Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 424

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Гд холбогдох 1806 01196 0384 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1961 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн  дугаар гудамжны   тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн а-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 сарын хугацаагаар баривчлах ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгиин хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, У.Г

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

У.Г нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС-ийн автобусны буудал орчим явж байсан 8 настай Т.Уранчимэгийг хуурч мэхлэн машиндаа суулган авч яваад гар утсаар чинь яриад өгнө гэж Ай фоне 6 плас маркийн гар утсыг нь хуурч мэхлэн авч 354.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ггийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад бага насны хохирогч Т.Уранчимэгийн өгсөн: “Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6-1 тоотод эмээ, өвөө, эгчтэйгээ хамт гэртээ байж байгаад хүнсний дэлгүүр орохоор Сансарын КТМС-ийн буудлын орчим улаан ягаан өнгийн дэлгүүр ороход миний хайж байсан бэлэн гоймон байхгүй байсан болохоор нь өөр дэлгүүр орохоор КТМС-ийн автобусны баруун талаас Цома төвийн орчимд өөр дэлгүүр орох гээд явж байхад намайг ардаас нэг танихгүй ах ирээд ах нь чамаас юм асууя гээд ардаас дуудаад ахдаа нэгж аваад ирээч гэж хэлээд ах нь чамайг явах газар руу нь хүргээд өгье гэж хэлэхээр нь би итгээд машиных нь ард суугаад явсан юм. Тэр ах ахад нь нэгж байдаггүй ээ чи ахдаа утсаа өгөөд нэг удаа яриулаач гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгээд тэр ах миний утсаар хүн рүү залгаад юу авах юм гээд яриад байсан. Тэгээд миний гар утсыг буцааж өгөөд явж байснаа миний мэдэхгүй газар ирж зогсоод нэг ягаан дэлгүүр заагаад тэр дэлгүүрээс нэг цаас өгөөд 5000 төгрөг аваад ир гэж хэлээд явуулсан юм. Намайг буух үед ах нь утсаар нь дахиад яриад өгье гэж хэлээд миний гар утсыг авч үлдсэн юм. Би заасан дэлгүүр рүү нь нөгөө цаасыг аваад ороход худалдагч нь ийм юмыг яах гэж 5000 төгрөгөөр авах юм бэ буцаад яв гэхээр нь би дэлгүүрээс гарахад нөгөө машинтай ах миний гар утсыг аваад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Дүүрэнжаргалын өгсөн: “... би авга дүү Уранчимэгийг дэлгүүр рүү явуулж гоймон авахуулсан юм. Ингэж дэлгүүр рүү явуулахдаа би өөрийн Ай фоне 6 плас маркийн хөх саарал өнгийн гар утсаар интернетээс кимчитэй гоймонгийн зураг татаж аваад яг энэ гоймонг аваарай гэж захиад Уранчимэг дүүдээ би утсаа өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх.41/,

Мөрдөн байцаалтад У.Ггийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн эзэмшлийн 84-80 УНХ Улсын дугаартай цагаан өнгийн Соната 5 маркийн машинаар хувиараа такси үйлчлгээнд явж амьдардаг юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өдөржин, шөнжингөө таксинд явж байгаад 02-03-нд шилжих шөнө 04-05 цагийн үед КТМС-ийн сургуулийн хашааны гадна талд буюу ертөнцийн зүгээр урд талд нь байх машины зогсоол дээр очиж зогсоод машин дотроо жаахан унтаж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 02 сарын 03-ны өглөө 09-10 цагийн үед босоод би машин тэргээ цэвэрлээд л такси үйлчлгээндээ явах бэлтгэлээ хийгээд зогсож байтал үл таних 7-8 орчим настай жаахан охин гартаа нэг том гар утас барьчихсан явж байсан юм. Тэгэхээр нь би тэр хүүхдийг дуудаад ахынхаа машинд суучих дэлгүүр ороод ахдаа нэг юм аваад өг ах нь чамайг очих газарт чинь хүргэж өгье гэж хэлээд тэр охиныг машиндаа суулгасан юм. Тэгээд Сансарын шатахуун түгээх станцын хойд талын 104.5 ФМ-тэй байрны хажуугаар хойшоо гарч нэг дэлгүүрийн гадна зогсоод миний машин дотор байсан бензиний урамшуулалын талон буюу 2 ширхэг цаасыг тэр охинд өгөөд ахын дүү энэ 2-г энэ дэлгүүрийн худалдагчид оруулж өгөөд 5000 төгрөг аваад ир гэж хэлээд охиныг машинаас буулгасан юм. Тэгж буулгахдаа би тэр охины утсаар нь ярина гэж хэлээд аваад үлдчихсэн юм. Тэгээд охиныг харж байгаад дэлгүүр рүү оронгуут нь би машинаа хөдөлгөөд явчихсан юм. Тэгээд л би тэр өдөр машинаа үлдээгээд өөрөө вагонаар Зүүнхараад байх ээж дээрээ очих гээд явчихсан юм. Тэгээд Сэлэнгэд очоод явж байгаад утсыг танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарчихаад Сэлэнгэд 2-3 хоноод буцаж хотод ирсэн юм. Тэгээд хотод ирээд байж би машинаараа такси үйлчилгээнд явж байгаад цагдаад баригдсан юм” гэх мэдүүлэг /хх. 68-69/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

У.Г нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС-ийн автобусны буудал орчим явж байсан 8 настай Т.Уранчимэгийг хуурч гар утсыг нь залилан авч 354.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад бага насны хохирогч Т.Уранчимэгийн өгсөн: “... Тэр ах ахад нь нэгж байдаггүй ээ чи ахдаа утсаа өгөөд нэг удаа яриулаач гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгээд тэр ах миний утсаар хүн рүү залгаад юу авах юм гээд яриад байсан. Тэгээд миний гар утсыг буцааж өгөөд явж байснаа миний мэдэхгүй газар ирж зогсоод нэг ягаан дэлгүүр заагаад тэр дэлгүүрээс нэг цаас өгөөд 5000 төгрөг аваад ир гэж хэлээд явуулсан юм. Намайг буух үед ах нь утсаар нь дахиад яриад өгье гэж хэлээд миний гар утсыг авч үлдсэн юм. Би заасан дэлгүүр рүү нь нөгөө цаасыг аваад ороход худалдагч нь ийм юмыг яах гэж 5000 төгрөгөөр авах юм бэ буцаад яв гэхээр нь би дэлгүүрээс гарахад нөгөө машинтай ах миний гар утсыг аваад алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Дүүрэнжаргалын өгсөн: “... Ингэж дэлгүүр рүү явуулахдаа би өөрийн Ай фоне 6 плас маркийн хөх саарал өнгийн гар утсаар интернетээс кимчитэй гоймонгийн зураг татаж аваад яг энэ гоймонг аваарай гэж захиад Уранчимэг дүүдээ би утсаа өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх.41/,

Мөрдөн байцаалтад У.Ггийн яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би тэр хүүхдийг дуудаад ахынхаа машинд суучих дэлгүүр ороод ахдаа нэг юм аваад өг ах нь чамайг очих газарт чинь хүргэж өгье гэж хэлээд тэр охиныг машиндаа суулгасан юм. Тэгээд Сансарын шатахуун түгээх станцын хойд талын 104.5 ФМ-тэй байрны хажуугаар хойшоо гарч нэг дэлгүүрийн гадна зогсоод миний машин дотор байсан бензиний урамшуулалын талон буюу 2 ширхэг цаасыг тэр охинд өгөөд ахын дүү энэ 2-г энэ дэлгүүрийн худалдагчид оруулж өгөөд 5000 төгрөг аваад ир гэж хэлээд охиныг машинаас буулгасан юм. Тэгж буулгахдаа би тэр охины утсаар нь ярина гэж хэлээд аваад үлдчихсэн юм. Тэгээд охиныг харж байгаад дэлгүүр рүү оронгуут нь би машинаа хөдөлгөөд явчихсан юм. Тэгээд л би тэр өдөр машинаа үлдээгээд өөрөө вагонаар Зүүнхараад байх ээж дээрээ очих гээд явчихсан юм. Тэгээд Сэлэнгэд очоод явж байгаад утсыг танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарчихаад Сэлэнгэд 2-3 хоноод буцаж хотод ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх. 68-69/,

Шүүгдэгч У.Ггийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

             Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

            Иймд У.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хуурч залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

             У.Г нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлын Самсунг эс-3 загварын гар утсыг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, бага насны хохирогч Т.Уранчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            У.Ггийн “бусдын эд хөрөнгийг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

             Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ У.Ггийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

             У.Ггийн үйлдсэн гэмт хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

             Шүүгдэгч У.Гд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газарт даалгаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

             У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. У.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гд 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар, У.Гд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Гд сануулсугай.

5. У.Г нь цагдан хоригдсон хоноггүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, бага насны хохирогч Т.Уранчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                  С.ӨСӨХБАЯР