Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 

 

 

       2023           12               26                                  2024/ДШМ/15

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбат,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2309017441998 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б,-

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Ц-т “оёдлын машин барьцаанд тавьчихсан байгаа, тэрийгээ авчихвал танд 4.500.000 төгрөгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 4.500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц-ын нэхэмжлэлээс 2.744.500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг буруу тооцсон тухайд:

Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ “хохирогч Д.Ц- нь 2022 оны 09 сарын 07-ны өдөр “Б” ББСБ ХХК-иас 4.500.000 төгрөгийг сарын 3.1% хүүтэй зээлж, шүүгдэгч Б.Б-т хүлээлгэн өгсөн ба зээлийн хүүд 731.707 төгрөгийг төлсөн” гэж тооцооллын хувьд алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл “Б” ББСБ ХХК-д төлсөн төлбөрийг 5.231.707 гэж тооцсон байна. Хохирогч Д.Ц-ын хувьд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн автомашиныг барьцаалж, сарын 3.1% хүүтэй, 6 сарын хугацаатай 4.500.000 төгрөгийг зээлж Б.Б-т өгсөн ба 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б- нь зээлийн төлбөрт 1.000.000 төгрөгийг Д.Ц-ын дансанд шилжүүлсэн. Энэ мөнгийг хохирогч Д.Ц- нь ББСБ-ын данс руу тус өдөртөө шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш Б.Б- нь төлбөрөө төлөхгүй байсны улмаас ББСБ-аас Д.Ц-ын машиныг 2023 оны 02 сарын 27-ны өдөр хураасан. Хохирогч Д.Ц- нь 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, автомашинаараа таксинд явж амьжиргаагаа залгуулдаг бөгөөд аргагүйн эрхэнд Ханд гэх хүнээс хүүтэй мөнгө зээлж автомашины төлбөрт 5.231.707 төгрөгийг төлж ББСБ-ын барьцаанаас машинаа чөлөөлж авсан байдаг. Үүнээс үзэхэд автомашины барьцааны төлбөрт нийт 6.231.707 төгрөгийг “Б” ББСБ-д төлсөн байдаг ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг энэ дүнгээр тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг, анхан шүүхийн шатанд 3.231.707 төгрөг, нийт 4.231.707 төгрөгийг төлсөн. Мөн Б.Б- нь 2022 оны зун Хэнтий аймгийн нутгаар явахад нь Д.Ц- нь машинаараа явж үйлчилсэн байдаг ба үүний хөлсөнд сайн дураараа 1.000.000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д.Ц-т өгснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасч тооцох үндэслэлгүй юм.

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актыг тайлбарлаж, хэрэглэдэг. Шийтгэх тогтоолд “Д.Ц-ын сэтгэцэд залилах гэмт хэргийн улмаас учирсан эмгэгийн зэрэглэлийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосноор шийдвэрлэх зүйтэй” гэж үзэж нээлттэй үлдээсэн нь Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь, тус журмын 3.6-д “...Залилах ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ. Мөн журмын  4-т нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг хүснэгтээр тогтоосон байх ба “Нэгдүгээр зэрэглэл”-д биед гэмтэл учраагүй, зөвхөн сэтгэцэд үүссэн бага зэргийн эмгэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөр гаргуулахаар тусгасан. Хохирогч Д.Ц- нь амьжиргааны эх үүсвэр болсон автомашинаа алдаж орлогогүй болж, түүний гэр бүлийн хэвийн амьдрал тасалдсан. Өөрийн итгэл үнэмшил алдагдаж, барьцаанд тавигдаж, хэл ам гарсны улмаас сэтгэл санаа тавгүйтэж, сэтгэлээр унасан нөхцөл байдлаа шүүх хурлын явцад хэлсэн ба үүний улмаас тухайн автомашиныг зарж, дахин зээл гаргуулан мөнгө нэмж өөр адил төрлийн автомашиныг худалдаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх аргачлалын дагуу биед гэмтэл учраагүй буюу залилах гэмт хэргийн улмаас Д.Ц-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тооцож гаргуулахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг “Б” ББСБ-д төлсөн нийт төлбөрийн хэмжээгээр тогтоох /6.231.707 төгрөг/, хохирогч Д.Ц-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан журамд заасны дагуу хүснэгтээр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр /550.000x4.99=2.744.500 төгрөг/ тус тус тооцож, хохирогчид олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 9 дүгээр сарын 07-нд хохирогч Д.Ц-аас 4.500.000 төгрөг авсан нь залилах гэмт хэргийн үйлдлийг хангаж байгаа нь тогтоогдсон. Буцааж өгсөн 1.000.000 төгрөг нь учруулсан бодит хохирлоосоо төлсөн гэж үзэж байна. Хэнтий аймаг руу явахад машинаараа үйлчилсний төлбөрт өгсөн гэх баримт хэрэгт байдаггүй. Энэ асуудлыг анхан шатны шүүх хэлэлцээгүй, зөвхөн 4.500.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан үйлдэлд гэм буруутай гэж тооцсон. Хохирогч Д.Ц- нь банк бус санхүүгийн байгууллагаас 4.500.000 төгрөгийг зээлж, хүүгийн хамт 5.231.707 төгрөгийг буцаан төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд шүүхээс бодит хохирол болон банкны хүүг гаргуулахаар шийдвэрлэсэнтэй маргаагүй тул Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаатай завсарлага авч хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбат банк бус санхүүгийн байгууллагад төлсөн хүү болох 1.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан гэмт хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Хохирогчийн сэтгэцэд ямар хор уршиг учирсан талаар баримт байдаггүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн асуудалд хийсэн дүгнэлт болон ял шийтгэл оногдуулсан нь бодит байдал, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хийж байна. Энэ гэмт хэргийн  үйл баримт буюу залилж авсан 4.500.000 төгрөгийн хувьд маргадаггүй. Хохирол, нөхөн төлбөр болох 5.231.707 төгрөгийг төлсөн тул учруулсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, яллагдагч нар харилцан тохиролцож, хохирол төлүүлэх талаар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас 4.500.000 төгрөг зээлж, буцаан төлсөн хүүгийн хэмжээг энэ гэмт хэргийн хор уршиг мөн гэж үзэн анхан шатны шүүх хуралдаанд хохирлын хэмжээг нэмэгдүүлэн нэхэмжилсэн. Прокурорын зүгээс буцаан төлсөн хүүгийн хэмжээг хор уршиг мөн гэж үзэн шүүгдэгч Б.Б-ээс гаргуулахаар шүүх хуралдаан 5 хоногийн хугацаагаар завсарлага авч хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Иймд, хохирол, нөхөн төлбөрийн асуудалд анхан шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийгээгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Ц-т “оёдлын машин барьцаанд тавьчихсан байгаа, тэрийгээ авчихвал 4.500.000 төгрөгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 4.500.000 төгрөг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Ц-ын “...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Болорцэцэг уулзах хэрэгтэй байна гэхээр нь очиж уулзахад “дүү нь 6 ширхэг оёдлын машин хүнд хураалгачихсан тэрийгээ авах гэсэн чинь 4.500.000 төгрөг хэрэгтэй болчихоод байна, та надад олоод өгөөч, өгвөл би мөнгийг чинь буцааж өгөхдөө өсгөөд өгнө” гэж хэлсэн. ...Би өөрийн эзэмшлийн 4990 УАХ улсын дугаартай цагаан өнгийн “Приус 20” тээврийн хэрэгслээ “Б” ББСБ-д барьцаанд тавьж 4.500.000 төгрөгийн зээл авч бэлнээр өгсөн. Болорцэцэг 2 сарын дотор ББСБ-д зээл төлж дуусгана гэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 сая төгрөг бэлнээр өгсөн тухайн мөнгийг би өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Уг мөнгө нь 2022 оны зун би өөрийн машинтайгаа Хэнтий аймгаар Болорцэцэгт үйлчилж явж өгсөн хөлсийг аваагүй байсан. Тэгээд тэр 1 сая төгрөгийг суутгаж авсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 сая төгрөг над руу шилжүүлсэн тухайн мөнгийг би “Б” ББСБ-руу шилжүүлсэн. Өөр мөнгө өгөөгүй. Мөнгөө өгөөгүй учир 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Б” ББСБ-д “Приус 20” автомашинаа хураалгасан. Машинаа буцааж авахын тулд ээжийн найз Ханд эгчээс 5.900.000 төгрөг зээлсэн. ...Одоо би Ханд эгчийн банкны мөнгийг төлж байгаа, сард 1.200.000 төгрөг өгдөг. ...”,

гэрч Б.Хандын “...Д.Ц- нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “би тээврийн хэрэгслээ Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад авсан мөнгөө бэр Болорцэцэгт өгсөн. Одоо мөнгө болон тээврийн хэрэгслээ буцаан авч чадахгүй байна. 5.500.000 төгрөг хэрэгтэй байна” гээд Болорцэцэгийн зээл хүсч гараар бичсэн өргөдлийг авч ирсэн. Тэгэхээр нь би Хаан банкнаас өөрийн пос машины орлогоо барьцаанд тавиад 6 сарын хугацаатайгаар 5.900.000 төгрөг зээлээд “Б” ББСБ-ын тоот дансанд шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш Болорцэцэг нь Д.Ц-аас авсан мөнгөө өгөөгүй, мөн миний зээлж авсан мөнгийг өгөөгүй. Энэ асуудлаас болж би сар бүрийн 19-ны өдөр Хаан банкинд зээл төлж байгаа. ...”,

Б.Б-ийн яллагдагчаар: “...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Д.Ц-аас 4.500.000 төгрөг авсан нь үнэн. Авсан мөнгөө буцаагаад өгнө. ...” гэсэн мэдүүлгүүд, Д.Ц-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх 14/, 2022 оны 09 дүгээр  сарын 07-ны өдөр “Б ББСБ” ХХК-иас 4.500.000 төгрөгийн зээл авсан шуурхай зээлийн гэрээ /хх 28-32/, Б.Хандын 5029542286 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх 26-27/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 37-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх 65/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

           

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б- ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн хохирогч Д.Ц-т “барьцаанд байгаа оёдлын машинаа авчихаад 4.500.000 төгрөгийг чинь өсгөж өгнө” гэж хуурч 4.500.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсаныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбат “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг “Б” ББСБ-д төлсөн нийт төлбөрийн хэмжээгээр тогтоох /6.231.707 төгрөг/, хохирогч Д.Ц-ын сэтгэцэд учирсан хор уршиг 550.000x4.99=2.744.500 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Д.Ц- нь 2022 оны 09 дүгээр  сарын 07-ны өдөр “Б ББСБ” ХХК-иас 4.500.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэйгээр зээлж Б.Б-т өгсөн байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг зохиомол байдлыг бүрдүүлж, хохирогчийг төөрөгдүүлэн хуурч 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж зааснаар гэмт хэргийн улмаас 4.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоон, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигт /4.500.000+хүү731.707/=5.231.707 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нь 5.231.707 төгрөгийг нөхөн төлсөн байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Д.Ц-ыг залилсан гэж гэмт хэргийн гарсан цаг хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр тодорхойлсон ба Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”, мөн хуулийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг 1 дүгээр хавсралтаар баталжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилсан байх тул дээрх хуульд заасан үндэслэлээр сэтгэл санааны гэм хор учруулсны нөхөн төлбөр 2.744.500  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц-ын нэхэмжлэлээс 2.744.500 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэснийг “...Иргэний хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц-ын нэхэмжлэлээс 2.744.500 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ГАНБААТАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН