Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 643

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээд Ц.Дагвадорж, түүний өмгөөлөгч Ж.Базарсад нарыг оролцуулан иргэн Х.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: Хотолхүүгийн Алтантуяа 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамж 39-32 тоот 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 7

Гуравдагч этгээд: Цэвэлмаагийн Дагвадорж

Хаяг: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 36И-84 тоот

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дугаар захирамжийн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: “Х.Алтантуяа миний бие нь Чингэлтэй дүүрэг 3 хороо Урт цагааны хойд талд буюу 39 дүгээр байрны 32 тоот хоёр өрөө орон сууцанд гэр бүлийн хамт амьдардаг болно. Гэтэл манай байрны урд талд иргэн Дагвадоржийн захиалгаар барилгын компани орон сууцны барилга барьж эхэлсэн юм.

Оршин суугчид СӨХ-оороо дамжуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан гомдол гаргасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/065/671 тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтээр иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар баригдаж буй барилгын зураг төсөл нь Магадлалын ерөнхий дүгнэлт хийгдээгүй, Газрын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. 

Мөн иргэн Ц.Дагвадоржид Нийслэлийн засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжаар 215 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон болохыг мэдсэн болно.

Энэ нь иргэн Х.Алтантуяа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Иргэн Ц.Даваадоржийн гэх эзэмшил газартай хил залгаа цахилгааны дэд өртөө байрладаг манай 39 дүгээр байр энэхүү дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангагддаг.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай” дүрмийн 3 дугаар заалтад зааснаар хүн оршин суудаг газарт 1-20 кв хүртэлх хүчдэлтэй дэд өртөөнд хамгаалалтын зурвас нь тал бүр тийшээ 10м байна гэсэн байдаг.

 

Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөхийг хориглоно гэснийг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Aймаг сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Иргэн Ц.Дагвадоржийн эзэмшиж буй газар нь дээр дурдсан эзэмшүүлэхийг хориглосон газарт хамаарна. Учир нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газар нь хот тосгон бусад суурины, зам шугам сүлжээний газарт хамаарах тул иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхгүй, харин төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглах ёстой.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжийн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”, 

 

“Х.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжийн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагатай маргаанд “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай” 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6640 тoот шүүгчийн захирамж гарсан.

Шүүгчийн захирамжид дурдсан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах зорилгоор энэхүү тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Х.Алтантуяа нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Урт цагааны хойд талд буюу 39 дүгээр байрны 32 тоот хоёр өрөө орон сууцанд гэр бүлийн хамт амьдардаг болно. Гэтэл байрных нь урд талд иргэн Ц.Дагвадоржид Нийслэлийн засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжаар 215 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон.

Нэгдүгээрт. Иргэн Ц.Дагвадоржийн гэх эзэмшил газартай хил залгаа цахилгааны дэд өртөө байрладаг, 39 дүгээр байрныхан буюу Х.Алтантуяагийнх энэхүү дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангагддаг юм. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч болно.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч Х.Алтантуяа нь эрчим хүчээр хангагдах эрхтэй. Иргэн Ц.Дагвадоржид 215 м.кв газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн энэхүү эрх зөрчигдөж байгаа болно.

Учир нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай дүрмийн 3 дугаар заалтад зааснаар хүн оршин суудаг газарт 1-20 кв хүртэлх хүчдэлтэй дэд өртөөнд хамгаалалтын зурвас нь тал бүр тийшээ 10 м байна гэсэн байдаг.

  Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах”-аар заасан. Харин Нийслэлийн Засаг дарга үүнийг зөрчин газар эзэмших эрх олгосон болно.

Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт заасан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөхийг хориглоно гэснийг ч ноцтой зөрчсөн.

 

Хоёрдугаарт. Иргэн Ц.Дагвадоржийн гэх эзэмшил газартай хил залгаа Урт цагаан худалдааны төвийн гадна халаалт, цэвэр бохир усны шугам байрладаг. 39 дүгээр байрныхан буюу Х.Алтантуяагийнх Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь зааснаар хэрэглэгч болно. /3.1.13 хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно/.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт: гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх, саарал ус ашиглах нь хэрэглэгчийн эрх байдаг. Иргэн Ц.Дагвадоржид 215 м.кв газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн энэхүү эрх зөрчигдөж байгаа болно. 

Учир нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасан төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 м-т хамгаалалтын зурвас тогтооно.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт заасан хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасан бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн байдаг.

Ер нь иргэн Ц.Дагвадоржид үйлчилгээний зориулалтаар 215 м.кв газар эзэмших эрх олгосноор нэхэмжлэгч Х.Алтантуяагийн эрчим хүчээр найдвартай хангагдах эрх, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангагдах эрх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ авах эрх зөрчигдөж байгаа болно.

Оршин суугчид СӨХ-оороо дамжуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан гомдол гаргасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/065/671 тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч дээр дурдсан зөрчлүүдийг шалган тогтоосон болно.

Тиймээс Нийслэлийн засаг даргын 2012 оны А/224 тоот захирамжийн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ц. Дагвадоржид Нийслэлийн Засаг даргын 2003 оны 485 тоот захирамжаар 66 м.кв газрыг ашиглах эрхтэй олгож байсан. 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжаар тухайн газрын хэмжээг 215 м.кв газар болгож үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Иргэн Ц.Дагвадорж газрынхаа суурийг ухаж барилгын суурь цутгаж эхэлсэн. 

Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 08065671 тоот дүгнэлт гарсан. Тухайн газар дээр дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны дүгнэлтээр тухайн газар ямар нэгэн зөрчилгүй байна. Хамгаалалтын зурваст хамаарахгүй, орц, гарцыг хаахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. 

Мөн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол байна. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, тогтоол дээр иргэн Ц.Дагвадоржийн эзэмшиж байгаа газар нь цахилгааны дэд өртөө, хамгаалалтын зурваст орж байгаа эсэх нь энэ Х.Алтантуяагийн хэрэгт хамааралгүй. Иргэн Ц.Дагвадорж 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Уг хурлаар байршлыг шилжүүлсэн. Нэгэнт энэ барилга нь барилгын норм дүрмийг хангасан, газар эзэмшлийн тухайд зөрчилгүй байсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагч болон гуравдагч этгээд газар эзэмших талаар ямар нэгэн хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Ц.Дагвадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ц.Дагвадоржийн зүгээс доорх тайлбарыг гаргаж байна.

Иргэн Ц.Дагвадорж нь 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 485 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 66 м.кв талбай бүхий газрыг ашиглахаар авсан бөгөөд тус газар дээр үйлчилгээний павильон ажиллуулж байгаад улмаар тус үйлчилгээний газар дээрээ орчин үеийн хийц бүхий барилга барих болсон тул 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандан 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаартай захирамжаар олгогдсон газрын хэмжээг томруулж, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд Нийслэлийн газрын албаны техникийн зөвлөлийн хурал хуралдаж Ц.Дагвадоржийн гаргасан 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлтийг хүлээн авч, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/224 тоот захирамжаар үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 215 м.кв газрыг эзэмшүүлэхээр болсон. Ц.Дагвадорж 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжийг үндэслэн Нийслэлийн газрын албатай 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан болно.

Иргэн Ц.Дагвадорж нь Нийслэлийн Засаг даргын хууль ёсны А/224 тоот захирамжийн дагуу авсан өөрийн эзэмшлийн газар дээрээ 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Улаанбаатар хотын ерөнхий архитектор баталсан барилгын ерөнхий төлөвлөгөө, инженер геологийн судалгааны дүгнэлт болон дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбооны техникийн нөхцөл зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын эрх бүхий хүмүүсээр батлуулж, зохих зөвшөөрлийн дагуу “Сүмбэр цамхаг” ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлаа эхлүүлсэн боловч “Эдкс” ХХК нь маргаан гаргаж барилгын ажлыг зогсоосон.

Нийслэлийн Засаг даргын А/224 тоот захирамжаар олгогдсон 215 м.кв талбайтай газар дээр иргэн Ц.Дагвадорж нь үйлчилгээтэй 10м х 18м хэмжээтэй 4 давхар барилга барихаар төлөвлөж 2013 оны 9 дүгээр сарын З0-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 2013/832 тоот даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж баталж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 521/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, үйлчилгээтэй 4 давхар барилгын эскиз зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор албан ёсоор батлуулсан. Мөн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас 132/2012 тоот цахилгааны техникийн нөхцөл болон дулаан, цэвэр, бохир усны нөхцлүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар албан ёсоор батлуулж ажлын зургийг хийлгэсний үндсэн дээр 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 247/2013 тоот Магадлалын ерөнхий дүгнэлт гарсан.

Иргэн Ц.Дагвадорж нь Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд хууль бусаар газар эзэмшсэн зүйл огт байхгүй болно. “Эдкс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг Нийслэлийн 3ахиргааны хэргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэгдэж 354 тоот хүчин төгөлдөр шийдвэр гарсан байдаг. Тус хүчин төгөлдөр 354 тоот шийдвэрээр иргэн Ц.Дагвадоржийн эзэмшлийн газар нь Барилгын тухай хууль болон БНбД 30-01-04 дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоосон байдаг.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 02-04-130/1838 тоот дүгнэлтээр иргэн Ц.Дагвадорж нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 тоот шийдвэрээр 215 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар олгосон бөгөөд иргэн Ц.Дагвадорж нь урьд илэрсэн зөрчлийг арилгаж захирамжаар олгогдсон эзэмшил газар дотроо барилгыг багтаасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг /газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/-д заасны дагуу газар эзэмшиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Мөн “Эдкс” ХХК-ийн зүгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гуравдагч этгээд Ц.Дагвадоржид холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч “Эдкс” ХХК-ийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7569/Ү тоот захирамжаар шинжээчээр томилогдсон “Лэндс” ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны ар талд иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар баригдаж буй барилгын хэмжээг тогтоон, барилгын норм дүрэмд нийцэж байгаа талаар дүгнэлт гаргасан.

 Тус дүгнэлтээр “...иргэн Ц.Дагвадоржийн барилга нь гадна ханаар 18.6 x 9.91 м харьцаатай 184.3 мкв талбайтай байна. Иргэн Ц.Дагвадоржид Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот шийдвэрээр 215 м.кв газар эзэмших захирамж гарч үүний үндсэн дээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2013/В-32 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавраар барилга барихыг зөвшөөрч барилгын эскизийг хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж баталсан байна. Мөн иргэн Ц.Дагвадорж зураг төслийн “Бадмаараг” ХХК-аар барилгын ажлын зураг хийлгэж, улсын экспертизээр хянуулж, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 247/2013 тоот дүгнэлт гаргуулсан байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0000547№521/2013 тоотоор барилга барих зөвшөөрөл авсан байна, барилгын норм ба дүрмийн заалттай харшлах зүйл байхгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иргэн Ц.Дагвадорж нь нэхэмжлэгч Х.Алтантуяагийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй мөн Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Барилгын норм дүрэм журмын холбогдох зүйл заалтыг зөрчсөн зүйл огт байхгүй болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамж нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан бөгөөд нэхэмжлэгч Х.Алтантуяагийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.9-д заасны дагуу Х.Алтантуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Алтантуяа Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 дүгээр захирамжийн иргэн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү нэхэмжлэл гаргаж буй үндэслэлээ Ц.Дагвадоржийн эзэмшил газартай хил залгаа байрладаг цахилгааны дэд өртөөнөөс Х.Алтантуяа цахилгаан эрчим хүчээр хангагдах, цэвэр усаар хангагдах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдсөн гэж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарт “...хүн оршин суудаг газарт 1-20 кв хүртэлх хүчдэлтэй дэд өртөөнд хамгаалалтын зурвас нь тал бүр тийшээ 10 м байдаг, ...Нийслэлийн Засаг дарга нь эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах үүргээ зөрчсөн, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөхийг хориглоно, ...төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс 2 тийш 5 м-т хамгаалалтын зурвас тогтооно, ...хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна, ...бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно” гэсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн гэж үздэг. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар гуравдагч этгээд Ц.Дагвадорж 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 485 дугаартай захирамжаар  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд үйлчилгээний зориулалтаар 66 м.кв талбай бүхий газрыг ашиглахаар авч, тус газар дээрээ үйлчилгээний павильон ажиллуулж байгаад улмаар тус газрын хэмжээг нэмэгдүүлж, барилга барих хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 тоот захирамжаар  түүнд үйлчилгээний зориулалтаар 215 м.кв газрыг эзэмшүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг  байгуулж, газар эзэмших гэрчилгээ  олгогдсон нь тогтоогдож байна. 

Ингэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлэх Ц.Дагвадоржийн хүсэлтийг  Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 215 м.кв газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3-д заасан шаардлагад нийцсэн байна.

Гуравдагч этгээд Ц.Дагвадорж өөрийн эзэмшлийн газарт үйлчилгээтэй 10м х 18м хэмжээтэй 4 давхар барилга барихаар төлөвлөж, цахилгааны техникийн нөхцөл болон дулаан, цэвэр, бохир усны нөхцөлүүдийг  холбогдох мэргэжлийн байгууллагуудаар батлуулж, ажлын зургийг хийлгэж, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 247/2013 тоот Магадлалын ерөнхий дүгнэлт  гарч, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 2013/832 тоот даалгаврыг  батлуулж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521/2013 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг  авчээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02-04-130/1838 тоот дүгнэлтээр “...иргэн Ц.Дагвадорж нь ... урьд илэрсэн зөрчлийг арилгаж захирамжаар олгогдсон эзэмшил газар дотроо барилгыг багтаасан..., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт ... заасны дагуу газар эзэмшиж байна” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх анхаарч үзэв. 

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7569/Ү дугаар шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон “Лэндс” ХХК нь “...Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны ар талд иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар баригдаж буй барилгын хэмжээг тогтоон, барилгын норм дүрэмд нийцэж байна” гэсэн дүгнэлтийг  гаргажээ. 

Түүнчлэн “Эдкс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжийн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэлийн 3ахиргааны хэргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дугаар шийдвэрээр  шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “...оршин суугчид СӨХ-оороо дамжуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан гомдол гаргасны дагуу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/065/671 тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч дээр дурдсан зөрчлүүдийг шалган тогтоосон...” гэх тайлбарт гуравдагч этгээд “...дүгнэлт гаргахад ажилласан Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, Л.Ганбаатар нар нь Ц.Дагвадоржийн барих гэж буй барилгын хойд талын орон сууцанд /...39, 40-р байр/ амьдардаг бөгөөд ашиг сонирхлын үүднээс дээрх дүгнэлтийг гаргасан...” гэх тайлбарын тухайд. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Иргэний үнэмлэхийн лавлагаагаар Нацаг овогтой Оюунчимэг /РД:ХГ60010609/ Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамж, 39 байр, 49 тоотод орших суух хаягтай, Лхамсүрэн овогтой Ганбаатар /РД:ИЗ75102630/ Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамж, 40 байр, 22 тоотод орших суух хаягтай байх бөгөөд дээрх 08/065/671 тоот мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд  барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Ганбаатар нарын гарын үсэг зурагдсан байх тул гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Мөн тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 1/1674 дүгээр албан бичиг, шүүгчийн захирамжийн дагуу Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн баг барилгын ажлын зураг төсөв, гүйцэтгэлийн ажлыг газар дээр нь шалгаж гаргасан дүгнэлтийг  хэрэгт нотлох баримтаар авсан бөгөөд тус дүгнэлтэд “...Дэд өртөөнд ажил үйлчилгээ явуулахад орч, гарцад нөлөөлөхөөргүй байна, ...тус тусын барилгад галын машин 3 талаар нь орж гарах бололцоотой байна” гэснийг дурдах нь зүйтэй байна.   

Иймд дээр дурдсан үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжийн гуравдагч этгээд Ц.Дагвадоржид холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Х.Алтантуяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Алтантуяагийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/224 тоот захирамжийн иргэн Ц.Дагвадоржид холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 

108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДОЛГОРСҮРЭН