Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2025/00130

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2025/00130

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Э

 

Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, хүсэлт гаргагч Н.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э би 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалаар Залуус хоршоо-нд гоо засалчаар ажиллаж байгаад 1993 оны 03 сарын 22-ны өдрийн 46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаал бичигдсэн боловч тушаал дээрх тамга тэмдэг бүдэг байгаагаас 1992 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг ажилласан жилд тооцуулах хүсэлттэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү, Залуус хоршоо нь Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харъяа ***** байсан, Залуус хоршоо нэртэйгээр ажиллаж байгаад 1992 оны 8 дугаар сараас Залуус ББХ компани болсон гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Н.Э өгсөн зөвлөмж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай албан бичиг, Н.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Н.Э-ийн 342030 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч Н.Э  дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

1992 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийтийн аж ахуй үйлчилгээний Залуус хоршоонд гоо сайханчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газраас Н.Э өгсөн зөвлөмж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай албан бичиг, Н.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Н.Эрдэнэцэцэгийн 342030 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэргээр, Э-г Залуус хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд гоо засалчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Учир нь Н.Э-ийн 342030 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт нэр хаягийн болон тамга, тушаалын бичилттэй хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилгүй, мэдээллийг бүрэн агуулсан байх тул нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно. Хөдөлмөрийн дэвтэрт 1992 оны 01 сарын 02-ны өдөр Залуус хоршоонд гоо засалчаар авч ажиллуулав гэсэн хэсгийн, 1993 оны 3 сарын 22-ны өдөр Залуус ББХ нь татан буугдсан гэсэн хэсгийн тамга бүдэг байгаа боловч түүний урдах үйл баримт болох 1992 оны 01 сарын 01-ний өдөр Бага хувьчлалд орсон тул гоо засалчийн ажлаас чөлөөлж тасгийн мэдэлд шилжүүлэв гэсэн хэсгийн тамга Улаанбаатар Октябрийн районы ахуйн үйлчилгээний комбинат гэсэн бичигтэй, дараачийн үйл баримт болох 1993 оны 3 сарын 22-ны өдөр Залуус ББХ компанид гоо засалчаар авч ажиллуулав гэсэн хэсгийн тамга Залуус ББХК УОНӨҮГ гэсэн байгаагаас үзэхэд Залуус хоршоо болон Залуус ББХ компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад гоо засалчаа ажиллаж байсан гэх байдал нь нотлогдож байна.

4.Иймд хүсэлт гаргагч Н.Э-ийг Залуус хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын харъяа Октябрийн районы ахуйн үйлчилгээний комбинатын Залуус хоршоо болон Залуус ББХ компани орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад гоо засалчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

6. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4заасныг баримтлан Э-г 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харъяа Окьябарь дүүргийн Ахуйн үйлчилгээний комбинатын Залуус хоршоо болон Залуус ББХ компани орон нутгийн үйлдвэрийн газарт гоо засалчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Э-ийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ   Ц.ҮЙТМЭН