| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 102/2024/08118/И |
| Дугаар | 197/ШШ2025/02224 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/02224
2025 03 11 197/ШШ2025/02224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: л.агаас 2,780,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч г.о,
Хариуцагч л.а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч э.т ХХК-ийн нэхэмжлэлээс 2,755,520 төгрөгийг хангаж, 25,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч э.т ХХК нь хариуцагч л.а 2023 оны 06 сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Япон улсын Нарита хотын чиглэлийн хоёр талын дөрвөн том хүний тийз худалдан авч, үйлчилгээг авсан. Тус компанийн ажилтан г.д 11,680,520 төгрөгийн төлбөр авах байтал 8,902,760 төгрөгийн төлбөрийг авч 2,780,520 төгрөгийн төлбөрийг дутуу авсан байсан. л.ад нөхцөл байдлыг тайлбарлахад төлнө гэдэг байсан хэдий ч бодитоор төлбөрийг өгөөгүй тул 2,780,520 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч л.а нэхэмжлэгч э.т ХХК-иас 2023 оны 06 сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Япон улсын Нарита хотын чиглэлийн хоёр талын дөрвөн том хүний тийз худалдан авч, үйлчилгээг авсан. Тийзийг худалдан авахаар би өөрөө очоогүй хүнд банкны картаа өгч явуулж тооцоог хийлгэсэн. Өөрийн ажилтны алдааг биднээс нэхэмжилж нэр төрд халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр талын буруутай үйлдэл байгаа тул хувааж төлөх ёстой гэж үзэж байгаа тул тал хувь 1,084,960 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргасан.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.
5. Зохигч 2023 оны 06 сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Япон улсын Нарита хотын чиглэлд хоёр талын дөрвөн том хүний тийз худалдан авч, үйлчилгээг авсан үйл баримт дээр маргаагүй.
5.1. Нэхэмжлэгч э.т ХХК-ийн ажилтаны төлбөр тооцоог дутуу авсан нь зорчигч буюу хариуцагч л.аг үйлчилгээний хөлсийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч 2023 оны 06 сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Япон улсын Нарита хотын чиглэлд үйлчилгээг авсан байх тул хөлсийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч э.т ХХК нь 2023 оны 06 сарын 20-ны өдөр хариуцагч л.агийн тийзний төлбөрт 2,755,520 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлээс 25,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчээс төлсөн 59,438 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч л.агаас 2,755,520 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар хариуцагч л.агаас 2,755,520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч э.т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 25,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 59,438 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч л.агаас 59,038 төгрөг гаргуулж нэхэмжлэгч э.т ХХК-д олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА