гэсэн. Орон нутагт байна очих боломжгүй байна гэсэн чинь шуудангаар явуулсан. Тэгээд хуулиараа бол шинжээчийн дүгнэлтийг танилцуулах, зөвшөөрч байгаа, зөвшөөрөөгүй тохиолдолд хүсэлт гаргах ч гэдэг юм уу? тийм процессын ажиллагаа явагдах ёстой ч тэр ажиллагаа явагдаагүй. Харин хэзээ хойно зөрчлийн хэргийн материалтай танилцъя гээд очихоор прокурор нь танилцуулдаггүй. Тэгээд хэл ам хийж байж Өмгөөллийн хуульд ийм байдаг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд ийм байдаг гээд нэлээн юм болж байж танилцаж байгаа юм. Танилцаад хуулбарлаж авъя гэсэн чинь “энэ энийг нь хуулбарлуулахгүй, энийг нь хуулбарлаж болно” гэж эрх хязгаарлаад байдаг прокурорын ажиллагаа. Тэгээд арга буюу тодорхой хэмжээний танилцсаных нь хүрээнд прокурорт нь зөрүүлээд санал хүсэлт, гомдлоо бичихэд прокуророос оройтсон байна, зөрчлийн хэрэг хаагдчихсан болохоор санал хүсэлтийг чинь хүлээж авахгүй, шүүхэд ханд гэдэг. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавартай холбоотой. Энэ даалгавар Ш. байцаагчийн шалган шийдвэрлэх ажиллагаа явахаас өмнө тэр даалгавар нь биелэгдчихсэн байсан. Засаг даргын Тамгын газраас ирээд шалгаад 12-ны өдөр албан бичгүүдээ хүргүүлээд тоолууржуулаад баталгаажуулаад тавьчихсан байсан. Тэгээд байхад ерөөсөө тоолуургүй ашигласан байна гээд энэ зөрчлөө арилга гэдэг даалгавар өгөөд байдаг. Бодит байдал дээр биелчихсэн юмыг даалгавраар дахиж биелүүлэхийг шаардаад байгаа асуудал. Тэгээд усыг ашиглах гэрээ байгуулъя гээд хүсэлтээ тавихаар хэрэг шийдэгдэж дууссаны дараа тухайн гэрээ байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж амар байдлаар тайлбар өгөөд байдаг. Тэгэхээр нөгөө компани маань даалгавар биелүүлэх гээд олон газар луу бичиг өгөөд тоолууржуулаад баталгаажуулаад байдаг. Одоо гэрээ байгуулахгүйн улмаас зөрчил гээд тогтоогоод байгаа зүйл маань бодит байдал дээр биелэгдэх боломжгүй, хариуцагч байгууллагын зүгээс тэр ажиллагааг өөрсдөө хийхгүй байж даалгавар өгөөд байдаг. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааны улмаас эрхээ эдлэх боломжгүй, газар дээр нь үзлэг хийлгээд, шинжээчийн ашигласан гээд байгаа олон куб метр усыг бодитой хэрэглэсэн юм уу, үгүй юм уу гэдэг дээр гомдол санал хүсэлт гаргаад дахин шинжилгээ хийлгэх үр дагавруудыг хийлгэх боломжийг хязгаарлачихсан болохоор энэ шийтгэлийн хуудас болон даалгаврыг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна. Тэгээд дараа нь магадгүй бодитойгоор шинжээчийн эрхтэй хуульд нийцсэн дүгнэлтээ гаргуулаад явахад манайхаас татгалзах зүйл байхгүй. Тухайн үедээ Ж. байцаагч шалгаж байхдаа бодитоор шинжээчийн дүгнэлтдээ дурдаад байгаа аргачлалыг судалж үзээд энэ аргачлалд заасан их хэмжээний, бага хэмжээний, хэт их хэмжээний хохирол учруулсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болоод нөхөн төлбөр акт тавиагүй. Тэгээд тэр нь тогтоогдохгүй байгаа юмыг хийсвэрээр шинжээч гэдэг хүн юу хараад, юу бодоод, хэдэн литр ус хэрэглэсэн гэж бодоод тэр дүгнэлтийг гаргаад байгаа нь сонин байгаад байна. Тэгэхээр хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэжээ.
10. Хариуцагч Ш. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш. би Нийслэлийн Прокурорын газарт ******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн гомдол мэдээллийн хүрээнд “Я” ХХК-д холбогдох усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтгүй ашигласан үйлдэлд зөрчлийн ******* дугаартай хэрэг нээж шалгаж шийдвэрлэсэн.
******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******н үйлдвэрлэл, технологийн парк”-ийн нэгжээр орсон “Я” ХХК нь 2023 оны 1 дүгээр улирлаас эхлэн үйл ажиллагаа эрхлэхдээ Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3, 30.1.4, 30.1.5, 30.2.2 дахь заалтуудын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдож Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжийн торгууль, 248.209.920 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж шийдвэрлэсэн байна.
Тус компанийн гаргасан нэхэмжлэлд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг нээхгүй байх, 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, 6.11 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасныг зөрчсөн гэж үзжээ.
Үүнд хариу тайлбар гаргавал: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь /энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна/ хэсэг, 1.5 дугаар зүйлийн 5 дахь /хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно/ хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан болно. Мөн нэхэмжлэлд дурдсан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг хэрэгтэй танилцуулах боломжоор хангана гэснийг зөрчсөн гэжээ.
Үүнд хариу тайлбар гаргах нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр холбогдогчоос тайлбар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхээр хангаж асуухад өмгөөлөгчгүй өгнө гэсэн нь хэргийн материалын 87-88 дугаар талд бий. Мөн хэргийн материал болон шийдвэр танилцуулахаар тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мыг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материал танилцуулах, шийдвэр гардуулахаар дуудахад өөрийн биеэр ирсэн боловч хэргийн материалтай танилцахгүй, гарын үсэг зурахгүй хэмээн гарч явсан болно. Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай 1.12 дугаар зүйл /эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах/-ийн 1 дэх заалтад оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэйг зааж өгсөн байхад холбогдогч тухайн шатанд Прокурорын байгууллагад гомдол гаргаагүй байна.
Уг зөрчилд холбогдогчийн усны нөөцөд учруулсан хохирлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх /эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно/ хэсэгт зааснаар шинжээчийг томилсон байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас Б.*******ыг томилж, хохирлыг тооцож ажиллан гарсан дүгнэлтийг тус газрын даргын баталгаажуулснаар албан бичгээр ирүүлсэн байна.
Шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь Нийслэлийн Байгаль орчны газрын 410 тоотод өөрийн биеэр ирж шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй, хэргийн материалтай танилцахгүй, гарын үсэг зурахгүй гэж татгалзан дүгнэлтийн хувийг авч явсан болно.
Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна” гэжээ.
11. Хариуцагч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын улсын төлөөлөгч Ш. би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн прокуророос ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зөрчлийн хэргийг шалгасан. Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээсэн зүйл заалт бол Усны тухай хууль зөрчсөн асуудал байсан. Усыг Усны тухай хуульд зааснаар ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөл зэргийг бүрдсэн тохиолдолд ашиглах эрх үүсдэг. Усны тухай хуулиар зөвхөн тоолуур тавиад ус ашиглах эрх үүсдэггүй. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлд тодорхойлолт гаргуулъя. Ж. байцаагч бол тухайн үед буюу 09 дүгээр сард шалгаж байхад торгосон заалт нь усны асуудал биш байсан. Байгаль орчинд нөлөөлөх зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйл буюу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчсөн гэдэг заалтаар 500 нэгжээр торгосон байна. Миний шалгасан асуудал тусдаа өөр усны тухай асуудал. Энэ 2 тус тусдаа зөрчил болоод явж байгаа учир шийтгэл оногдуулсан. Тухайн аж ахуйн нэгж нь тус талбай дээр 2023 онд худаг гаргасан байдаг. Энэ бүх үйл баримтууд зөрчлийн хэргийн материалд хавсаргачихсан байгаа. Хэзээ худаг гаргасан хэчнээн сар ашигласан, хэчнээн үйлдвэрийн барилга барьсан, жилд 3,000,000 тонн нүүрс угаах үйлдвэр барих, хэчнээн том том үйлдвэр барих вэ? Энэ бүгдийг тухайн 3 худгаас ашиглаж усыг ямар ч хараа хяналтгүйгээр ашигласан. Тухайн 1 худаг дээр бетон зуурмагийн үйлдвэр байсан. Бетон зуурмагт хэчнээн ус ашиглах вэ? гэдэг нь тодорхой. 40 га газар дээр томоохон хэмжээний нүүрс баяжуулах үйлдвэр барьсан. Энэ үйлдвэрийг босгосон бүх усыг тухайн талбай дээрх 3 худгаас ямар ч гэрээ, зөвшөөрөл, дүгнэлгүйгээр нь ашиглаад бүхэл бүтэн үйлдвэр барьсан байна. Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэр барихдаа Техник эдийн засгийн үндэслэл гэж юм боловсруулж батлуулж үйлдвэр барих эрх үүснэ. ТЭЗҮ-ийг Уул уурхайн яаманд Барилга хот байгуулалтын яамнаас гаргаад батлуулаад явж байгаа. ТЭЗҮ дээр юу тусгадаг вэ? гэхээр үйлдвэр анхан шатаас эхлээд бариад дуусах хүртэл үйлдвэрлэлийн процесс бүх үе шатанд хаанаас усыг авах юм, ямар усыг хэдий хэмжээгээр ашиглах юм гэдэг нь тусгагдсан байдаг. Тэгж байж ТЭЗҮ хүчин төгөлдөр болоод цаашаа явах юм. ТЭЗҮ дээр юу гэж тусгагдсан бэ? гэдгийг тухайн аж ахуйн нэгж нь усаа зөвхөн эдний талбайтай ойрхон байгаа ******* компанийн хуучин ашиглаж байсан уурхай доторх шүүрлийн усаар усаа хангана, ахуйн хэрэгцээнд ******* дүүргийн төвлөрсөн усны шугамаас авч хэрэглэнэ гээд заагаад өгчихсөн. ТЭЗҮ гарсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж яамаар батлуулж хийдэг. Тус үнэлгээ дээрээ мөн 3 худгийн талаар юу ч тусгаагүй, ТЭЗҮ нарийвчилсан үнэлгээ бас л шүүрлийн усыг ашиглана гэж тусгаад явчихсан. Тэгээд тэр 3 худгийг өөрсдөө гаргаад бүгдээрээ бариад ингээд явсан. ТЭЗҮ нарийвчилсан үнэлгээнд тусгагдаагүй. Нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраар хийлгэдэг. Нэхэмжлэгчийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийсэн тусгай зөвшөөрөлтэй компани нь ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг хийлгэсэн байдаг. Үүнд тухайн газрын доорх усыг үйл ажиллагаа явуулж байгаа газарт ашиглалаа гэхэд усны нөөцөд хомсдол учруулдаг юм уу, ямар хэмжээний усыг ашиглах гэхээр боломжит судалгааны дүгнэлтийг гаргуулж авсан байгаа. Яагаад авсан бэ? гэхээр нарийвчилсан үнэлгээг батлуулахад зайлшгүй шаардлагатай учраас ус ашиглах нөөцийн дүгнэлтийг гаргахын тулд ТЭЗҮ нарийвчилсан үнэлгээг бас шалгаж гаргадаг. Тэгээд усны хэмжээ, ТЭЗҮ, нарийвчилсан үнэлгээ дээр 3 худгийн мэдээлэл огт байхгүй учраас дүгнэлтээр гадаргын усыг ашиглана, ******* дүүргийн төвлөрсөн уснаас ашиглана гэдэг дүгнэлт гараад ирсэн. Тухайн дүгнэлтэд ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлт, гэрээгээ байгуулаад Усны тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж ажиллаарай гэдэг. Тэр боломжит нөөцийн дүгнэлт дээр эднийд бүр хэлээд өгчихсөн байгаа. Тэгэхэд өдий болтол хийгээгүй л байна. Тэр боломжит нөөцийн дүгнэлтийг 2023 онд гаргаж өгсөн байдаг. Тэгээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас шинжээч томилсон. Шинжээчийг яаж томилдог вэ? гэхээр Шүүх шинжилгээний тухай хуульд заасан мэргэжлийн эрх бүхий хүнийг томилно. Манай газраас шинжээч томилуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар луу албан бичиг явуулсан. Хэргийн материалын 102 дугаар хуудсанд байгаа. Ямар хүн хаанаас, ямар шинжээч хийлгээд тодорхойгүй гэж байна. Хэргийн материалын 101-102 дугаар хуудаст Усны газраас Б.*******ыг шинжээчээр томиллоо гэсэн албан бичгийг манай руу буцаагаад өгсөн. Уг албан бичигт үндэслээд эрх бүхий албан тушаалтан тогтоолоо үйлддэг. Б.*******ыг шинжээчээр томиллоо гэсэн байгаа. Тухайн зөрчил нь усны нөөцийн зөрчил болохоор усны нөөцийг хууль бусаар ашиглаад хохирол учруулчихсан байгаа хохирлыг тооцуулахыг хүснэ. Би шинжээчээс өөр юу ч хүсэхгүй. Дээрээс нь шинжээч заавал газар дээр очиж ажиллах ямар ч шаардлага байхгүй. Эрх бүхий албан тушаалтан бүх үйл баримтуудаа шинжээчид хүргүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дээрээ гаргуулан авна гэж заагаад өгчихсөн. Шаардлагатай тохиолдолд тухайн талбай дээр очиж үзнэ. Шинжээч түүнээс биш заавал талбай дээр ажиллана гэсэн зүйл байхгүй. Дээрээс нь өмгөөлөгчтэй холбоотой зүйл ярьсан. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Моос би мэдүүлэг авахдаа танай компанид өмгөөлөгч авах уу гэж асуусан нь мэдүүлэгт байгаа. Өмгөөлөгчгүй оролцоно, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гэдгээ өөрсдөө хэлсэн. Тэгээд дүгнэлт гарсан даруйд би Н.Мыг дуудсан. Н.М нь манай газар дээр өөрөө ирсэн. Хэрэг ингээд шийдвэрлэгдэж дууслаа хэргийн материалтай танилцсан, шинжээчийн дүгнэлт ингэж гарсан гэхэд шинжээчийн дүгнэлтийг манай өрөөнд танилцсан. Шинжээчийн дүгнэлтийг хармагцаа “шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн материалтай танилцахгүй, гарын үсэг зурахгүй” гээд өрөөнөөс гарч явсан байгаа. Миний хувьд хэргийн оролцогчийн эрхийг нь хангасан гэж үзэж байна. Дээрээс нь сав газраас дүгнэлтээ гаргуулаад явж байна гэсэн. Сав газрын дүгнэлт нь 2024 оны 11 дүгээр сард гарсан. Энэ сав газрын дүгнэлт нь яаж гардаг вэ? гэхээр мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ТЭЗҮ дээр тусгасан ямар хэмжээний усыг хэдэн жилийн хугацаанд ашиглах юм, жилд хэчнээн ус ашиглах юм гэдгийг үндэслээд дүгнэлт гаргах байтал ТЭЗҮ, нарийвчилсан үнэлгээндээ 3 худаг тусгагдаагүй байхад нэхэмжлэгчийн гаргасан дүгнэлт шаардлага хангахааргүй байна. Яагаад гэвэл ТЭЗҮ нарийвчилсан үнэлгээндээ 3 худгийн мэдээлэл байхгүй, хэчнээн ус ашиглах нь тодорхойгүй байхад дүгнэлт гаргаад өгчихсөн. Тэгээд Усны газраас манай руу шинжээчийн дүгнэлт ирэхдээ албан бичигтэйгээ ирсэн. Шинжээчийн дүгнэлт болоод албан бичигтэй. Албан бичиг дээр Усны газраас юу гэж тогтоосон бэ? гэхээр нэхэмжлэгчийн өмнө гаргаж байсан ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт, нарийвчилсан үнэлгээ зэрэгт усны эх үүсвэрийн талаарх мэдээллийг тусгаагүй байна. Иймд дахин нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол оруулах, боломжит нөөцийн дүгнэлт болон ус ашиглах дүгнэлтийг дахин гаргуул гэдэг байдлаар дүгнэлтийг нь гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргуулсан гээд байгаа дүгнэлт энэ ус ашиглах дүгнэлтийн шаардлага хангахааргүй байна. Дээрээс нь өнөөдрийг хүртэл гэрээ зөвшөөрөлгүй тэнд ус ашиглаад үйл ажиллагаа нь явж байна. Зөвхөн тоолуур тавилаа гээд ус ашиглалтын эрх үүсэхгүй. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ хийгдсэн тохиолдолд тухайн газар дээрх усыг ашиглах эрх үүснэ. Шинжээчийн дүгнэлт дээр яаж хэрхэн тооцсон бэ? гэдэг дээр маргасан байна. Шинжээч тухайн худгийн ундарга, 1 секундэд хэчнээн ус ундардаг юм бэ? Үүнийг болохоор нэхэмжлэгчийн хийж байсан боломжит нөөцийн дүгнэлт дээрээс хараад 3 худгийн нийлбэрийг 60 хоног л гэж үзсэн. Дунджилж гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээд миний өгсөн материалууд дээр үндэслээд 60 хоногоор ашигласан усны хэмжээг хохирлыг тооцож гаргаж ирсэн. Тэгээд хохирол, усны экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн сав газарт 2805 төгрөг байдаг. Хэрвээ зөвшөөрөл, дүгнэлт, гэрээгүй ус ашигласан тул үүнийг Засгийн газрын журмаар 3 нугалж хохирлыг тооцдог. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийг би бодитой гэж үзэж байна. Хэрвээ дахин шинжээч томилно гэвэл миний зүгээс татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.1. Хэрэгт авагдсан ******* дугаар зөрчлийн хэргийн болон НБОГ-204 дүгээр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн хэргийн баримтууд болон тодорхойлох хэсэгт дурдсан үйл баримтаар үзвэл нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуулийн өөр зүйл, хэсэгт заасан 2 өөр зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэг зөрчилд 2 удаа шийтгэл оногдуулсан, шийтгэд давхардсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2.1. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан маргаан бүхий шийтгэлийн хуудсаар усыг зохих зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр “Я” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байх ба зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани усыг зохих зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдож байна.
2.2. Нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 142 дугаар усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 135, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 665, 675 дугаар худаг гаргах зөвшөөрөл, гүний худгийн цэвэр усны химийн шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүнгийн хуудас, усны тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ зэрэг баримтыг бүрдүүлсэн боловч эдгээр баримт нь усны зөвшөөрлийг орлохгүй бөгөөд харин ус ашиглах зөвшөөрөл авахад хавсаргах баримтад хамаарч байна.
2.3. Иймд хариуцагч улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавраар зохих бичиг баримтын бүрдлийг холбогдох газраар батлуулан биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнаж зөрчлөө арилгах арга хэмжээ авах хуулийн хугацаа тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаварыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
3.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч “Я” ХХК-ийн усны нөөцөд учруулсан хохирлыг тогтоолгохоор шинжээчээс зөвшөөрлийг авч Усны газрын усны нөөцийн хэлтсийн усны үнэ тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.*******ыг шинжээчээр оролцуулсан боловч шинжээчийн дүгнэлтийг Усны газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1296 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
3.2. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон шинжээч болох төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий этгээд дүгнэлтийг гарын үсгээр баталгаажуулахаар байхад Усны газрын даргын гарын үсэг бүхий албан бичгээр ирүүлсэн усны нөөцийн хохирлын үнэлгээг хэн гаргасан нь тодорхойгүй буюу шинжээчийн гарын үсэг зурагдаагүй байна.
3.3. Мөн Усны газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1296 дугаар албан бичигт дурдснаар Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалаар баталсан Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу хохирол нөхөн төлбөрийг тооцсон гэх боловч дүгнэлтдээ аргачлалд заасан “Арван дөрөв. Ус хангамжийн эх үүсвэр, усны барилга Байгууламжийн тусламжтайгаар газрын доорх ус агуулагч үе, давхарга, бүрдэл, бүсийн зузааныг хэт багастал усны түвшинг бууруулан ус олборлосноос газрын доорх усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөр тооцох” гэсэн хэсгийг хэрэглэсэн байх ба нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд яагаад дээрх хэсэгт заасан хохирол тооцох арга хамаарах талаар тайлбар байхгүй нь хуульд заасан шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна[1].
3.4. Гэвч энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч зохих зөвшөөрөлгүй ус ашигласан нь тогтоогдож байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заажээ.
3.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй тул шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцүүлэн авч нөхөн төлбөрийн хэмжээг тодруулах шаардлагатай ба энэхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
3.6. Иймд Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.гийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
[1] Тус аргачлалд заасан бусад хохирол тооцох хэсэг буюу “Долоо. Усны нөөцийг зөвшөөрөлгүй эсхүл хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан, зориудаар хуурайшуулснаас учирсан хохирол”, “Арван хоёр. Газрын доорх усны ордыг батлагдсан нөөцөөс нь хэтрүүлэн ашигласнаас учирсан хохирол” гэх мэт хэсгүүд яагаад нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хамаарахгүй болохыг дүгнэлтэд тодорхой бичих шаардлагатай.