Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

 

 

 

      

 

С.П д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/851 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ононгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг үндэслэн С.П д холбогдох эрүүгийн 2305000001659 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.П,-

 

Шүүгдэгч С.П  нь 2023 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” шөнийн цэнгээний газрын гадна А.Ц-ын толгойн тус газар нь пивоны шилээр цохих, хоолойг нь хагархай шилээр зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.П ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг 90 хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Онон бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх шүүгдэгч С.П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч С.П д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрээр шүүх С.П д ямар ял оногдуулсан, түүнийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй бичигдэж, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал бий болж, шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангахгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.П д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.П  нь 2023 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “К” шөнийн цэнгээний газрын гадна А.Ц-ын толгойн тус газар нь пивоны шилээр цохих, хоолойг нь хагархай шилээр зүсэж, эрүүл мэндэд нь духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Ц-ын “...03 цагийн үед баарнаас гарах гэхэд А-ийн найз гээд нэг үл таних залуу бид хэдтэй юм яриад байсан бөгөөд баарнаас гарахад тэр залуу /П/ араас гарч ирээд Ж-н найз А-тай маргалдаад байсан. Ж өмөөрөөд П болон хамт явсан 2-3 залуутай маргалдахад П  нь пивоны шил хаанаас ч юм бүү мэд гаргаж ирээд миний толгой дээр цохиж хагалаад, зүүн талын хүзүүг зүссэн. ...П  гэх хүн л миний биед гэмтэл учруулсан. Би П тэй маргалдсан зүйл байхгүй. ...” /хх 7-8, 10-11/,

 

гэрч Х.Ж “...би Ц  дээр очиход цээж хэсэг нь цус болчихсон, хоолойноос нь цус гоожиж байсан. Тэгээд бид нар шууд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ц-ын хоолойг П  гэх залуу зүссэн. Тухайн залуу нь цээж хэсгээрээ нүцгэн байсан. ...П  нь гартаа пиво барьсан байсан. ...” /хх 17-19/,

 

гэрч Т.А-ын “...Ц  нь битүү цус болчихсон зам дээр куртикээрээ хоолойгоо ороосон байдалтай байсан. Тэгээд би А, Ц  хоёрыг түрүүлээд гэмтэл явуулсан. Би үлдээд П г дуудаад “чи хүний хоолой ам зүсчихсэн” байна гэхэд Номин гэх охин ирээд “би П гийн найзынх нь найз охин байгаа юм, янз бүрийн асуудал байвал над руу залгаарай” гээд дугаараа өгсөн. П , Ц  хоёр хойно үлдсэн, П  пивоны шил барьсан байсан. Мөн зүснэ шүү гээд орилоод байсан. ...” /хх 22-24/,

 

гэрч Р.А-н “...бааранд ороход А-ын найз гээд хоёр залуу байсан. Бид 5 нэг ширээнд суугаад бүжиглэж байхад манай хуучны найз болох П  гэнэт гараад ирсэн. Тэгээд надтай мэндлээд зөрсөн. Бид 5 баарнаас гарах гэтэл уг баарны үүдэнд П  зогсож байсан бөгөөд намайг татаад надтай юм яриад байсан. Тэгсэн А  ирээд би найзыгаа аваад явчихъя гэхэд П  А тай маргалдсан. Би А ыг аваад явахад А ын найз гэх залуучууд П тэй маргалдаад бөөн зодоон болсон байсан. П  цамцаа тайлаад орилоод байсан бөгөөд удалгүй А ын найз гэх 2 залуугийн нэг нь ирээд над руу заагаад танай найз П  чинь миний хоолойг зүсчихлээ гээд над руу дайраад байсан. ...” /хх 31-32/,

 

С.П ын яллагдагчаар өгсөн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байгаа. ...” /хх 60- 61/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...А.Ц-ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10401 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 60-61/, С.П ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.П  ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.П ын хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд духны хуйх, хүзүү, эрүү, зүүн чихний омгонд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлж дүгнэхдээ, түүнчлэн “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй гэсэн атлаа шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шүүгдэгч С.П д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж. ...” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх нөхцөл байдлыг техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Үүнээс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.П д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай гэж тухайн зүйл заалтад зааснаас өөрөөр зааж бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ ухамсарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд нийцүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байхыг онцгойлон анхааруулж тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/851 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН