Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 177

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  С.Сүхжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэдэндоржийн Цогзолмаад холбогдох эрүүгийн 1803000010036 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 8 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологич инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар, хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 5-44 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Цэдэндоржийн Цогзолмаа /РД:УЖ57081005/

 

Шүүгдэгч Ц.Ц нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2017 оны 12 сарын 07-ны өдөр 10 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” зочид буудлын зүүн урд замд 92-96 УНА улсын дугаартай Nissan H-Trial маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан.. “гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. 9.2-д заасан.. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч С.Батболдыг дайрсаны улмаас түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 12 сарын 07-ны өдөр 10 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” зочид буудлын зүүн талын хороолол дундах гарцнаас 92-96 УНА улсын дугаартай Ниссан экс трайл маркийн автомашинаар төв замд зүүнээс баруун тийш чиглэлд, баруун гар талруугаа эргэж нийлэхдээ уг замыг урдаас хойш хөндлөн нэвтэрч байсан явган зорчигч С.Батболдыг дайрч шон мөргөн зогссон байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө, жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, явган зорчигч С.Батболд нь “явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тус тус зөрчсөн байна.

Ослын улмаас явган зорчигч С.Батболдын гавлын суурь ясны олон тооны хэлтэрхий үүсгэсэн салсан хугарал, духны зүүн хэсэг, чамархайн цөмөрсөн, зулай, чамархайн шугаман хугарал, ухархайн дотор, дээд хана, хамар ясны хугарал. Их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, дагзны суурь хэсгийг хамарсан, бага тархины орой суурь хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хоёр хажуу болон гуравдугаар ховдлын шингэн цус, тархины баганан хэсгийн цусархаг няцрал, баруун уушигны няцрал, олон хавирганы хугарал, элэгний задрал, баруун чамархайн хуйх, духны зүүн хэсэг, зүүн хацар, баруун хацар шанаа, баруун чихний дэлбээ, эрүү баруун бугалга, зүүн өвдөг, баруун шагайд зулгаралт, зүүн нүдний дотор булан, баруун чихний дэлбээнд цус хуралт, баруун сарвуунд шарх бүхий олон тооны гэмтэл үүсч, энэ гавал тархи, цээж хэвлийн хавсарсан олон гэмтлийн улмаас тэрээр нас барсан болох нь:

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ 2017 оны 12 сарын  07-ны өдөр 10 цаг орчимд ЧД-ийн 2-р хорооны 25, 23 дугаар байрны дундуур ажлаасаа гарч яваад төв замруугаа орсон. Орохдоо баруун 4 зам руу буцаж эргэх ёстой байсан учраас гараад шууд 2 дугаар эгнээ руу орсон. 2 дугаар эгнээ руу орохдоо зүүн талынхаа эгнээрүү хараад эргээд эгнээндээ ортол 2 дугаар эгнээнд явган хүн байж таарч би мөргөсөн. Мөргөөд тормаз гишгэсэн, гишгээд хүнээсээ зугтааж 1-р эгнээрүүгээ ороод зогссон. Тэгээд шууд яаралтай түргэн тусламж цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ Хэн нэгний болгоомжгүй байдлаас болж бид хамгийн хайртай хүнээ алдсан. Хохирол бол төлөгдсөн тэгэхдээ хохирол төлөгдлөө гээд хохирсон хүн эргээд босоод ирэх биш. Гэхдээ энэ хүний насыг бодоод, мөн сэтгэлээрээ өөрөө өөрийгөө шийтгэсэн байх гэж бодож байна. Шүүгдэгчийг өөрөө өөрийнхөө гэм бурууг ойлгоод анхаарал болгоомжтой явах байснаа үнэхээр сайн ойлгож чадсан бол түүнд оногдуулах ялыг заавал биеэр нь эдлүүлэхгүй байж болно гэж үзэж байна. Цаашдаа насаа бодсон ч ухаантай амьдрах хэрэгтэй байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29-30/ “...Оршуулгын ажил явдалд 17.140.857 төгрөгний зардал гарсан. Оршуулгын зардалд Гандан хийдэд буян хийсэн мөнгө төгрөгийг оруулаагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 17-ны өдрийн 2422 тоот цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээнд: /хх-86-88/ “..Талийгаачийн биед гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан олон гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх амь насанд аюултай шинэ гэмтэл. Гэмтэл авсан дараалалыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх өвчингүй байна. Талийгаач нь гавал тархи, цээж хэвлийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 2017.12.07-ны 14:00 цаг үзлэгээр нас бараад ойролцоогоор 2-4 цаг болжээ. Талийгаач 2-р бүлгийн цустай байна. Талийгаач нас барах үедээ согтолтгүй байжээ..” гэсэн дүгнэлт,

Замын цагдаагийн албаны 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 17 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-102/ “..Н.Экстрайл маркийн 92-96 УНА улсын дугаартай автомашины жолооч Ц.Цогзолмаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. 9.2-д заасан..”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Батболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 “..Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт,

 

Гэрч Ө.Хурхийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 12 сарын 07-ны өглөө 10 цагийн орчимд би Чингэлтэй дүүргийн нутаг “Нарантуул” зочид буудлын зүүн талд байрлах хоёр байрны голоор автомашин орж гардаг гарцны зүүн талаар нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чигээрээ зам хөндлөн гарсан. Тэр үед миний баруун гар талд буюу уг гарцны баруун талаар нэг эрэгтэй хүн надтай адилхан ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа эгц чигээрээ биш ташуулдаж зам хөндлөн гарч явсан. Бид хоёрын хооронд 2-3 метрийн зайтай байсан. Намайг гарч явахад миний хойд талд түс тас хийх чимээ гарахаар нь эргээд харахад миний баруун гар талд 2-3 метрийн зайтай явж байсан эрэгтэй хүнийг улаан өнгийн Жип маркийн автомашин мөргөж унагаад зогсолгүй тэр чигээрээ явахдаа нөгөө зам дээр унасан хүний дээгүүр нь хойд дугуйгаараа дайраад баруун гар тийшээгээ яваад замын хойд талд байрлах гэрэлтүүлгийн шонг мөргөөд зогссон. Би тэр чигээрээ урагшаагаа зам хөндлөн гараад эргээд харахад машинаас 50 орчим насны, шаргалдуу өнгийн урт шуба өмссөн эмэгтэй хүн бууж ирчихээд цагдаа дуудаарай, түргэн дуудайрай гээд орилоод байсан. Мөн цүнхээ онгойлгож чадахгүй сандарсан байдалтай байхаар нь би өөрийнхөө утаснаас 102 луу залгаж ослын талаар дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг, /хх-78-79/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-131/, Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “..шүүгдэгч Ц.Цогзолмаа нь нэхэмжилсэн оршуулгын зардал 17.140.857 төгрөг, талийгаачийн Төрийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 3.715.124 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг нийт 22.355.981 төгрөгнөөс 22.376.000 төгрөгийг төлсөн. Хохирол бүрэн төлөгдсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн байх тул шүүгдэгч Ц.Цогзолмааг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Ц ял шийтгэл оногдуулахдаа шүүхээс анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан бодит хохиролыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-ди нь хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.Ц шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул шийтгэх тогтоолын биелэлтийг хангуулахаар түүний хураагдсан №60118 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Ц автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1.5-д зааснаар шүүгчдэгч Ц.Ц нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Ц.Цогзолмаагийн жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг эдлүүлэх, түүнд хяналт тавиулахаар ¹60118 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР