Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1154

 

 

 

 

 

 

    2023           12             5                                        2023/ДШМ/1154

 

Б.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Нандин-Эрдэнэ,

            амь хохирогч Б.Тын хууль ёсны төлөөлөгч Т.Бгийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

            шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,   

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ггийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2303003660349 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чингэс зуут овгийн Б.Г, 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хангамжийн нярав, машинист мэргэжилтэй, “Сэн Лизэ” бүрэн дунд сургуульд биеийн тамирын багш ажилтай, одоо “Мон-Алтиус” дээд сургуулийн 4 дүгээр  дамжааны оюутан, ам бүл 2, дүүгийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо, Хүннү гудамж, Дүнжингаравын замд “Toyota prius” 30 маркийн 58-96 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчиж явган зорчигч Б.Тыг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Гг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нэг жил найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Б.Гг шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг жил найман сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггээс 2.888.716 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б /РД:АБ01262806/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Мон-Алтиус дээд сургуулийн төгсөх дамжааны оюутан бөгөөд, суралцахынхаа хажуугаар ажилладаг. Ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг. Сургуулиа төгсөхийн тулд сургуульдаа зайлшгүй явж байх шаардлагатай. Ийм шалтгааны улмаас зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсонд гэмшиж, хохирлыг бүрэн төлсөн. Энэ талаар давж заалдах гомдолдоо илэрхийлсэн боловч баримтаа гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Б.Ггийн хувьд суралцдаг сургууль нь өөрийн лицей сургуульдаа төгсөх курсийн оюутнуудаа багшлуулдаг нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул прокуророос Баянгол, Баянзүрх дүүргээс гарахыг хязгаарлах санал гаргасан. Гэтэл шүүх тус хоёр дүүргээр явахад бусад дүүргээр дамжин өнгөрөх тул оршин суугаа газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан. Шүүгдэгчийн ар гэрийн хувьд, ам бүл хоёр, 12 настай дүүгийн хамт амьдарч, дүүгээ асран хамгаалдаг. Иймд шүүх бүрэлдэхүүн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Б.Гд оногдуулсан 1 жил 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бгийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Анхан шатны шүүх ялын зорилтод нийцүүлэн 1 жил 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. ...” гэв.

            Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Тухайн үед шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг гүйцэд төлж барагдуулаагүй байсан учраас шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирлоо бүрэн төлж барагдуулсан, багаасаа өнчин өссөн, дүүтэйгээ хоёулаа амьдардаг гэх ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхнаасаа маргаагүй, мөн хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байгаа зэргийг харгалзан шүүхээс ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн хэдий ч цаашид гарах нэхэмжлэл, хохирол төлбөрийг төлөх боломжийг шүүгдэгчид олгож, ажил хөдөлмөр эрхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо, Хүннү гудамж, Дүнжингаравын замд “Toyota prius” 30 маркийн 58-96 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтыг зөрчиж явган зорчигч Б.Тыг мөргөж амь нас нь хохирсон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бгийн “...2023 оны 5 дугаар сарын 25-ны өглөөний 09 цагийн орчим би аавтайгаа хамт гэрээсээ гараад ажил руугаа явсан. Харин манай аав хүргэн ах Эрдэнэбилэгийн хамт том ачааны машинаа унаад ээжийн ажил руу явцгаасан. Тухайн өдөр манай аавын дарга болох Бек манай аав, хүргэн ах Эрдэнэбилэг нарыг Төв аймаг руу уг ачааны машинаар Монгол гэр хүргэж өг гэж хэлээд явцгаасан байсан. Тэр өдөр би аавтайгаа ямар нэгэн байдлаар холбогдоогүй, манай ээж Баянжаргал аавын утас руу залгахад утас нь холбогдохгүй байна гэж байсан. 2023 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө манай ээжийн утас руу цагдаагийн газраас залгаад осол болсон талаар хэлсний дагуу ээж, манай нөхөр хоёр тээврийн цагдаагийн алба дээр очсон. ... /хх 19/,

иргэний нэхэмжпэгч, хариуцагч Л.Мөнгөнзулын “...58-96 УБР улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин нь миний нэр дээр байдаг миний машин байсан юм. Би оны өмнө танил дүү Б.Гд  16.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан юм. Надад ямар нэгэн өргүй бүгдийг нь өгсөн. Нэрээ шилжүүлэх боломж гарахгүй байгаа юм. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Надад хамааралгүй асуудал, би машинаа зарчихсан байсан. Б.Ггийн эзэмшлийн машин болсон байсан. .../хх 22, 25/,

Шүүгдэгч Б.Ггийн яллагдагчаар өгсөн ...2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 58-96 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрхийн товчооны тэнд байх гэрээсээ гараад хотын төв рүү орох гээд явж байх үед замд Дүнжингаравын замаар зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр явж байх үед замын гэрэлтүүлэг асаагүй харанхуй байсан. Тухайн үед 00 цаг 15 минутын үед миний зүүн гар талаас эсрэг урсгалын замаас нэг хүн ороод ирсэн. Би баруун гар тал руугаа рулээ дарахад тэр хүнийг машиныхаа зүүн талын их гэрэл орчимоор мөргөсөн. Тэр хүн газарт унаад би цааш 5-10 метр орчимд яваад замын хашлага мөргөөд цаашаа машинаа тэгшлээд зогссон. Би машинаасаа буугаад нөгөө мөргөсөн хүний хажууд очиход доошоо хараад газарт хэвтсэн байдалтай биеийн доод талд нь цус гарсан байдалтай байсан. Би түргэн, цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирэх хүртэл би ослын газрын орчимд запас дугуйгаа цаад талд нь тавиад цагдаа, түргэн ирэхийг хүлээсэн. ...” /хх 125-126/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 2531, 2532 дугаар ...Б.Ггийн гэх цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна. Ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээнд тэнцэж байна. “Б.Г” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт, шинжилгээний үзүүлэлт /хх 44-48/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1487 дугаар ...Талийгаач Б.Тын биед тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсэг, тархины хоёр тал бөмбөлгийн дух, баруун, зүүн чамархайн суурь, бага тархины орой хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хүзүүний 7-р нугалмын салсан хугарал, нугасны бүрэн бус тасрал, цээжний баруун талд олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, цус хуралт, элэгний эдийн язрал, баруун хөлийн шаант, тахилзуур ясны доод 1/3-д хөндлөн сэтэрсэн зөрөөтэй далд хугарал, баруун зулайн хуйх, баруун, зүүн завьж, хацар, эрүү, хүзүүнд шарх, дух, зүүн хөмсөг, хамар, баруун, зүүн хацар, баруун, зүүн тохой, сарвуу, хэвлий, баруун өвдөг, зүүн шилбэ, шагайд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь авто ослын үед цохигдох, мөргөгдөх, дайрагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 2023.05.26-ны 02 цаг 45 минутын шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болжээ. Талийгаачийн цус нь гуравдугаар бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд 2.8 промили, шээсэнд 3.4 промили, ходоодны шингэнд 7.7 промили хэмжээтэй спиртийн зүйл илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 70-75/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 490491 дугаар “Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэгийн тохиргоо, дугуйн хээний гүний хэмжээ зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд салхины шил нилэнхүйдээ цөмөрч цацарч хагарсан /шинэ/, урд копут дунд хэсгээрээ хонхойж үрчийсэн /шинэ/, урд, гупер хагарсан /шинэ/ зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд салхины шил нилэнхүйдээ цөмөрч цацарч хагарсан / шинэ/, урд копут дунд хэсгээрээ хонхойж үрчийсэн /шинэ/, урд буфер хагарсан /шинэ/ зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд салхины шил нилэнхүйдээ цөмөрч цацарч хагарсан / шинэ/, урд копут дунд хэсгээрээ хонхойж үрчийсэн /шинэ/, урд буфер хагарсан /шинэ/ зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Энэ эвдрэл гэмтлүүд нь тухайн ослын үед үүссэн байна. Автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тээврийн хэрэгслийг суваг дээр STEBHOJ Микро20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тоормосны аппаратын битүүмжлэл, тоормос бүрэн ажиллагаатай байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АВS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллахгүй байна. ...” /хх 92-95/ гэсэн дүгнэлтүүд,

Цогцост үзлэг хийсэн “...үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: 167 см урттай, толгойд 15 см хүрэн бор өнгийн шингэн үстэй, биеийн ерөнхий хөнжил зөв, мах мярай дунд 50 настай эрэгтэй хүний цогцос байв. 2 нүдний совхи хаалттай, салст цайвар шаргал, хүүхэн хараа ч голд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг, тэмтрэхэд хамрын яс бүтэн, ам хамар чихнээс цус гарсан, дээд үзэгдэх шүд үгүй баруун доод 4, 5-р шүд ёзоор төдий, зүүн доод 1, 2, 3-р шүд булгарч унасан, шүднүүд амны хөндийд сул үлдсэн хөшилт үүсээгүй, хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр цайвар ягаан өнгөөр хэсэгчлэн үүссэн, цээжний хэлбэр зөв, хэвлий хавирганы нумаас доош байрлалтай, гадна бэлэг эрхтний хөгжил хэвийн, өтгөн шингэн гарсан зүйлгүй, баруун тавхай гадагш эргэсэн байрлалтай шилбэний доод хэсгээр ясны хавиралдах чимээтэй, баруун зулай хэсэгт 5x15, баруун хацарт 3x2, амны баруун булангаас баруун хацар руу чиглэсэн 4 см урт, зүүн хацар 2x0.2, доод эрүүний зүүн хажуу хэсэгт 6x2, амны зүүн булангаас хүзүүний ар хэсэгт хүрсэн 23x4 см булчин зөөлөн эд ил гарсан урагдсан шархтай, баруун хацарт 8x6 духны баруун талд 2.5x3, 3x2 зүүн хөмсөгт 2.5x1, зүүн хацарт 6x6, хацарт 2x2, баруун сарвууны 2, 4, 5-р хурууны дунд үенд болон угт 1.5x1 см-ээс 0.5х-0.5 см хооронд 7ш, хэвлийн баруун доод хэсэгт 8x4, баруун өвдөгний гадна хэсэгт 8x4, баруун өвдөгний гадна хэсэгт 2x1.5, зүүн шилбэний дотор доод хэсэгт 4x1.5, зүүн шагайн гадна хэсэгт 1x1, зүүн тохойд 4x2, зүүн сарвууны 3-р хурууны угт 0.5x0.5 см хүрэн улаан өнгийн цус гарсан байдалтай, нас бараад 2-3 цаг болсон байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 81-85/,

Мөрдөгчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 731 дугаар “Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний Тээврийн хэрэгслийн хурд 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Явган зорчигч Б.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. ...” гэх магадалгаа /хх 109-110/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Гг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсонгэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Сэн Лиза” бүрэн дунд сургуульд биеийн тамрийн багшаар ажилладаг /хх 180/ мөн Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах “Мон-Алтиус” дээд сургуулийн 3 дугаар дамжаанд /хх 247/ суралцдаг, ам бүл 2, насанд хүрээгүй өнчин дүүгээ асран хамгаалж өсгөдөг  зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж  түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг тэлж Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүргийн 4, 33 дугаар хорооны нутаг дэвсгэр болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

            Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө хохирогийн хууль ёсны төлөөлөгч Т.Бд 2.888.716 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1258 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг жил найман сарын хугацаагаар хүлээлгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүргийн 4, 33 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг жил найман сарын хугацаагаар хүлээлгэсүгэй ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Г нь хохирогийн хууль ёсны төлөөлөгч Т.Бд  2.888.716 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

           ЕРӨНХИЙ

           ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ