Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

 

 

 

         2023           12            26                                    2024/ДШМ/16

 

Н.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

шүүгдэгч Н.И-, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.И-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306000002479 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.И-,

 

Шүүгдэгч Н.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны ***** тоотод Б.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалж, амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.И-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.И-оос нийт 5.604.120 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Н.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.И- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие холбогдсон гэмт хэрэгтээ туйлын их харамсаж, гэмшиж байгаа хэдий ч үлдсэн хохирлыг одоогоор шууд төлөх чадамжгүй байгаа учир цаашид хэсэгчлэн төлж заавал барагдуулахаа илэрхийлж байна. Мөн миний бие бүтэн өнчин өссөн. Өндөр настай эмээ, охин дүү, зээ дүүгийн хамт амьдарч байсан. Эмээ маань 77 настай, охин дүү маань нялх 2 хүүхэдтэй үлдэж буй тул гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оноосон ялаас боломжит хэмжээгээр хасаж өгөхийг хүсье. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.И-ын өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.И-ын ууц, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтэл нь 5-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн. Шүүгдэгч Н.И-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ч энэ хэрэг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас үүссэн. Маргалдсаны улмаас үйлдэгдсэн болох нь гэрч Т, Б, З нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хэрэг гарсан даруйд амь хохирогчид тусламж дуудаж, хэргийн газрыг орхиж зугтаагаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.И-ын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан. Прокурор анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.И-д 13 жилийн хорих ял оногдуулах ялын санал гаргасан. Шүүгдэгч Н.И-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хэзээ ч арилахгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр дутуу байгаа нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.И-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Н.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны ***** тоотод Б.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний цээжний зүүн дээд хэсэгт хутгалж, цээжний хөндийд зүүн талын 4,5 дугаар хавирганы завсраар нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний булчинг гэмтээж, зүрхний зүүн ховдлын хөндийд хүрч ховдол хоорондын таславчийг гэмтээж төгссөн хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулж, цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ын: “...хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 23 цаг 51 минутад 80807603 гэсэн дугаараас залгаад шөрмөсний эм авах гэсэн юм, 10.000 төгрөг явуулаач гэхээр нь би архи уух гэж байна гээд мөнгө өгөөгүй. ...Тэгж ярихдаа ямар нэгэн өвчин зовуурьгүй, нээх их согтоогүй байдалтай яриад тасалсан. ...” /1хх 68/,

 

          гэрч Ц.Т-ын: “...И гараад явсны дараа хэрүүл уруулгүй болоод бид 4 газар гудас дэвсээд унтаад өгсөн. Тэгсэн чинь гэнэт нэг хүн би найзыгаа алчихлаа шүү дээ гэж орилохоор нь сэрсэн. Гүйгээд үүдний амбаарт очиход И улаан хүрэн өнгийн хутга баруун гартаа барьчихсан зүүн гараараа амь хохирогчийн цээжин дээр дарчихсан байсан. ...” /1хх 70/,

 

          гэрч Б.И-гайн : “...Э-ын байшингийн цонх нь гэрэлтэй байхаар нь тэдний гэр лүү яваад ортол байшингийнхаа үүдний таамбар дотор Э шалан дээр дээшээ хараад, цээжний зүүн хэсгээс нь цус ихээр гоожоод, ухаангүй хэвтэж байсан. Э-ын хажууд И газар өвдөглөөд суучихсан “би найзыгаа яачихваа, би найзыгаа алчихлаа ш дээ, би хутгалаад алчихлаа шүү дээ” гээд уйлаад, харин танихгүй гурван согтуу залуу байшин дотор нь сууж байсан. ...” /1хх 75-76/,

 

          гэрч Л.С-н: “...М гэх тэр хавьд амьдардаг залуутай таарахад надад “Э  нь И, Б хоёртой архи ууж байгаад муудалцаж алуулсан юм шиг байна, надад эгчийнх нь дугаарыг олоод өгөөч” гэж хэлсэн. Би эгч Д-д нь сонссон зүйлийнхээ талаар хэлэхэд юу ч мэдээгүй байсан...” /1хх 79-80/,

 

          гэрч Д.Ч-ийн: “...Т гэнэт сэрээд юу болоод байна гээд гарсан чинь Э үүдний таамбар хэсэгтээ хэвтэж байна гэхээр нь би араас нь гарсан чинь Э дээшээ харчихсан хэвтэж байсан. Т Э-ийн хажууд суугаад “Э сэрэхгүй байна” гэхээр нь “яагаад сэрэхгүй байгаа юм” гэсэн чинь Түвшинбат над руу хараад “наад И чинь хутга барьчихсан зогсож байна” гэсэн чинь И гадаа гараад бид гурав руу хараад зогсож байсан. Т 103-руу залгаад дуудлага өгсөн. ...” /1хх 84-85/,

 

          гэрч А.Б-ын: “...гаднаас И сандарчихсан талийгаачийг гэрийнх нь гадаа хутгалчихлаа гэсэн. ...Цээжний баруун дээд хэсэгт шархтай, тус шархнаас цус гоожсон байдалтай байж байхаар нь би 103 тусгай дугаарт дуудлага өгсөн...тухайн үед И-ын биед хутга байсан эсэх талаар би хараагүй. Хэрэг болсны дараа Т И-ын хутгыг авч шидсэн гэж дуудлагаар ирсэн цагдаад хэлсэн. ...” /1хх 90, 94/,

 

          шинжээч эмч Т.Ч-ын: “...талийгаач цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн амь насны аюултай хүнд зэргийн гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Тухайн гэмтэл нь хүнийг 1-2 минутын дотор шууд үхэлд хүргэх боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байсан. Учир нь зүрхний хөндий нээгдсэн, үнхэлцэг болон цээжний хөндийд маш богино хугацаанд цус алдаж, цус алдалтын шоконд орж үхэлд хүргэх гэмтэл байна. ...” /1хх 136-137/ гэсэн мэдүүлгүүд,

 

           “...Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2152 дугаартай дүгнэлт  /1хх 122-126/,

 

           “...Н.И- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 195-196/ гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 662 дугаарттай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-25/, Н.И-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 224/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Н.И- ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

          Шүүгдэгч Н.И-ын амь хохирогч Б.Э-ыг хутгалсны улмаас цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Н.И-ын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Харин анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 7.604.120 төгрөгтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байхад 5.604.120 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул 5.604.120 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.И-т шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/1284 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.И-оос нийт 5.604.120 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-т олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь 5.604.120 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.И-ын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.И-ын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ГАНБААТАР

 

 

            ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН