| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0024/З |
| Дугаар | 110/ШШ2025/0040 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 110/ШШ2025/0040
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Б,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын хоорондын өндөр насны тэтгэвэр тогтоох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Х.Б нь анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Иргэн Х.Б өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс гэснийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс гэж багасгасан байна.
3. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар Нийгмийн даатгалын газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан байх ба хуулийн хугацаанд холбогдох байгууллагаас түүний дээрх гомдолд хариу өгөөгүй тул нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. Монгол улсын иргэн Х.Б нь одоо 58 настай, улсад 20-оос доошгүй жил ажилласан. Х.Б нь Алтай сумын эрчим хүчний салбарт 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинистаар, 4 жил 6 сар, 9 хоног, Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал галчаар 4 жил, Алтай сумын “Нур төре” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал галчаар 6 жил нийт 12 жил, 6 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байна. Өөрөөр хэлбэл, Х.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар галчаар 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан гэж үзэж байна.
4.2. Иргэн Х.Б 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч Х.Ө өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай танилцуулахад тэрээр тэтгэвэр тогтоохоос татгалзжээ. Ингээд Х.Б 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд албан ёсоор гомдол гаргасан боловч өнгөрсөн нэг сарын хугацаанд албан ёсоор хариу өгөөгүй учраас тэтгэвэр тогтоолгох эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Хуульд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтооход 3 нөхцөлийг заасан, Х.Б нь 58 настай, энэ талаар хэргийн оролцогчдод маргаан байхгүй, улсад 20-оос доошгүй жил ажилласан байх ёстой, нэхэмжлэгч улсад 22-23 жил ажилласан. Галчийн албан тушаалд 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан гэдэг асуудал дээр маргаан гарсан.
5.2. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн шийдвэрээр Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч Х.Б нь 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, хуульд заасан 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
5.3. Х.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дахиад “Нур төре” ХХК-д галчаар томилогдоод, 3 сар 15 хоног ажилласан. Нийтдээ 12 жил 6 сар 22 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу галчаар ажилласан учраас өндөр насны тэтгэвэрт гарах эрх нь үүссэн. “Нур төре” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 01 дүгээр сарын 07-ны өдөр энэ асуудлаар тус аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5.4. Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс гэсэн хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс гэж Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан өдрөөр өөрчилж, багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:
6.1. Х.Б нь 2024 онд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар шийдвэрээр тэтгэвэр тогтоолгох ажилласан байвал зохих нийт 20 жилийн болзол хангахгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.
6.2. Х.Б нь 2014 оноос 2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилүүдийн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн кодыг 25 /улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан/ гэсэн кодоор тайлагнасан байна. Энэ нь тухайн ажил олгогч үйл ажиллагаа явуулаагүй ба даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваагүй гэдгийг харуулж байна.
6.3. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан.
6.3. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-д заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно. Иймд сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн саруудыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй байна гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. Х.Б нь тус аймаг дахь Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргасан өргөдөлд “галч” гэдэг албан тушаал хөдөлмөрийн хүнд нөхцөлд орох эсэх асуудлын талаар хандсан. Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргасан өргөдөл нь надад цохогдож ирсэн. Бид Х.Б гуайд утсаар “галч гэдэг албан тушаал нь салбар харгалзахгүйгээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд орж тооцогдохоор болсон учраас таны ажилласан жил хүрч байвал сумын улсын байцаагчид хандаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох материалуудыг өгөөрэй” гээд хэлсэн. Тухайн өргөдөлд “галч” гэдэг албан тушаал хөдөлмөрийн хүнд нөхцөлд орох уу гэж хандсан болохоос ажилласан жилийн тухай тэтгэврийн байцаагчид хандах ёстой байсан.
7.3. Нийгмийн даатгалын газрын тэтгэврийн хяналтын байцаагчид өндөр насны тэтгэвэр тогтоох материалыг хэзээ өгсөн талаар баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй юм байна. Х.Б гуай өндөр насны тэтгэвэрт гарах материалуудыг өгөхдөө нийгмийн даатгалын байцаагч ажилласан жилийг 12 жил 6 сард хүрэхгүй гээд буцаасан юм шиг байна.
Үүний шалтгаан нь “Нур төре” ХХК нь “25 код” гэсэн кодоор нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайланд тусгасан “25 код” гэдэг нь ажил олгогчийн зүгээс ажилтан сул зогссон байгаа үед даатгуулагчид шимтгэлийн тайлан өгдөг код байна. Даатгуулагч ажил хийгээгүй, цалин хөлс аваагүй, ажил нь сул зогссон байгаа учраас байгууллагаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгч байгаа хэлбэр юм. Үүнийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд гэж тодорхой заасан. Х.Б нь шимтгэл төлсөн боловч хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаагүй учраас уг нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна.
7.4. Иймд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 11 жил 4 сар 15 хоног гээд тооцооллыг гаргаж хүргүүлсэн, ажилласан жилийн болзлыг хангахгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Х.Б өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах“ шаардлага бүхий нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
2. Тогтоогдсон үйл баримтуудын тухайд:
2.1. Нэхэмжлэгч нь анх тус шүүхэд хариуцагчид холбогдуулан “Иргэн Х.Б өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар шийдвэрээр /хэргийн 9-15 дугаар тал/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.2. Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Х.Б 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдлыг, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг тус тус тогтоосон байх ба уг шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх заалтын д/-д “... нэхэмжлэгч нь нийт 22 жил 11 сар 28 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна” гэж, 5 дах заалтад “… нэхэмжлэгч нь нийт 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, энэ нь хуульд заасан 12 жил 6 сараас доошгүй хугацаанд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзлээ” гэж тус тус дүгнэжээ.
2.3. Улмаар шүүхийн дээрх шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгч нь Алтай сумын нэгдсэн халаалтын зуухны галчаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр томилогдон 3 сар ажиллаж, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан “Нур төре” ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр, /хэргийн 34 дүгээр тал/ 2025 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дүгээр тушаалуудаар /хэргийн 16 дугаар тал/, нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд буюу 2024 оны 10, 11, 12 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн байдлыг тодорхойлсон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /хэргийн 32 дугаар тал/ тус тус тогтоогджээ.
2.4. Хариуцагчаас нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа үндэслэлээ “… нэхэмжлэгчийн 2014-2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн кодыг 25 /улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан ажил зогссон үед/ гэсэн кодоор тайлагнасан, энэ нь тухайн ажил олгогч үйл ажиллагаа явуулаагүй ба даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваагүй гэдгийг харуулж байна, сул зогсолтоор нийгмийн даатгал шимтгэл төлсөн саруудыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд тооцохгүй, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4- дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухай үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч нийгмийн даатгалын санд төлнө” гэж, мөн Хөдөлмөр нийгмийн хамгаалын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-д “улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно “ гэж тус тус заасан, сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаануудыг хүнд нөхцөлд ажилласанд тооцохгүй” гэж тайлбарлан маргажээ.
2.5. Хариуцагчийн дээрх үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Дээрх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дугаар тушаалын 4 дэх хэсэгт “Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаал, … 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байдал нь дээрх тухайн үед мөрдөгдөж байсан 2004 оны А/77 дугаар тушаалын үйлчлэлд хамаарах ба уг тушаалд “улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцох” талаар заагаагүй байх тул иргэний эрх зүйн байдлыг тодорхойлсон эрх зүйн актыг буцаан хэрэглэх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
3. Уг маргааны хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.5-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй …” гэж тус тус заажээ.
3.2. Хуулийн дээрх шаардлага бүрийг нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хангасан эсэхийг тогтоосон үйл баримт нь шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2014 оноос 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдал, үүнээс хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх үйл баримтыг дахин нотлохгүй,уг үйл баримтад дахин дүгнэлт өгөх үндэслэлгүй гэж үзлээ.
3.3. Харин шүүх энэхүү шийдвэрээр 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн ажилласан нөхцөл, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлтийн байдал зэрэгт холбогдуулан цуглуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нийт ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тогтоож, үүнийг үндэслэн нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоох хуульд заасан шаардлагуудыг хангасан эсэхэд дүгнэлт хийх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “нэхэмжлэгчийн 2014-2024 онуудын хооронд уурын зуухад галчаар ажиллаж байсан хугацааны сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанууд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласанд хамаарахгүй” гэсэн тайлбарын талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.
3.4. Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэхэмжлэгчийн нийт 22 жил 11 сар 28 хоног, үүнээс 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд 2024 оны 10, 11, 12 дугаар саруудад Алтай сумын нэгдсэн уурын зуухад галчаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцоход, нэхэмжлэгч нь нийт 23 жил 2 сар 28 хоног, үүнээс 12 жил 6 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан нь тогтоогдож байх тул хуульд заасан хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч хангасан гэж үзлээ.
3.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан.
3.6. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд бичгээр /хэргийн 3 дугаар тал/ гомдол гаргасан, маргаан шийдвэрлэх салбар зөвлөл нь уг гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, уг үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан гэж үзээд тухайн өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах нь зүйтэй байна.
3.7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1-т тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Б өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША