Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/64

 

 

 

 

         2024           01                09                                             2024/ДШМ/64

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Онон,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2205001981629 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.М-,

 

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Л-д “Тоёота приус-20” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 4.012.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-аас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Г.Л-д олгож, Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдолдоо: “...би болсон асуудалд маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх болно. Би гэмт хэргийн хохирлоосоо ихэнх хэсгийг төлсөн. Үлдэгдэл 1.400.000  төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө бүрэн төлж барагдуулна. Манайх ам бүл 5, эхнэр, 0-6 насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Хувиараа барилгын ажил хийж, доороо 8 хүн цалинжуулдаг. Захиалагч нартай барилгын сан, карказ, засал хийх гэрээ байгуулсан. Захиалагчийн мөнгө 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орох учраас хохирлоо зайлшгүй төлж барагдуулна. Манай эхнэр нялх хүүхдээ хараад гэртээ байдаг тул би гэр бүлээ тэжээж байна. Иймд надад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Г.Л- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...миний бие Б.М-д залилуулаад 3 жилийн хугацаа өнгөрч байна. Шүүх хурал 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон. Энэ үед Б.М- хохирлын мөнгө 2.500.000 төгрөг өгсөн. 1.400.000 төгрөгийг өгөлгүй дутуу үлдээсэн. Энэ 3 жилийн хугацаанд хохирлыг маань барагдуулах бүрэн боломжтой байсан хэдий ч барагдуулаагүй. Одоо дахин цаг хожиж давж заалдах шатны шүүх хурлын өмнө өгнө гэсэн юм ярьж байна. Хурдан хугацаанд хохирлын мөнгөө барагдуулж авах хүсэлтэй байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд мөнгөний ханш их уналаа, Б.М- намайг маш ихээр хохироож байна. ...” гэжээ.

 

Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.М- нь залилах гэмт хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын хооронд үйлдсэн. Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хохирол, төлбөр төлөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанаас завсарлага авч 2.512.000 төгрөг төлсөн. Шийтгэх тогтоол гарахад хохирол, төлбөр бүрэн төлөгдөөгүй байсан тул торгох ял оногдуулах боломжгүй байсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Л-д “Тоёота приус-20” маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдана гэж  хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4.012.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Л-ийн “...2020 оны 8 дугаар сард эхнэр бид хоёр хямд үнэтэй машин хайж байгаа талаараа найз М-д хэлсэн юм. М- “манай ажлын нэг ах машин зарна гэсэн, жаахан хийх юмтай, хуучин машин байна” гэж хэлсэн. Тэгээд би тухайн машин зарах хүн буюу Мөнх-Учралтай уулзаж уг машиныг нь 4.300.000 төгрөгөөр авахаар болсон. М-надад уг машин банк бусын барьцаанд байгаа, одоо 2.400.000 төгрөг өгчих, үлдсэн мөнгийг нь сард 316.000 төгрөгөөр дөрвөн сар төлөөд чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Би тухайн өдөр нь М-ын эхнэрийн дансруу 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөн эхнэрийнх нь данс руу 9 удаагийн гүйлгээгээр их багаар мөнгө шилжүүлсээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 50.000 төгрөг тооцоо дуусгав” гэх утгатай шилжүүлэн өгч нийт 4.300.000 төгрөг өгсөн. Тэгээд намайг “машинаа нэр дээрээ шилжүүлмээр байна” гэхэд “би хөдөө ажилтай байна, хот ороод нэр дээр чинь шилжүүлээд өгнө” гэж байгаад дараа нь банк бусаас хүн ирж уулзаад байна, мөнгө хэрэг гараад байна гэж хэлэх болсон. Тухайн үед “таны машин гэсэн биз дээ” гэхэд “зүгээр ээ, асуудалгүй, минийх байлгүй яах юм бэ” гэж хэлэх болсон. Тэгээд янз бүрийн шалтгаан хэлж ярьж байгаад одоог хүргэсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын дундуур намайг гэртээ байхад нэг дугаараас залгаад өөрийгөө “Тайгын булаг” ХХК-ийн хуулийн зөвлөх байна, энэ машин манайхаас мөнгөө төлөөгүй алга болсон машин тул бид өөрийн байгууллагын өмчийг хураан авлаа гэх зүйл хэлсэн. ...” /хх 30-32, 49/,

 

гэрч Б.Ө-н “...М-намайг машинаа зарах уу гэж асуусан. ...М-намайг машинаа зарчих гэх үед нь банк бус дээр барьцаанд тавьсан, одоо 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, чи миний автомашиныг 4.500.000 төгрөгөөр ав, эхлээд 2.500.000 төгрөг бэлнээр өгөөд 2.000.000 төгрөгийг банк бус руу хийгээд миний автомашиныг ав гэж хэлсэн. Тэгэхэд М-надад бэлэн байгаа нь 500.000 төгрөг байна, 500.000 төгрөгөө өгөөд үлдсэн мөнгийг нь ажил хийж дуусгаад төлнө гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 500.000 төгрөгийг нь аваад машинаа өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш М-хэсэг алга болчихсон. Тэгэхээр нь би Мөнх-Учралаас мөнгөө нэхсээр байгаад 2019 оны 9 сард 700.000 төгрөг бэлнээр авсан. М- “С ”-д нэг ч удаа төлөлт хийгээгүй байсан тул ломбарднаас над руу бүтэн жил залгаж төлөлт хийхийг шаардсан. ...” /хх 51-57/,

 

гэрч М.У-гийн “...манай нөхөр бусдад тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан талаар мэдэхгүй байна. М-урьд нь өр төлбөрийн асуудалтай байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дансыг нь хаасан байсан. Тэр үед миний дансыг манай нөхөр М- ашигладаг байсан. 2022 оноос шүүхийн шийдвэрт өр төлбөрөө төлж дуусгаад данс нь нээгдээд миний дансыг ашиглахаа больсон. 2021 онд миний дансанд орж ирж байсан мөнгийг би Мөнх-Учралын ажлын хөлс, цалин гэж ойлгож байсан ...” /хх 59-60/,

 

          яллагдагчаар Б.М-ын “...гэм буруу дээр маргаан байхгүй. Б.Л-д учруулсан хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх 210-211/ гэсэн мэдүүлгүүд, М.У-н “Хаан” банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 62-63, 64-135/, Г.Л-, Б.М- нарын хоорондоо харилцсан фэйсбүүк чатын хуулбар /хх 138-139/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.М- ямар гэм буруутай болох,  түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

          Шүүгдэгч Б.М-ын өөрийн эзэмшлийн биш тээврийн хэрэгслийг Г.Л-д худалдана гэж хуурч, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 4.012.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл заалтад заасан дөрвөн төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, тухайн ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүй үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.М-ын ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/868 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ                             

 

            ШҮҮГЧ                                                                       Л.ДАРЬСҮРЭН