Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 309/ШШ2025/00463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,757,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.******* /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дорждулам /цахимаар/

Хариуцагч төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,757,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Г.Дорждулам ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* аймгийн ******* сумын 6 дугаар багт мал маллан амьдардаг ба сургуулийн хүүхдүүдээ хичээл сургуульд хамруулах зорилгоор сумын төвд өмчлөлийн газар, 5 ханатай гэрт хүүхдүүдийн хамт хамт өрх толгойлон оршин суудаг. Би 2-24 насны 12 хүүхэдтэй ба 6 хүүхэд сургуульд, 2 хүүхэд цэцэрлэгт, том 3 хүүхдийн маань нэг нь 16 настай дүүтэйгээ хөдөө мал дээрээ, хоёр нь сумын төвд эрхэлсэн ажилгүй байдаг. Хонь, ямаа нийлсэн 100 гаруйхан тооны малтай. Хүүхдүүддээ зориулан 8*8 м харьцаатай палкан байшин барьж, гадна 4 хана, дээврийн шувуу нуруу босгож, банзаар доторлож, зориулалтын төмрөөр төмөрлөөд дутуу барьсан байшингаа зурагтаар зар харж байгаад 14-15 хоногт барилгын ажлыг гүйцээж дуусгана гэсний дагуу “******* ******* *******” ХХК-ийг сонгож барилгыг гүйцээн ашиглалтад оруулах нөхцөлтэйгээр лампиран тааз, паркетан шал, шилэн хөвөн тугалгатай шилэн цаасаар дээврийн дулаалга, байшингийн торхны дотор ханыг шилэн хөвөн тугалгатай шилэн цаасаар дулаалж, шохойтой цаас хадаж, обой наах, 4*2 м хэмжээтэй тамбар барих, тамбарыг 3*8 м болгож, 4*3 м талбайг дулаалж 00 болгоно, дулааны пар трубаг холбож өгнө, цахилгааны холболт, вакум цонх 5 ш, дотор модон хаалга 4 ш, бүргэд хаалга 1 ш суурилуулна, 8*8 м мансардгүй палкан байшин гадна талаараа 64 м.кв гэж тооцно, 8*8 м хэмжээтэй мансардгүй палкан байшинг 3 өрөө болгоно, таазны өндөр 2 м 20 см гэсэн нөхцөлтэйгээр 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 59 дугаартай гэрээ байгуулан барилгын материалын үнэ, ажлын хөлс, тээвэр зэргийг багтаан 38,800,000 төгрөгөөр тохиролцож, мөн өдрөө урьдчилгаа гэж 15,000,000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 18,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч хагас дутуу барьж орхиод 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлаа хийхгүй орхиод алга болсон. Байшингаа дуусгаж барьж өгөхийг олон удаа шаардсан боловч худлаа үнэн яриад огт ирэхгүй байгаа. Одоогийн байдлаар 4*2 м хэмжээтэй тамбар барих, тамбарыг 3*8 м хэмжээтэй болгож 4*3 м талбайг дулаалж 00 болгох, дулааны пар трубаг холбох сантехникийн ажлыг огт хийгээгүй, пар, труба, холбох хэрэгсэл, хүүхдийн болон том хүний 00-н суултуур, угаалтуур зэрэг материалыг авчраагүй, гадна талын ажлууд хийгдээгүй, нэг жижиг өрөөний дундын хана, дотор засал тэр чигтээ хийгдээгүй, үүнд ашиглах барилгын материал нь дутсан, үүнтэй холбоотой тээвэрлэлт хийгдэх зэрэг гэрээний үүрэг биелэгдээгүй. Тухайн компанийн авчирсан материалууд нь хамгийн хямд үнэтэй, ча******* муутай. Иймд гэрээний үүрэг биелээгүйгээс үүссэн мөнгөн дүнг дараах байдлаар нэхэмжилж байна. Нийт хийх ёстой ажил, авбал зохих барилгын материалын 50 хувьд ч хүрэхээргүй ажил үйлчилгээ хийсэн тул эхэлж шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг авсан материал, ажлын хөлс, тээвэр зэрэгт тооцож, сүүлд шилжүүлсэн 22,800,000 төгрөгийг 14 сарын 0,3 хувийн хүү алданги 957,600 төгрөг, нийт 23,757,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Тамбар огт баригдаагүй. Байшиндаа орж амьдрах гэхээр тог, халаалт шийдэгдээгүй, дутуу хийсэн тул амьдрах ямар ч боломж нөхцөлгүй юм. Одоо гэрт амьдарч байгаа. Манайх дулааны болон цахилгааны цэвэр усны техникийн нөхцөлийн зөвшөөрлийг авчихсан байсан. Цэвэр нь 25 м, бохир нь 23 м ойрхон байгаа. Миний хувьд байшингийн гадаа 5 ханатай гэр барьж ажилчдыг байрлуулан, өдрийн 3 хоолтой, хоол ундыг нь сайн хийж өгч байсан. Манай ажилчид гээд байгаа 2 хүн нь өөрийнх нь компанийн үндсэн ажилчид биш, хувиараа барилгын ажил эрхэлдэг хүмүүс юм. Байшинг зарах нь бүү хэл, хүн ч амьдрах нөхцөлгүй байгаа. Байранд тамбар, 1 жижиг өрөө дутуу, угаалгын өрөө дутуу байна. Материалаа авах гээд байна мөнгөө хурдан шилжүүл гэхээр нь би бүх мөнгөө өгсөн. Тус компани 3 цонх, 1 бүргэд хаалга, 1 цагаан хаалга, паркетэн шал, обой наагдсан, таазны лампир хийгдсэн. Паар, тог, 1 өрөө гаргаагүй, хүүхдийн суултуур, угаалтуур хийгдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Миний үйлчлүүлэгч С.******* нь “******* ******* *******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь 8*8 хэмжээтэй мансардгүй палкан байшинг 11*15 хэмжээтэй, байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу, дээврийн төмөр, 3-ын банз, дээвэр, лампиран тааз, паркетан шал, обой, 5 ширхэг вакум цонх, 4 ширхэг модон хаалга, 1 ширхэг бүргэд хаалга, дээврийг дулаалгын шилэн хөвөн, тунгалагтай шилэн цаасаар дулаална. Дотор талыг шилэн хөвөн, тунгалагтай цаасаар дулаалж, шохойтой цаас хадаж, обой нааж, 2 банзан 4*2 хэмжээтэй тамбарыг барих ажлыг гүйцэтгэнэ, нэхэмжлэгч тал ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн   343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар барилгын материалын үнэ 38,800,000 төгрөг бөгөөд үүнд ажлын хөлс багтсан байна. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 18,000,000 төгрөгийг, дээврийн модон ажил дууссан нөхцөлд 5,800,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах талаар гэрээнд тусгасан байна. Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 18,000,000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг,  2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлж төлсөн нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн гүйцэтгэхгүй орхиж явсан байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээнд зааснаар учирсан хохирлоо шаардсан нь үндэслэлтэй байна. Хариуцагч “******* ******* *******” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 22,800,000 төгрөг, алданги 957,600 төгрөг, нийт 23,757,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна гэв.

2. Хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч ******* хариу тайлбартаа: “******* ******* *******” ХХК нь ******* аймгийн ******* сумын иргэн С.*******тай 8*8 харьцаатай дүнзэн байшингийн доторлогоо хийх, 3*8 харьцаатай тамбар барих гэрээг 2023 оны 08 дугаар сард хийсэн. Гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 06-нд очиж 4 ш цонх, гадна талд нь хаалга гаргаж хийж өгөөд, дотор талыг нь цилкон хөөсөөр маш сайн чигжээс хийж, шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж, 2-ын банзаар савхдаж, гипсэн хавтан хадаж, обойг нь нааж, паркетан шал хийж өгсөн. Мөн таазанд нь гадна талаас шилэн хөвөнгөөр дулаалж, дотор талд нь лампиран тааз хийж өгсөн. Нийт 3 өрөө болж, хаалга болон бусад материал ча*******ын шаардлага хангасан маш сайн материалаар хийсэн. Манай ажилчдыг ажлаа хийж дуусахад энэ айл тавилгаа тавиад байрандаа орсон. Манай компани ажлаа маш сайн, ча*******ын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Хийсэн ажлыг маань хийгээгүй мэтээр бичсэн нь ёс зүйд нийцэхгүй байна. Одоо дутуу зүйл нь 3-ын банзаар гадна талын 3*8 хэмжээтэй тамбар барих, 4 ш дулааны ражетар /пар/, 24 м 25-ын трубагаар холбох ажил дутуу байгаа. Энэ нь ажлын хөлс, тээврийн хөлстэйгээ 2,000,000 төгрөгийн ажил үлдсэн. С.******* нь дулааны болон цахилгааны цэвэр усны техникийн нөхцөлөө аваагүй байсан. Очиж ажилласан хүмүүсийг маш тавгүй байлгаж, хоол унд муутай, манай ажилчид өөрсдийн машиндаа байрласан. Энэ хүн байшингаа зарж ашгаа олсон тул 2,000,000 төгрөгөөс илүү төлбөр төлөхгүй.

С.*******тай 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хамт сууж байгаад 8*8 хэмжээтэй, хаалга, цонх гаргаагүй торхон байшингийн зургийг үзүүлж доторлогоо хийлгэх гэрээ хийсэн. Гэрээнд 5 ш модон хаалга, 1 ш бүргэд хаалга, паркетэн шал, лампиран тааз, өрөө тасалгааг хийх талаар тохиролцож нийт 38,800,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Би гэрээний үүргээ 99 хувь биелүүлсэн. Материалыг ******* аймаг руу машинаар тээвэрлүүлж, ******* сум руу портер маркийн машин хөлсөлж очиж шилэн хөвөнгөөр дулаалж, лампиран тааз хийж, хаалга, цонхыг гаргаж хийсэн. С.*******гаас нүх ухаж, техникийн нөхцөлийг авсан уу гэж асуухад ямар ч зүйл бэлдээгүй байсан. С.*******тай байгуулсан гэрээнд зөвхөн дулааны парыг холбож өгөх талаар заасан. Мөн С.******* нь өөрөө утсаа авсан тохиолдолд цахилгааныг холбож өгнө, нүхээ ухсан тохиолдолд гадна талын бохирын ажлыг холбоно гэж тохиролцоод бид гэрээг үзэглэсэн. С.******* нь техникийн нөхцөл, цахилгааны утсыг авч өгөөгүй. Манай байгууллагын хийсэн ажилд 35,000,000 төгрөгийн ажил үйлчилгээ, материалын зардал орсон. Би 2,000,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байгаа. Тус 2,000,000 төгрөгт банзаар 3*8 хэмжээтэй тамбар барина. Тухайн байшингийн цонхны доор 4 ширхэг пар тавьж өгнө. Дээврийн төмөр 200,000 төгрөгт багтана. Байшин дулаалахад 4 ширхэг шилэн хөвөн орох ба зардал нь 60,000 төгрөгт багтаж ажил маань дуусах байсан. Гэтэл С.******* нь өөрөө техникийн нөхцөлөө аваагүй. Надтай утсаар ярихдаа чамаар би ажил хийлгэхгүй, байшингаа зарсан тул дутуу авсан материалын мөнгө өг гэж ажил хийгээгүй мэт хэлж байгааг гайхаж байна. Хийсэн ажлыг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Ажил хийгээгүй мэт хандаж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хийгээгүй зүйлээ хийсэн мэтээр худал яриагүй. Намайг ямар ажил хийсэн талаар үнэлгээ гаргуулах боломжтой шүү дээ гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаар “******* ******* *******” ХХК-ийн Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ, “******* ******* *******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Э-1019000108 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5545108963 тоот дансны дэлгэрнгүй хуулга, байшингийн гэрэл зургууд, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 138/ШШ2024/00871 дугаар шийдвэр, ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот С.*******гийн ам бүл, оршин суугчийн тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2/19 тоот албан бичиг зэрэг баримтыг,  

хариуцагчаас байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, байшингийн гэрэл зургууд зэрэг баримтыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан холбогдуулан “ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,757,600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Г.Дорждулам ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Хариуцагч “******* ******* *******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 21,757,600 төгрөгийг эс зөвшөөрч тайлбар гаргасан.  

Нэхэмжлэгч С.******* болон хариуцагч ******* ******* ******* ХХК *******ын хооронд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ байгуулагджээ.

Гэрээнд зааснаар хариуцагч буюу А тал болох ******* Мөнх ******* ХХК нь 8*8 хэмжээтэй мансардгүй, палкан /палканы хэмжээ 11х15/ байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу дээврийн төмөр, 3-ын банзан дээвэр, лампиран тааз, паркетан шал, обой, 5 ш вакум цонх, 4 ш модон хаалга, 1 ш бүргэд хаалга, дээврийг дулаалгын шилэн хөвөн тугалгатай шилэн цаасаар дулаалах, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж, шохойтой цаас хадаж, обой наах, хундам цутгах цемент 15 уут, элс хайрга бүрэн хариуцах, 2-ын банзан 4х2 хэмжээтэй тамбарыг барьж Б талд хүлээлгэн өгөх,

нэхэмжлэгч буюу Б тал болох С.******* нь ажилчдын байр, хоолыг бүрэн хариуцаж, барилгын материал, ажлын хөлсний үнэ 38,800,000 төгрөг байх ба үүнээс урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, байшингийн материал Б талын гадаа буух үед буюу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 18,000,000 төгрөгийг, дээврийн модон ажил дууссан нөхцөлд үлдэгдэл 5,800,000 төгрөгийг ******* Мөнх ******* ХХК-ийн дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

Мөн гэрээнд ...А тал барилгын ажлыг материал буусан өдрөөс хойш 15-20 хоногт хийж гүйцэтгэх, гэрээгээр тохирсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөсөө эхлэн сарын 0.3 хувийн хүү тооцож буцааж авна, Б тал үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоног тутамд үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг А талд төлнө гэж тус тус заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч С.******* нь барилгын материал, ажлын хөлс 38,800,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж, тохиролцсон ажлуудыг “******* ******* *******” ХХК-аар гүйцэтгүүлэх, хариуцагч ******* мөнх ******* ХХК нь шаардлагатай материал болон 5 ширхэг вакум цонх, 4 ширхэг модон хаалга, 1 ширхэг бүргэд хаалгыг нийлүүлж, байшинг дулаалгын хамт бүрэн барьж дуусгахаар харилцан тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байна. Иймд талуудын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч буюу захиалагч С.******* нь байшингийн төлбөрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 18,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг, нийт төгрөгийг ажил гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-д төлсөн талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь “...одоогийн байдлаар 4*2 м хэмжээтэй тамбар барих, тамбарыг 3*8 м хэмжээтэй болгож 4*3 м талбайг дулаалж 00 болгох, дулааны пар трубаг холбох сантехникийн ажлыг огт хийгээгүй, пар, труба, холбох хэрэгсэл, хүүхдийн болон том хүний 00-н суултуур, угаалтуур зэрэг материалыг авчраагүй, гадна талын ажлууд хийгдээгүй, нэг жижиг өрөөний дундын хана, дотор засал тэр чигтээ хийгдээгүй, үүнд ашиглах барилгын материал нь дутсан, үүнтэй холбоотой тээвэрлэлт хийгдэх зэрэг гэрээний үүрэг биелэгдээгүй. Нийт хийх ёстой ажил, авбал зохих барилгын материалын 50 хувьд ч хүрэхээргүй ажил үйлчилгээ хийсэн тул эхэлж шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг авсан материал, ажлын хөлс, тээвэр зэрэгт тооцож, сүүлд шилжүүлсэн 22,800,000 төгрөгийг 14 сарын 0,3 хувийн хүү алданги 957,600 төгрөг, нийт 23,757,600 төгрөгийг нэхэмжилж байна” гэж,

хариуцагч нь “...одоо дутуу зүйл нь 3-ын банзаар гадна талын 3*8 хэмжээтэй тамбар барих, 4 ш дулааны ражетар /пар/, 24 м 25-ын трубагаар холбох ажил дутуу байгаа. Энэ нь ажлын хөлс, тээврийн хөлстэйгээ 2,000,000 төгрөгийн ажил үлдсэн.

Манай байгууллагын хийсэн ажилд 35,000,000 төгрөгийн ажил үйлчилгээ, материалын зардал орсон. Би 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Хийсэн ажлыг үнэлэх хэрэгтэй шүү дээ. Ажил хийгээгүй мэт хандаж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хийгээгүй зүйлээ хийсэн мэтээр худал яриагүй. Намайг ямар ажил хийсэн талаар үнэлгээ гаргуулах боломжтой шүү дээ” гэж тус тус маргаж байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хэрэгжүүлээгүй байна. 

Хэрэгт цугларсан бичгийн баримт болон зохигч талуудын тайлбараар захиалагч С.******* нь гэрээгээр тохирсны дагуу материалын зардал, ажлын хөлсөнд нийт 37,800,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлсөн, ажил гүйцэтгэгч нь 4 ширхэг вакум цонх болон гадна талын хаалга, дулаалга, обой наах, паркетан шал, лампиран тааз хийсэн болох нь тус тус нотлогдож байна.  

Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын 59 дугаартай гэрээнд А тал буюу ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б тал буюу захиалагч өгсөн төлбөрөө өгсөн өдрөөсөө эхлэн сарын 0.3 хувийн хүү тооцож буцаан авахаар заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч ******* мөнх ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүнд 420,000 төгрөг, нийт 10,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,337,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,738 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* мөнх *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 181,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* мөнх ******* ХХК-аас гэрээний үүрэгт 10,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,337,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,738 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* мөнх *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 181,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч ******* энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.БАТЖАРГАЛ