Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01282

 

Талын сувд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай                                                                                                                

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 201/МА2016/00032 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Талын сувд ХХК,

Хариуцагч : Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК,               

Нэхэмжлэлийн шаардлага: 190.000 ам доллар буюу 394.000.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хүрэлбаатар, хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, нарийн бичгийн дагар И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2012 оны 8 сард Дорнод аймгийн Матад суманд байрлах Тамсагийн газрын тосны гаалийн хяналтын бүсийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК нь барилгын зурагт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Энэ саналыг хүлээн авч зураг төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан төсөв гаргахад анхны төсөв дээр 190.000 ам.доллар нэмэгдсэн. Энэ талаар бусад компаний удирдлагад албан ёсоор мэдэгдэн зураг төсвийг хүргүүлэхэд “Ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж бай, хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ” гэж тус компаний гүйцэтгэх захирал хэлсэн. Мөн энэ байдлыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт мэдэгдсэн. Манай компани нь Тамсагийн газрын тосны гаалийн хяналтын бүсийн барилгыг захиалагчийн санал болгосноор бүрэн хийж гүйцэтгэн 2013.5.08-ны өдөр ашиглалтанд оруулахаар улсын комиссын актаар баталгаажуулан тус компанид хүлээлгэн өгсөн. Уг актанд дурьдсаны дагуу 390.000 ам долларын өртөгтэй барилгыг Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн. Гэтэл тус компани нь Тамсагийн газрын тосны гаалийн хяналтын бүсийн барилгын үнэ 190.000 ам доллар буюу 394.000.000 төгрөгийг төлөхгүй манай компанийг хохироож байна. Иймд  гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус компани нь Талын сувд ХХК-тай Тамсагийн талбайн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх “DATAMO12CF015” тоот гэрээг 2012 онд байгуулан хамтран ажилласан билээ. Тус гэрээнд заасан барилгын ажлын төлбөр болох 200.000 ам долларыг гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан. Иймд Талын сувд ХХК-иас нэхэмжилсэн 190.000 ам долларыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан  Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн XIX-р талбайгаас 190.000 ам доллар буюу 273.271.300 төгрөг гаргуулан Талын сувд ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 120.728.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.524.307 төгрөг, нэхэмжлэгчээс 603.643 төгрөг тус тус гаргуулж төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 2.127.950 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл 2016.01.25-ны өдрийн 317 дугаар захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 201/МА2016/00032 дугаар магадлал гаргаж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Барилгыг барихад нэмж гаргасан зардлын үнийн дүнг нэхэмжилж байгаа. 190.000 ам доллар гэдэг нь ямар ч тооцоогүй зардал биш. 190.000 ам долларын зардал гарсанг нотлох баримт   байгаа. Гэрээгээр тохирсон 200.000 ам доллараа бүрэн авсан, ямар нэг маргаан байхгүй Энэ гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй тул гэрээний 6.1-д заасан харьяалал хамаарахгүй гэж үзэж байна. Хариуцагч тал 190.000 ам доллар дээр нэмэлт гэрээ хийгээгүй гэж ярьдаг хэрнээ маргаангүй гэрээний заалтыг баримтална гээд байгаа нь ойлгомжгүй юм. Хариуцагч компанийн ямар нэг аргаар хугацаа хожих гэсэн санаа байх. Нэхэмжлэлийг иргэнд биш хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-д заасны дагуу “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргах” ёстой гэж ойлгож байна. Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн удирдах байгууллага Улаанбаатар хотод байрладаг. Харин түүний салбар нь Дорнод аймгийн Матад суманд Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн XIX талбай нэртэйгээр үйл ажиллагаа байнга явуулдаг болохыг шүүх тогтоосон. Тус компанийн үйл ажиллагааны гол хэсэг болох газрын тос олборлох салбар нь Матад суман дахь Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн XIX талбай юм. Энэ талбай дээр барьсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан учир тус салбар харьяалагддаг Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Энэ хэрэгтэй холбоотой бүх нотлох баримт Дорнод аймгаас л гарна. Нэхэмжлэгч миний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зөрчиж, надад хүндрэлтэйгээр Улаанбаатар хотын шүүхэд дахин хандахаар гаргасан шүүхийн шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанид санхүүгийн хүндрэл дахин учрахыг анхаарна уу гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ :

“Талын сувд” ХХК нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 190.000 ам.доллар гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-ийн XIX-р талбайгаас  190.000 ам доллар буюу 273.271.300 төгрөг гаргуулан Талын сувд ХХК-д олгосон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “...гэрээний 6.1-т зааснаар талууд маргааныг Улаанбаатар хотод шийдвэрлүүлэхээр тохирсон байна. ...анхан шатны шүүх шүүхийн харьяалал зөрчсөн...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ. 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул   магадлалыг хүчингүй болгоно.

Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар, Петрочайна Дачин Тамсаг Монгол XIX талбай ХХК, Талын сувд ХХК-д хамтран /хх 63/ байгуулсан “Тамсагийн гаалийн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх хамтын гэрээ”-ний 6.1-ийн “...тус гэрээнээс маргаан үүсвэл 2 тал хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв зөвшилцөж чадахгүйд хүрвэл Монгол улсын шүүхээр /Улаанбаатар-т/ шийдүүлнэ...” гэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар, Петрочайна Дачин Тамсаг Монгол XIX талбай ХХК, Талын сувд ХХК-д хамтран байгуулсан “Тамсагийн гаалийн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх хамтын гэрээ” нь 200.000 ам.долларын барилгын  ажилтай холбоотой бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгө шаардаагүй тул   гэрээний 6.1-ийн заалт нь 190.000 ам.доллар гаргуулах нэхэмжлэлд хамааралгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчийн оноосон нэрийг гэрээ болон нэхэмжлэлд “Петрочайна Дачин Тамсаг Монгол XIX талбай ХХК” гэж буруу бичсэн, энэ талаар зохигчид мараагүй тул “Талын сувд” ХХК нь Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-иас гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК нь Улаанбаатар хотод байрладаг хэдий ч ажил хэргээ байнга явуулдаг газар нь Дорнод аймгийн Матад сум байх тул нэхэмжлэлийг Дорнод аймгийн сум дундын шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.2-т нийцжээ.  

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрт хариуцагч байгууллагын оноосон нэрийг буруу бичсэнээс гадна зохигчдоос гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тооцоогүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна.

а/. Талын сувд ХХК, Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК, Монгол Улсын Гаалийн ерөнхий газар Тамсагийн Гаалийн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх  DATAMO12CF015 дугаартай гэрээ /хх 63-67/ байгуулж Тамсагийн гаалийн хяналтын талбайн барилгын ажил болон үйл ажиллагааг зохион байгуулан гүйцэтгэх талаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. DATAMO12CF015 дугаар гэрээтэй холбоотой маргаан байхгүй байв.   

Нэмэлт зардал 190.000 ам долларыг хариуцагч төлөхгүй гэж маргаж байгаа боловч   DATAMO12CF015 дугаар гэрээнд нэмэлт төсөв хийгдэж улмаар Гаалийн хяналтын бүсийн барилга, авто замын ажил нийтдээ 390.000 ам долларын өртөгтэйгөөр баригдсан болох нь  улсын комиссын 2013 оны 5 сарын 08-ны өдрийн 01 дугаар акт, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт буй бусад баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Шүүх хариуцагчаас 190.000 ам.доллар буюу 273.271.300 төгрөг гаргуулж Талын сувд ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т нийцсэн тул шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ. 

б/. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Талын сувд ХХК нь   Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-тай гэрээ байгуулсан нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй тул хариуцагч хуулийн этгээдийн нэрийг “Петрочайна Дачин Тамсаг Монгол XIX талбай ХХК” гэж буруу бичсэнийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.   

в/. Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах боломжтой хэдий ч энэ нь тэмдэгтийн хураамж хуваарилах журмыг өөрчлөх үндэслэл болохгүй.     

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тул Талын сувд ХХК-иас 2.127.950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, Петрочайна Дачин тамсаг Монгол ХХК-иас 1.524.307 төгрөг гаргуулж Талын сувд ХХК-д олгох өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 201/МА2016/00032 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК-иас 190.000 ам.доллар буюу 273.271.300 төгрөг гаргуулж Талын сувд ХХК-д олгож, нэхэмжлэлээс 120.728.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан Талын сувд ХХК-иас 2.127.950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, Петрочайна Дачин тамсаг Монгол ХХК-иас 1.524.307 төгрөг гаргуулж Талын сувд ХХК-д олгосугай...” гэж тус тус өөрчлөн, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/02261 дүгээр захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ