| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/04985/N |
| Дугаар | 191/ШШ2025/03070 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/03070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, .... овогт Т.Т... /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ..овогт Т.Б... /РД:.../-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг, алданги 16,75,000 төгрөг, нийт 50,250,000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Т... нь хариуцагч Т.Б...-аас зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг, алданги 16,750,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийн гаргуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэж ажлын хөлсөнд 00-00 УНП улсын дугаартай, “Тоёота сай” маркийн машиныг 18,000,000 төгрөгт, мөн улсын дугаар аваагүй гаалийн бичигтэй “Приус 41” маркийн машиныг 25,000,000 төгрөгт тус тус бодож авсан. Тэгээд уг машиныг худалдах гэж байхдаа хариуцагч Т.Б...-тай уулзсан бөгөөд Т.Б... нь 2019 оны 11 дүгээр сард “Тоёота сай” маркийн машинаа 15,000,000 төгрөгт, “Приус 41” маркийн машинаа ч 2019 оны 12 дугаар сард зараад өгөөч гэж хүлээлгэн өгсөн. Ингэхдээ өгсөн мөн урьдчилгаа 3,000,000 төгрөг өгсөн, урьдчилгаа гэж 2,000,000 төгөргийг нэхэмжлэгчид өгсөн. Ингээд хариуцагч нь сураггүй болсон тул арга буюу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст эрүүгийн журмаар гомдол гаргасан юм. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байхад Т.Б... нь мөнгийг хувьдаа авсан буруугаа хүлээж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 33,500,000 төгрөг бүрэн төлөхөө илэрхийлж, энэ үнийн дүн дээр 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд манай хүсэлтээр Т.Б...-т холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэгсэхгүй болж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газзрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай тогтоол гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө хариуцагч төлөхгүй иргэнийг намайг хохироосоор байна.
Зээлийн гэрээний 3.7.-д зааснаар хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар алданги төлнө гэсэн заалтын дагуу 1,300 гаруй хоногийн алданги тооцох эрхтэй боловч Иргэний хуулийн 232.4.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас алданги хэтрэхгүй тул 16,750,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.
Энэ нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гарган иргэний хэрэг үүсэн хянагдаж байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32022/25165 дугаартай захирамжаар “хаяг нь тодорхойгүй” шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш2023/00770 дугаартай шийдвэрээр манай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж, хариуцагч Т.Б... нь ... тоотод амьдарч байгааг тогтоосон. Иймд хариуцагч Т.Б...-аас зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг, алданги 16,750,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, итгэмжлэл, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ, иргэний үнэмлэх, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 596 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/00770 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Т.... нь хариуцагч Т.Б...-т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг, алданги 16,750,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан бөгөөд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.
2.Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №624 дугаартай “Зээлийн гэрээ”-г үндэслэн үндсэн зээлийн төлбөр 33,500,000 төгрөг, алданги 16,750,000 төгрөгийн хамт гаргуулна гэж тодорхойлж байна.
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №624 дугаартай “Зээлийн гэрээ”-гээр хариуцагч Т.Б... нь 33,500,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
4.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4” дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгч Т.Т...-ийн “Тоёота сай” маркийн болон “Приус 41” маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулуулахаар хариуцагч Т.Б...-т хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, мөнгийг нь буцаан нэхэмжлэгчид төлөөгүй, тээврийн хэрэгслийн үнийг “Зээлийн гэрээ” байгуулж, буцаан төлөхөөр тохиролцсон гэх тайлбарт хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2”-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Дээрх үйл баримтаар, хариуцагч Т.Б... нь нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн тээврийн хэрэгслийн үнэ болох 33,500,000 төгрөгийг буцаан төлөөгүй байх бөгөөд энэ мөнгийг “Зээлийн гэрээ” байгуулан буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдож байх тул зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгсөн гэж үзэж тэдгээрийн хооронд “Зээлийн гэрээ” байгуулсанд тооцохоор байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 33,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс алдангид 16,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7”-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна. Учир нь алданги нь хууль болон гэрээнд зааснаар гаргуулах нэмэгдэл үүрэг, гэрээний хариуцлага юм.
Иймд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс алдангид 16,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 33,500,000 төгрөг, алданги 16,500 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх хэсэг, 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б...-аас 50,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т...-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 409,2001 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА