Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2025/0039

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: С.Х,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын өндөр насны тэтгэвэр тогтоох  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч С.Х нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Иргэн С.Х өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар  маргасан байна.

            2. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар  Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх ба аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн  тул нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            3.1. Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар багийн малчин С.Х нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 55 нас хүрсэн, улсад нийт 20 жил 4 сар ажилласан, үүнээс малчнаар 15-иас доошгүй жил ажилласан учраас Булган сумын нийгмийн даатгалын байцаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор тухайн өдөр хүсэлт гаргасан. Гэтэл Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын улсын байцаагчаас таны 1992 онд Булган сумын “Салтанат” нэгдэлд малчнаар ажилласан жил зөрчилтэй байна, тус нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан учраас аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан.

            3.2. Аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор С.Х өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж хариу өгсөн байна. Уг тогтоолд Булган сумын “Салтанат” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас С.Х Булган сумын “Салтанат” нэгдэлд 1992 онд малчнаар ажилласан жилийг малчнаар ажилласанд тооцохгүй гэсэн. Булган сумын “Салтанат” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй асуудалд малчны буруу байхгүй. Нөгөө талаас С.Х Булган сумын “Салтанат” нэгдэлд 1992 онд малчнаар ажилласан жилийг иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

            Иймд С.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч дамжуулан уг тогтоолыг эс зөвшөөрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Малчин С.Х  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан тус аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, С.Х 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны  тэтгэвэр тогтоож өгөхийг тус аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай шаардлагыг дэмжиж байна.

4.2. Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар  малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан.  С.Х нь 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 55 насанд хүрсэн. Хуульд заасан насны шаардлагыг хангаж байна. Нийтдээ 20 жил 1 сар  ажилласан, үүнээс 17 жил 1 сар малчнаар ажилласан. Хоёр жил цэргийн албанд байсан. Хуульд зааснаар цэргийн албанд байх хугацаанд нэг жилд  6 сарын нэмэгдэл өгөөд, нийтдээ 3 жил болж байна.

 4.3. Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргахад, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоолгосон ч тухайн үед нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас энэхүү хугацааг  малчнаар ажилласан  хугацаанд ч, нийт ажилласан хугацаанд ч оруулахгүй гээд хариу өгсөн байна. Малчны ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй. Малчин 1995 оноос хойш Нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх хууль эрх зүйн үндэслэл бий болсон. Түүнээс өмнө нь малчин хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг байгаагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

            5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            5.1. Нэхэмжлэгч С.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргаснаар түүний өргөдлийг хянан хэлэлцэж, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор 1992 онд ажилласан байх гэх “Салтанат” нэгдэл нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул малчнаар ажилласан хугацаа нь хүрэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн.

5.2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дах хэсэгт “ажилтны төр хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хороолол, шашны байгууллагад 1991 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцно” гэж заасан байгаа.

Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгж нь цалингийн сангаас 13,5%-ийг тэтгэврийн даатгалд төлөх ёстой. “Салтанат” нэгдэл нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул малчнаар ажилласан хүрээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй.

5.3. С.Х нийт шимтгэл төлсөн хугацааг тооцож үзэхэд, нийтдээ 19 жил 1 сар төлсөн, үүний 12 жил 7 сарыг нь малчнаар шимтгэл төлсөн байсан нь тогтоогдсон.

5.4.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт  “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй” өндөр насны тэтгэвэр тогтоолгоно авах эрхтэй гэж заасан.  

Хүн насаараа мал маллаж амьдарч болно.  Өндөр насны тэтгэвэр гарахын тулд ямар нэгэн шимтгэл төлж байж тэтгэвэр тогтоох боломжтой.

Иймд С.Х тасралтгүй малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

        1. Нэхэмжлэгч С.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Малчин С.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, С.Х 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

        2. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

        2.1. Нэхэмжлэгч нь 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, одоо 55 настай, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдлийн “Сөнхөл” бригадад малчнаар ажилласан,1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж, 0165 дугаар ангид цэргийн алба хааж, 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанаас халагдсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08/325 дугаар лавлагаагаар /хэргийн 8 дугаар тал/, Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2021/00174 дугаар шийдвэрээр /хэргийн 6-7 дугаар тал/ тус тус тогтоогдож байна.

        2.2. Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн байдал нь 1993 оноос 2003 оныг дуустал иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийг баталгаажуулсан НДД №А0823237 дугаар нийгмийн даатгалын дэвтрээр /хэргийн 11-12 дугаар тал/, 2002, 2005, 2006 онуудад Малчин, хувиараа эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу нийт 3 жилийн  нийгмийн даатгалын шимтгэлийг  малчнаар нөхөн төлсөн нь №02154072 дугаар баталгаажилтын хуудсаар /хэргийн 14 дүгээр тал/, 2018 онд 9 сар /сайн дурын/, 2019 онд  1 сар /сайн дурын/ , 2020 онд  9 сар /сайн дурын/ , 2022 онд  11 сар /сайн дурын/ , 2023 онд  8 сар /сайн дурын/, 2024 онд 4 сар /малчин, туслах малчин/  тус тус төлж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /хэргийн 84-90 дүгээр тал/, нэхэмжлэгч нь   2019-2024 онуудад  Булган сумд малчин байсан нь Булган сумын Засаг даргын Тамгын газраас болон аймгийн архивын тасгаас тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн тухайн жилүүдийн Мал, тэжээвэр амьтад,  хашаа худгийн тооллогын материалууд буюу  “А” дансны лавлагаагаар /хэргийн 55-82 дугаар тал/  тус тус тогтоогджээ.

        2.3. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарт /50-51 дүгээр тал/ хэргийн нэхэмжлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 19 жил 1 сар,  үүнээс малчнаар ажиллаж шимтгэл төлсөн хугацааг 12 жил 7 сар гэж тооцож, уг 12  жил 7 сард 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 2 сар, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 8 жил, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацааг тус тус хамруулж тооцсон ба дээрх тооцоогоор  нэхэмжлэгчийг малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж тайлбарласан. 

        3. Уг маргааны хууль зүйн үндэслэлийн тухайд: 

        3.1.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.6-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.

        3.2. Нэхэмжлэгчийн хувьд  55 нас хүрсэн нь түүний БД69122519 дугаартай иргэний үнэмлэхийн хуулбараар /хэргийн 3 дугаар талын арын хуудас/ тогтоогдож байх тул  хуульд заасан насны  шаардлагыг хангажээ.

        3.3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн нийт шимтгэл төлсөн хугацааг тооцохдоо  цэргийн алба хаасан 2 жилийн хугацааг  Цэргийн алба  хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасан “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэсний дагуу тооцоогүй, уг 2 жилийн 1 жилийг 1 жил 6 сараар, нийт  3 жил гэж  тооцох ёстой атал цэргийн алба хаасан хугацаагаар буюу  2 жил 4 сар 5 өдөр гэж  8 сараар дутуу тооцсон,  мөн нэхэмжлэгчийн 2024 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  4 сарын хугацааг  нэмж тооцоогүй байх ба дээрх дутуу тооцсон хугацаануудыг нэмж тооцоход,  нэхэмжлэгчийн тэтгэврийн  даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 20 жил 1 сар  /19 жил 1 сар +8 сар+ 4 сар = 20 жил 1 сар/  болж байх ба үүгээр нэхэмжлэгч нь хуульд заасан нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангасан байна.

3.4. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүй болсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 -д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор  “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг баталсан  ба энэ журам нь  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоолын 7-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэснээр хүчингүй болсон. 

  3.5. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөгдөж байсан дээрх журмын  3.1-т “Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно”, 3.1.5-д “ даатгуулагч 1995 оноос хойших хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн  лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх)” гэж,

мөн Нийгмийн  даатгалын ерөнхий газрын даргын  2018  оны А/09 дүгээр   тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын 6.3-т “Даатгуулагчийн 1995 оноос хойш  малчнаар ажиллаж нийгмийн  даатгалын шимтгэл төлсөн хугацааг   доор дурдсан баримт бичгийг үндэслэн тооцно. Үүнд: 6.3.1-д “ Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу 1995 оноос хойш албан журмын болон сайн дурын даатгалд  даатгуулж шимтгэл төлсөн даатгуулагчийн  малчнаар ажилласан хугацааг  түүний  малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан  сайн дурын даатгалын гэрээ,   баталгаажсан нийгмийн   даатгалын  дэвтэр,   “А” дансны лавлагаа” гэж тус тус заасан.

3.6. Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлсөн 2019, 2020, 2022, 2023 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлснийг   малчны хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж тооцоогүй боловч хэрэгт нэхэмжлэгчийг тухайн жилүүдэд малчнаар ажиллаж байсныг нотлох  “А” дансны лавлагаа буюу “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын  бүртгэл авагдсан байх тул дээрх журам, зааврын холбогдох заалтуудаар  нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж байсан хугацаанд сайн дурын даатгалд  төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг  малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.7. Тодруулбал, нэхэмжлэгчийн сайн дурын даатгалаар төлсөн 2019 оны 1 сар, 2020 оны 9 сар, 2022 оны 11 сар, 2023 оны 8 сар, 2024 оны 4 сарыг  малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох журам, зааврыг зөрчсөн байх ба  дээрх хугацааны нийлбэрийг хариуцагчийн  анхны тооцоолсон  12 жил 7 сард нэмж тооцоход,  нийт 15 жил 6 сар /12 жил 7 сар+1 сар+9 сар+11 сар+8 сар+4 сар=15 жил 6 сар/ болж байх тул нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь хуульд заасан 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн гэх шаардлагыг мөн хангасан байна гэж үзлээ.

3.8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10  дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан, нэхэмжлэгч тал шүүхээс 2024 оны 12 дугаар  сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн боловч тухайн өдөр нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргасан үйл баримт нь тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх  маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд бичгээр /хэргийн 4 дүгээр тал/ гомдол гаргасныг үндэслэн маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор /хэргийн 5 дугаар тал/ шийдвэрлэсэн нь нотлогдож байх тул 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан гэж үзээд тухайн өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах  нь зүйтэй байна.

            3.9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчид  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан   хариуцагчийн татгалзал нь  хууль бус,  үүний улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр  тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг  даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.6, 10 дугаар зүйлийн 10.1-т тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С.Хүрэлболдод  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША