| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00056/И |
| Дугаар | 141/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 141/ШШ2025/00079
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 141/ШШ2025/00079 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /танхимаар/, хариуцагч Б.Б /цахимаар/ нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Т ХК-ийн нэхэмжлэлтэй, ************************* оршин суудаг Х овогт Б.Бд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,707,399.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Л.Ц /********************/, Б.Б /*******************/ нар нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ************ тооцооны төвөөс 16,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 50 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй, сар бүр зээл хүүг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан. Түүний дараа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 4,384,000 төгрөгийг тус тус нэмж авсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний дуусах хугацааг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болгож өөрчлүүлсэн. Зээлдэгч Л.Ц, Б.Б нар нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн ба 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн ба түүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрөө төлөхгүй байна. Иймд зээлдэгч Б.Бс зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 12,707,399.15 төгрөгийг нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Б овогтой Б нь 1990 онд төрсөн. Ам бүл-4, одоогоор 2 хүүхэдтэйгээ хамт ************* суманд амьдарч байна. Т банкнаас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр Л.Ц нь уг зээлийн үндсэн зээлдэгч, би хамтран зээлдэгч мөн боловч энэ хүн гэр бүлээ орхиод яваад 4 жил болж байгаа. Эрүүл саруул, сул чөлөөтэй явж байхад надад ганцхан энэ зээлийн нэхэмжлэл гаргасанд нь гомдолтой байна. Энэ учир байдлыг харгалзан үзэж үндсэн хариуцагчийг олж үүргийг нь биелүүлж өгнө үү. Би ганцаараа энэ зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тайлбарыг маань харгалзаж үзнэ үү... гэжээ.
Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлдэгч Ц, Б нар нь Т ХК-ийн Завхан аймгийн Баянхайрхан тооцооны төвөөс 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 16,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 50 сарын хугацаатай, 20.4 буюу сарын 1.7 хувийн хүүтэйгээр авсан. Үүний дараа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 4,384,000 төгрөгийг тус тус нэмж авсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд ковидын нөхцөл байдалтайгаар холбоотойгоор тус зээлийнхээ хугацааг сунгуулж зээлийн гэрээний дуусах хугацааг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр дуусахаар болгож өөрчлүүлсэн. Зээлдэгч Ц, Б нар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөх гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа. 2023 оны 02 дугаар сард Цд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байдаг. Ц нь оршин суугаа хаягтаа байхгүй учраас эрэн хайх ажиллагаа явуулаад 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс Цг ...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хад гэх газрын **************-д байрлан ажиллаж байна... гэсэн боловч энэ хаяг дээрээ мөн байхгүй байсан. Үүнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...147 дугаар сургуульд ажиллаж байна... гэсэн боловч бас мөн хаягтаа байхгүй байсан. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна... гэж заасны дагуу хамтран зээлдэгч Бс зээлийн үлдэгдэл болон хүү, алдангийг бүхэлд нь нэхэмжилж байгаа. ...Гэрээн дээр зааснаар хамтран зээлдэгч, зээлдэгч нь нэгэн адил эрх, үүрэгтэй учраас хамтран зээлдэгчээс манайх бүхэлд нь нэхэмжилж байгаа ... гэв.
Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц бид хоёр хамт амьдраад, ажилладаг байсан. Цалингийн зээл авсан. 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу явна гээд хаяж яваад үүнээс хойш өдий хүртэл сураглаад олдохгүй байгаа. Хааяа нэг хүүхдүүдтэйгээ холбоо барьдаг. Өөртэй нь ярихаар зээлээ төлчихнө өө гэж нэг, хоёр удаа хэлж байсан. Миний хувьд хоёр хүүхдээ хараад өрх толгойлоод амьдарч байгаа хүний хувьд шүүх намайг хариуцагчаар нь тодорхойлсон гэдгийг сайн ойлгохгүй байгаа. Ерөнхийдөө хамтран зээлдэгчийн хувьд бол хүлээх хариуцлагаа хүлээж зээлээс төлөлцөнө гэсэн санал бодолтой байна.Үндсэн зээлдэгч нь эрх чөлөөтэй явж байхад Т ХК яагаад надад холбогдуулж хэрэг үүсгэснийг сайн ойлгохгүй байна. ...Үндсэн зээлдэгч нь ямар нэгэн байдлаар бүр байхгүй болчихсон биш энэ тохиолдолд заавал нэг хүн нь ингээд хариуцлагыг нь үүрэх ёстой юм болов уу. Тухайн хүн дээрээ дахиад ажиллаад, хөөцөлдөөд, уулзаад, ярьж барих юм болов уу. Би бас өөрөө холбоо барьж чадахгүй байгаа болохоор энэ банк болон цагдаа, шүүхээр яваад олуулчихвал надад ч хэрэгтэй байна . Миний амьдрал бас хэцүү байна ... гэв.
Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийнхээ хамтаар Т ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4-р хуудас/, Т ХК-ийн гүйцэтгэх захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Завхан салбарын захирал А.Гг томилсон талаарх албан бичгийн хуулбар /хх-ийн 5-р хуудас/, Т ХК-ийн Завхан салбарын захирал А.Гс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Нг томилсон талаар албан бичгийн хуулбар, Б.Нн ажилд томилогдсон тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 9-8-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хуулбар /хх-ийн 9-10-р хуудас/, Л.Ц, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 11-р хуудас/, 2017 оны 7 дугаар сарын 16, 2017 оны 10 дугаар сарын 11, 2018 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-ийн 12-20, 23-25-р хуудас/, 2020 оны 6 дугаар сарын 16, 2020 оны 10 дугаар сарын 12, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-ийн 21-22, 26-29-р хуудас/, Б.Б Т ХК-аас хүргүүлсэн 01 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-ийн 30-р хуудас/, зээлийн дансны хуулганы хуулбарууд /хх-ийн 31-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Б нь нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч **********************д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 12,707,399.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т банк ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гс Завхан салбарын захирал А.Гд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон ба Т ХК-ийн Завхан салбарын захирал А.Гс Т захирал Б.Нд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс Б.Б холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг олгосон нь Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж байна.
Иймээс Т захирал Б.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Т ХК-ийг төлөөлөн Б.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд мөн байна.
Т банк ХК болон зээлдэгч Л.Ц нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 16, 2017 оны 10 дугаар сарын 11, 2018 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнд болон 2020 оны 6 дугаар сарын 16, 2020 оны 10 дугаар сарын 12, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд Б.Б нь хамтран зээлдэгчээр оролцсон байх тул Т ХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...Л.Цн удаа дараа авсан барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Б оролцсон. Л.Ц, Б.Б нар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт төлөх гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Л.Цд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж удаа дараа хаягийг нь тогтоолгосон ба тухайн хаягуудад байгаагүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар Б.Бс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна... гэж шүүхэд тайлбарлав.
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...Л.Ц нь 2021 оны 10 сад ажлаасаа халагдаад Улаанбаатар хот руу явсан. Надтай ямар нэгэн холбоогүй болсон, хааяа хүүхдүүдтэйгээ ярьдаг. Миний хувьд 2 хүүхдээ хараад өрх толгойлон амьдарч байгаа тул зээлийг бүрэн хариуцаж төлөх боломжгүй байна. Үндсэн зээлдэгч ямар нэгэн байдлаар бүр байхгүй болчихсон биш... гэж шүүхэд тайлбарлав.
Т банк ХК нь зээлдэгч Л.Ц, хамтран зээлдэгч Б.Б нарт 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 16,000,000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 600,000 төгрөгийн, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 2,500,000 төгрөгийн, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 4,384,000 төгрөгийн зээлүүдийг тус тус олгосон байна.
Мөн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн үлдэгдэл 15,359,901.64 төгрөгийн зээл төлөх хугацааг сунгахаар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн үлдэгдэл 15,084,984.78 төгрөгийн зээл төлөх хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгахаар, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн үлдэгдэл 15,084,984.78төгрөгийн зээл төлөх хугацааг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгахаар харилцан тохиролцсон байна.
Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Тодруулбал зээлдэгч Л.Ц, хамтран зээлдэгч Б.Б нарт Т ХК-аас зээлсэн мөнгөн хөрөнгө, түүний хүүг зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацаа 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон байх боловч зээлдэгч тал гэрээгээр тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүүг бүрэн төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
Т ХК болон зээлдэгч Л.Ц, хамтран зээлдэгч Б.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 16, 2017 оны 10 дугаар сарын 11, 2018 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнүүдийн 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж, 2020 оны 6 дугаар сарын 16, 2020 оны 10 дугаар сарын 12, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн 2.2-т Энэ гэрээ нь зээлийн гэрээний салшгүй хэсэг байх ба зээлийн гэрээний бусад зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө гэж талууд тохиролцож гэрээнд заажээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж, 3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж хуульчилсан.
Хариуцагч Б.Б нь Т ХК-тай байгуулагдсан зээлийн гэрээнүүд, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн талаар болон дээрх гэрээнүүдэд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан талаараа, мөн нэхэмжлэгч талын нэхэмжилж буй үнийн дүнтэй маргаагүй болно.
Харин Т ХК-тай зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг байгуулахдаа гэрээний агуулга, хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, дээрх гэрээнүүдээр зээлж авсан мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан, зээлдэгч Л.Ц гэрлэлтийн баталгаа бүхий эхнэр, нөхөр болох талаараа тайлбарласан болно.
Иймээс шүүх талуудын маргаагүй үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй бөгөөд Т ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б хариуцах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Т банк ХК нь хариуцагч Б.Б зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн болно.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Т ХК болон зээлдэгч Л.Ц, хамтран зээлдэгч Б.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 16, 2017 оны 10 дугаар сарын 11, 2018 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнүүдийн 2.1.3-т зээлийн жилийн хүүг тохиролцсон, 2.1.4-т Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацаа хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно. Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20% байна гэж тохиролцож, зааснаас үзвэл Т ХК нь зээл, зээлийн хүүгээс гадна нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч т ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч Б.Бс үндсэн зээл 12,004,428.36 төгрөг, зээлийн хүү 701,288.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1682.01 төгрөг, нийт 12,707,399.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
7.1.1.эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:
| Нэхэмжлэлийн үнийн дүн /төгрөгөөр/ | Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/ |
| 0-130 000 | 4550 төгрөг. |
| 130 001-650 000 | 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ. |
| 650 001-1 300 000 | 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ. |
| 1 300 001-13 000 000 | 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ. |
| 13 000 001-ээс дээш | 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ. |
гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч Т ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 218,628 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ба, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангаж шийдвэрлэж буй учир уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бс 218,268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т ХК-ийн нэхэмжлэлтэй, Х овогт Б.Б холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,707,399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч Б.Б 12,707,399.15 /арван хоёр сая долоон зуун долоон мянга гурван зуун ерэн ес зууны арван тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,268 /хоёр зуун арван найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 218,268 /хоёр зуун арван найман мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН