Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00849

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00849

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 103/ШШ2021/00113 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ын осол гэмтэл гарсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хань Ө.Э 1981 оноос 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Багануурын уурхайд насосчиноор тасралтгүй 37 жил ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа яваад явган хүний зам дээр бүдэрч унан Багануурын Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжаар ирсэн боловч 1 хоног ухаангүй байсаар нас барсан. Гэтэл Багануурын уурхайн бүсэд ажил, гэр хоёрын хооронд байнга явдаг маршрутын зам дээр явж байхдаа бүдэрч унан эрүүгээрээ цемент цохиж, тархины судас хагарч, харвалт өгч эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй болсон байсныг эмнэлэг шинжлэн судалж, задлан шинжилгээгээр нотлогдон үйл явдал маш тодорхой байтал Багануур Хувьцаат компанийн удирдлагууд болон ослыг судлан бүртгэх комисс Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын 2.1.3-т заасныг зөрчин нуун дарагдуулж 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөнд маш их харамсаж байна. Тиймээс уг ослыг нуун дарагдуулж байгааг анхааралдаа авч үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Ө.Э нь 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 37 дахь жилдээ Б ХК-д насосчин ажил албан тушаалд ажилладаг байсан. Ө.Э нь хамгийн сүүлд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Компанийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан ба мөн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Талийгаач Ө.Э нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өглөө 08:40 минутанд ажлын няравд, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч ажилдаа гарсан ба цайны цагаар гэрээсээ хиймэл шүдээ авч ирэх чөлөө авсан байдаг. Улмаар 13:30 минутын орчим уурхайн бүс рүү орж, уулын 1 дүгээр хэсгийн арын явган хүний зам дээр явж байгаад ухаан алдан унаж, Багануур дүүргийн эмнэлэгт, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Уг асуудлаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаад 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 85 тоот тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь талийгаач Ө.Э нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Багануур ХК-ийн дулааны станцын ус хангамжийн хэсэг рүү явган хүний замаар явж байгаад ухаан алдаж унасны улмаас нас барсан гэх үйл явдлыг шалгахад талийгаач Ө.Э нь тархи судасны цус харвалт, тархины оворго /3-р зэрэг/ өвчний хүндрэлээс нас барсан болох нь гэрч Б.А, Л.Н, Ц.С, О.О нарын мэдүүлэг, Эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон. Угтаа бол талийгаач Ө.Э-ын нас барсан шалтгаант үйл явдалд Б ХК-ийн үйлдвэрийн орчин /аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчин/ өөр бусад үйлдвэрийн хортой хүчин зүйл огт нөлөөлөөгүй болохыг эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад тогтоосон. Үүнийг нотлох баримт нь Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 85 дугаар тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээч эмч Ө.Ш-ийн 09/ШЭ/100 тоот шинжээчийн дүгнэлт, Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан. Иймээс Б ХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс нь талийгаач Ө.Э нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б ХК-ийн Дулааны станцын ус хангамжийн хэсэг рүү явган хүний замаар явж байгаад ухаан алдаж унасны улмаас нас барсан үйл явдалд үйлдвэрлэлийн орчны нөлөөлөлгүй мөн үйлдвэрийн бусад хортой хүчин зүйл нөлөөлөөгүй тул үйлдвэрийн осолд тооцох боломжгүй талаар акт үйлдэж, Дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Үүнийг Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын байцаагч Э.Н хянан шалгаж, Б ХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын акт үндэслэлтэй гэж үзэн баталгаажуулсан. Иймд дээрх эрх бүхий байгууллага Прокурор, Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн шийдвэр, ҮОХХСБК-ийн актаар тогтоогдсон үйл баримтыг шүүхийн журмаар өөрчлөх, хүчингүй болгох, шинээр тогтоох, үйлдвэрийн осолд тооцох боломжгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5 заасан шүүх осол гэмтэл гарсан эсэхийг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн осол гэмтэл гарсныг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй байх, осол гэмтэл гарсан тухайн үед ямар нэгэн акт гараагүй байх зэрэг зөвхөн шүүхийн журмаар шалган тогтоох ажиллагаанд шүүх осол гэмтэл гарсан эсэхийг тогтоох бөгөөд нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт, актаар тогтоогдон эрх зүйн харилцааг шүүх дахин тогтоох боломжгүй болно. Иймээс нэхэмжлэгчийн осол гарсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5 дахь хэсэгт зааснаар Б.А-ын осол гэмтэл гарсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний хань Ө.Э нь 1981 оноос 2018 он хүртэл 37 жил Багануурын уурхайд тасралтгүй ажиллахдаа нэг ч удаа өвчин ярьж байгаагүй эрүүл хүн байсан. Гэтэл үйлдвэрийн бүсэд явдаг зам дээрээ бүдэрч унаснаас тархины судас хагарч амь насаа алдсан байхад үйлдвэрт хамаагүй болсон. Багануур дүүргийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа гэсэн боловч ямарч эмчилгээ хийлгээгүй түргэний машинаар ирсэн даруйд нь очиход эмч нар маш хүнд байна сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хэлснээс үзэхэд аль хэдийн амь насаа алдсан байсан байна. Багануурын уурхайн үйлдвэрийн осол, хурц хордлогыг судалж бүртгэх комисс хуралдаж 7 хоногийн дотор Мэргэжлийн хяналтын газар албан ёсоор мэдэгдэж дүгнэлтээ танилцуулах байтал тийм юм болоогүй. Уурхайн удирдлагууд эмнэлгийн дүгнэлт гарахаар уг асуудлыг тодруулна гэж надад ойлгуулснаар би хүлээлтийн байдалтай бүтэн жил болсон боловч ямар ч хариу өгөөгүй тул 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр очиж асуухад энэ бол үйлдвэрийн осол биш гэж хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж цаг алдуулсан гэдэг нь тодорхой байна. Надад албан ёсны ямар ч хариу өгөөгүй Б ХК-ийн үйлдвэрийн орчин өөр бусад үйлдвэрийн хортой хүчин зүйл огт нөлөөлөөгүй болохыг эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад тогтоосон. Үүнийг нотлох баримт нь Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай 85 дугаар тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх эмнэлгийн эмч Ө.Ш-ийн 09/ТЭ/100 тоот дүгнэлт Багануур дүүргийн Прокурорын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01 тоот шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан гэсэн байна. Энэ бол эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг үйлдвэрлэлийн осол биш гэж тогтоосон мэтээр мушгин гуйвуулж байгааг эрүүгийн хэрэг биш гэдэг нь маш тодорхой үйлдвэрийн гадна орчин нөлөөлөөгүй гэсэн байна. Уурхайн шалган нэвтрүүлэх постоор ороод уурхайн бүс дотор өөрийн ажил гэр хоёрын хооронд явж байсан зам дээр бүдэрч унаснаар үхэлийн шалтгаан болсон нь баримтаар нотлогдоод байхад Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын 2.1.3-т заасныг илт үгүйсгэж байгаад өөрсдийн өчүүхэн эрх ашгийг хамгаалсанаас иргэн надад маш их хохиролтой байна. Уурхай манай нэг хүүг ээжийнх нь оронд ажилд авсан гэдгээр шалтгаалж энэ хэргийг замхруулах зорилготой байгааг уурхайд ажилд орсон хүү минь 1 жил ажиллаад тархины хорт хавдар илэрч одоо 4-р шатандаа орсон байгаа. Иймд багагүй хэмжээний мөнгө хэрэгтэй байна. Уурхай анхнаасаа нөхөн олговор өгсөн бол энэ аюулт өвчнөөс өмнө хүүгээ БНХАУ-д эмчилгээнд оруулах байсан. Хэрэв Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоол хүчинтэй байж түүнийг холбогдох байгууллагууд мөрдөх ёстой бол хуулийн дагуу нөхөн олговрыг авахыг хүсч байна. Дүүргийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын байцаагч Э.Номингийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг сунгуулаад ир үйлдвэрийн осол гэж хэлж байсан хүн Багануур ХК-ийн удирлагуудтай ганц уулзаад урьд нь хэлсэн нь ондоогоор өөрчлөгдсөн байна. Иймд миний энэхүү гомдлын дагуу уг хэргийг нягтлан үзэж үйлдвэрлэлийн осол болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь осол гэмтэл гарсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, холбогдох байгууллагаас нөхөн олговор гаргуулахаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох үндэслэлээ заажээ.

 

Хэргийн баримтаар Б ХК-д насосчиноор ажиллаж байсан Ө.Э нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим уурхайн бүс рүү орж, уулын 1 дүгээр хэсгийн явган хүний зам дээр явж байхдаа унаж, Багануур дүүргийн эмнэлэгт, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, уг асуудлаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан, Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 08 тогтоолоор шинжээч томилж, шинжээч эмч Ө.Ш аалзан хальсан доорхи цус харвалт, тархины артери венийн согог язарч амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан, Ө.Э-ын биед эрүүн дор хөхөрсөн, уруул хазагдсан гэмтэл тогтоогдсон, эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргэхгүй болно гэсэн дүгнэлтийг гаргаж, Багануур дүүргийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

/хх-ийн 7-15 дах тал/

 

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02-18/97 албан тоотын дагуу Багануур ХК нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нөхөн үйлдэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасныг үндэслэн үйлдвэрлэлийн осолд тооцоогүй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1-д зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч актыг хянаж, зөвшөөрч баталгаажуулсан болох нь хэргийн 56-58 дэх талд авагдсан хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Э.Н-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Анхан шатны шүүх осол гарсан тухайн үед ослын талаар акт тогтоогоогүй, баримт үйлдэгдээгүй, актыг осол гарснаас хойш 2 жилийн дараа нөхөн гаргасан тул осол гэмтэл гарсан болохыг шүүхээр тогтоолгох үндэслэл болсон гэж үзэж Б.А-ын осол гэмтэл гарсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д заасан тогтоох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад осол гарсан эсэхийг тодруулахад тусгай мэдлэг шаардагдана гэж үзэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Х-ыг шинжээчээр томилж, Багануур дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр хяналтын улсын байцаагч Э.Н-ийн баталгаажуулсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн нас барсан шалтгаан, хүчин зүйл нь үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлээс хамааралгүй байна гэж дүгнэсэн байна. /хх-ийн 128, 132-133 дах тал/

 

Иймд анхан шатны шүүх Ө.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөж үйлдвэрлэлийн осолд орж нас барсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.А-ын осол гэмтэл гарсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д нийцжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 103/ШШ2021/00113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ