Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 110/ШШ2025/0042

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А.Д,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Боловсролын газар хоорондын нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой маргааныг  хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              1. Нэхэмжлэгч А.Д нь “Өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгосон гэх нэг удаагийн буцалтгүй тусламжийн 2 479 164 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Боловсролын газраас гаргуулахаар маргасан.

             2. Нэхэмжлэгчээс дээрх асуудлаар Боловсролын сайдад 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй байх тул шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд,

2.1. Улсад 40 жил, үүнээс боловсролын байгууллагад 20-иос дээш жил тасралтгүй ажилласан. Хамгийн сүүлд Өлгий сумын 6 дугаар сургуульд хүний эмчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ба эмчийн албан тушаалд ажиллаж байхдаа 2022 оны 7 дугаар сард Боловсролын тухай хуульд зааснаар 2023 онд өндөр насны тэтгэвэрт гаргахад 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлт буюу захиалгыг холбогдох баримт бичгүүдийн хамт тус сургуулийн захиргаагаар уламжлуулан Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлсэн.

Захиалгын дагуу 28 793 016 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бэлэн бусаар хүлээн авсан. Гэтэл 2023 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлснээр  үндсэн цалин хөлс  2023 оны 7 дугаар сард 1 213 000 төгрөг болсон бөгөөд тэтгэмжийг өмнөх тогтоосон үндсэн цалин хөлс болох 799 806 төгрөгөөр бодож олгосон байсан.

2.2. Цалин хөлс, нэмэгдэл хөлс болон тэтгэмжийн өсөлтийг 2023 оны төсөвт тодотгол хийж зохицуулсан байхад өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө тус сургуульд эмчээр ажиллаж байсан 6 сарын цалингийн өөрчлөлттэй холбоотой гарах зөрүү буцалтгүй тусламжийг аймгийн Боловсролын газар олголгүй орхигдуулсан.

2.3. Уг зөрүү буцалтгүй тусламж болох 2 479 164 төгрөгийг олгох талаар Боловсролын газарт олон удаа очиж хүсэлт гаргасан боловч одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй учраас 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Боловсролын сайд П.Н  бичгээр гомдол гаргасан,  нэг сар өнгөрч байхад гомдлын хариу  ирээгүй, тэтгэмж авах эрх зөрчигдсөн тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. 2022 онд төсвийн төслийг явуулсан. А.Д нь  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Хуульд өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнөх сүүлийн 3 жил гэж байгаа учраас 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд авсан цалин хөлс нь тэр хэмжээгээр тооцогдох ёстой. Үүнийг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5 дахь хэсэгт зааснаар зохицуулах боломжийг хуулиар нээж өгсөн гэв.

4. Хариуцагчийн  шүүхэд гаргасан тайлбарт:

4.1.Иргэн А.Д нь Өлгий сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан байна. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д “төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 09-ний дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх гэсний дагуу тухайн сургуулийн нягтлан бодогч А.Д өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тооцооллыг Маягт НМ-07б-аар 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө төсөвт суулгахаар Боловсролын газарт хүргүүлсэн байна.

Боловсролын ерөнхий газраас 2023 оны төсөвт тус албан хаагчид 28 793 016 төгрөг батлагдаж ирсэн ба Боловсролын газар нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т  “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэснийг үндэслэн 28 793 016 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2023 оны 12 дугаар сард олгосон гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Боловсролын ерөнхий газраас 2023 оны төсөвт тус албан хаагчид олгох 28 793 016 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж батлагдаж ирсэн байна. Харин Боловсролын газар нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэж заасан үүргийн дагуу  28 793 016 төгрөгийг  А.Д 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон. Нэмэгдсэн цалингаар тэтгэмжээ нэмэгдүүлж авах нь  үндэслэлтэй гэдэг дээр санал нийлнэ, яагаад гэвэл Засгийн газрын тогтоол батлагдаж ирсэн. Гэхдээ нэхэмжлэлд дурдсан дутуу гэх 2 000 000 төгрөгийг Боловсролын газар олгох боломжгүй, учир нь яамнаас 28 000 000 төгрөг батлагдаж ирсэн. Нэмэлтээр өгөх Боловсролын газарт санхүүжилт байхгүй.

Иймд аливаа батлагдаж ирсэн мөнгөн төгрөгийн асуудлыг  төсөвт батлан суулгаж өгдөг яамд хандах нь зүйтэй болов уу гэж гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2.Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана: 13.3.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;”,

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.

Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаартай тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын Хоёрын 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” ,  2.3-т  “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ...төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална.”  гэж тус тус заасан.

 

3. Нэхэмжлэгч А.Д нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн эмчийн албан тушаалд ТҮЭМ-4 сүлжээний цалин авч ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгчийн төрийн байгууллагад 40 жил ажилласан гэх үйл баримттай хариуцагч маргаагүй болно.

4. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮЭМ-4 зэрэглэлийн 5 дугаар шатлалын цалинг  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  472 дугаартай тогтоолоор 799 806 төгрөгөөр, 2022 оны 107 дугаартай тогтоолоор резидент эмчээс бусад ТҮЭМ-4 зэрэглэлийн албан тушаалын цалингийн доод хэмжээг  799 806 төгрөгөөр, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор 1 213 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна.

5. Ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 3 жилийн буюу 2021-2023 онуудын цалингийн доод хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 болон  2022 оны 107 дугаартай тогтоолоор тогтоосон хэмжээгээр 799 806 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэгч А.Д  28 793 016  төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаарх төсвийн төслийг Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө хүргүүлсэн байх ба Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид 28 793 016 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь хариуцагчийн тайлбар болон хэргийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

6. Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаартай тогтоолоор мөн оны 07 дугаар сараас эхэлж, эрүүл мэндийн салбарын  резидент эмчээс бусад төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮЭМ-4 зэрэглэлийн албан тушаалын цалингийн доод хэмжээг 1 213 000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч 2024 оны 07 сараас өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл 1 213 000 төгрөгийн цалин авч ажилласан нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар мөн тогтоогдсон.

            Нэхэмжлэгчийн авч байсан цалингийн доод хэмжээнд дээрх байдлаар 2024 оны 07 дугаар сараас өөрчлөлт орж, нэмэгдсэн байхад ажил олгогчоос 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах багш, ажилтны бүрдүүлсэн материалын хяналтын хуудас” баримтаар А.Д авах нэг удаагийн буцалтгүй тусламжийн үнийн дүнг дутуу тооцож,  дахин 28 793 016 төгрөгөөр тодорхойлсон нь, хариуцагч захиргааны байгууллагаас эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэхэмжлэгчийн цалинд өөрчлөлт орсныг харгалзахгүйгээр нэг удаагийн буцалтгүй  тусламжийг  олгохдоо 2023 оны дундаж цалинг дутуу тооцож олгосон нь  тус тус буруу  байх ба хууль, журмын дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

            Иймд нэхэмжлэгч талын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу тооцож олгосон гэх маргааныг  үндэслэлтэй гэж үзлээ.

7. Хариуцагчаас “...Өлгий сумын ерөнхий боловсролын сургууль тухайн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг НМ-07б маягтаар 28 793 016 төгрөгөөр тооцоолж ирүүлсэн,  Боловсролын ерөнхий газраас 2023 оны төсөвт А.Д 28 793 016 төгрөг олгохоор  батлагдаж ирсэн ба Боловсролын газар нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т  “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэснийг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг  2023 оны 12 дугаар сард олгосон. Нэмэлтээр өгөх Боловсролын газарт санхүүжилт байхгүй тул дутуу олгосон гэх 2 000 000 төгрөгийг олгох боломжгүй, учир нь яамнаас 28 793 016 төгрөг батлагдаж ирсэн.” гэж тайлбарласан. Хариуцагч талын “хуульд зааснаар батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй боловч, төсвийн төслөө хуулийн хугацаанд хүргүүлсний дараа төсвийн саналд өөрчлөлт орохоор нөхцөл байдал бий болсон энэ тохиолдолд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т заасан “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх”-аар зохицуулагдсан. Хуулийн уг зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид нэмж олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг дараагийн жилийн төсөвт нэмж батлуулахаар эрх бүхий этгээдэд санал оруулах, батлуулах замаар нэхэмжлэгчийн эрхийг хангаж ажиллаагүй нь буруу байх ба уг мөнгийг хуульд зааснаар төсөвт тусгуулан нэхэмжлэгчид олгох боломжтой гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.Д өндөр насны тэтгэвэрт гарах үед  дутуу олгосон  нэг удаагийн буцалтгүй тусламжийг зохих ёсоор тооцож олгохыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт  даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, А.Д өндөр насны тэтгэвэр тогтоолгоход дутуу олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг зохих ёсоор тооцож олгохыг  Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт  даалгасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                  

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.РИЗА