Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 306/ШШ2025/00114

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 306/ШШ2025/00114

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: А-ийн гаргасан хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд ******* ХХК, тус компанийн Ерөнхий захирал Г.Д, гүйцэтгэх захирал Д.Ц нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат, нэхэмжлэгч Ж.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ж.Ашүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.А миний бие нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг *** тоотод оршин суудаг. Тухайн үед энэ байрыг Т компаниас 3 жилийн гэрээтэй 7090500 төгрөгний урьдчилгаа өгч төлбөрийг 2022 оны 1-р сараас эхлэн 3 жилийн хугацаанд /23635000төгрөг- нийт гэрээний дүн/ төлж барагдуулах өөрсдөө засвар хийн худалдаж авч байсан. Энэ байр нь тухайн үедээ Орон нутгийн өмчлөлөөс Т компанид шилжиж байсан тул ямар нэгэн бичиг баримт байхгүй худалдан авах гэрээ хийж орж байсан. Гэрээгээ дүгнэн тооцоогоо хийж дуусган байраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл 2022 оны 12-р сараас Т компани холбоо тогтоохгүй, компанийн удирдлагууд нь солигдсон бид мэдэхгүй, биечлэн уулзахгүй гэх мэтээр цааргалсаар байснаа 2024 оны 11 сарын 29-нд Б гэгчид давхар гэрчилгээ гаргаж өгсөн байна. Энэ талаар Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч олдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Т ХХК, тус компанийн Ерөнхий захирал Г.Д, гүйцэтгэх захирал Д.Ц нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүн багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай албан бичиг, Ж.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Т ХХК болон Ж.А нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШЗ2025/07**** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3.Шүүхээс: Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 306/ШЗ2025/00*** дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16/101 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.Д-ын иргэний үнэмлэхний лавлагаа, Д.Ц-ын иргэний үнэмлэхний лавлагаа, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16/*** дугаартай албан бичиг,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/** дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/*** дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Т ХХК-ийн хуулийн этгээдийн хаягийн лавлагаа,

Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/** дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5** дугаартай албан бичгийн хуулбар,

Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/** дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичгийн хуулбар,

Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02/** дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ** дугаартай албан бичгийн хуулбар,

Тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/** дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаартай албан бичгийн хуулбар зэргийг шүүхээс бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Ж.А нь Т ХХК-иас 2020 оны 09 сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 152 дугаар байрыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл Т ХХК болон тус компанийн Ерөнхий захирал Г.Д, гүйцэтгэх захирал Д.Ц нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулах гэж хүсэлтээ тодорхойлсон байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.

 

Хүсэлт гаргагч Ж.А болон Т ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Т ХХК болон тус компанийн Ерөнхий захирал Г.Д нарын албан ёсны байрлах хаяг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ** тоот хаягт байрлахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч, одоогоор тус хаягт байрладаг эсэх нь тодорхой бус байгаа нь орон сууц захиалгын гэрээ /хх5/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах нь эрх зүйн хувьд тодорхой хэмжээнд хүний эрхийн агуулгатай байдаг. Шүүх иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хуулийн нөхцлийн нэг нь нэхэмжлэгч тухайн этгээдийн хаягийг тогтоох талаар өөрийн зүгээс шаардлагатай ажиллагааг хийсэн байх явдал бөгөөд ийнхүү бүхий л боломжит байдлаар тодруулахад хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхой бус байх юм. Энэ хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг ба энэ тохиолдолд шүүхийн туслах чиг үүрэг хэрэгжих боломжтой. Иргэн өөрөө хийж гүйцэтгэх боломжгүй ажиллагааг шүүх хийж гүйцэтгэсэн ба улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт гаргуулахад Т ХХК болон Ерөнхий захирал Г.Д нар нь улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлсон хаягт байдаггүй болох нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын *** дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул Т ХХК болон Ерөнхий захирал Г.Д нарыг эрэн сурвалжлуулж, харин компанийн гүйцэтгэх захирал Ц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны *** тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлах үндэслэл бүхий нөхцөл байдал бий болоогүй байна гэж үзэж хүсэлтээс түүнд холбогдох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т ХХК болон тус компанийн Ерөнхий захирал Г.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай Ж.А-ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. ТХХК болон тус компанийн Ерөнхий захирал Г.Д нарын албан ёсны байрлах хаяг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *** тоот хаягт оршин сууж байсан гэж хүсэлтэд дурдсан болно.

 

8. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг баримтлан Ж.А-ийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т ХХК болон тус компанийн Ерөнхий захирал Г.Д нарыг эрэн сурвалжлуулж, тус компанийн гүйцэтгэх захирал Ц-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Т ХХК болон тус компанийн Ерөнхий захирал Г нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Т ХХК  болон тус компанийн Ерөнхий захирал Г.Д нарын албан ёсны байрлах хаяг нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, **** тоот хаягт албан ёсны оршин суух хаягтай гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН