Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00791

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00791

 

 

ЗТ ХЗХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00507 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЗТ ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Ч.Д-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 245 693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д- нь ЗТ ХЗХ-оос 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр1,2 хувийн хүүтэй, 2 000 000 төгрөгийн зээл мөн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3 хувийн хүүтэй 300 000 төгрөгийн зээл тус тус авсан. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 415 334 төгрөгийн эргэн төлөлт хийснээс хүүгийн төлбөрт 66 000 төгрөг, үндсэн зээлд 349 334 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 90 000 төгрөгийн хүү төлсөн. Үүнээс хойш дахин төлбөр төлөөгүй бөгөөд зээлийн нийт хуримтлагдсан хүүгийн төлбөр нийт 782 900 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлээд байна. Иймд Ч.Д-гээс 3 245 693 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би төсөл боловсруулан зээл авах болж ЗТ хоршооны захирал Г.Тэрбиш зөвшөөрөн миний дансанд 5 000 000 төгрөг орж ирсэн хүрээд ир гэсний дагуу очоод 4 000 000 төгрөгийг гаргаж өгөөд тус мөнгөнөөс 300 000 төгрөгийг хуримтлалын мөнгө гэж төлөөд 300 000-400 000 төгрөг үлдэж байсан санагдаж байна. Тухайн үед манай хүүгийн газрыг барьцаалах байсан боловч Б.Мөнхжаргалд 5 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөгийг өгөх болсон гээд манай хүүгийн газрыг барьцаалахаа больсон одоо тэр газар нь зарагдсан. Миний барьцааны гэрээг Г.Т эх хувиараа байсныг буцааж өгөөд Б.М гэж хүний хашааг барьцаалаад 3 000 000 төгрөг өгч, надад 2 000 000 төгрөг өгсөн. Тэгээд 2 000 000 төгрөгийн гэрээ хийж өгч, төлөлтийн график гаргаж өгнө гээд тэр чигтээ алга болсон. Би холбогдох гээд үзсэн боловч дампуурсан гэж байсан. Би бага багаар зээлээ төлөөд явж байсан 1 000 000 гаруй л төгрөг төлөх ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Д-гээс 1 782 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЗТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 463 027 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЗТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д-гээс 43 473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЗТ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хурал 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хуралдахад Ч.Д-гийн хувийн данс, мөнгө шилжүүлсэн гэх банкнаас хуулга авах шаардлагатай гэж үзээд шүүх хурлыг хойшлуулсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдах шүүх хуралд миний бие өвчтэй байсан учир очиж чадаагүй. Ингээд надгүйгээр шүүх хурлыг хийсэн байсан. Шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаж үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөгийг 1,2 хувийн хүүтэй, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 3 хувийн хүүтэй 300 000 төгрөг зээлж авсныг хариуцагч өөрөө зөвшөөрсөн байна. Харин шүүх хурлын тэмдэглэлд 2007 он гэж бичиж алдаа гаргасан байна. Хурлын тэмдэглэлд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр авсан 3 хувийн хүүтэй итгэлийн зээлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгосон тухай тэмдэглэлд тодорхой бичжээ. Хариуцагч нэхэмжлэлийг аваад тайлбар хийхдээ 2,3 сая төгрөгийг зээлээр авсан нь үнэн гэсэн. Шүүх хуралдааны үед шүүх даргалагч 2-3 удаа 300 000 төгрөгийг зээлээр авснаа зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрч байна гэсэн нь хурлын тэмдэглэлд бичигдсэнээс үзэхэд шүүх хурал даргалагч хугацааг буруу ойлгож 2007 он гэж ойлгосон байх талтай. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд авч үзвэл 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагт "ЗТ" ХЗХ-ны гүйцэтгэх захирал Г.Нямбаатар, зээлийн ажилтан Б.Лхабадрах нар Ч.Д-гийн ажлын газар дээр очиж, зээл төлөхгүй байгаа хүмүүстэй уулзаж, зээлийн үлдэгдлийг танилцуулж, хэзээ яаж төлөх талаар өөрсдөөс нь хүсэлт баталгаа авахад, хариуцагч Ч.Д- зээлтэйгээ тодорхой танилцаж, яаж төлөхөө өөрийн гараар бичиж баталгаа гаргаж өгсөн нь Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна. Нэхэмжлэгчийн шаардсан 1 463 027 төгрөгийг яагаад хангахгүй болсон талаар тодорхой зааж өгөөгүй. Шүүгч нотлох баримтын ач холбогдлыг дутуу үнэлж, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь бодит үнэнд нийцэж байхад шүүгч нь нэг талыг барьж ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 1 463 027 төгрөгийн нэхэмжлэлийг сэргээж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ЗТ ХЗХ нь хариуцагч Ч.Д-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 3 245 693 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 41/

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтыг зөв тодорхойлсны үндсэн дээр шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлсноор гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх, тухайн маргаанд хамаарах хуулийг тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Нэхэмжлэгч ЗТ ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байх боловч тус ХЗХ-нд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хоршооны дүрэм, тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл, гишүүнээр элсэх хураамжийг төлсөн баримт тус тус хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон дүрэмд заасны дагуу явуулсан эсэх, гэрээний төрөл, гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй атлаа талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ....Ч.Д-гийн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 300 000 төгрөгийн зээлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох.... талаар танилцуулан сонсгосон боловч шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй тул шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанд танилцуулан сонсгосноос өөр утга агуулгаар шийдвэрлэсэн гэж үзнэ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанд танилцуулан сонсгосноос өөр утга агуулгаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс эдгээр алдааг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 38 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ