| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2024/0041/З |
| Дугаар | 116/ШШ2025/0008 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 116/ШШ2025/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын ******* /*******/,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нарын хооронд үүссэн, О.*******эд өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, газрын байршлыг өөрчлөн олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг, Дорнод аймгийн Засаг даргад О.*******эд өмнөх эзэмшиж байсан газрын чанар хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг тус тус даалгуулахаар маргаж байна.
Хоёр. Процессын түүх:
2.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/231 дүгээр захирамжаар, ...ын ийн газар эзэмших эрхийг овогт *******ын ******* /*******/-д 9 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн[1] байна.
2.2. Нэхэмжлэгч О.*******ийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад хандаж, “... Шатахуун түгээх станцын зориулалт бүхий газар дээр минь цэцэрлэгт хүрээлэн барьсан учир орлох газрыг тус кадастр дээр байгаа газрыг олгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан[2] бөгөөд тус шүүхэд хандаж, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.[3]
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэрлэн сумын 2-р баг, Хэрлэн-1 ******* “а” хаягт байрлалтай ******* нэгж талбарын дугаартай, тус сумын Засаг даргын 2021.07.30-ны өдрийн А/231 шийдвэртэй 1500 мкв хэмжээтэй газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа билээ. Тус газрыг өөрийн төрсөн эх Д.ээс хуулийн дагуу шилжүүлэн авсан бөгөөд Хэрлэн сумын зүгээс Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин 2020 оны 08-р сард орон нутгийн хөрөнгө оруулалтаар моджуулж цэцэрлэг барьж эхэлсэн. Энэ талаар өмнөх эзэмшигч Д. нь холбогдох албан тушаалтанд удаа дараа шаардлага гаргасан боловч үл хайхарч миний хууль ёсны эзэмшлийн газарт хөрөнгө оруулалт хийснээс газар эзэмшигч миний эрх ашиг ноцтой хохирсон. Дээрх асуудлаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнөх эзэмшигч Д. нэхэмжлэл гаргахад 2021.02.08-ны өдрийн 138/ШШ2021/00162 дугаар захирамжаар газрыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийг Хэрлэн сумын Засаг даргын зүгээс хүлээн зөвшөөрснийг баталсан шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч миний хувьд ч дахин шүүхэд хандахад Хэрлэн сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд газрыг албадан чөлөөлөх шүүгчийн захирамж гарсан ч асуудал шийдвэрлэгдэхгүй байна. Миний зүгээс нийтийн эрх ашгийг хүндэтгэж дээрх албадан чөлөөлөх газрыг заавал эзэмших гэхгүйгээр чанар, хэмжээ, үнэлгээг дордуулахгүйгээр өөр газраа нөхөн солиулах талаар санал гаргасан ч шийдвэр гаргах эрх бүхий этгээд Хэрлэн сумын Засаг даргын зүгээс шийдвэр гаргахгүй маш их хугацаа алдуулж байна. Хэрлэн сумын Засаг дарга нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж бусдын эзэмшлийн газар дээр давхцуулан газар олголт хийсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэгчид газрын чанар үнэлгээ, хэмжээ байршлыг дордуулахгүйгээр өөр байршилд газар олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулахдаа: Нэхэмжлэгчид Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэн-1, ******* “а” хаягт байрлалтай 1500 мкв газрын хэмжээ, байршил, чанарыг дордуулахгүйгээр газрыг нөхөн олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, байршил өөрчилсөн шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ. [4]
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: О.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчаар Дорнод аймгийн Засаг даргыг нэмж оролцуулж шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгах, Дорнод аймгийн Засаг даргад О.*******эд өмнөх эзэмшиж байсан газрын чанар хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг даалгах гэж өөрчилж байна гэжээ.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өөрчилж, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг, Дорнод аймгийн Засаг даргад О.*******эд өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг тус тус даалгах шаардлагыг шинэчлэн гаргасан. Уг шаардлагын хүрээнд Дорнод аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Яагаад гэвэл шийдвэр гаргах эрх нь аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа юм байна. Эхний ээлжинд төлөвлөгөөнд өөрчлөлт орох шаардлагатай болсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/231 тоот захирамжаар 1500 м2 газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмшихээр олгосон. 3 хүн дамжиж *******эд шилжиж ирсэн байгаа. Тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахдаа газар давхардуулж хөрөнгө оруулалт хийсэн зөрчил гаргасан. *******ийн өмнөх эзэмшигч нь хэд хэдэн удаа Хэрлэн суманд хандсан. Тодорхой шийдвэр гаргаж өгөхгүй байсан учраас 2020 онд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүхийн шийдвэрээр “газар чөлөөлөх” шийдвэр гарсан байна. Яагаад өнөөдрийг хүртэл шийдвэр гарахгүй байсаар байна вэ гэхээр тухайн газар дээр нь хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс өөр газар авах саналыг гаргасан. Гэхдээ 1 дүгээр бүсэд боломжит газрыг авах саналыг гаргасан. Гэвч үүн дээр мөн л шийдвэр гаргах ажиллагаа хийгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Хэрлэн сумаас аймгийн Засаг дарга, Газрын харилцааны газар руу хүсэлтийг илгээсэн. Сумын Засаг даргаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Газар зохион байгуулалтын ажиллагаа хийгдээгүй, хууль зөрчиж хийсэн үйлдэл” гэж үзсэн байдаг. Дараа нь аймгийн Засаг даргаас “*******ийн газар дээр хөрөнгө оруулалт хийгдсэн. Газрын харилцааны газраас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс иргэний газрын асуудлыг шийдвэрлэ” гэсэн чиглэлийг өгсөн. Дээрх газар дээр одоо ногоон байгууламж, хашаа баригдсан. Олон нийтийн эрх ашиг шууд хамаарч байгаа. Татварын мөнгө, төсвийн мөнгө зарцуулагдсан. 492 тоот албан бичгээр “*******эд олгосон газар нь Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн байна. Гэхдээ газар олгосон байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр давхардуулан хөрөнгө оруулалт хийсэн нь буруу юм. Тиймээс асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дурдсан. Төрийн байгууллагаас иргэний эрх ашиг болон олон нийтийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Аймгийн иргэдийн Хурлын тогтоолоор нэхэмжлэгч *******ийн эзэмших ёстой газар нь 1 дүгээр бүсчлэлд багтсан. Газрын тухай хуулиар эрх олгогдсон этгээд буюу аймгийн Засаг даргаас шийдвэрээ гаргаад өгчих юм бол төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байна. Аймгийн Засаг дарга О.*******ийн эсрэг шийдвэрийг гаргаагүй гэдгээ илэрхийлж байна. Шийдвэр гаргаагүй нь үнэн. Гэхдээ эзэмшил газрын эрх нь аймгийн Засаг даргад шилжсэн байна. Одоо аймгийн Засаг даргаас өөр энэ асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд байхгүй. Бид анхнаасаа аймгийн Засаг даргын шийдвэр миний эрхэд халдсан гэж дурдаагүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээс шалтгаалж эрх шилжсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулж хийгдэж ирсэн. Тухайн үед энэ шийдвэрийг Хэрлэн сумын Засаг дарга шийдвэрлэж байсан. Аймгийн Засаг дарга шинээр хамтран хариуцагчаар татагдсан. Заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй нөхцөл байдал үүссэн. *******эд холбогдох захиргааны акт нь эерэг үйлчлэлтэй захиргааны акт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хэргийн нөхцөл байдлыг тодруулах боломжтой харагдаж байгаа. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд дахин захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж өгөөч гэж хүсч байна. *******эд газар олгосон захирамж байгаа. Энийг акт гэж үзэж байна гэв.
3.5. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны А/163 дугаар захирамжаар зарласан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд иргэн Г. ялагч болсон тул сумын Засаг даргын 2015 оны А/209 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар багийн “Бөмбөгдөлтийн хөшөө”-ний зүүн талд 0,15 га газрыг Г.тод эзэмшүүлсэн. Иргэн Г. нь уг газраа 2017 онд иргэн Б.т, иргэн Б. нь 2019 онд иргэн Ц.д, иргэн Ц. нь 2020 онд иргэн Д.т, иргэн Д. нь 2021 онд О.*******эд тус тус эзэмшүүлсэн байдаг. Иргэн Д. нь уг газрыг эзэмшиж байх үедээ буюу 2021 онд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан цэцэрлэгт хүрээлэнг нүүлгэн шилжүүлж газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 138/ШШ2021/00162 дугаар шийдвэрээр хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан байна. Одоогоор уг газрын эзэмшигч болох О.*******ийн газартай давхцаж байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэн нь нийт 6000 м2 хэмжээтэй бөгөөд үүнээс 1500 м2 газар нь иргэний эзэмшил газар гэдгийг хүлээн зөвшөөрч, тухайн газрыг эзэмшигч зориулалтын дагуу ашиглахад саад болохгүйгээр бүрэн чөлөөлж, газар эзэмшигчийн эрх ашгийг хохироохгүйгээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажиллахыг мэдэгдэж байсан. Иргэн О.*******ийн зүгээс тухайн газрыг яаралтай чөлөөлөх, шүүхийн шийдвэр хэрэгжүүлээгүйн улмаас хохирч байгаа тухай ямар нэгэн хүсэлт, өргөдөл гомдол 2022, 2023 онуудад ирүүлж байгаагүй бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “... эзэмшлийн газар дээр минь цэцэрлэгт хүрээлэн баригдсан тул орлох газрыг олгож өгөх”-ийг хүссэн өргөдөлдөө нөхөн авах хүсэлтэй байгаа газрын кадастрын зураглалыг ирүүлсэн боловч сумын Засаг даргын шийдвэр гаргах бүсэд хамаарахгүй байх тул шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж байсан. Иргэн О.*******ийн гаргасан нэхэмжлэлд дурдсанчлан иргэний эзэмшиж буй 1500 м2 газар дээр аймаг, сумын Засаг даргын зүгээс давхардуулан газар олгосон гэх асуудал байхгүй болно. Мөн сумын Засаг даргын зүгээс дээрх шийдвэрийн дагуу тухайн газар дээр төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгийг 2024 оны 1/987 дугаар албан бичгээр иргэнд хүргүүлж байсан бөгөөд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 138/ШШ2021/00162 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэн ажиллах болно. Иймд иргэн О.******* нь хууль ёсны дагуу эзэмшиж буй газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой байсаар байхад шүүхэд “...1500 м2 газрыг чанар, үнэлгээг дордуулахгүйгээр өөр байршилд сольж газрыг нөхөн олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3.6. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд энэ талаар хүсэлт, өргөдөл гомдол гаргасан. Аймгийн Засаг дарга болон Газрын албанаас санал ирэх юм бол сумын хуралд танилцуулаад шийдвэрлэх боломжтой. Тэгэхгүй бол бид шууд бүхэлд нь шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа тухайн объектыг аваад газрыг чөлөөлж өгч болно гэв.
3.7. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны А/163 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бөмбөгдөлтийн хөшөөний зүүн талд 1500 м2 газрыг эзэмшүүлэхээр дуудлага худалдааг зохион байгуулж иргэн Г. ялагч болж тус газрыг эзэмшиж авсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу аймгийн Засаг даргаас иргэн О.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасны дагуу иргэн О.******* нь аймгийн Засаг даргад хандан гомдол гаргаж байгаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлаагүй байна. Аймгийн Засаг дарга нь О.*******ийн эрх ашигт халдсан үйлдэл, шийдвэр гаргаагүй. Иймд иргэн О.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч С. хүрэлцэн ирж, оролцогчид “...хариуцагчийн төлөөлөгч Д.ыг шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх” санал гаргасан тул Д.ыг шүүх хуралдаанаас чөлөөлж, түүнийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгчээс, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг, Дорнод аймгийн Засаг даргад О.*******эд өмнөх эзэмшиж байсан газрын чанар хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг тус тус даалгах шаардлага гаргаж маргасан байна.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ, “... Нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу газар эзэмших эрх зөрчигдсөн, хариуцагч байгууллагуудын хууль бус эс үйлдэхүйн улмаас эрх ашиг зөрчигдөж байна, ... шүүхийн шийдвэрийн дагуу газрыг чөлөөлсөн ч нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна, мөн тус газраа шатахуун түгээх станцын зориулалтаар ашиглах боломжгүй болно” гэж тайлбарладаг.
5. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас татгалзлын үндэслэлээ, “... Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргаж байгаагүй, аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн эрх ашигт халдсан шийдвэр, үйлдэл гаргаагүй” гэж маргадаг.
6. Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргаас татгалзлын үндэслэлээ, “... Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрын кадастр нь сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарах газар биш тул шинээр газар олгох эрх хэмжээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж эзэмшил газрыг нь чөлөөлж өгнө” гэж тайлбарладаг.
7. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулах тухай” А/163 дугаар захирамжаар “...2 дугаар багийн нутаг дэвсгэрт Бөмбөгдөлтийн хөшөөний зүүн талд 0.15 га /1500 м2/ газрыг шатахуун түгээх газар барих зориулалтаар дуудлага худалдаа явуулахаар” шийдвэрлэж[5], сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай” А/209 дүгээр захирамжаар дээрх дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр үнэ дуудаж ялсан Гантөмөрийн //-т 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Бөмбөгдөлтийн хөшөөний зүүн талд 0.15 га /1500 м2/ талбай бүхий газрыг шатахуун түгээх газар барих зориулалтаар эзэмшүүлжээ. [6]
8. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох, эрх шилжүүлэн эзэмшүүлэх тухай” А/363 дугаар захирамжаар, ...Г. //-ийн газар эзэмших эрхийг иргэн Б. //-т шатахуун түгээх станцын зориулалтаар 13 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж[7], сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/453 дугаар захирамжаар ...дээрх газрыг эзэмших эрхийг иргэн Баатарчулууны ын хүсэлтийн дагуу гийн //-д шатахуун түгээх станцын зориулалтаар 11 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж[8], сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/198 дугаар захирамжаар, ...гийн ы газар эзэмших эрхийг ын //-д шатахуун түгээх станцын зориулалтаар 10 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлж[9], сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/231 дүгээр захирамжаар, ...ын ийн газар эзэмших эрхийг овогт *******ын ******* //-д 9 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн[10] байна.
9. О.*******эд Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/231 дүгээр захирамжийг үндэслэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэрлэн-1, ******* “а” хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 1500 мкв газрыг “Гэр, орон сууцны хашааны газар” зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэж, иргэний газар эзэмших эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээ олгож[11], дээрх зориулалт, хугацаагаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[12] байгуулсан байна.
10. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.ээс, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан, “Хуулийн дагуу эзэмшиж буй 1500 мкв газар дээр зөвшөөрөлгүй баригдсан цэцэрлэгт талбайн хашаа, сүүдрэвч, гэрэлтүүлэг зэргийг нүүлгэн шилжүүлж, газрыг албадан чөлөөлүүлж өгөхийг хүссэн” нэхэмжлэл гаргасныг[13] хариуцагч зөвшөөрсөн тул, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 138/ШШ2021/00162 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[14] бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 138/ШЗ2023/02655 дугаар захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж[15], тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 138/ГХ2023/00486 дугаартай Гүйцэтгэх хуудас олгосон байна.
11. Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ч.Чулуунбатын 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” 24100721 дүгээр тогтоолоор, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн[16] бөгөөд тус газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандаж ирүүлсэн албан бичгээр, “...Тус газарт дээрх гүйцэтгэх баримт бичигт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно”[17] гэснээс үзэхэд О.*******ийн эзэмшил газрыг чөлөөлөх асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
12. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан.
13. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд мэдэлдээ байлгахыг” ойлгохоор зохицуулсан бөгөөд төрийн нийтийн өмчийг хуульд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд мэдэлдээ байлгах дээрх харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.
14. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.
15. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 33.1.2-д “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь 0.15 га газрыг “шатахуун түгээх станц”-ын зориулалтаар байршил сольж эзэмших хүсэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шууд шийдвэрлэн газрыг олгох нөхцөл бүрдээгүй байна.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай. [18]
17. Нөгөө талаас, даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах удаах нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой байх учиртай бөгөөд шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.[19]
18. Нэхэмжлэгч О.*******ийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад хандаж, “... Шатахуун түгээх станцын зориулалт бүхий газар дээр минь цэцэрлэгт хүрээлэн барьсан учир орлох газрыг тус кадастр дээр байгаа газрыг олгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан[20] бөгөөд хүсэлтийн хавсралтад байршлын зургийг ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч С. “Тухайн газар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах газар байсан” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нь сумын Засаг даргад хүсэлт гаргахдаа тодорхой газрыг нэрлэн зааж, эзэмших хүсэлт гаргасан байх тул сумын Засаг даргын татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна.
19. Дээрх хүсэлтэд сумын Засаг даргаас татгалзсан хариу хүргүүлснийг[21] нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргасан байх бөгөөд, нэхэмжлэгч нь сумын Засаг даргад холбогдуулж шүүхэд гаргасан “нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах” агуулгаар өргөдөл, хүсэлт гаргаагүй байх тул энэ шаардлагын хүрээнд сумын Засаг дарга хууль бус татгалзал, эс үйлдэхүй гаргаагүй байна.
20. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.4.2-т “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу сумын Засаг дарга нь “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг өргөн мэдүүлэх” эрх хэмжээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага болох “Нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах” эрх хэмжээ олгогдоогүй байна.
21. Түүнчлэн О.*******эд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахдаа газрын зориулалтыг “Гэр, орон сууцны хашааны газар”-аар олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрийн дагуу газрыг чөлөөлсөн ч газраа шатахуун түгээх станцын зориулалтын дагуу ашиглах боломжгүй болно” гэх тайлбар үндэслэлгүй байна.
22. Мөн Дорнод аймгийн Засаг даргад хандаж маргаан бүхий асуудлаар өргөдөл, хүсэлт гаргаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд “аймгийн Засаг даргад хандаагүй” болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн, талууд энэ талаар маргаагүй тул аймгийн Засаг даргыг хууль бус татгалзал, эс үйлдэхүй гаргаагүй гэж үзнэ.
23. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч О.*******ийн Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад нэхэмжлэгчийн өмнөх эзэмшиж байсан газрын чанар, хэмжээг дордуулахгүйгээр байршлыг өөрчилж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг даалгах, Дорнод аймгийн Засаг даргад О.*******эд өмнөх эзэмшиж байсан газрын чанар хэмжээг дордуулахгүйгээр газрын байршлыг өөрчлөн олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ
[1] Хэргийн 108 дугаар хуудас
[2] Хэргийн 80-81 дүгээр хуудас
[3] Хэргийн 1-2 дугаар хуудас
[4] Хэргийн 39-40 дүгээр хуудас
[5] Хэргийн 113 дугаар хуудас
[6] Хэргийн 112 дугаар хуудас
[7] Хэргийн 111 дүгээр хуудас
[8] Хэргийн 110 дугаар хуудас
[9] Хэргийн 109 дүгээр хуудас
[10] Хэргийн 108 дугаар хуудас
[11] Хэргийн 6 дугаар хуудас
[12] Хэргийн 107-110 дугаар хуудас
[13] Хэргийн 61 дүгээр хуудас
[14] Хэргийн 62-64 дүгээр хуудас
[15] Хэргийн 65-66 дугаар хуудас
[16] Хэргийн 72 дугаар хуудас
[17] Хэргийн 73 дугаар хуудас
[18] УДШ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 00/ХТ2022/0074 тогтоол
[19] УДШ-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0192 тогтоол
[20] Хэргийн 80-81 дүгээр хуудас
[21] Хэргийн 8 дугаар хуудас