| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0076/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 105
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Г.Эсэн,
хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД:0-518/,
шүүгдэгч Ө.Ж, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар /ҮД:1-499/,
шинжээч эмч Ц.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө.Ж-д холбогдох эрүүгийн 1710010440047 дугаартай, 187/2018/0076/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ө.Ж
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ хотхоны ...... дугаар байрны ..... тоотод Д.Ч-г зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ...... дугаар байрны ..... тоотод өөрийн охин Ж.У-тай уулзахаар очиход нь хадам эх хохирогч Д.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараад салсан эхнэр Я.Х руу утсаар ярьж хэлэхэд, “охиноо аваад яв” гэж зөвшөөрөл өгсний дагуу хүүхдээ авч явна гэхэд хохирогч Д.Ч хүүхэд өгч явуулахгүй гэснээс болж түүнтэй маргалдан хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохих, хөлөөрөө 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ө.Ж-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би хохирогчийн нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохьсон. Би хүүхдээ хувцаслаж байхад хохирогч хутга аваад над руу дайрсан болохоор нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шинжээч эмч Ц.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Би хохирогчийн биед үзлэг хийхэд хэнгэрэг цоорсон байдал тогтоогдоогүй...Хэнгэрэг гэмтлийн болон гэмтлийн бус замаар цоорч болдог. Гэмтлийн гаралтай бол тухайн цаг хугацаанд эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон байх ёстой. Гэмтлийн бус гаралтай нь дунд чихний үрэвслийн улмаас цоорох боломжтой. Гэмт үйлдлийн улмаас хэнгэрэг 2 сарын дараа цоорох боломжгүй...Зөөлөн эдийн цус хуралт болон няцралт тухайн хэсэг газарт байна...Хэнгэрэг цоорсон бол зовиур илэрнэ.../хэнгэрэг цоорсон тохиолдолд/...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо ....... хотхоны ....дугаар байрны ..... тоотод байх том охин Я.Х-ндаа...зээ охин Ж.У-н хамтаар байж байсан. Манай нөхөр н.Я ажилдаа явсан, охин Я.Н...хичээлдээ явна гээд гарсан байсан хойгуур миний өөрийн гар утас дуугарахаар нь харсан чинь манай охины нөхөр Ө.Ж залгахаар нь авсан чинь эхлээд надаас том охин болох Я.Х-г асуухаар нь...гадагшаа яваагүй гэж хэлсэн. Тэгээд араас нь би эргүүлээд залгаад чи охинтойгоо ирээд уулзчих ээж нь ирээд аягүй бол чамтай уулзуулахгүй байх чамайг охин чинь санаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ө.Ж хүрч ирээд охинтойгоо уулзаад буцаад явчихаад...30 орчим минутын дараагаар хаалга нүдээд охиноо авч явна гэхээр нь би өгч явуулахгүй гэж хэлээд гадагшаа хаалгаар гаргасан. Удаагүй дахин хаалга нүдээд дайраад орж ирээд хүүхдээ тэврээд гарах гэхээр нь би...араас нь зуураад автал нэг гараараа хүүхдээ тэвэрчихээд нөгөө гараараа намайг холдуулж түлхэж унагаагаад босох гэтэл шууд миний дээрээс хөлөөрөө толгой руу өшиглөөд дээрээс дэвсээд авахад нь би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь харин ганцаараа миний зүүн талын чих хэсгээс цус гарчихсан, хөхөрөөд хавдсан байхаар нь босоод нөгөө хүүхдээ хартал хүүхэд байхгүй аваад явчихсан байдалтай байсан. Тэр үедээ би гайгүй болчих байх гэж бодтол хавдаад битүү хавдартай болсон. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг авч яваад үзүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний зүүн талын чихнээс булга гараад ирэхээр нь үзүүлтэл зүүн чихний хэнгэрэг цоорсон байсан...Манай том охин Я.Х, хүргэн Ө.Ж хоёр таарч тохирохгүй болоод тусдаа амьдарч байсан юм. Тэгээд манай охин болохоор хүүхдийг Ө.Ж-д битгий өгч явуулаарай гэж хэлээд захиж өөрөө гадаад руу явчихсан байсан үед би Ө.Ж-д охиныг уулзуулахаар болоод уулзуулсан юм...миний мэдэхээр 2 удаа толгой руу өшиглөөд хөлөөрөө дэвсэхээр нь ухаан алдаад уначихсан, яг хэдэн удаа цохьсныг бол мэдэхгүй байна...Миний нүүр хэсэг тэр чигтээ хавдаад зүүн чих орчмоос цус гарсан, уруул язарсан байдалтай хавдсан байсан...виски...50 орчим грамм...уучихаад...бас дахин тэр хэмжээний уусан...Ер нь бол хэвийн хэмжээнд их гайгүй байсан. Тэгж их согтсон барьсан зүйл байхгүй...Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/
4. Гэрч Я.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ........ хотхоны ..... дугаар байранд байх гэртээ ирсэн чинь манай гэрт хүн байгаагүй, утсаар Ө.Ж руу залгаад хүүхдийг хаана байгаа талаар асуухад ээжийн ........... дэх дэлгүүр дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ээж Д.Ч руу залгахад ээж утсаа аваагүй. Тэгээд гэртээ ортол гэрийн ойр орчим цус болчихсон, замбараагүй байдалтай харагдсан. Энэ талаар Ө.Ж-с тодруулж асуухад хүүхдээ аваад явах гэтэл хадам ээж согтуу өгч явуулахгүй муудалцаад түүнийг зодсон талаараа надад хэлсэн. Тэгээд би тэндээсээ шууд ......... рүү очиж хүүхдээ аваад буцаж ирсэн, харин ээж болон Ө.Ж-тай одоог хүртэл ямар нэг байдлаар холбогдоогүй...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө над руу Ө.Ж залгаж холбоо бариад ээжийг согтуу байгаа талаар мэдэгдэхээр нь би очоод хүүхдээ ав гэж Ө.Ж-д зөвшөөртөл Ө.Ж гэрт очоод хүүхэд авсан байсан. Харин хүүхэд авс явах гээд ээжтэй хоорондоо маргалдаж зодсон байсан. Энэ үед би гадаадад явж байсан.../Танай ээж Д.Ч архи согтууруулах ундаа хир зэрэг хэрэглэдэг вэ/...Ер нь бол их хэмжээгээр хэрэглэдэг. Архи уусан үедээ их агсардаг, маргааш нь болсон асуудлынхаа талаар санадаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14430/-ний дүгнэлт:
-Д.Ч-н биед баруун нүдний зовхи, эрүү, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 17/
6. Яллагдагч Ө.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед байх намайг гадуур явж байхад хадам ээж Д.Ч над руу согтуу залгаад зүгээр эхлээд юм ярьж байснаа гэнэт энэ охиноо ав гэж хэлсэн. Тэгээд би Я.Х-тай холбогдоод энэ Д.Ч чинь согтуу байна, чи охиноо орхиод явчихсан юм уу гэж хэлтэл би ............. явж байна, чи өөрөө ямар нэг байдлаар охиноо очоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь хадам аав н.Я-тай утсаар охиноо авах хэрэгтэй байна, Д.Ч согтуу байна гэж хэлтэл би гадуур явж байна, харих болоогүй гэж надад хэлсэн. Тэгэнгүүт нь шууд Хан-Уул дүүргийн...нутаг дэвсгэрт байрлах Д.Ч-н гэрт нь очоод хаалга тогштол хаалгаа тайлж өгөөгүй, утсаар Я.Х руу ярьсан чинь надад Я.Х эвдэлээд ч болтугай орчих, ямар нэг байдлаар охиноо ав гэж хэлэхээр нь би хаалгаа тогшоод сангийн хүн байна гэж хэлтэл хаалгаа нээхээр нь дотогшоо ороод харсан манай охин зурагтын урд талд уйлчихсан, нөгөө Д.Ч нь шалдан, согтуу байдалтай байхаар нь би очоод охиноо хувцаслаад гарах гэтэл би хувцаслаад өгье гэж хэлээд охиныг авсанаа миний охины нүүр лүү алгадаад авахаар нь би охиноо булааж аваад түүнийг түлхээд унагаачихсан, тэгсэнээ цаанаас хутга бариад над руу дайраад та хоёрыг хоёуланг чинь ална шүү гэж хэлээд дайраад байхаар нь хутгыг нь гараас нь аваад түүний нүүр лүү 1 удаа цохиод автал шалан дээр хэвтээд алнаа, чамайг пизда минь гээд хэвтээд байсан. Би охиноо аваад гарах гэтэл босож ирээд миний хамар, нүүр лүү цохиод дайраад байхаар нь би дахин нэг удаа гараараа нүүр лүү цохиод унагаачихаад охиноо аваад гарсан...Би Д.Ч-н нүүр лүү нь 2-3 удаа цохиод авсан...миний уур хүрээд цохьсон. Тэр үед манай охин 1 ой 8 сартай байхад Д.Ч өөрийгөө ч дийлэхгүй согтуу байж хүүхэд хараад тасарчихсан шахуу согтуу байсан...Энэ гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Ж нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14430/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ө.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ хотхоны ..... дугаар байрны ...... тоотод өөрийн охин Ж.У-тай уулзахаар очиход нь хадам эх хохирогч Д.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараад салсан эхнэр Я.Х руу утсаар ярьж хэлэхэд, “охиноо аваад яв” гэж зөвшөөрөл өгсний дагуу хүүхдээ авч явна гэхэд хохирогч Д.Ч хүүхэд өгч явуулахгүй гэснээс болж түүнтэй маргалдан хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохих, хөлөөрөө 1 удаа өшиглөх зэргээр зодож биед нь баруун нүдний зовхи, эрүү, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ө.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Я.Х-тай холбогдоод энэ Д.Ч чинь согтуу байна, чи охиноо орхиод явчихсан юм уу гэж хэлтэл би .......... явж байна, чи өөрөө ямар нэг байдлаар охиноо очоод авчих гэж хэлсэн...Д.Ч нь шалдан, согтуу байдалтай байхаар нь би очоод охиноо хувцаслаад гарах гэтэл...охиныг авснаа миний охины нүүр лүү алгадаад авахаар нь би охиноо булааж аваад түүнийг түлхээд унагаачихсан, тэгснээ цаанаас хутга бариад над руу дайраад та хоёрыг хоёуланг чинь ална шүү гэж хэлээд дайраад байхаар нь хутгыг нь гараас нь аваад түүний нүүр лүү 1 удаа цохиод автал шалан дээр хэвтээд алнаа, чамайг пизда минь гээд хэвтээд байсан...Би хүүхдээ хувцаслаж байхад хохирогч хутга аваад над руу дайрсан болохоор нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Я.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө.Ж залгаж холбоо бариад ээжийг согтуу байгаа талаар мэдэгдэхээр нь би очоод хүүхдээ ав гэж Ө.Ж-д зөвшөөртөл Ө.Ж гэрт очоод хүүхэд авсан байсан.../Танай ээж Д.Ч архи согтууруулах ундаа хир зэрэг хэрэглэдэг вэ/...Ер нь бол их хэмжээгээр хэрэглэдэг. Архи уусан үедээ их агсардаг, маргааш нь болсон асуудлынхаа талаар санадаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, АСАП сангийн лавлагаа /хохирогч Д.Ч нь архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зэрэг үндэслэлээр 8 удаагийн захиргааны арга хэмжээ авагдаж байсан/ зэргээс уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа илт нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирогч Д.Ч-с мөрдөн шалгах ажилагааны үед хавтаст хэрэгт хохирлын 37.000 төгрөгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт 1.836.000 төгрөгийн баримт тус тус гаргасныг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирогчийн ирүүлсэн гэх хохирлын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж маргасан ба хохирогчийн өмгөөлөгчийн шинээр гаргасан 1.836.000 төгрөгийн баримт нь эх хувиараа буюу байгууллагын нэр, тамга тэмдэг зэрэг нотлох баримтын шаардлага хангахуйц баримтууд байх бөгөөд харин уг баримтуудаар ямар эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа хэдийч уг баримтыг нотлох баримтаар үнэлж хохиролд тооцох боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Мөн хохирогч Д.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний зүүн талын чихнээс булга гараад ирэхээр нь үзүүлтэл зүүн чихний хэнгэрэг цоорсон байсан...” гэж мэдүүлсэн /хх-ийн 9-10/ боловч чихний хэнгэрэг цоорсон талаарх болон эмчилгээ хийлгэсэн гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Бадрал “...Би хохирогчийн биед үзлэг хийхэд хэнгэрэг цоорсон байдал тогтоогдоогүй.../...хэнгэрэг цоорсон тохиолдолд/...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ болохыг дурдав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200.000 төгрөг төлсөн /төлбөл зохих 1.836.000 төгрөгөөс/, шүүгдэгчийн хувийн байдал /...24 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “..................” ХХК-д туслах ажилтай/, мөн уг гэмт хэрэг гарахад хохирогчийн илт буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан Ө.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Ж-с 1.673.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ө.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ө.Ж-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ж-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ө.Ж-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж-с 1.673.000 /нэг сая зургаан зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР