| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 181/2025/00163/И |
| Дугаар | 197/ШШ2025/04378 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/04378
2025 04 11 197/ШШ2025/04378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Х.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГхолбогдох
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шинжээч Д.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г, Н.Х нараас хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагч солих хүсэлт гаргасныг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрыг хариуцагчаар татан оролцуулав. / хх 171-176/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч талаас: Банкны төлбөр барагдуулах газар нь 2024 оны 10 сарын 10-ны өдрийн *** дугаартай тогтоолоор дахин шинжээчээр М ХХК-г томилоход 2024 оны 10 сары 14-ны өдрийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 1,626,508,000 төгрөгөөр үнэлсэн. Ингээд 10 сарын зайтай 2 үнэлгээний компани томилогдоход хөрөнгийн үнэлгээ 300,000,000 төгрөгөөр багасаж төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Маргаан бүхий энэ байрны байршил нь өөрөө Улаанбаатар хотын А зэрэглэлий бүс болох Хүүхдийн паркийн зүүн талд, хамгийн тохиромжтой байршилд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 10 сарын дотор 300,000,000 гаруй төгрөгөөр буурсан байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур, хөрөнгийн үнэлгээг буруу үнэлсэнтэй холбоотой гэж М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг талууд зөвшөөрөхгүй бол шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан гэж,
1.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаас: М ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан хуульд нийцсэн гэж үзэж байна. Учир нь хууль тогтоомж болон олон улсын стандартын дагуу харьцуулалтын аргаар үнэлгээг хийж, тайланг хүргүүүлсэн.Тухайн үнэлгээний компаниас гаргасан тайлантай төлбөр төлөгч нар танилцсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл дээр дурдсан Г ХХК-ийн үнэлгээгээс 300,000,000 гаруй төгрөгийн зөрүүтэй үнэлсэн гэж тайлбарлаж байгаа. Тухайн үнэлгээтэй холбоотой маргаан бол шүүхээс хүчин төгөлдөр шийдвэр гараад нэгэнт шийдэгдээд дууссан тул өмнөх үнэлгээний тайлантай холбоотой маргаан үүсгэх нь үндэслэлгүй хэмээн маргажээ.
1.3.Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн **** дугаар захирамжаар Х ХК-ийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулав. /хх 190-195/
2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар Х ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Х нарт холбогдох Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт болон зардалд нийт 504,970,032,40 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *** дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх, ***тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов.
/9-13, 36-44/
2.1.Шүүхээс 00943 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуульд заасан ажиллагаа явуулан барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Х.Г, Н.Х нарын өмчлөлийн ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилэн хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй байна./ 51-64/
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-д шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан.
3.1.Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох **** тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр М ХХК-ийг томилон дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх хугацаа тогтоожээ. / хх 98/
3.2.Үүний дагуу М ХХК-ийн шинжээчээс ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ ханшийг 1,626,508,0 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгөөр тогтоож, тайланг 2024 оны 12 дугаар сарын 14-нд ирүүлсэн байна. / хх 99-133 /
3.3.Тиймээс Банкны төлбөр барагдуулах газраас шинжээчээр томилсны дагуу М ХХК нь дүгнэлтээ гарган заасан хугацаанд ирүүлсэн нь хуульд нийцсэн.
3.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 4 өрөө орон сууцны дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ ханшийг 1,626,508,00 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгөөр үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч Х.Г, Н.Х, төлбөр авагч Х ХК нарт 2024 оны 10 дугаар сарын 14-нд 3/5097 тоот 3/5096 тоот, 3/5098 мэдэгдэл хүргүүлж, шинжээчийн үнэлгээний тайлан 33 хуудас баримтыг 2024 оны 10 дугаар сарын 14, 17-нд хүлээлгэн өгч тус тус тэмдэглэл үйлджээ. /хх 134-138 /
4.Нэхэмжлэгч талаас үнэлгээ гаргасантай нь холбогдуулан М ХХК-ийн шинжээч Б.Э, Г ХХК-ийн шинжээч Д.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1**** дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /хх 175 /
4.1.Шүүх хуралдаандМ ХХК-ийн шинжээч Б.Эаас гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө...Олон улсын үнэлгээний стандарт 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс мөрдөгдөж байгаа стандартыг баримталсан.Энэ 5 хувийн тохируулга болохоор нэгдүгээрт, сонгож авсан мэдээлэл маань зах зээл дээр зарлагдаж байгаа үнийн санал учраас яг зарагдах үед талууд хоорондоо тохиролцоод тодорхой хэмжээгээр хувь хэмжээг бууруулж тохиролцдог. 5 хувь бол үнийн дүнгээс буулгадаг зах зээлийн нийтлэг хувь хэмжээ байгаа. Нийт тухайн хөрөнгийн элэгдэл тооцох буюу ашиглалтын хугацаа 60 жил байдаг. Тухайн барилга ашиглалтад 2018 онд орсон, миний үнэлгээ хийсэн өдөр бол 2024 оны 10 сарын 14 байгаа. 2024-өөс 2018-ыг хасахаар 6 жил болж байгаа. 6 жилээ 10 жилд хуваахар 10% гарч байгаа. 40 жил гэдэг арай бага хугацаа байна. Олон улсын **** гээд элэгдлийн лавлах байгаа, төмөр бетон хийцтэй барилгыг илүү удаан эдэлгээтэй гэж үздэг тул уг стандартаар 60 гэж үздэг. Энэ нь тайлангийн 18 дугаар хуудсанд байгаа. Би талбайгаар тохируулга хийсэн, Өрөөний тоогоор тохируулга хийхэд хэлбэлзэл гарах эрсдэлтэй. Яагаад гэвэл өрөөнүүд нь том талбайтай мөртлөө өрөө нь цөөхөн орон сууц байж болно. Талбай нь жижиг боловч олон өрөөтэй орон сууцнууд байдаг. Иймээс өрөөний тоогоор тохируулга хийхэд алдаа гарах боломжтой.Тиймээс талбайг хооронд нь харьцуулаад нэгж талбайд ногдох зах зээлийн үнийг гаргасан. Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхэд тухайн үнэлгээний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа мэдээллүүдийг ашиглаж байгаа тул үнэ шинэ эсвэл хуучирсан талаар авч үзэхгүй буюу зах зээлийн ханшийг авсан тул инфляцыг тооцоолох шаардлагагүй . Үнэлгээний олон улсын стандартад байдаг 2 хандлагыг ашигласан. Нэг нь өртгийн хандлага нөгөөдөх нь зах зээлийн хандлагыг ашигласан. Зах зээлийн хандлагаар үнэлэхэд тухайн үеийн бодит үнийг харгалздаг тул илүү бодитой гэж үзэж эцсийн үнэлгээг зах зээлийн хандлагаар тогтоосон.Үнэлгээ хийсэн цаг хугацаа бол зөрүүтэй байгаа. Мэдээж 2 өөр субъект үнэлгээ хийж байгаа учраас яг ижилхэн үнэлгээ гарна гэж байхгүй байх. Хоёрдугаарт тухайн үед үнэлгээчний сонгож авсан зах зээл дээрх жишиг хөрөнгийн мэдээлэллийн олдоц нь ямар байсан зэрэг нь ялгаатай байх. Иймээс ялгаатай үнийн дүн гарах боломжтой. Заавал өмнө хийсэн үнээс дараагийн үнэ өндөр гарна эсвэл бага гарна гэж ойлгох нь өрөөсгөл болно.Би бас нэмэлт тайлбар өгмөөр байна. Олимп резиденс гээд энэ хотхон буюу орон сууцтай холбоотой нэлээн зах зээлийн хайлт хийж олдсон мэдээлэл баримтуудыг судлаад шүүн тунгаалт хийгээд зах зээлийн нийтлэг хүчин зүйлийг илэрхийлэх боломжтой гэсэн 3 жишгийг сонгож авсан. Нэгдүгээрт байршлын хувьд Олимп Резиденс дотроо байрладаг орон сууцыг сонгож авсан. Ойролцооо байрладаг хотхонууд байсан гэхдээ Олимп резидэнстэй харьцуулахад ойролцоо байдаг хотхонуудын орон сууцны үнэлгээ нь бага байсан тул ойролцоо барилгуудыг биш хотхон доторх орон сууцыг сонгосон. Энэ нь үнэлж байгаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход илүү бодитой байх гэж үзсэн. Хоёрдугаарт үнэлгээний олон улсын стандартын зах зээлийн үнэ цэнийн сууриар үнэлгээ хийсэн. Тухайн зах зээлийн үнэ цэнийн сууриар үнэлгээчин хөрөнгө үнэлж байгаа нөхцөлд зах зээлийн нийтлэг хүчин зүйлсийг харгалзаж үзэх ёстой. Ямар нэгэн тусгайлсан хүчин зүйлийг бол харгалзаж үзэхгүй.Гуравдугаарт үнэлгээчин зах зээлийн хандлагаар үнэлэхдээ мэдээллээ өөрөө хайж олоод түүнд шүүн тунгаалт хийхдээ хараат бус байх ёстой. Үнэлгээ хийхэд эдгээр нөхцөл, зарчмуудыг бүрэн дүүрэн хангаж хийсэн гэж үзэж байна.Зах зээлээс доогуур үнэлээгүй, бодитой хийсэн үнэлгээ гэж үзэж байгаа. Зах зээлийн дундаж үнэлгээгээр мкв нь 9,000,000-10,000,000 төгрөг байдаг. Миний үнэлсэн дундаж үнэлгээ бол 9,374,000 төгрөг байгаа гэж мэдүүлжээ.
4.2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно,
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд үнэлгээний тайланд тавигдах шаардлагын талаар заасны дагуу М ХХК-ийн шинжээч Б.Э нь хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж, энэ талаар үнэлгээний тайланд тусгасан болох нь тогтоогдов.
4.3.Тиймээс шинжээч Б.Эын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх тул үнэлгээг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.
5.Шүүх хуралдаанд Г ХХК-ийн шинжээч Д.Б гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө... 2023 оны 12 сарын 18-ны өдрөөр тасалбар болгоод энэхүү үл хөдлөх хөрөнгийн 173.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн байгаа. Үнэлэхдээ өртгийн хандлага болон зах зээлийн хандлагаар давхар үнэлсэн. Зах зээлийн хандлагыг сонгохдоо тухайн орон сууцны өөрийнх нь зарагдахаар зарын сайтад зарагдсан болон тавигдсан 2 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг сонгосон. Ингэхдээ Remax.mn гэсэн үл хөдлөх хөрөнгийн зарын сайт мөн Unegui.mn гэсэн 2 сайтаас тухайн харьцуулсан 2 орон сууцыг тус тус сонгож авсан. Зах зээл дээр зарахаар нээлттэйгээр санал болгосон байсан. Зах зээлийн хандлагаар үнэлгээ тогтооход зах зээл дээр бодитоор хэлцэл хийхээр санал болгосн үнийг тодруулж авч харьцуулдаг.Тухайн үл хөдлөх хөрөнгө орон сууц ашиглалтад ороод буюу гэрчилгээ авснаас хойш үнэлгээ хийхэд 5 жил болсон байсан. Тэгэхээр 5 жилийн элэгдлийг тооцно гэсэн үг. Манай дээр мөрдөгдөж байгаа татварын хуулийн дагуу орон сууцыг 40 жил ашиглана гэсэн байдаг, уг 40 жилээс 5 жилийг ашигласан байсан. Тэр нь өртгийн хандлагаар 13% гэж гарсан. Тухайн хөрөнгийг 2023 оны 12 сарын 13-аас 2023 оны 12 сарын 15-ны өдрүүдэд холбогдох зах зээлийн мэдээлэлтэй танилцаж газар дээр нь очиж үзээд тухайн объектыг зарж байгаа, зарагдахыг санал болгосон өөр объектуудын мэдээлэлтэй харьцуулж үнэлгээ гаргасан гэсэн үг.Тэгэхээр хөөсрүүлсэн, эсвэл бодит бус үнэлгээ гэж үзэхгүй байна. Тухайн үеийн албан ёсны зарын сайт, үл хөдлөх зуучийн компаниас гаргаж тавьсан тухайн өдрийн хэлцлийн үнийг сонгож авч харьцуулалт хийсэн адилхан орон сууцыг сонгож аваад үнэлсэн. Тэгэхээр хөөсрүүлээгүй гэж мэдүүлдэг.
5.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ****дугаар шийдвэрээр Х.Г, Н.Х нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, **** тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай орон сууц үнэлсэн Г ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгожээ. / хх 163-169/
5.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу буюу Г ХХК-ийн үнэлгээ хүчингүй болсон тул Банкны төлбөр барагдуулах газраас дахин үнэлгээ тогтоолгохоор 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тогтоолоор ... 1003 тоот хаягт байрлах 173,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр М ХХК-ийг томилсон үйл баримт нотлогддог тул Г ХХК-ийн шинжээч Д.Бгийн мэдүүлэгийг хэрэгт ач холбогдолгүй байна гэж шүүх үзсэн тул үнэлээгүй болно.
6.Нэхэмжлэгч талаас төлбөрт хураагдсан орон сууц болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 10 сарын дотор 300,000,000 гаруй төгрөгөөр буурсан байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур, хөрөнгийн үнэлгээг буруу үнэлсэнтэй холбоотой гэх боловч үүнтэй холбоотой 1,626,508,0 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгийн үнэлгээнээс үнэ ханш өндөр эсхүл үнэлж буй газартай ойр байршилд үнэлгээний өдөр ойролцоо худалдсан гэх мэдээллийн жишиг үнэтэй зарын сайтын ойр байршилд байрлах орон сууцны зах зээлийн үнэ ханшийн мэдээлэлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй,шүүхэд болон шүүх хуралдаанд үүнийг нотолсон нотлох баримтаа цуглуулах үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж шүүх үзэв.
6.1.Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаас: Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх буюу гомдол гаргах боломжтой байхад үүнийг зөрчөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нөхцөл байдал нь хэрэг хянан хэлэлцэх явцад тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тайлбарладаг.
7.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж, үнэлгээний тайланг эс зөвшөөрвөл мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж тус тус зохицуулсан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.
8.Нэхэмжлэгч Х.Гаас 2024 оны 12 дугаар сарын 26-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний бие ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байсан учир 7 хоногтоо багтаагүй,2024.12.26 гэж гараар бичиж тэмдэглэсэн бичвэр үйлджээ./хх 4/
8.1.Дээрх хуулийн заалтаар бол эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо талууд үнэлгээтэй танилцсанаас хойш ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах тул нэхэмжлэгч Х.Гын миний бие ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байсан учир 7 хоногтоо багтаагүй гэсэн нь үндэслэлгүй.
8.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 4 өрөө орон сууцны дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ ханшийг 1,626,508,00 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгөөр үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч Х.Г, Н.Х, төлбөр авагч Х ХК нарт 2024 оны 10 дугаар сарын 14-нд 3/5097 тоот, 3/5096 тоот, 3/5098 мэдэгдлээр хүргүүлж, шинжээчийн үнэлгээний тайлан 33 хуудас баримтыг 2024 оны 10 дугаар сарын 14, 17-нд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн болох нь тогтоогддог. /хх 134-138 /
8.3.Түүнчлэн нэхэмжлэгч нараас үнэлгээний тайланг хүлээн авсан дараа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Банкны төлбөр барагдуулах газарт ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу дээрх үнээс багагүй үнээр нэг /1/ сарын хугацаанд бие даан өөрсдөө худалдан борлуулах санал гарсан тул 2024 оны 10 дугаар сарын 23-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тогтоолоор, ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшуулжээ. / хх 48-
49/
8.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасанчлан нэхэмжлэгч талаас үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
8.5.Тухайлбал нэхэмжлэгч Х.Г, Н.Х нараас 2024 оны 12 дугаар сарын 26-ны 11:51 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үнэлгээ хүчингүй болгуулах- тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх 2024 оны 12 дугаар сарын 30-нд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч нараас төлбөрт хураагдсан.... 1003 тоот хаягт байрлах 173,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаа шинжээчээс 1,626,508,00 / нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман /төгрөгөөр дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ тогтоосныг 2024 оны 10 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд мэдсэн атал 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, 2024 оны 12 дугаар сарын 26-нд гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлжээ./ хх 21,134-138/
Иймээс хариуцагч талын хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзсэн тул нэхэмжлэгч Х.Г, Н.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
9.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 00489 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болохыг дурдав./ хх 25/
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Х.Г, Н.Х нарын нэхэмжлэлтэй хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар холбогдох ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.